Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.ДАГВАДОРЖ: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ УЛСТӨРЧДӨӨС ГУРВАН НҮҮДЛИЙН ЦААДАХЫГ ХАРАХЫГ ШААРДАНА
Д.ДАГВАДОРЖ: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ  УЛСТӨРЧДӨӨС ГУРВАН НҮҮДЛИЙН ЦААДАХЫГ ХАРАХЫГ ШААРДАНА

Уур амьсгалын өөрчлөлтийн гол цэгт нь Монгол Улс оршиж байгааг та мэдэх үү. Тэгвэл мэргэжлийн судлаач нь энэ үгийг хэлж байна. Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хэрхэн нөлөөлж байгаа болон монголоос ирсэн шар шороон шуурга Бээжин, Сөүлд хүрсэн тухай мэдээлэл дэлхий даяар тархаад байна. Энэ тухай “Уур амьсгалын өөрчлөлт-Хөгжил” академийн тэргүүн,  шинжлэх ухааны доктор  Д.Дагвадоржтой ярилцлаа.


-Уур амьсгалын өөрчлөлт гэхээр монголчуудын зарим нь гаднын ярих ёстой асуудал, бүр зарим нь зайлшгүй ярих ёстой асуудал ч гэж ярьдаг. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл юу вэ, яагаад заавал Монголд хамаатай гэж...?

-Уур амьсгалын өөрчлөлт бол яах аргагүй байгаль, цаг уурын үзэгдэл. Энэ утгаараа нэлээд шинжлэх ухаанч асуудал. Тийм учраас уур амсьгалын өөрчлөлт бол улс төртэй холбоод, популистуудын ярьдаг асуудал ч биш л дээ. Энэ бол хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа том асуудал. Үүнийг НҮБ-ын хэмжээнд ч ярьж байна. Монгол орон бол уур амьсгалын өөрчлөлтийн яг гол цэгт нь оршиж байгаа улс. Хүссэн ч, эс хүссэн ч энэ асуудалд анхаарал хандуулахаас өөр арга байхгүй.

Дэлхийн уур амьсгал өөрчлөгдсөөр байгаа. Хэдэн зуун сая жилийн хугацаанд байнга хувьсан өөрчлөгдөж ирсэн юм. Хүний хүчин зүйл уур амьсгалд нөлөөлөх хэмжээнд хүртэл буюу 1800-аад оны сүүлч үе хүртэл байгалийн жамаараа л явж ирсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн хэлбэлзэл дунджийн хэмжээнд байсан. Аж үйлдвэрийн хувьсгал эрчимжсэнээс хойш хүний үйл ажиллагаа дэлхийн уур амьсгалд нөлөөлж эхэлсэн юм. Ялангуяа агаар мандлын хийнүүдэд нөлөөлж эхэлжээ. Агаар мандалд байгаа хийнүүд нь тухайн газар орны уур амьсгалыг тодорхойлж байдаг. Хүний үйл ажиллагаа нөлөөлснөөр агаар мандалд дулааны горимуудыг тодорхойлдог хийнүүдийн хэмжээ хүлцэх хэмжээнээсээ нэмэгдэж эхэлсэн.

Та бүхний сайн мэдэх хүлэмжийн хий гэж байна. Энэ нь бол нүүрсхүчлийн хий, метан хий, азотын дутуу исэл, озоны зарим төрлийн нэгдлүүд, озон задалдаг зарим бодисууд уур амьсгалыг өөрчилдөг хий. Агаар мандлыг ер нь бол хоёр хий л бүрдүүлдэг. 78 хувийг азот, хүчил төрөгч 21 хувийг, нэг хүрэхгүй хувийг бусад хийнүүд бүрдүүлж байдаг. Хүний хүчин зүйл тэр нэг хүрэхгүй хувьд байх хийнүүдийг л нэмэгдүүлээд байгаа юм. Үүнийг дэлхийн эрдэмтэд үндсэндээ хүлээн зөвшөөрчихлөө. Судалгааны эхэн үед үүнд итгэх эрдэмтэд тийм ч олон байгаагүй. Үүнийг хүний үйл ажиллагаа, тэр тусмаа хүлэмжийн хийтэй холбох ёсгүй, циклийнхээ дагуу болж байгаа гэх хандлага байсан. Одоо бол энэ хандлага өөрчлөгдсөн л дөө.

