Д.РЭГДЭЛ
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ
Хэзээнээс эрхэм баян эрдэм ном хэмээн мэдлэг ухааныг оройдоо дээдэлж ирсэн Монголчууд бид мэдлэг үйлдвэрлэл, уламжлалын олон зууны гайхамшигт түүхтэй ард түмэн билээ.
Бидний ихэс дээдэс эрт дээр үеэс мэдлэг ухааныг шүтэн оюуны ертөнцөө ямагт тэлж, ном эрдмийн ажлыг дагнан эрхэлдэг төрийн байгууллага бий болгож ирсэн уламжлалаас энэ түүх тод харагддаг. Монголын эзэнт гүрний үед Их Чингис хаан “Цэцдийн зөвлөл”, Хубилай сэцэн хаан “Бичгийн мэргэдийн хүрээлэн”, хожим нь Богд Жавзандамба хаан “Монголыг судлах газар”,1921 оны Ардын засгийн газар “Судар бичгийн хүрээлэн” байгуулж, тэдгээр нь төрд зөвлөх, судар ном бүтээх, судалгаа эрхлэхээс гадна Монголын ард түмний сэтгэлгээний төв болж байсныг ухаант мэргэд ном бүтээлдээ тэмдэглэн үлдээжээ. 1961 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Академи байгуулагдсан нь дээрх түүхийн үргэлжлэл бөгөөд улс орны маань XX зууны оюун санааны хөгжлийн бахдам ололтын нэг, төрийн бодлогын том амжилт байсан юм.
Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн шинэ замыг сонгож хөгжсөн сүүлийн жилүүдэд бид шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацийн чадавхыг бүх талаар бэхжүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүн, нийгмийн ач холбогдол, оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, түншлэлийн бүхий л хэлбэрийг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр хичээн зүтгэж байна.
Мэдлэг бий болгох, төрд зөвлөх, нийгмийг соён гэгээрүүлэх явдал бол бидний үйл ажиллагааны үндсэн чиглэл бөгөөд шинжлэх ухаан, технологи, инновацийг Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр, тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх их үйлсэд манай нийт эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, бизнес, хувийн хэвшлийнхэн, шинжлэх ухааны үр шимийг хүртэгч иргэд, гадаад, дотоодын түншүүдтэй хамтран ажиллахад манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Сүүлийн жилүүдэд УИХ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, манай Засгийн газар “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогo”-оо баталж, ШУА-ийн Их чуулган “ШУА-ийн Дунд хугацааны стратеги төлөвлөгөө (2018-2025)”-г батлан хэрэгжүүлж эхэлсэн нь эх орны шинжлэх ухааны хөгжил, бүхий л шат, хэлбэрийн хамтын ажиллагаанд таатай боломж бүрдүүлж, та бидний хамтын үйлсэд томоохон урам зориг өглөө.
Та бүхэн манай цахим хуудсаар зочилж, шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааны талаарх бүхий л мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.
Эх орны оюуны потенциалыг хөгжүүлэн бэхжүүлэх эрхэм зорилго бүхий эрдэм мэдлэгийн үйлдвэрлэл эгнэгт бадран хөгжих болтугай.