Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛЫН АНХНЫ СЭТГҮҮЛ ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЖАГСААЛТАД ОРЛОО
МОНГОЛЫН АНХНЫ СЭТГҮҮЛ ОЛОН  УЛСЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЖАГСААЛТАД ОРЛОО

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь олон улсын INASP байгууллагын “Онлайн сэтгүүлүүд - Journals Online (JOLs)” төслийн дэмжлэгтэйгээр  Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нэгдсэн платформ – Mongolia Journals Online (MongoliaJOL)-ийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Тус платформын баг нь Монгол улсад хэвлэгдэж байгаа эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, чанарыг олон улсын түвшинд хүргэх, онлайн хэлбэрээр түгээх, сурталчлах болон сэтгүүлийн редакцын багийг чадавхжуулахад сүүлийн 10 орчим жил идэвхтэй ажиллаж ирсэн. Одоогийн байдлаар ШУА, ХААИС, ШУТИС зэрэг байгууллагуудын эрдэм шинжилгээний 7-н сэтгүүлтэй хамтран ажиллаж, тэдгээрийг Google Scholar, DOAJ, Dimensions, CNKI болон бусад хайлтын болон үнэлгээний системүүдэд индексжүүлж ирсэн билээ.

Жил бүр албан ёсоор зарладаг Элсэвиэр(Elsevier)-ийн салбар Скопус(Scopus)-ийн мэдээллийн санд бүртгэлтэй эрдэм шинжилгээний 25000 гаруй сэтгүүлүүдийн CiteScore 2019  үнэлгээ гарсан байна. Тус мэдээллийн сангийн үндсэн шалгууруудыг хангасан ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн “Mongolian Journal of Chemistry” сэтгүүл нь олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэр хүнд бүхий CiteScore, SJR болон SNIP  үнэлгээнүүд хийгдсэн Монголын анхны сэтгүүл болж жагсаалтад орсон байна.

Шинжлэх ухааны салбарын нэрийн өмнөөс “Mongolian Journal of Chemistry”-сэтгүүлийн ерөнхий редактор Академич Ж.Тэмүүжин, редакцын зөвлөлийн гишүүд, редакцын хамт олон, бүтээлээ хэвлүүлсэн нийт судлаач, шүүмжлэгч нарт болон тус хүрээлэнгийн хамт олонд  баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Та бүхэн “Mongolian Journal of Chemistry”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mongoliajol.info/index.php/MJC/ хаягаар орж үзнэ үү.


Зургийн эх сурвалж: https://www.scopus.com/sourceid/21100941615



 Зургийн эх сурвалж: https://www.scopus.com/sourceid/21100941615


Зургийн эх сурвалж: https://www.scimagojr.com/journalrank.php?country=MN

 

 


Бусад мэдээлэл