-Тийм ч учраас олон хөтөлбөр баталж байгаа байх?

-Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд агаар мандалд хуримтлагдаж буй хийнүүдийг саармагжуулах ёстой гэж үздэг. НҮБ-аас 1990-ээд онд батлагдсан Уур амьсгалын конвенц, түүнийг хэрэгжүүлэх Киотогийн протокол 1997 онд, дараа нь 2015 онд Парисын хэлэлцээр баталсан. Парисын хэлэлцээрийн гол зорилго бол дэлхийн дулаарлыг 1.5 градусаас дулааруулахгүйгээр барих ёстой. Цаад тал нь 2.0 градусаас хэтрүүлж болохгүй гэж заасан. Хэрэв энэ хэмжээнээс давах юм бол бидний төсөөлөхгүй муу үр дагаварт хүрч магадгүй гэж үзэж байгаа. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд улс орон бүр тодорхой хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ёстой.

-Энэ бүх зүйл уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулж чадах уу?

-Хүн төрөлхтөн тодорхой арга хэмжээ аваад маргааш, нөгөөдөр эсвэл 10, 20 жилийн дараа хүлэмжийн хийгээ тэнцвэржүүлсэн ч гэсэн уур амьсгалын өөрчлөлт ойрын 50, 60 бүр цаашлаад 100, 200 жил үргэлжилнэ. Агаар мандалд нэгэнт гарчихсан хийнүүд утаа шиг сарниад алга болохгүй. Тийм учраас үүнд хүн бол дасан зохицохоос өөр аргагүй болно. Энэ талаас нь харвал тухайн нийгэм газар орныхоо уур амьсгалтай зохицсон байдаг. Гэтэл зохицсон уур амьсгал нь өөрчлөгдвөл тухайн нийгмийн соёл, зан заншил, цаашлаад эко системд нөлөөлж эхэлнэ.

-Уур амьсгалын өөрчлөлтийн гол цэгт Монгол Улс байгаа гэдгийг дэлгэрүүлж тайлбарлавал...?

-Дэлхийн дундаж температурыг 1880-аад оны сүүл үеэс термометр гэх багаж бий болсон цагаас хэмжиж эхэлсэн. Түүнээс хойш 140-өөд жил газар дээр нь хэмжсэн ажиглалт байдаг. Үүнээс харахад өнгөрсөн 140 жилийн хугацаанд жилийн дундаж температур 1.0 граудус орчим дулаарчээ гэж дүгнэдэг. 1.0 градус магадгүй бага мэт санагдаж байж болох. Гэхдээ дэлхий нийтээр олон жилийн дундаж нэмэгдэнэ гэдэг бол өөр асуудал. Маш богинохон хугацаанд, маш эрчимтэй дулаарч байна гэсэн үг. Дэлхийн дулаарал газар орон бүрд харилцан адилгүй тархаж байгаа.

