Эмгэнэл
ЭВЭРТ ОВОГТ ЖАДАМБААГИЙН ТЭМҮҮЖИН
(1967-2025
Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, доктор (Sc.D) Жадамбаагийн Тэмүүжин нь 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.
Ж.Тэмүүжин нь 1967 онд Дархан хотод төрж, 1985 онд нийслэлийн 3 дугаар дунд сургууль, 1991 онд ЗХУ-ын Киев хотын Политехникийн дээд сургуулийг химийн технологич инженер мэргэжлээр тус тус төгссөн. Монгол Улсын Техникийн их сургуульд 1995 онд Техникийн ухааны дэд докторын зэрэг, 2006 онд Монголын Шинжлэх Ухааны Академи дээр химийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалж, 2011 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, 2024 онд ШУТИС-ийн хүндэт профессор цолыг хүртсэн.
Академич Ж.Тэмүүжин нь эрдэм судлалын ажлын гараагаа 1991 оноос ШУА-ийн Химийн хүрээлэнгийн Хавсарга химийн тасгаас эхэлж, 2021 он хүртэл Фосфоритын механохимийн лаборатори, Материал судлал, технологийн лабораторид эрдэм шинжилгээний дэд, ахлах, тэргүүлэх ажилтан, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2022 оноос өнөөг хүртэл Сити их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж байлаа.
Ж.Тэмүүжин нь Монгол орны эрдэс түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах, нано бүтэцтэй материалыг химийн болон механохимийн зөөлөн урвалын дагуу нийлэгжүүлэх, дулааны цахилгаан станцын хаягдал үнс болон уул уурхайн хаягдлыг дэвшилтэт технологиор боловсруулан шинэ төрлийн барилгын материал гаргах чиглэлээр 30 гаруй жил ажиллахдаа нэгэн сэдэвт бүтээл, ном 5, эрдэм шинжилгээний өгүүлэл 150 гаруйг хэвлүүлж, патент, зохиогчийн эрх 6-ыг хамгаалж, үйлдвэрлэл, практикт нэвтрүүлсэн технологи, стандарт 8-ыг боловсруулж, мэргэшсэн олон судлаачдыг төрүүлсэн нэрт химич-эрдэмтэн, шилдэг сурган хүмүүжүүлэгч байсан юм.
Тэрээр 1996-1997 онд Японд Технологийн их сургууль, 1998 онд ХБНГУ-ын Кёльны Сансар судлалын төв, 1999 онд Англи улсын Лийдс хотын их сургууль, 2000-2002 онд Япон улсын Токио хотын Технологийн их сургууль, 2002-2003 онд Герман улсын Хамбургийн Техникийн их сургууль, 2003-2005 онд Япон улсын Ёокохама хотын Кейо их сургууль, 2007-2010 онд Австрали улсын Куртины их сургууль, 2011 онд Японы Акита их сургууль, 2015 онд Герман улсын Ханноверийн Лайбниц их сургууль, 2018, 2019, 2022 онуудад Герман улсын Ханноверийн Лайбниц их сургуулиудад судлаач, зочин судлаач, төслийн удирдагч, зочин профессороор ажиллаж, сүүлийн 4 жил дараалан АНУ-ын Стэнфордын Их Сургууль болон Elsevier хэвлэлийн компанийн хамтран гаргадаг тухайн салбарын дэлхийн шилдэг судлаачдын тоонд багтан, Хумбольдтын сангийн Георг Форстерийн шагналыг 2015 онд хүртэж байсан олон улсад нэр хүндтэй эрдэмтэн байлаа.
Академич Ж.Тэмүүжин нь дотоод болон гадаадын олон эрдэм шинжилгээний сэтгүүлд ерөнхий редактор, редакцын зөвлөлийн гишүүн, шүүмжлэгчээр ажиллаж байсан ба “Mongolian Journal of Chemistry” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн, ерөнхий редактораар ажиллах хугацаандаа уг сэтгүүлийг Scopus бүртгэлийн санд Монгол улсаас бүртгэгдсэн анхны сэтгүүл болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байжээ.
Монголын материал судлалын салбарын нэрт эрдэмтэн, багш, академич Ж.Тэмүүжин таны хөдөлмөрч хичээнгүй, тууштай зарчимч, оюунлаг бүтээлч, хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг тусч зан чанар, гэгээн дүр төрх эрдэмтэн судлаачид, эрдмийн хамт олон, найз нөхөд, шавь нарын тань сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
ШУА-ИЙН ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН
Бусад мэдээлэл