Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Эмгэнэл
Эмгэнэл

ЭМГЭНЭЛ

АКАДЕМИЧ РАВДАНДОРЖИЙН ТОГОО

 (1949-2024)

 

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, бид бүгдийн хамтран зүтгэгч, нэрт эрдэмтэн, хайрт багш Равдандоржийн Тогоо нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Равдандорж овогтой Тогоо нь 1949 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Соронзон” толгой хэмээх газар төрсөн. 1959-1969 онуудад бага, дунд сургуульд суралцаж байхдаа Таван онцын эзэн болж, Баруун-Урт хотын 10 жилийн бүрэн дунд сургуулийг Алтан медальтай төгсжээ. 1975 онд МУИС-ийн Физик–математикийн факультетийг физикч, физикийн багш мэргэжлээр төгссөн. 1975-1984 онуудад ШУА-ийн Физик техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч, дэд ажилтан, 1984-1995 онуудад ОХУ-ын Дубна хот дахь ЦШНИ-д эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1995 оноос ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байв.

Р.Тогоо нь 1989 онд “10 ГэВ-ийн протон нүүрстөрөгчийн цөмийн кумулятив харилцан үйлчлэлийн судалгаа” сэдвээр дэд эрдэмтэн, 1993 онд “Релятив цөмийн мөргөлдөөн дэх хоёрдогч бөөмсийн кластерчлах процесс” сэдвээр ЦШНИ-д физик, математикийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан. 2011 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртсэн.

Академич Р.Тогоогийн судалгаа, шинжилгээний арга барил, үр дүн нь дэлхийн түвшинд явагдаж, гадаад дотоодын физикийн шинжлэх ухааны хэвлэлүүдэд 250-аад бүтээл нийтлүүлсэн нь 6000 гаруй удаа ишлэл хийгдээд байна.

          Тэрээр сүүлийн жилүүдэд хүчтэй харилцан үйлчлэл явагдах үед цахилгаан соронзон үйлчлэл нэгэн зэрэг илэрч байгааг 4.2А ГэВ энергийн мужид анх туршлагаар батлаж, бага энергитэй болон бага хөндлөн импульс бүхий цэнэгт мезонуудын өвөрмөц онцлогийг анхдагч энергиэс хамааруулан онолын загварчлал хийн онол-туршлагын нэгдсэн судалгааг гүйцэтгэж байсан. Энэ судалгааны хүрээнд 280 МэВ болон түүнээс бага масстай скаляр сигма мезонуудыг 40 ГэВ энергийн мужид пион-нүүрстөрөгчийн болон пион-нейтроны харимхай бус харилцан үйлчлэлд пион солилцох нөхцөлд туршлагаар анх удаа ажигласан юм. Мөн Дубнагийн синхротроны энергийн мужид нүүрстөрөгч-нүүрстөрөгчийн цөмийн харилцан үйлчлэлд “гаж” s-кварк агуулсан таван кваркаас тогтсон төлөвийг туршлагаар анх удаа илрүүлсэн дэлхийн хэмжээний эрдэмтэн байлаа.

Олон улсын хэмжээнд их энергийн мужид хэрэгжиж байгаа ЦЕРН (Европийн Цөмийн Судалгааны Төв) -ний “ALICE” (A Large Hadronic Collider) туршлага, ХБНГУ-ын цөмийн судалгааны төв (DESY)-ийн H1 хамтын ажиллагаанд Монгол улсаа төлөөлөн оролцож, позитрон-протоны гүн харимхай бус харилцан үйлчлэлээр эерэг пион солилцох нөхцөлд тохирсон анхдагч протон нейтрон болох үзэгдлийн судалгааг амжилттай гүйцэтгэж байв.

          Академич Р.Тогоогийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь байгууллага, хамт олон, төр засаг өндрөөр үнэлэн 1994 онд ЦШНИ-ийн Их энергийн лабораторийн Судалгаа шинжилгээ-техникийн зөвлөлөөс оны шилдэг тэргүүний бүтээл, 2001 онд Алтан гадас одон, Ардын Хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2003 онд “Их энергитэй цөм-цөмийн харилцан үйлчлэлээр хоёрдогч бөөмс кластерын механизмаар үүсэх нь” цуврал бүтээлээр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны оны шилдэг бүтээл зэрэг шагналуудыг хүртжээ.

          Академич Р.Тогоо нь 1990-1995 онуудад ЦШНИ-ийн Их Энергийн Физикийн Лабораторийн Шинжлэх ухаан,техникийн зөвлөлийн гишүүн, 1995 оноос физик математикийн ухаанаар дэд докторын болон шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр ажилласан. Түүнчлэн ШУА-ийн Физик, Математик, Химийн болон Физик, Математик, Информатикийн салбарын Бага чуулганы гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа.
Академич Равдандоржийн Тогоогийн  гэгээн дүр бидний сэтгэл, зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

 

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ,

 ФИЗИК, ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН

 

 

 


Бусад мэдээлэл
МЭДЭГДЭЛ
4 жилийн өмнө