Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ”-ЫН ӨДРИЙГ “БИДНИЙ ШИЙДЛҮҮД БАЙГАЛЬД БАЙНА” УРИАТАЙ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ”-ЫН ӨДРИЙГ “БИДНИЙ ШИЙДЛҮҮД БАЙГАЛЬД БАЙНА” УРИАТАЙ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Өнөөдөр “Биологийн олон янз байдал”-ын олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн эрхлэгч, доктор (Ph.D)  М.Ургамалтай ярилцлаа.

-Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Дэлхий нийт энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Биологийн олон янз байдлыг хамгаалах” олон улсын өдөр бол НҮБ-ын баталсан биологийн олон янз байдлыг сурталчлах өдөр юм. Жил бүрийн  энэ өдөр буюу 5-р сарын 22-нд зохион байгуулагддаг. Олон улсад 2000 оноос анх тэмдэглэж ирсэн.

Жил бүр өөр өөр уриатайгаар тэмдэглэгддэг. Жишээлбэл 2017 онд Биологийн олон янз байдал ба тогтвортой аялал жуулчлал”, 2019 онд “Бидний биологийн олон янз байдал, хоол хүнс, эрүүл мэнд” уриан дор тэмдэглэсэн байдаг. Харин өнөө жил Биологийн олон янз байдлын олон улсын өдрийн сэдэв нь "Бидний шийдлүүд байгальд байна" гэсэн уриатайгаар COVID-19 тахал өвчнийг харгалзан анхны онлайн сурталчилгаатайгаар тэмдэглэж байна.

Дэлхийн хамтын нийгэмлэг байгалийн жам ёсны харилцаа холбоогоо дахин нягтлан шалгахыг уриалж байгаа тул нэг зүйл тодорхой байгаа юм. Тухайлбал техник технологийн бүхий л дэвшлээс үл хамааран бид эрүүл мэнд, ус, хоол хүнс, эм, хувцас, түлш зэрэг нь бүгд экосистемээс бүрэн хамааралтай байдаг. Энэ жилийн "Бидний шийдлүүд байгальд байна" гэсэн уриа нь итгэл найдвар, эв нэгдэл, ирээдүйн байгальтай зохицон амьдралын ирээдүйг бий болгохын тулд бүх түвшинд хамтран ажиллахын ач холбогдлыг онцолж байгаа юм.

2020 он бол тусгал, боломж, шийдлийн жил бөгөөд хүн төрөлхтний болон дэлхий дээрх бүх зүйлийн ашиг тусын тулд биологийн олон янз байдлын алдагдлыг сааруулахад дэлхийн хэмжээнд хүчтэй хүсэл зоригийг илтгэж буй жил гэдгээрээ онцлог юм. Дэлхийн байгаль хамгаалах холбоо дэлхийн янз бүрийн бүс нутгуудаас "Бидний шийдлүүд нь байгальд" сэдвээр видео бичлэгүүд, мэдүүллүүдийг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр итгэл найдвар, эв нэгдэл, бүх түвшинд хамтарч ажиллахын ач холбогдлыг тэмдэглэж байна.

 

-Манай улс энэ өдрийг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ. Энэ өдрийг тэмдэглэхийн ач холбогдол юу вэ?

-Манай оронд 2010 оноос “Биологийн олон янз байдлын олон улсын өдрийг жил болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг үндэсний хэмжээнд Биологийн олон янз байдлыг хамгаалах, сурталчлах ажил зохион байгуулдаг. Энэ хүрээнд их дээд, сургуулиудад оюутнуудад зориулсан лекц, түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр биологийн олон янз байдлын талаарх иргэдэд зориулсан танин мэдэхүйн чиглэлийн мэдээлэл гаргах зэрэг сурталчилгааны ажлуудыг өрнүүлдэг. Мөн энэ дөр  Байгалийн түүхийн музейг олон нийтэд ялангуяа хүүхэд, өсвөр насныханд үнэ төлбөргүй үзүүлдэг уламжлалтай.

