Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Б.Бямбаа: Оросын эрдэмтэд бидэнтэй хамтарч ажиллах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн
Б.Бямбаа: Оросын эрдэмтэд бидэнтэй  хамтарч ажиллах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн  Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Бямбаатай ярилцлаа.

-Таныг саяхан ОХУ-д томилолтоор ажиллаж, томоохон хурал чуулганд оролцсон гэж сонссон. Явсан газрынхаа сонин сайхнаас бидэнтэй хуваалцана уу?

-Намайг урьж ярилцаж байгаад баярлалаа. Юуны өмнө сонирхуулахад, би Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал байхдаа сар болгон шахуу л Улаан-Үд рүү явдаг байсан. Тэндхийн Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гадаад гишүүнээр ажиллаж байлаа. Одоо ч хэвээрээ. Гэхдээ өөрийн ажлаар л яваад байснаас биш орон нутгийн музей үзмэрийг сонирхож байгаагүй юм байна. Гэтэл Ардын хувьсгал, түүний удирдагчдын нэг Д.Сүхбаатартай холбоотой, “Үнэн” сонины анхны эхийг бэлтгэж байсныг илтгэн харуулсан гээд түүхэн дурсгалт зүйлсийг агуулсан бүхэл бүтэн музейг үзэж гайхлаа. Улаан-Үдэд байдаг Зөвлөлт-Монголын найрамдлын музейд гэхэд бараг манайд байдаггүй байх гэмээр ховор нандин эд зүйл, түүхийн баримт ч байна. Ялангуяа Хиагт бол Монголын ардын хувьсгал, “Үнэн” сонины түүхэн замналтай асар их холбоотойг харж биширч явлаа. Тэнд бас монголчууд, түүний дотор Б.Ринчен гуай нарын тухайн үеийн сэхээтнүүд суралцаж төгссөн дунд сургууль, тэдний зураг хөрөг ч байх юм. Одоо ч уг сургуульд Сэлэнгэ орчмын хүүхдүүд суралцаж төгсдөг юм байна. Иймэрхүү сонинтой.

Гол ажлаа ярихад ОХУ-ын Улаан-Үд, Якутскийн Бүгд Найрамдах улсын нийслэлд болсон хоёр чухал арга хэмжээнд оролцлоо. Эхнийх нь “Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны ололт үйлдвэрлэлд” сэдвийн дор Новосибирск хотод 24 дэх удаагаа болсон юм. Үүнийг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын ерөнхийлөгч В.Н.Пармон тэргүүтэй хамт олон зохион байгуулсан. Үүнээс гадна Бүх холбоотын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, биотехнологийн үндэсний төв маш чухал үүрэгтэй оролцдог юм билээ. Төвийн захирлаар нь доктор, профессор К.С.Головхваст гэж хүн ажилладаг болсон байна. Ер нь сүүлийн үед Оросын шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулийн удирдлага маш залуужсан. Ихэнх нь 40 гаруй насны залуучууд болсон шиг харагдлаа. Харин ахмад эрдэмтэн, докторуудаа зөвлөхөөр ажиллуулж, тэднийхээ олон жилийн зузаан туршлагаас суралцаж байна.

-Таныг дээрх шинжлэх ухааны байгууллагын дээд шагналаар шагнасан байсан. Энэ талаар товчхон дурдвал болох уу?

-За жаахан даруу биш явдал болох вий дээ. ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын “Хүндэт доктор” цолыг надад олгож, олон жил хамтран ажилласан тус салбарын ерөнхийлөгч асан А.С.Донченко гуай гардуулж өгсөн. Мөн академич Синягиний нэрэмжит алтан медалиар энгэрээ мялаалгалаа. Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны байгууллагууд ОХУ-ын уг салбарынхантай ойр дотно хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгааг үнэлсэн шагнал гэж би ойлгосон. Өмнө нь бид оюутан залуучууд Новосибирскийн болон Монголын ХААИС-д хоёр жилээр солбин суралцаж, хос дипломтой төгсөх хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан юм. Түүнийгээ үргэлжлүүлэхээр урьдчилсан яриа хэлцлийг хийж, Новосибирскийн ХААИС-ийн захирал, доктор К.С.Рудойтой харилцан ойлголцсон нь дээрхийн баталгаа гэж бодож байна. Үүнийг ХААИС-ийн захирал Х.Хэрүгад бичгийн хэлбэрээр гардуулж, бодит ажил болгохыг хүссэн. Мөн ОХУ-ын ХАА-н шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Мал эмнэлгийн хүрээлэн манай улсын тухайн салбарынхантай гэрээ байгуулахаар болсон нь маш чухал алхам болно. Ирэх оны дөрөвдүгээр сард Сибирийн салбарынхантай хамтарч ажилласны 25 жилийн ой, хурал чуулганыг зохион байгуулахаар тохиролцсон.

-Энэ хугацаанд хөдөө аж ахуйн салбарт эрдэм шинжилгээ, судалгааны болон бодит ямар үр дүнтэй ажиллав?

