САНГАА
АКАДЕМИЧ ДЭЛЭГИЙН САНГАА
Физикийн багш, физикч
1953 онд Архангай аймгийн Цахир сумын нутаг Салхит хэмээх газар төржээ.
1971 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1971-1976 онд МУИС-д суралцан, физикийн багш мэргэжил, хатуу биеийн физикч мэргэшлээр төгссөн.
1990 онд Москвагийн Их Сургуулийн Физикийн факультетад “Нeйтронографичeскиe исслeдования фазовых пeрeходов в кристаллах с частично разупорядочeнной структурой” сэдвээр физик-математикийн ухааны дэд эрдэмтэн, 2002 онд Монгол улсын ШУА-д “Холимог бүтэц бүхий кристаллууд дахь фазын хувирлын нейтронограф ба рентгенографийн судалгаа” сэдвээр физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргийг хамгаалсан. 2017 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1976-1984 онд МУИС-д багш, 1984-1991 онд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 1991-2005 онд МУИС-ийн Физикийн факультетад багш, физикийн тэнхимийн эрхлэгч, декан, 2005-2009 онд ШУА-ийн Физик Технологийн Хүрээлэнгийн захирал, 2009-2013 онд ЦШНИ-ийн Нейтроны физикийн Лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, 2013 оны 3-р сараас ШУА-ийн ФТХ-ийн салбарын эрхлэгч, Цацрагийн физикийн Лабораторийн эрхлэгч, “Нано хэмжээст материалын судалгаа” сэдэвт ажлын удирдагч, Английн Резорфордын нэрэмжит Нейтроны сарнилын төв, ХБНГУ-ын Дармштадтын Технологийн их сургууль, ХБНГУ-ын Берлиний Нейтрон сарнилын Хүрээлэн, Франц улсын Ле Мансын Их сургууль, Польш улсын Познань хотын Их сургууль, Чех улсын ШУА-ийн Физикийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний төвүүдэд ажиллаж байна.
1993-1998, 2008-2011 онд ЦШНИ-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 1994 онд Физик, математикийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 2004 онд МУИС-ийн профессор, 2016 онд ОХУ-ын Байгалийн ухааны Академийн гишүүн, 2000-2005 онд Олон улсын физикийн олимпиадын хорооны гишүүн, 2002 оноос Азийн кристаллографийн холбооны гишүүн, 2006-2011 онд Монгол улсын Цөмийн энергийн комиссын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. 2017 оноос ШУА-ийн Физик, хими, математикийн Бага чуулганы дарга, 2019 оноос Физик, математикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогджээ.
Хатуу биеийн физик, материал судлалын чиглэлээр зонхилон ажиллаж байна.