Энэ өдрийг тэмдэглэхийн ач холбогдол бол биологийн төрөл зүйлийг хамгаалах асуудалд ард иргэдийн анхаарал, санаачлагыг татах, тэр хэрээр амьтан, ургамал, байгаль орчноо хамгаалах хүслийг нь төрүүлэх, байгаль, ногоон үзэл баримтлалын талаар иргэдэд боловсрол олгох зэрэг ач холбогдол их юм.

-Биологийн олон янз байдал гэж яг юуг хэлээд байгаа юм?

-“Биологийн олон янз байдал (БОЯБ)” гэх нэр томъёог Артур Харрис 1916 онд шинжлэх ухаанд анх оруулж ирсэн. Дэлхийн байгаль хамгаалах сангийн тодорхойлсноор: Биологийн олон янз байдал буюу (Biodiversity) нь сая сая ургамал, амьтан, бичил биетэн, түүний генийн сан, амьдрах орчин, экосистемийн олон янз байдал түүнд явагдаж буй үйл явцын нэгдэл гэж үздэг. Мөн өөрөөр БОЯБ гэдэг нь дэлхий дээрх амьд бие организмын олон янз байдал, тухайлбал хуурай газар, далай тэнгис, усан орчны экосистем, экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болох амьтан, ургамал зэрэг амьд биет болон тэдгээрийн генетикийн олон янз байдлыг багтаасан нийлмэл ойлголт, бүрэн төгс үйл ажиллагаа бүхий амьдралын цогц тогтолцоог ойлгож болно.

Биологийн олон янз байдал нь 3 өөр түвшинтэй. Үүнд: Экосистемийн, Төрөл зүйлийн,  Генетикийн олон янз байдал юм.

            (1) Зүйлүүдийн оршин тогтнож буй биологийн бүлгэмдэл, тэдгээрийн орших экосистем, эдгээр зэрэглэлийн хоорондын уялдаа холбоо бүхий энэ түвшнийг экосистемийн олон янз байдал гэнэ. 

                 (2) Зүйлийн түвшний биологийн олон янз байдал нь дэлхий дээрх бүх амьд биес буюу вирус, бактерээс эхлээд мөөг, ургамал, амьтны бүх хэлбэрийг багтаасныг хэлнэ. 

                (3) Газарзүйн хувьд тусгаарлагдсан зүйлийн болон зүйл доторх генетикийн олон хэлбэрийг генетикийн олон янз байдал гэж нэрлэдэг.

Дээрх 3 түвшингээс би төрөл зүйлийн олон янз байдлыг тодотгож яръя. Үүнд: Дэлхий дээрх амьд организмын нийт төрөл, зүйлүүд хамаарагддаг. Тухайлбал биологийн олон янз байдлын төрөл зүйлийн түвшинд манай гариг дээр Амьтан, Ургамал, Мөөг, Бичил биетэн, Бактери гэх 5 үндсэн аймагт багтах нийт зүйлийн тоо гэж ойлгож болно. Өдгөө зарим эрдэмтэд бүр 6 аймаг болгон ангилж байна.

                      -Биологийн олон янз байдлын эх үүсвэр их хэмжээгээр алдагдан хомсдож байгаа шалтгаан юу вэ. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Биологийн олон янз байдлын алдагдал, түүний нөөц хомсдож байгаа шалтгаан олон боловч үндсэндээ гол сөрөг хүчин зүйл нь хүн өөрөө болоод байна. Тодруулбал байгаль дахь хүний буруутай үйл ажиллагаа болон нийгэм-эдийн засгийн эко бус тогтолцоог ойлгож болно.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хувьд “Монгол орны биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр (2015-2025 он)”-д орсон тэргүүлэх 4 чиглэл, дэвшүүлж буй зорилтот ажлуудыг эрчимжүүлэх, ажил хэрэг болгох, зохих үр дүнд хүргэх явдал чухал юм. Үүнд:

1.    Биологийн олон янз байдлын хамгаалал, зохистой ашиглах талаарх шийдвэр гаргагч, олон нийтийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх

2.    Биологийн олон янз байдлын нөөцийн талаарх шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан зохистой ашиглах болон хамгааллын бодлогыг бий болгон хэрэгжүүлэх

3.    Биологийн олон янз байдлын тогтвортой ашиглах нөхцөлийг хангах

4.    Биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээг хамгаалах, ашиглах бодлого, эрх зүйн орчныг сайжруулах зэргийг дурдах байна.

