Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЖУРАМ БАТЛАХ, ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ (Үндэсний инновацийн шагнал олгох журам) ( 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Дугаар 49)

ЖУРАМ БАТЛАХ, ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /Үндэсний инновацийн шагнал/

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр   Улаанбаатар хот

 

 
Дугаар 49

 

ЖУРАМ БАТЛАХ, ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

 

 

Инновацийн тухай хуулийн 17.1.11, 17.1.12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

 

1. “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

 

 

2. “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” шагналыг дагалдах мөнгөн урамшууллын хэмжээг тус бүр 30.0 (гучин) сая төгрөг байхаар тогтоосугай.

 

 

3. Үндэсний инновацийн шагналыг дагалдах мөнгөн урамшуулалд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт даалгасугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                           Ц.ЦОГЗОЛМАА

 

 Засгийн газрын 2018 оны 49 дугаар

  тогтоолын хавсралт

 

ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний инновацийн шагналд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, шагнал олгоход энэхүү журмыг баримтална.

1.3. Үндэсний инновацийн шагнал (цаашид “инновацийн шагнал” гэх)-ын зорилго нь шинэ мэдлэг, технологийг зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа, санаачлагыг дэмжих, олон нийтэд болон залуу үед үлгэр дууриал болгох, инновацийг хөгжүүлэхэд оршино.

1.4. Инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” (цаашид хамтад нь “бүтээл” гэх) гэсэн төрөлтэй байна.

1.5. Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлнэ.

1.6. Үйлчилгээний салбарын шилдэг инновацийн шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан үйлчилгээний хэлбэрээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, төрийн үйлчилгээ, банк санхүү, харилцаа холбоо, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, тээвэр, худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарууд болон дундын ашиглалтын оффис, технологи дамжуулах төв зэрэг инновацийг дэмжих үйлчилгээг нэр дэвшүүлнэ.

1.7. Инновацийн шагналд өмчийн хэлбэрээс үл хамааран аж ахуйн нэгж, байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн холбоод болон иргэн нэр дэвшүүлэх эрхтэй.

1.8. Инновацийн шагналыг энэхүү журмын 1.4-т заасан төрөл тус бүрээр 2 жил тутам шалгаруулан Засгийн газрын шийдвэрээр олгоно.

1.9. Үндэсний инновацийн шагналыг өргөмжлөл, мөнгөн шагнал дагалдана.

Хоёр. Инновацийн шагналд нэр дэвших
          бүтээлд тавигдах шаардлага

2.1. Инновацийн шагналд нэр дэвшүүлэх бүтээл нь Инновацийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

2.1.1. зах зээлд сүүлийн 2 жилд нэвтрүүлсэн байх;

2.1.2. тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлчилгээг нэвтрүүлэхэд ашигласан техник, технологи, программ хангамж, зураг дизайн нь шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололтод тулгуурласан байх;

2.1.3. хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй нь судалгаа, туршилтаар нотлогдсон байх;

2.1.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг хүн амын бүлгийн онцлог хэрэгцээнд нийцсэн байх;

2.1.5. олон нийтэд шинэ мэдлэг, өндөр технологийн ололтыг таниулсан байх.

Гурав. Инновацийн шагналд бүтээл нэр дэвшүүлэх

3.1. Инновацийн шагналд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах тухай зарыг инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулалт хийх жилийн 3 дугаар сард багтаан хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар дамжуулан нийтэд зарлана.

3.2. Иргэн, хуулийн этгээд инновацийн шагналд нэр дэвшүүлэх хүсэлтийг тухайн жилийн 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. Хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргасан байна:

3.2.1. нэр дэвшүүлсэн этгээд нь аж ахуйн нэгж, байгууллага бол уг бүтээлийг инновацийн шагналд нэр дэвшүүлсэн тухай хамт олны хурлын тэмдэглэл;

3.2.2. нэр дэвшүүлсэн этгээд нь эрдэм шинжилгээний байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллага бол эрдмийн зөвлөлийн, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод бол тэдгээрийн удирдах зөвлөлийн шийдвэр;

3.2.3. нэр дэвшсэн бүтээлийн өмчлөгч (эзэмшигч)-ийн иргэний үнэмлэх, эсхүл улсын бүртгэлийн гэрчилгээ болон түүнтэй адилтгах бичиг баримтын хуулбар;

3.2.4. нэр дэвшүүлсэн этгээд нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн танилцуулга;

3.2.5. нэр дэвшсэн бүтээлийн танилцуулга, шагналд дэвшүүлэх болсон үндэслэл;