Монгол орны хувьд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын дундад өргөрөгийн туйл руу ойрхон бүсэд хамаардаг. Энэ бүсэд дэлхийн дулаарал хамгийн эрчимтэй явагдаж байгаа. Энэ утгаараа Монгол орон дэлхийн дулаарлын голомт дээр оршиж байгаа учир Монгол Улсын агаарын дундаж температур дэлхийн дунджаас хэд дахин илүү байгаа. Манай улсад 1930-аад оноос цаг уурын ажиглалт хийж эхэлсэн баримт бий. Ажиглалт хийж байгаа 80 жилийн хугацаанд Монгол Улсын агаарын температур 2.3 орчим градусаар дулаарчээ. Энэ бол дэлхийн дунджаас 2.3 дахин их үзүүлэлт. Хугацааны хувьд ч эрчимтэй дулаарч байгаа юм. Хур тунадасны тухайд манай орон тийм ч их хур тунадастай биш. Хуурай уур амьсгалтай улс. Дулааны улиралд бага хэмжээний хур тунадас унадаг. Энэ нь ч бага зэрэг буурах хандлагатай байна. Тийм ч учраас хуурайшилт эрчимжиж байгаа гэж дүгнэдэг. Хамгийн эхний жишээ бол баруун аймгуудын мөнх цастай ноён оргилууд. Уур амьсгалын өөрчлөлт оргилууд дээрх мөс эрчимтэй хайлахад нөлөөлөөд эхэлсэн. Зарим судлаачдын дүнгээс харахад 40-50 хүртэл хувиар буурсан. Өндөр уулын гол горхинууд мөнх цаснаас эх авдаг. Ойрын хэдэн жилдээ уулын гол горхи 20-30 жилийн дараа ихээхэн хүнд байдалд орно. Өөр нэг ноцтой жишээ хэлэхэд Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь мөнх цэвдэгтэй байж. Сүүлийн үеийн судалгаануудад энэ хувь хэмжээ 40 гаруй хувиар буурсан гэж дүгнэсэн байна. Хөрсний цэвдэг бол үндсэндээ хөрсний чийгийг тодорхойлж байдаг гол хүчин зүйл. Гадаргын ус болон гүний усны түвшин буурахад энэ үзүүлэлт ихээр нөлөөлнө. Энэ бол манай орны байгаль, экологийн тогтолцоонд маш эрчимтэй нөлөөлнө гэсэн үг. Манайхан цөлжиж байна, усны нөөц хомстож байна гэж яриад байна. Энэ бүгд үүнтэй л холбоотой.

-Уур амьсгалын өөрчлөлтийн гол цэгт байгаагийн хувьд Монгол Улсад, монголчуудад ч нөлөөлөх нь ээ...?

-Ганц жишээ хэлэхэд монгол мал бол монгол орны уур амьсгал, жилийн дөрвөн улирлын хэлбэлзэлд зохицсон байдаг. Хэрэв улирлын хэлбэлзэл өөрчлөгдөөд, уур амьсгал дулаараад эхэлбэл монгол малын ашиг шим тодорхой хэмжээнд буурна. Газар тариалан ч ялгаа байхгүй. Манайх усалгаагүй газар тариалантай. Гэтэл усны горим өөрчлөгдвөл манай газар тариалан дагаж өөрчлөгдөхөөс өөр арга байхгүй. Ер нь хүн төрөлхтөн хүссэн, хүсээгүй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад арга хэмжээ авах ёстой, нөгөөтээгүүр уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох шаардлагатай. Энэ нь ч улс орны хөгжилд тодорхой хэмжээнд нөлөөлж таарна.

Уур амьсгалын өөрчлөлт бол ганц, хоёрхон улсын асуудал биш. Энэ бол олон улсын, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал

Уур амьсгалын өөрчлөлтийн нэг үр дагавар нь байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихсэх явдал. Сүүлийн хоёр долоо хоногт манай оронд хоёр удаагийн хүчтэй шуурга болж их хэмжээний хохирол дагууллаа. Шуурга бол хавар намрын улиралд болдог үзэгдэл. Гэхдээ энэ жилийн тухайд олон жилийн дунджаас илүү эрт ажиглагдаж байгаа юм. Ихэвчлэн ийм төрлийн шуурга дөрөвдүгээр сарын дунд, сүүл үест ажиглагддаг байсан бол саяхан болсон шуурга бол гуравдугаар сарын дунд үед ажиглагдсан нь санаа зовох ёстой асуудал. Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна, хугацаа нь ч наашилсан, учруулах хохирол ч нэмэгдэж байна гэдэг бол уур амьсгалын өөрчлөлт тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэсэн үг. Бас нэг үр дагавар ажиглагдаж байгаа нь халуун орны халдварт өвчин тархах орчин зүйн нөхцөл бүрдэж байгаа гэх судалгаа гарсан.