-Оросоос манай тариаланчид үр тариа болон хүнсний ногооны маш олон төрлийн сортыг оруулж ирж, нутагшуулан ургуулж байна. Монголчууд бидний газар тариалантай холбоотой хүнсний хэрэгцээний дийлэнхийг түүгээр л хангаж байгаа гэхэд хилсдэхгүй. Цөөн хэсэг нь голланд, герман, хятад сортынх байдаг. Үүнээс гадна сая бид махны чиглэлийн үүлдэр угсааг сайжруулж, үхрийн аж ахуй байгуулах талаар түлхүү ярилцлаа. Манай улстай ойрхон Оросын Чита, Улаан-Үд, Новосибирск, Красноярскийн орчимд махны чиглэлийн дөрвөн том үүлдэр бий болгоод байна. Тухайн үүлдрийн үхрийн мах нэг кг нь Москва болон бусад томоохон хотод 100 гаруй ам.доллараар борлуулагдаж байдаг аж. “Ийм өндөр үнэтэй махыг тэгээд хэн зооглодог юм бэ” гэж намайг асуухад “Манай “шинэ оросууд” гэж бүхэл бүтэн арми байна. Тэдэнд зориулсан тусгай дэлгүүр байдаг” гэж хариулж байх жишээтэй. Уг үүлдрийн нэгийг шинээр гаргасан, Новосибирскийн МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал В.А.Солошенко хэлэхдээ, Монголын нүүдлийн мал аж ахуй, тэр үржил шимт бэлчээрт өсгөж үржүүлсэн малын мах энэ байтугай үнэ хүрэх боломжтойг онцолж байна билээ. Тэгэхээр бид тэдэнтэй хамтарч ажиллах шаардлагатай юм байна гэж ойлгосон.

-Якутск гэж хүйтэн орон байдаг. Тэндхийн тухайд газар тариалан гэхээсээ мал ахуй нь бидэнд арай ойр байх?

-Цаг агаар, уур амьсгалын хувьд тун сонирхолтой газар нутаг юм. Өвөлдөө 50 хэм хүрч хүйтрэх боловч зуны улиралдаа дээд тал нь 20 хэм л дулаардаг. Бид Якутскийн ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнтэй загасны аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллахаар гэрээ байгуулснаас гадна адууны өвчний эсрэг вакцин, бэлдмэлийн үйлдвэрлэл явуулахаар тохиролцлоо. Тэд адуун сүргээ монгол адууны үр хөврөл, цусаар сэлбэх сонирхол их байгаагаа илэрхийлсэн. Бид үүнийг зөвшөөрч байгаа. Якутууд өвлийн 11 дүгээр сар хүртэл гүүгээ саахгүй, унагатай нь хамт байлгаж байгаад 12-оос гуравдугаар сард фермдээ хашиж саадаг, айраг цагаагаа бэлтгэдэг юм байна.

Ер нь Оросын ШУА-ийн Сибирийн салбарынхан бидэнтэй хэлхээ холбоотой ажиллах сонирхол маш их байх шиг санагдсан. Тухайлбал, дээр дурдсан Бүх холбоотын ХАА-н шинжлэх ухаан, биотехнологийн үндэсний төвийн захирал К.С.Головхваст Хиагт хотноо зориуд онгоцоор ирж, манай ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл гуайд академийнхаа “Хүндэт доктор” цолыг олгосноо зарлаж, батламж, энгэрийн тэмдгийг нь гардуулж өгөхийг хүсэж академич Авидад өгсөн. Д.Рэгдэл ерөнхийлөгч биеийн байдлаас шалтгаалан дээрх арга хэмжээнд оролцож чадаагүй юм. Үүнээс харахад цаагуураа “Та нөхөдтэй хамтарч ажиллахад бэлэн байна” гэж илтгэсэн явдал гэж ойлгосон.

-Удахгүй Буриад, Якутскийн шинжлэх ухааны байгууллагын тэргүүн, удирдлагын бүрэлдэхүүн манай улсад айлчлах юм гэв үү?

-Тийм. Ирэх долоо хоногт ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын нөхөд манайд хүрэлцэн ирнэ. Тэр үеэр газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр ярилцаж тохирсон, хийхээр төлөвлөсөн эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон бодит зүйлийн талаар чухалчлан хэлэлцэх юм. Жишээ нь, оросууд нэг га-гаас 50 хүртэл центнер үр тариа хураан авч байна. Гэтэл манайд усалгаатай газраа 20 орчим центнерийг л га-гаас авч байна шүү дээ. Тэд өөрийн орны хөрс шороо, уур амьсгал, цаг уурын нөхцөлд тохирсон сортуудыг гаргаж аваад дээр нь судалгаа шинжилгээг шинжлэх ухааны үндэслэлтэй хийгээд сурчихаж. Нөгөө талаар ажлын арга барил, олон жилийн туршлага дадлага гээд зөндөө юм байна. Үүнээс бид суралцах нь чухал. Манайхан болохоор тэр ч герман, энэ ч канад гээд “туршилтын туулай” болсоор үр дүн тааруухан байгаад байна.

                                                                                                                                                                                                         “Үнэн” сонин

 


Бусад мэдээлэл