3.2.6. бүтээлийн онцлогийн талаарх танилцуулга (тухайн бүтээлийн техник, технологийн шийдэл, материал, тоног төхөөрөмжийн ашиглалтын нөхцөлийн талаар болон эдгээр нөхцөлийг дотоод, гадаадын ижил төрлийн бүтээлтэй харьцуулсан судалгаа);

3.2.7. бүтээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаарх танилцуулга (улсын захиалгатай төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бол энэ тухай дурдана);
  
3.2.8. бүтээлийн техникийн зураг, загвар, бүдүүвч;
  
3.2.9. бүтээлд холбогдох патент, ашигтай загварын гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
  
3.2.10. нэр дэвшсэн бүтээлийг нийтэд нээлттэй танилцуулах, сурталчлах зорилгоор хэвлэн нийтлэх зөвшөөрлийн бичиг.

3.3. Энэхүү журмын 3.2.5-д заасан танилцуулга, шагналд дэвшүүлэх болсон үндэслэлд бүтээлийн үнэ цэнэ, нийгэм, эдийн засгийн үр ашиг, байгаль орчинд үзүүлэх нөлөө, үр дүнг түгээн дэлгэрүүлсэн байдал, цаашдын  төлөв, технологийн горим, техник, эдийн засгийн үзүүлэлтийг тусгасан байна.

3.4. “Монгол Улсын Төрийн шагнал”, “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”, “Байгаль, нийгмийн ухааны шагнал”, “Технологийн дэвшлийн шагнал” авсан, нэр дэвшүүлсэн бүтээлийг шагналд давхардуулан нэр дэвшүүлэхгүй.

3.5. Инновацийн шагналд хамтын бүтээлийг нэр дэвшүүлсэн тохиолдолд уг бүтээлийг бий болгоход гишүүн тус бүрийн оруулсан бодит хувь нэмэр, оролцоог тодорхойлж, нэр дэвшигч бүр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

3.6. Олон улсын төсөл, хөтөлбөр, гэрээний үндсэн дээр Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран гүйцэтгэсэн бүтээлийг инновацийн шагналд нэр дэвшүүлсэн тохиолдолд зохиогчийн багийн бүрэлдэхүүнд гадаадын иргэнийг оролцуулж болно.

3.7. Энэхүү журмын 3.2-т заасан баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтийг хүлээн авахгүй.

Дөрөв. Инновацийн шагнал хүртэх бүтээлийг
         сонгон шалгаруулах

4.1. Нэр дэвшүүлсэн бүтээлийг сонгон шалгаруулах ажлыг инновацийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар байгуулсан Ажлын хэсэг зохион байгуулна.

4.2. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, оюуны өмч, стандартчилалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Үндэсний бүтээмжийн төв, Улаанбаатар хотын инновацийн асуудал хариуцсан байгууллага, Шинжлэх ухаан, технологийн сан, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулна.

4.3. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг дараах 2 үе шатаар явуулна:

4.3.1. сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлсэн бүтээл нь Инновацийн тухай хууль болон энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах;

4.3.2. нэр дэвшүүлсэн бүтээлтэй биечлэн танилцах, холбогдох мэргэжлийн байгууллага, шинжээчийн лавлагаа, дүгнэлт гаргуулах, бүтээлийн талаар иргэд, хэрэглэгчдэд нээлттэй танилцуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах.

4.4. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг 60 хоногт багтаан зохион байгуулж, сонгон шалгаруулалтын дүнг тухайн жилийн 10 дугаар сарын эхний долоо хоногт багтаан инновацийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

4.5. Инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулалтын үр дүнд шалгарсан бүтээлийг тухайн жилийн 11 дүгээр сард багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

Тав. Инновацийн шагнал гардуулах

5.1. Инновацийн шагналыг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр 11 дүгээр сарын 26-нд Монгол Улсын Ерөнхий сайд гардуулна.

5.2. Инновацийн шагнал нь батлагдсан загварын дагуу хийгдсэн өргөмжлөл, дагалдах мөнгөн шагналтай байна.

5.3. Инновацийн шагналын загварыг инновацийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Зургаа. Бусад зүйл

6.1. Инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага инновацийн шагнал хүртсэн бүтээлийн талаарх мэдээллийн санг бүрдүүлнэ.

6.2. Инновацийн шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийн баримт бичгийг нэр дэвшүүлэгчид буцаан олгохгүй.

6.3. Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг холбогдох баримт бичгийн хамт зохих журмын дагуу архивт шилжүүлнэ.

 

---ООО---


Бусад мэдээлэл