2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр | Улаанбаатар хот |
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журмыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх
ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА
Засгийн газрын 2018 оны 121 дүгээр
тогтоолын хавсралт
ТҮҮХ, СОЁЛЫН ХОСГҮЙ ҮНЭТ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ
ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл (цаашид “хосгүй үнэт дурсгалт зүйл” гэх)-ийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох, улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хосгүй үнэт дурсгалт зүйлийг сэргээн засварлах, сурталчлах зорилгоор түүний хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр Засгийн газрын зөвшөөрлөөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.3. Хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхэд Гаалийн тухай хууль, Иргэний хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2017 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Байгууллага хоорондын гэрээ байгуулах журам” болон энэхүү журмыг баримтална.
1.4. Хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхдээ “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” 1970 оны конвенцид нэгдэн орсон, Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар бүхий гадаад улсад зохион байгуулах арга хэмжээнд илгээх зарчим баримтална.
1.5. Дараах шаардлагыг хангасан хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлнэ:
1.5.1. гэмт хэрэг, зөрчлийн нотлох баримтад тооцогдоогүй байх;
1.5.2. даатгуулсан байх;
1.5.3. өмчлөлийн маргаангүй байх.
1.6. Хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвртүүлэх зөвшөөрөл (цаашид “зөвшөөрөл” гэх)-ийг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд олгохгүй.
Хоёр. Зөвшөөрөл авах хүсэлт гаргах
2.1. Хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага (цаашид “зөвшөөрөл хүсэгч” гэх) дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх)-д бичгээр хүсэлт гаргана:
2.1.1. зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.1.2. хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зорилго, ач холбогдол, хугацаа, тээвэрлэлт болон хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгасан үндэслэл бүхий танилцуулга;
2.1.3. тухайн хосгүй үнэт дурсгалт зүйл нь соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн талаарх лавлагаа;
2.1.4. хосгүй үнэт дурсгалт зүйлийг сэргээн засварлах, сурталчлах талаар гадаад улсын байгууллагатай байгуулсан хүчин төгөлдөр гэрээ;
2.1.5. хосгүй үнэт дурсгалт зүйлийн 10х15 хэмжээтэй 2 хувь өнгөт гэрэл зураг;
2.1.6. хосгүй үнэт зүйлийг даатгуулсан баримт.
2.2. Зөвшөөрөл хүсэгч нэгээс дээш хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх тохиолдолд энэхүү журмын 2.1.3-2.1.6-д заасан баримт бичгийг дурсгалт зүйл тус бүрээр бүрдүүлнэ.
2.3. Улсын хилээр нэвтрүүлэх хосгүй үнэт дурсгалт зүйлийн даатгал нь түүнийг тээвэрлэх болон гадаад улсад байх хугацаанд хүчинтэй байх бөгөөд даатгалыг 10-аас доошгүй жил даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа, соёлын үнэт зүйлийн даатгал хийж байсан туршлагатай, олон улсад нэр хүнд бүхий даатгалын байгууллагад даатгуулна.
Гурав. Хүсэлтийг хянан шийдвэрлэх
3.1. Төрийн захиргааны төв байгууллага энэхүү журмын 2.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, баримт бичгийн бүрдэлийг хянаж, шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээлэл, баримт бичгийг зөвшөөрөл хүсэгчээс гаргуулан авч, эрх бүхий байгууллагаар баримт бичгийг нягтлан шалгуулна.
3.2. Төрийн захиргааны төв байгууллага хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зорилго, ач холбогдол, тээвэрлэлт болон гадаад улсад байх хугацааны хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлын талаар нарийвчлан судалж, Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулна.
3.3. Төрийн захиргааны төв байгууллага дараах үндэслэлээр зөвшөөрөл хүсэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, холбогдох тайлбарын хамт буцаана:
3.3.1. энэхүү журмын 2.1-д заасан баримт бичгийн бүрдэл дутуу, эсхүл хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон;
3.3.2. хосгүй үнэт дурсгалт зүйл энэхүү журмын 1.4-т заасан шаардлагыг хангаагүй;
3.3.3. энэхүү журмын 3.2-т заасан Мэргэжлийн зөвлөлөөс хосгүй үнэт дурсгалт зүйлийн тээвэрлэлт, гадаад улсад байх хугацааны хадгалалт, хамгаалалтын нөхцөл нь түүний аюулгүй байдлыг хангах боломжгүй, эсхүл хохирол учирч болзошгүй талаар дүгнэлт гаргасан.
3.4. Төрийн захиргааны төв байгууллага энэхүү журмын 3.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй бол хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох тухай шийдвэрийн төслийг боловсруулж, зохих журмын дагуу Засгийн газарт оруулан шийдвэрлүүлнэ.