-Шуургатай холбогдуулаад асуухад Монгол Улсад боссон шуурганаас болж БНХАУ-ын хэвлэлүүд "Монголоос ирсэн шороон шуурга" бүрхлээ гэж мэдээлж байна. Өмнөд Солонгос ч мөн ийм өнцгөөс мэдээлсэн. Энэ чухам ямар учиртай мэдээлэл вэ, үнэхээр нөлөөлж байгаа юу?

-Төв Азийн хуурайвтар бүс нутгийн шороон шуурганы асуудал бүр өмнө нь ч байсан л даа. Шинжлэх ухаандаа хүртэл энэ бүс нутгийн шуургыг “Азийн шар шороон шуурга”, “Монголын шар шороон шуурга” гэж нэршдэг. Сүүлийн үед яагаад ихээр яриад байна вэ гэхээр давтамж нь нэмэгдээд, эрчим нь хурдсаад байгаа учраас яригдаж эхэлж байгаа юм. Цөлжилтийн үр дүнгээр сул хөрс нэмэгдсэн учраас шороон шуурганы давтамж нэмэгдсэн. Хавар, намрын улиралд дэлхийн бөмбөрцгийн урсгалын ерөнхий горим өөрчлөгддөг. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын дундад өргөрөгийн бүс нутагт салхи баруун хойноосоо юм уу, баруун талаасаа байдаг юм. Саяхан болж өнгөрсөн хүчтэй шуурганы урсгал баруун хойноос чиглэлтэй байсан учраас Азийн баруун хэсгийн шороо нь манайхаар дайраад, ӨМӨЗО, Хятадын өөрийнх нь шороо Бээжингээр дайраад, Солонгос, Япон руу хүртэл гараад явчихсан. Зарим тохиолдолд энэ шуурга Америкийн наад талын эрэг хүртэл нөлөөлнө. Дахин хэлэхэд өмнө нь ийм үзэгдэл байсан. Одоо бол давтамж нь, хор хохирол нь нэмэгдээд байгаа юм. Монгол муудаа ч шороо хийсгээд байгаа юм биш. Манай нөлөө бий гэхдээ үүн дээр бүс нутгийн, олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй чухал. Уур амьсгалын өөрчлөлт бол ганц, хоёрхон улсын асуудал биш. Энэ бол олон улсын, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал. Энэ асуудалд том жижиг, баян ядуу хамаарахгүйгээр бүх улс орнуудын асуудал юм.

-Монголчуудыг шүүмжлээд байгаа БНХАУ ногоон байгууламж барих асуудал дээр онцгойлон анхаарч байгаа. Ялангуяа “Их ногоон хэрэм” гэх хөтөлбөр санаачлаад аль хэдийнээ эхлүүлсэн байна. Өмнөд хөршөөсөө авах туршлага юу вэ?

-БНХАУ өөрийнхөө хилээс урагшаа маш сайн ногоо ургуулчихсан. БНХАУ-ын тухайд гэвэл хүний хүч ч байна, хөрөнгө мөнгө, техник технологи ч хангалттай байна. Дурдах ёстой бас нэг хүчин зүйл гэвэл БНХАУ-д уур амьсгал нь ч өөр байна л даа. Хятадын уур амьсгал нь ногоон байгууламжийн  ургалтад нөлөөлж байна. Манайд Хятадын туршлагыг хэрэгжүүлнэ гэхэд манай улсын уур амьсгал илүүтэй хуурай учраас стратеги нь арай өөр байх ёстой. Ногоон хэрмийн тухай ярьсных Өмнөд Солонгосчууд сүүлийн 10 гаруй жилд “Ногоон хэрэм” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд Төв аймгийн Лүн суманд маш том суулгац тарилаа, Өмнөговь аймагт ч гэсэн ногоон байгууламж барьсан. Би дахин хэлье. Уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн Хятад, Монголын асуудал биш. Энэ бол бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал. Үүн дээр хариуцаж байгаа яам, тамгын газрынхан анхаарлаа хандуулж хамтын ажиллагааг дэмжих ёстой.

