Байгал
нуурын байгаль ашиглалтын хүрээлэнгээс зохион байгуулж буй “Байгал нуурын сав
газрын экологийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ОХУ-ын Улан-Үдэ хотноо зохион байгуулагдаж байна. Энэ
үеэр салбар салбарын эрдэмтэн, судлаачдад
өнгөрсөн
хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хамтарсан шинэ төслүүдийг хэрэгжүүлэх,төлөвлөх боломжийг олгож байгаа юм.
Тус хуралд Монгол улсаас ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Өнөөдөр
нээлтийн үйл ажиллагаанд ШУА-ийн ерөнхийлөгч
хэлсэн үгэндээ “Орос, Монголын эрдэмтэд
зуу гаруй жил, тодорхой хэлбэл 101 жил гар нийлэн ажиллаж, туршлага солилцож
байна. Байгал нуурын байгаль ашиглалтын хүрээлэнтэй манай ГГХ болон академич Д.Доржготовтой 30 шахам жил нягт хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд хийсэн шинжлэх ухааны судалгааны
үр дүнд олон ном, атлас, судалгааны
бүтээл хэвлэгджээ. Монгол-Оросын
эрдэмтэд хамтран Монгол улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудын
хүрээлэн буй орчны геохими, хөрс, ус, агаарын орчны бохирдлын судалгааг хийсэн. Мөн Сэлэнгэ мөрний сав газар, Байгаль нуурын
экосистем, ландшафт, хөрсний бүрхэвчийг судлах судалгааг хийлээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын
албан ёсны айлчлалын үеэр Эгийн гол дээр усан цахилгаан станц барих асуудлыг
хөндсөн. Үүнтэй холбоотойгоор манай эрдэмтэд усан цахилгаан станц Сэлэнгэ мөрөн
болон Байгал нуурын экосистемд хэрхэн нөлөөлж байгааг судлах шаардлага тулгарч байна. Мөн удахгүй Хөвсгөл нуурын тоон мониторингийн
шинэ төсөл хэрэгжиж магадгүй байна. Хэрэв энэ төсөл хэрэгжиж эхэлбэл Байгал
нуурын байгаль ашиглалтын хүрээлэн оролцоно гэдэгт итгэж байна. Бидний хамтын
ажиллагаа улам гүнзгийрч, өргөжих нь дамжиггүй. 2030 он хүртэлх тогтвортой
хөгжлийн зорилтуудын нэг нь эх дэлхий, байгалийн баялгийг тогтвортой хамгаалах
зорилтын хүрээнд бид хил дамнасан усны сав газрын байгаль орчныг судлах замаар
хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж шинэ түвшинд хүрэх боломжтой” гэлээ.
Түүнчлэн
хурлын үеэр Оросын газарзүйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Оросын ШУА-ийн академич Н.С.Касимовд ШУА-ийн “Хүндэт жуух” гардуулж өгчээ. Н.В.Касимов нь Монгол орны том
хотууд болох Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн орчны геохимийн судалгаа,
тэдгээрийн байгаль орчны бохирдол (хөрс, ус, агаар) болон Сэлэнгэ мөрөн,
Байгаль нуурын сав газрын экосистем, ландшафт, хөрсөн бүрхэвч, байгаль
хамгааллын судалгаанд олон жил Монгол улстай хамтран ажиллаж буй эрдэмтэн юм. Тэрээр судлаачдын залгамж халаа,
залуу эрдэмтдийг бэлтгэхэд олон
жил үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн юм.