Үндсэн агуулга руу

Мэдээ мэдээлэл

“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” 7 хоногийн арга хэмжээ эхэллээ

2026.03.31  |  Мэдээ мэдээлэлfX⧉
Монгол Улсын Засгийн газар, Эдийн Засаг, Хөгжлийн Яамнаас зохион байгуулж буй “Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” арга хэмжээний нээлт өнөөдөр буюу 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд 2026 оны 03 дугаар сарын 30-аас 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, академич Д.Рэгдэл, УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, доктор С.Зулпхар, Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Б.Авид, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (ScD) Ш.Ариунаа, Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сангийн захирал Б.Бат-Эрдэнэ нарын хүндэт зочид, бизнесийн болон  эрдэмтэн судлаачдын төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Арга хэмжээг нээж ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, доктор С.Зулпхар, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл нар үг хэлэв.



Нээлтийн арга хэмжээний үндсэн илтгэл болох “Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт илтгэлийг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл хөрөнгө оруулагчдад танилцууллаа.

Нээлтийн арга хэмжээний хүрээнд үндэсний судалгаа, хөгжүүлэлтийн зарим төслийн саналыг танилцуулж, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, инновацsн шийдлүүдийг олон нийтэд хүргэлээ. Тухайлбал: Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Б.Батцэцэг “Малын эрүүл мэндийн бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн үйлдвэрлэл”, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, доктор Б.Алтансүх “Дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг дахин боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ногоон технологи”, ШУА-ийн Эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн доктор Ө.Болортуяа “Экспортод чиглэсэн био-эдийн засгийн тогтвортой хөгжлийг үндэслэх нь: чихэр өвс” төслийн саналыг танилцуулав.





Мөн арга хэмжээний үеэр шинжлэх ухаан, технологийн салбарын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой, хэрэгжүүлэхэд бэлэн төслүүдийн танилцуулга хийгдэв. Үүнд:

  • ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга, “Арьс ширний үйлдвэрлэлд ашиглах боломжтой ферментийн идэвхтэй бактерийн бэлдмэл”
  • Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Н.Баярсүх,“Төмсний нутагшсан болон ирээдүйтэй сортуудын үр үржүүлэг”
  • ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан “Уурагт бүтээгдэхүүн үйлдвэрлэх жишиг үйлдвэр”
  • Анагаах ухааны хүрээлэнгийн АУ-ны доктор, профессор Л.Тулгаа “Түргэвчилсэн оношлуурын прототип бүтээгдэхүүн гарган авах”
  • Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор С.Ариунаа “Б-СУБТИЛ-99” биобэлдмэл
  • Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг “Малын эрүүл мэндийн бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн үйлдвэрлэл”

Мөн түүнчлэн уг арга хэмжээнд хувийн хэвшлийн төлөөлөл болох “Гарааны Био Ундарга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Удвал “Шинжлэх ухаанд суурилсан инновацын бүтээгдэхүүн” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, шинжлэх ухаан–бизнесийн уялдаа холбооны бодит жишээг танилцууллаа. Энэхүү арга хэмжээ энэ 7 хоногийн турш үргэлжлэх юм.