Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

Академич ДҮГЭРИЙН РЭГДЭЛ хөдөлмөрийн баатар цол хүртлээ

2026.11.26  |  Мэдээ мэдээлэлfX⧉

Шинжлэх ухаан, технологийн салбарт хагас зууны турш тасралтгүй, бүтээлч, өндөр амжилттай ажиллаж байгаа манай улсын тэргүүлэх эрдэмтдийн нэг юм.

Монголчуудын хүнсэнд онцлох байр эзэлдэг бэлчээрийн монгол малын махны биохими, хими-технологийн үзүүлэлтийг эх орондоо анх удаа малын зүйл (таван хошуу мал болон сарлаг), байгаль-газар зүйн бүс (говь, тал хээр, ойт хээр), булчин (нурууны урт, хааны 3 мөрт, гуяны арын)-ийн төрлөөр нэгдсэн арга зүйгээр иж бүрэн судалж, өгөгдлийн сан бий болгон, онол-практикийн олон шинэлэг дүгнэлт дэвшүүлсэн нь хүнс, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, махны экспортын салбарт өндөр ач холбогдолтой, хэрэглээнд чиглэсэн анхны томоохон, цогц судалгаа болсон билээ. Үүний дотор 5 хошуу малын дотор махны шим тэжээлийн болон эрдэс бодисын бүрэн хэмжээний судалгааг явуулж, зарим дотор эрхтэнээр биологийн идэвхт хүнсний нэмэлтүүд үйлдвэрлэх шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгааг гарган, шинэ бүтээл, зохиогчийн эрхүүд хамгаалсан нь манай хүнсний үйлдвэрийн салбарт шинэ боломжуудыг нээсэн юм.

Шинжлэх ухааны салбарын хүний болоод материаллаг нөөцийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан шинжлэх ухааны салбарын шилдэг удирдагч, менежер юм.

Шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд түүний 40 шахам жил тууштай баримталсан бодлогын үр дүнд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдэд авлигаас ангид, улс төрөөс хараат бус, гавьяаг үнэлэх томилгооны тогтолцоо бүрэлдэн тогтож, эрдэм шинжилгээний ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллаж, дундаж нас залуужин, өндөр хөгжилтэй орнуудад докторын зэрэг хамгаалсан судлаачдын эзлэх хувь нэмэгдсэн байна.

Мөн химийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр 40 жил, химийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүнээр 22 жил ажиллаж, олон арван залуу судлаачдыг бэлтгэж, дэмжиж 2002 онд академич Т.Галбаатарын хамт Монголын залуу эрдэмтдийн холбоо, Хүрэлтогоотын семинарыг санаачлан байгуулсан нь өнөөдөр залуу судлаачид бүтээлээ танилцуулах, өрсөлдөх үндэсний хэмжээний талбар болон хөгжжээ.

ШУА-ийн ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрыг түүхэндээ анх удаа өөрийн байртай болгож, 74,300 ам метр талбай бүхий Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалтыг 2020 онд эхлүүлэхэд манлайлан ажилласан. Уг цогцолборын 27,300 ам метр талбай бүхий лабораторийн гурван барилгыг 2025 онд ашиглалтад оруулснаар эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах орчин, судалгааны нөхцөлийг сайжруулахад томоохон хувь нэмэр оруулсан.

Нийгэм, улс төр, шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд ямагт идэвхитэй оролцож ирсэн төр, нийгмийн зүтгэлтэн болно.

Шинжлэх ухааны салбарын төрийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйлсэд 30 гаруй жил тасралтгүй, идэвх зүтгэлтэй оролцож, ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацын тухай хууль, төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого, салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө, Монгол орны эдийн засгийн бүсүүдийн хөгжлийн хөтөлбөр зэрэг бодлого, эрх зүйн баримт бичгийг боловсруулахад хувь нэмэр оруулжээ.