-Монгол Улс өнгөрсөн жилүүдэд уул уурхай, мөнгө олох бизнесийн бусад салбаруудад анхаарсан боловч байгаль орчин, экологийн асуудлыг бага анхаарчээ. “Алсын хараа-2050” хөтөлбөрт нэг бүлгийг зориулсан боловч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй лоозон маягтай байна. Судлаач хүний хувьд Монголын төр энэ асуудалд хэрхэн хандах ёстой гэж боддог вэ?

-Монгол Улс уламжлалаараа байгаль орчинд ээлтэй, байгаль орчноо дээдэлдэг ард түмэн л дээ. Харамсалтай нь төвлөрлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед байгаль орчноо хамгаалахад бус, аль болох илүү ашиглах, аль болох үр шимийг нь хүртэх лоозон тавьсан учраас энэ уламжлал алдагдсан. Сүүлийн жилүүдэд байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн бодлого стратеги цөөдөөгүй л дээ. 2010-аад оны үед ногоон хөгжил гэдэг бол хөгжлийн стратеги байна гэж үзээд Байгаль орчны яамыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болгоод үндсэн чиг үүргийн яам болгосон. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилаад ногоон хөгжлийг тодорхойлсон хэрэг. Харамсалтай нь бодлого, стратеги боловсруулсан ч гэсэн хэрэгжүүлэх төсөв мөнгөө огт суулгаагүй. Манай зарим судлаачид Байгаль орчны салбар бол үлдэгдлийн зарчмаар санхүүждэг гэж шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл жаахан юм үлдвэл байгаль орчиндоо зарцуулдаг гэсэн үг. Байгаль орчноо хамгаалъя, уур амьсгалын өөрчлөлтөд анхаарна гэж байгаа бол бодлого, стратеги, хөрөнгө мөнгө нь хамт тусгагдаж байх ёстой. Нөгөө талаас нь харахад зөвхөн улс л бүгдийг үүрэх биш хувийн салбартайгаа ч хамтрах нь зүйтэй.

-Гэхдээ байгаль орчны салбар бодлогын түвшинд алдагдсан гэж хардаг...?

-Үнэхээр тэгэж харагдахаар байна. Сүүлийн гурван Засгийн газарт байгаль орчны салбарыг ямархуу байдлаар томилж байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Энэ салбарыг сэтгүүлчид л хийдэг юм шиг харагдахаар байгаа. Байгаль орчны салбар бол шинжлэх ухаанч салбар. Томилгоо ингэж яваад байхаар байгаль орчны салбарт шинжлэх ухааны хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу гэж харагдахаар байна. Үүнийг хэн ч хийж болдог юм шиг сэтгэхүй төрөөд байгаа юм. Байгаль орчин гэдэг бол амьтан, ургамал, хөрс гээд шинжлэх ухааны олон салбарын мэдлэг шаардана. Ядахдаа экологийн талын мэдлэгтэй хүн энэ салбарыг удирдвал асуудалд арай өөр байдлаар хандана л даа. Бодлогын түвшинд, бүтэц зохион байгуулалт, удирдлага зохион байгуулалтын хувьд анхаарахгүйгээр алаг цоог гаднын дэмжлэгээр хол явахгүй. Манай улсад хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн ихэнх нь гаднын дэмжлэг тусламжаар л урагшилж байгаа. Үүн дээр хаа хаанаа анхаарахгүй бол байгаль орчны салбар зөнгөөрөө яваад улам л муудна уу гэхээс сайжрахгүй.

-Гаднын жишгийг харахад хувийн хэвшлийг татан оруулахдаа байгаль орчныг хамгаалахад хэр зэрэг хандаж байгаагаас шалтгаалан татвараас хөнгөлөх, татаас олгох арга хэрэглэж байна. Манайд ч гэсэн энэ жишгийг баримталбал зүгээр биш үү?

-Хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн ганц, хоёр санаачилгууд явсан л даа. Гэхдээ өнгөц төдий, тодорхой үр дүнд хүрээгүй. Ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гэдэг нь субботник юм шиг байгууллагуудыг хамруулах бус яг ургуулъя гэсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Улсын хэмжээнд том хэмжээний мод үржүүлгийн газар байгуулаад ургахад бэлэн болсон үрслэгээг компаниудад тодорхой хувийн хөнгөлөлттэй, иргэдэд үнэгүй өгөөд тарих, ургуулах үүргийг нь хүлээлгэвэл үр дүнд хүрнэ. Ногоон байгууламж нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад их чухал ач холбогдолтой. Фотосинтезийн үр дүнд агаарт байгаа хүлэмжийн хий бууруулахад нөлөөлнө. Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулахад ихээхэн үр дүн үзүүлдэг зүйл нь хүчил төрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх арга байдаг.  Манай улс уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулахын тухайтад ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ёстой.

-Дэлхий дахин хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад эрчимтэй анхаарч байна. Европын орнуудын зарим нь уламжлалт цахилгаан станцыг халахаар ярилцаж байна. БНХАУ ч ийм төрлийн бодлого боловсруулсан. Гэтэл манайд эсрэг бодлого үйлчлээд байдаг. Эдийн засгийн хөгжлөө уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн уялдуулах ёстой вэ?

-Манай улс нүүрсний нөөцөөр баялаг. Дэлхий даяар энэ ойлголт хумигдаж байна. Дэлхий даяар эрчим хүчний нүүрсний хэрэглээг хязгаарлах стратеги боловсруулж эхэллээ. Европын орнууд тэр дундаа Герман 2020-иод оны сүүлээр эрчим хүчний хэрэглээг бүрэн зогсооно гэж байна. Энэ талаас нь харвал нэг өдөр энэ хэрэглээ саарч таарна. Тэр цагт нүүрсээ үнэгүй өгнө гэсэн ч авахгүй байх нөхцөл үүснэ. Эрэлт саараагүй байгаа дээр нь ашгийг нь хүртэх нь зүй. Нөгөө талаас техник технологио сайжруулах хэрэгтэй. Нүүрсээ ухаад зарах бус боловсруулдаг, шингэрүүлсэн хий гаргах тал дээр анхаарах нь зүй. Үүнийг одооноос л эхэлж бодох хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлт бол нэг нүүдлийг бус гурван нүүдлийн цаадхыг харах ёстойг улстөрчдөөс шаардаж байна.

-2000-аад оны эхэн үе, 2010-аад оны дунд үед “уур амьсгалын өөрчлөлт” гэдэг шошготой байгууллагууд олширч, сүйхээтэй зарим нь мөнгө гэж харсан дүр зураг ажиглагддаг. Салбарынх нь хүний хувьд юу гэж дүгнэх вэ?

-Нэг хэсэг “уур амьсгалын өөрчлөлт” бол мода болсон үг байлаа л даа. Юу хэлж байгаагаа ойлгохгүй мөртлөө их л ярьдаг байлаа. Энэ бол яахав цаг үеэ дагасан л зүйл байсан. Өөрийн чинь хэлж байгаа шиг зарим салбарын хүмүүс хөрөнгө мөнгө босгохын тулд уур амьсгалын өөрчлөлт гэж яриад явсныг үгүйсгэхгүй. Гэхдээ өргөн хүрээнд явж чадаагүй. Учир нь уур амьсгалын өөрчлөлтөөр мөнгө босгохын тулд тодорхой хэмжээний судалгаа шаардлагатай. Нөгөө талаас нь харахад улстөрчид сонгуульд ярихад энэ үгийг их ашигладаг байлаа. Ялангуяа орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид энэ үгийг их хэлдэг мөртлөө санал аваад сонгогдсоны дараа мартчихдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Бусад мэдээлэл