Дөрөв. Лиценз олгох
4.1. Засгийн газраас хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-д заасны дагуу зөвшөөрөл хүсэгчид улсын хилээр нэвтрүүлэх лиценз (цаашид “лиценз” гэх) олгоно.
4.2. Төрийн захиргааны төв байгууллага хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх лиценз олгосон тухай мэдээллийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Монгол Улсаас тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэнэ.
4.3. Шаардлагатай тохиолдолд хосгүй үнэт дурсгалт зүйлийг гадаад улсад байх хугацааны хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлыг найдвартай хангасан эсэхийг төрийн захиргааны төв байгууллага газар дээр нь очиж шалгаж болно.
4.4. Хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх лиценз нь нэг удаагийн зориулалттай байна. Лицензийн хугацааг сунгахгүй.
Тав. Лиценз эзэмшигчийн үүрэг
5.1. Лиценз эзэмшигч дараах үүрэгтэй байна:
5.1.1. хосгүй үнэт дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлыг найдвартай хангах арга хэмжээ авах;
5.1.2. лицензийг “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам” болон энэхүү журмын 4.4-т заасан нөхцөлөөр ашиглах;
5.1.3. лицензийг бусдад шилжүүлэхгүй байх;
5.1.4. хосгүй үнэт дурсгалт зүйлийг зориулалтын дагуу ашиглах;
5.1.5. хосгүй үнэт дурсгалт зүйлийг заавал даатгуулсан байх;
5.1.6. хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсний дараа үрэгдсэн, хулгайлагдсан, эвдэрч гэмтсэн тохиолдолд нэн даруй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар болон төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх;
5.1.7. хосгүй үнэт дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд улсын хилээр буцаан авч ирэх;
5.1.8. хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн, буцаан авч ирсэн талаар төрийн захиргааны төв байгууллагад тухайн өдөртөө багтаан мэдэгдэх;
5.1.9. хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр буцаан авч ирснээс хойш 5 хоногт багтаан дэлгэрэнгүй тайланг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.
5.2. Хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр гадаад улсад гаргасны дараа лиценз эзэмшигч иргэн нас барсан, эсхүл лиценз эзэмших эрхийг хэрэгжүүлэх иргэн эрх зүйн чадамжаа алдсан, Монгол Улсын харъяатаас гарсан, аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан тохиолдолд лиценз эзэмших эрхийг төрийн захиргааны төв байгууллага шилжүүлэн авч, хосгүй үнэт дурсгалт зүйлийг буцаан авч ирэх ажлыг зохион байгуулна. Ийнхүү шилжсэн нь хосгүй үнэт дурсгалт зүйлийн өмчлөх эрхэд хамаарахгүй.
Зургаа. Хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх
6.1. Лиценз эзэмшигч хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх хугацаа болон маршрутыг улсын хилээр нэвтрүүлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.
6.2. Хосгүй үнэт дурсгалт зүйлийг зөвхөн гаалийн байгууллага бүхий хилийн боомтоор нэвтрүүлнэ.
6.3. Хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх гаалийн бүрдүүлэлтийг лиценз эзэмшигч хариуцна.
6.4. Хосгүй үнэт дурсгалт зүйлийг бусдын ачаа тээшинд дайлгах, улс хоорондын шуудангийн үйлчилгээгээр илгээхийг хориглоно.
6.5. Лиценз эзэмшигч хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулна.
6.6. Улсын хилээр нэвтрүүлсэн хосгүй үнэт дурсгалт зүйлийг төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэхгүйгээр гэрээнд зааснаас өөр газарт байрлуулах, зөөж тээвэрлэх, сэргээн засварлах, хувилан олшруулах, эх төрх, бүрэн бүтэн байдлыг өөрчлөх, аливаа арга хэлбэрээр тоон мэдээллийг цуглуулах, түүнийг бусдад дамжуулах, ашиглахыг хориглоно.
Долоо. Хяналт тавих, тайлагнах
7.1. Лиценз эзэмшигч хосгүй үнэт дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэхэд бэлтгэх, боож савлах, тээврийн хэрэгсэлд байрлуулах, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг Засгийн газрын 2016 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журам”-ын дагуу зохион байгуулж мөрдөнө.
7.2. Хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх, хүлээн авах үйл ажиллагаанд тагнуул, цагдаа, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тусын хяналтыг тавина.
7.3. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар хосгүй үнэт дурсгалт зүйлийг тухайн улсад байх хугацаанд түүний хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлыг хангахад бүх талын дэмжлэг үзүүлнэ.
7.4. Төрийн захиргааны төв байгууллага хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр буцаан нэвтрүүлсэн тухай тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 дугаар зарлигийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-д заасан хугацаанд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүлнэ.
7.5. Төрийн захиргааны төв байгууллага хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэнтэй холбогдох баримт бичгийг бүрдүүлж, соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд хадгална.
Найм. Хариуцлага
8.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.