Залуу судлаачдын мэдлэг, оюуныг нийгэмд түгээх, тэндний улс орны хөгжилд оруулж буй хувь нэмрийг таниулан сурталчлах зорилгоор “Судлаач хэрхэн ажилладаг вэ” сэдвээр ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн залуу судлаач нартай хамтран цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байна.
Энэ удаа ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн “Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбар”-ийн эрдэм шинжилгээний ажилтан Цогтбаярын Цэлхагаравтай ярилцлаа. Тэрбээр 2020 онд БШУ-ны Сайдын нэрэмжит грант хүртсэн залуу судлаач юм.
-Яг энэ цаг үед ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?
-2018 онд “Монгол ба бүс нутгийн буган хөшөөний соёл” нэртэй Монгол нутагт илэрч судлагдсан 1241 тооны буган хөшөөний мэдээллийг багтаасан 2 боть томоохон хэмжээний каталоги хэвлэгдэн гарч судлаачдын хүртээл болсон. Яг одоо энэхүү бүтээлийн үргэлжлэл болох III ботийн бичвэрийн ажил үндсэндээ төгсгөлийн шатандаа явж байна. Энэхүү бүтээл нь Монгол болон хөрш зэргэлдээх бүс нутагт тархсан нийт 1600 гаруй буган хөшөөний мэдээллийг нэгтгэн дүгнэсэн чухал ач холбогдолтой бүтээл юм. Миний бие энэхүү томоохон хэмжээний бүтээлд зохиогчоор оролцох завшаан тохиосонд баяртай байна.
-2021 онд юун дээр төвлөрч ажиллах вэ?
-2021 оны хувьд доктор Н.Батболдын удирдан хэрэгжүүлж байгаа “Хадны зургийн шинэ судалгаа (чулуун зэвсгийн сүүлээс хүрлийн эхэн үе)” суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд Сүхбаатар, Дорноговь аймгуудын нутагт хадны зургийн хайгуул, баримтжуулалтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Мөн доктор Н.Батболдын удирдан хэрэгжүүлдэг Монгол-Солонгосын хамтарсан төсөл, доктор, профессор Ц.Төрбат багшийн удирдан хэрэгжүүлэх Монгол-Францын хамтарсан төслүүдийн бүрэлдэхүүнд оролцон ажиллахаар төлөвлөсөн. Өнгөрсөн 2020 оны төгсгөлд “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-ноос уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэл тогоот 2020” эрдэм шинжилгээний хуралд миний бие “Алтай, Хангайн бүс нутаг дахь хожуу хүрлийн үеийн археологийн соёлын ангилал” сэдэвт илтгэл хэлэлцүүлж “БШУ-ны Сайдын нэрэмжит грант” хүртсэн байгаа. Энэхүү грантын хүрээнд Өвөрхангай аймгийн нутагт хайгуул судалгааны ажлыг зохион явуулна. Эдгээрээс гадна олон улсын сэтгүүлд анхны эрдэм шинжилгээний өгүүлэллээ хэвлүүлэх том зорилго төлөвлөөд ажиллаж байна.
-Ковид-19” тахал олон зүйлд сөргөөр нөлөөлж байгаа. Та бүхний хувьд хэрхэн нөлөөлж байна. Сатаарах зүйлгүй судалгаагаа хийгээд суухад харин ч эерэг байж болох юм?
-Өнгөрсөн 2020 оны тухайд дэлхий нийтийг хамарсан “ковид 19” цар тахлын улмаас манай гадаадын улс орнуудтай хамтарсан төсөл үндсэндээ ажиллаагүй. Дотоодын зарим төслүүдийн хувьд харьцангуй гайгүй ажилласан. Тухайлбал 2019-2021 оны хооронд доктор, профессор Ц.Төрбат багшийн удирдан хэрэгжүүлж байгаа ОХУ-ын Алтай Их сургуультай хамтарсан “Ард түмнүүдийн их нүүдлийн үе” төслийн хээрийн шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд оролцон ажиллаж найман аймгийн 30 гаруй дурсгалт газарт хайгуул судалгааны ажлыг зохион байгуулж олон арван дурсгалуудыг баримтжуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ хугацаанд эрдэм шинжилгээний хоёр өгүүлэлд зохиогчоор оролцож, эрдэм шинжилгээний хуралд хоёр илтгэл хэлэлцүүлсэн.
Манай “Хүрэл, төмрийн үеийн салбар”-ын судлаачдын хувьд маш хөдөлмөрч бүтээлч хамт олон байдаг. Ковидын үед нэг бүтээл дээр төвлөрч, голчлон багаар ажиллаж байна. Мөн өөрсдийн бичиж байгаа сэдэв, шинээр гарсан бүтээлийн тухай санал солилцох зэргээр бидний өдөр тутмын ажил завгүй өрнөдөг.
-Археологийн судалгааны гол ач холбогдол, танай салбарын судлаачдын онцлог нь юу байдаг вэ?
