Эмгэнэл
ПАГВАЖАВЫН НЯМДАВАА
(1947-2025)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Их хурлын гишүүн бөгөөд Эрүүл мэндийн сайд асан Махбал овогт Пагважавын Нямдаваа нь 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
П.Нямдаваа нь 1947 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрж, 1966 онд Хүн эмнэлгийн техникумыг хүний бага эмч-эх баригч, 1971 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, 1971 онд БНАГУ-д Анагаах ухааны доктор, 1989 онд ОХУ--д Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалжээ.
Тэрбээр Анагаах ухааны дээд сургуульд багш, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтэд эрдэм шинжилгээний ажилтан, вирус судлалын лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, Эрүүл хамгаалах яамны урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн орлогч сайд бөгөөд Улсын ариун цэвэр, халдвар судлалын ерөнхий байцаагч, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх зэрэг албыг нэр төртэй хашиж, эрүүл мэндийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгон шинэчилсэн төдийгүй анагаах ухааны вирус судлалыг Монгол Улсад үндэслэгч, ШУА-ийн төрөлжсөн академи Монголын Анагаах ухааны академийг үүсгэн байгуулагч, анхны ерөнхийлөгч, төр нийгмийн зүтгэлтэн, оюунлаг эрдэмтэн, нэртэй судлаач байлаа.
Академич П.Нямдаваа нь анагаах ухааны салбарт олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж, Монгол Улсад шинжлэх ухаан технологи, эрүүл мэндийн талаарх үндэсний бодлого боловсруулах, анагаах ухааны салбарт эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, инновац, технологийг практикт нэвтрүүлэхэд өөрийн эрдэм боловсрол, оюун ухаанаа дайчлан ажиллаж, эрдэм чадлаараа дэлхийд үнэлэгдэх бүтээлүүд туурвисан, Монгол Улсын хөгжил цэцэглэлт, анагаахын шинжлэх ухааны салбарт олон жилийнхээ хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулсан бидний бахархал болсон эмч, эрдэмтдийн сод нэгэн төлөөлөл байв.
П.Нямдаваа нь монгол, англи, орос, герман хэлээр нийт 900 гаруй бүтээл хэвлүүлж, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хөндлөнгийн хянан магадалгаа (Peer-reviewed) сэтгүүлд нийтлүүлсэн бүтээл, түүнээс эш татсан тоогоороо Монголын анагаахын эрдэмтдийг тэргүүлдэг, дэлхийд танигдсан эрдэмтэн байсан билээ.
Академич П.Нямдаваа нь шинжлэх ухааны докторын, анагаах болон биологийн ухааны докторын зэрэг горилсон нийт 30 гаруй судлаачийн эрдэм шинжилгээний ажлыг удирдан хамгаалуулжээ.
П.Нямдаваа нь Тайланд улсын Рангситын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хүндэт доктор, Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч, АНУ-ын Нью Йоркийн Шинжлэх ухааны академийн гишүүн, ДЭМБ-ын Зүүн-өмнөд Азийн бүсийн хорооны Эрүүл мэндийн зөвлөх хорооны гишүүн, Гүйцэтгэх хорооны гишүүн, Номхон далайн баруун эргийн бүсийн хорооны “Улаанбурхан өвчний тахалт тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах” бүсийн хорооны гишүүн, Вакцин дархлаажуулалтын Глобаль альянсын Удирдах зөвлөлийн гишүүн, Томуу болон амьсгалын замын бусад вируст халдварыг судлах олон улсын нийгэмлэгийн гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, ОХУ-ын Анагаах ухааны академийн сэтгүүлийн Редакцын зөвлөлийн гадаад гишүүнээр тус тус ажиллаж байв.
Монгол Улсад эрүүл мэндийн салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, анагаахын шинжлэх ухаан, анагаах ухааны боловсрол судлал, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түүний оруулсан жинтэй хувь нэмрийг төр, засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Шинжлэх ухааны Академийн “Хубилай хаан” алтан медаль тус тус хүртээжээ.
Академич Пагважавын Нямдаваагийн өндөр мэдлэг боловсрол, удирдах, сургах ур чадвар, олон талт эрдэм ухаан, хүнлэг энэрэнгүй сэтгэл, чин шударга, тусч нөхөрсөг харьцаа, нөр их хөдөлмөрч, бүтээлч, ажилч хичээнгүй, төлөв даруу зан чанар бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ
Бусад мэдээлэл