Үүн дээр нэмээд хэлэхэд Монгол улс, биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын гэрээ, конвенцид хүлээсэн үүргээ биелүүлэх нь чухал юм.

иологийн олон янз байдлын судалгаа манай улсад хэрхэн хийгдэж байна. Түүний эргэн тойрон дахь сонирхолтой шинэ содон судалгаанаас сонирхуулаач?

иологийн олон янз байдлын судалгаа манай улсад харьцангуй сайн хийгдэж байгаа. Манай орны хувьд “Биологийн олон янз байдал” (БОЯБ) гэдэг нэр томъёо 1993 онд Монгол улс БОЯБ-ын конвенцид нэгдэн орсон цаг үеэс л нутагшиж эхэлсэн бөгөөд аливаа бодлого, төлөвлөлтийн баримт бичигт БОЯБ гэсэн шууд нэрээрээ биш байгаль орчны ерөнхий асуудлын хүрээнд байгаль орчныг хамгаалах , экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, тусгай хамгаалалттай газар нутаг, ховордсон амьтан, ургамлын хамгаалах хэлбэрээр тусгалаа олсон.

            Монгол улсын “Биологийн олон янз байдлын тухай конвенцийн VI тайлан”-д (2015-2018) тусгагдсанаар Манай орны хувьд Биологийн олон янз байдалд нийт 21,200 гаруй зүйл амьд биес бүртгэгдсэн байна. Эдгээрээс 14,200 гаруй зүйл нь Амьтан, Бичил биетэн, Бактери, 7702 зүйл нь Ургамал, Мөөг байна. Монгол орны ургамлын аймгийн хувьд задалж үзэхэд 3191 зүйл гуурст ургамал, 4511 зүйл гуурсгүй ургамал буюу замаг, хөвд, мөөг, хагийн төрөл зүйлүүд ургадаг гэсэн судалгааны сүүлийн үеийн дүн гарсан. Мөн сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж буй Монгол орны ургамлын аймгийн “Улаан дансны бүртгэл, хамгаалах арга хэмжээ”-ний талаарх судалгааны ажлууд эрчимтэй хийгдэж буйг зориуд онцолж хэлмээр байна.

            Саяхан хэвлэгдсэн “Монгол орны Биологийн олон янз байдал” 2 боть бүтээл гарсны дэд ботид Манай орны биологийн олон янз байдлын монгол нэрийн жагсаалтыг гаргаж, монгол нэрийг оноох, зарим зүйлд өөрчлөх ажлыг Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл, ШУА-ийн Биологи, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Улсын нэр томьёоны комиссын Байгалийн ухааны салбар зөвлөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсны дүнд байгаль хамгааллын бодлого, эрх зүйд цаашид ашиглахад нийцтэй ургамлын монгол нэрсийг эцэслэн гаргалаа. Энэ бүтээлд гуурст ургамлын 3,163 зүйл, хөвдийн 570 зүйл, замгийн 2,248 зүйл, мөөгний 630 зүйл, хагийн 1,069 зүйл, бичил биетний 241 төрлийн нэрсийн жагсаалт багтсан юм.

            Сонирхолтой хийгээд олон нийтэд танигдсан судалгаа, сурталчилгаа гэвэл “Үндэсний бахархалт шувуу – Шонхор“, “ Үндэсний бахархалт цэцэг – Бэрцэцэг”, мөн “Говийн гайхамшигт 6” зэрэг санаачлагуудыг нэрлэж болох юм.

            Эцэст нь хэлэхэд хамгийн чухал нь Монгол орны биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглалтыг 2025 он хүртэл хангах 4 тэргүүлэх чиглэлийн хүрээнд багтах 14 зорилго, 29 зорилт, 74 хүрэх үр дүнгээс бүрдсэн “Монгол орны биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр (2015-2025 он)”-ийг батлан хэрэгжүүлж буй явдал юм.

 

 


Бусад мэдээлэл