-Манай археологийн салбарын гол онцлог бол хувь хүний гэхээсээ илүүтэй багийн хамтын ажиллагаа байдаг. Энэ хүрээнд зөвхөн үндэсний төдийгүй олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран нэг баг болж ажиллах, тэдний судалгааны онол, арга зүйгээс суралцах, сүүлийн үеийн археологийн салбарт нэвтэрч байгаа шинэ дэвшилтэт технологтой цаг алдалгүй танилцах ховорхон боломж олддог. Мөн хүн төрөлхтөн бичиг үсэг зохион хэрэглэж өөрсдийн түүхийг бичиглэн үлдээх болсон нь хүний үүсэл хөгжлийн олон мянган жилийн түүхийн харьцангуй хожуу үед холбогддог. Эдүгээ бидэнд үлдэж хоцорсон, хөрш зэргэлдээх улсын сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн цөөнгүй мэдээ баримт бий боловч энэ нь бидний угсаа гарал, түүхийг судлахад хангалттай хэрэглэгдэхүүн болж чадахгүй юм. Тиймээс монголын төдийгүй дэлхийн эртний түүхийг сэргээн тодруулахад археологийн судалгаа чухал үүрэг гүйцэтгэдэг.
-Археологийн судалгаа гэхээр малтлагаар л төсөөлөгддөг шүү дээ?
-Магадгүй археологийн судалгаа өнгөц харахад зөвхөн малтлагын ажлаар төсөөлөгддөг байж болох. Үнэндээ тийм биш юм. Археологийн судалгаа өөрөө олон үе шат бүхий нарийн ажиллагаа байдаг. Малтлага судалгааны ажлын дараа олдвор эд өлгийн зүйлсийн харьцуулсан судалгаа болон сэргээн засварлалт, хүн малын ясны судалгаа, олон төрлийн лабораторийн судалгаанууд хийгдэж, цаг хугацаа ч их шаарддаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд байгалийн шинжлэх ухаан болон бусад шинжлэх ухааны олон аргууд археологийн салбарт өргөн ашиглагдаж байна. Тухайлбал, он цаг тогтоох судалгаа, генетикийн судалгаа гэх мэт. Бүр тухайн үеийн хүмүүсийн өдөр тутмын амьдралын тухай ч мэдээлэл авах боломжтой болсон.
-Таны хувьд археологи дотроо ”Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбар” юм байна. Энэ чиглэлийн судалгаанд шинэ дуулгах сонин юу байна?
-Манай “Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбар” нь Монгол нутаг дахь хүрлийн үеэс түрүү төмрийн үе хүртэлх эртний нүүдэлчдийн судалгаанд тэргүүлэх байр суурьтай ажилладаг судалгааны салбар юм. Мөн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай судлаачдын Монгол орны Баруун ба Төвийн бүс нутагт явуулсан идэвхтэй малтлага судалгааны ажлын үр дүнд хүрлийн эхэн дунд, хожуу үеийг төлөөлөх хэд хэдэн суурь соёлыг ялган тодорхойлсон нь Монголын хүрлийн үеийн судалгааг хөгжлийн цоо шинэ шатанд гарах бололцоог бүрдүүлсэн. Өмнө нь дөрвөлжин булш, хиргисүүр, буган хөшөө, хадны зураг гэх мэт маш цөөн дурсгалаар төсөөлөгдөж байсан хүрлийн үеийн судалгаа илүү баялаг, сонирхолтой болж байна. Миний сонирхон судалдаг сэдвийн тухайд хожуу хүрлийн үе буюу хүрэл зэвсгийн төгсгөл үед оршин амьдарч байсан эртний нүүдэлчдийн судалгаа байгаа. Ялангуа, монгол нутагт түгээмэл тархсан хожуу хүрлийн үеийн томоохон дурсгал болох "Хиргисүүр"-ийн мэдээллийн санг шинэчлэн боловсруулах ажлыг сүүлийн 5 жилийн хугацаанд голчлон гүйцэтгэж байна. Хүрлийн үеийн хөгжлийн оргил болох хожуу хүрлийн үеийн судалгаа хэд хэдэн чухал сэдвийн хүрээнд олон орны эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байсаар ирлээ. Юун түрүүнд энэ үеэс Монгол нутагт оршин суугч ард түмэн мал аж ахуй голлон эрхлэх болж түүнд тохирсон ахуй амьдралын хэв маяг, урлаг соёл, шашин шүтлэг бүрэлдэн бий болсон нь хойшид олон зуун жил уламжлагдан хөгжжээ. Мөн өмнөх үеэсээ эрс ялгаатай сүрлэг том хөшөө, дурсгалуудыг байгуулах болсон нь тэднийг илүү нарийн зохион байгуулалттай нийгэмд дэвшин орсон болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн баялагийг төвлөрүүлэгч язгууртан давхарга шинээр бий болж, хүн ам хэд хэдэн анги давхаргад хуваагдах болсон бололтой. Булш оршуулгын дурсгалаас ваар сав, гоёл чимэглэл, адуу малын тоног хэрэгсэл, зэр зэвсгийн зүйлс олон тоогоор илрэх болсон нь үйлдвэрлэлийн хөгжил нь шинэ шатанд хүрснийг илтгэдэг. Энэ үеэс хүн ам Монгол орны нутаг дэвсгэрт жигд тархан суух болсныг тухайн үед холбогдох дурсгалуудын тархалт тодорхой харуулж байгаа юм. Мөн энэ үед угсаа гарлын хувьд өөр, өөрсдийн онцлог, зан заншилтай хэд хэдэн томоохон соёлын нийтлэгүүд бий болсон нь хойшид Хүннүгийн соёл, улмаар Монголчуудын угсаа гарал бүрэлдэх чухал урьдач нөхцөл болсон юм.