Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АРХЕОЛОГИ: Хүрлийн үеийн нүүдэлчдийн хэрэглэж байсан ЦУТГУУРЫН ЧУЛУУН ХЭВ илрүүлжээ
АРХЕОЛОГИ: Хүрлийн үеийн нүүдэлчдийн хэрэглэж байсан ЦУТГУУРЫН ЧУЛУУН ХЭВ илрүүлжээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг, Цагаан толгой гэх газарт энэ жил намаржсан нутгийн иргэд өнгөрсөн есдүгээр сард адууныхаа хашааг янзалж байхдаа Хүрэл зэвсгийн үеийн эртний эд өлгийн зүйлс олжээ. Тэд энэ тухайгаа аймгийнхаа музейн ажилтанд хэлж, улмаар ШУА-ын Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судалгааны баг тус суманд очиж, ажилласан байна. Судалгааны багт Герман Улсын Макс Планкын хүрээлэнгийн судлаач, доктор Ж.Баярсайхан, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаач, доктор Б.Анхбаяр, Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийг авран хамгаалах газрын дарга, археологич Г.Анхсанаа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаач, доктор Л.Ишцэрэн нар ажилласан бөгөөд 2500-2800 жилийн түүхтэй, нүүдэлчдийн эдэлж хэрэглэж байсан хүрэл тогоо, цутгуурын чулуун хэв зэрэг эд өлгийн зүйлсийг судалж, сэргээн засварлажээ. Уг олдворыг судалж, сэргээн засварласан судлаач, археологичидтай ярилцлаа.

Ж.БАЯРСАЙХАН: Археологийн түүхэнд ЦУТГУУРЫН ЧУЛУУН ХЭВ гурав дахь удаагаа олдож байна

-Хүрэл зэвсгийн үеийн эртний олдворуудыг илрүүлжээ. Уг эд өлгийн зүйлсийн судалгааны ажлыг хэзээ хийж гүйцэтгэсэн бэ?

-ШУА-ын Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судалгааны баг өнгөрсөн тавдугаар сард Соёлын яамны дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагт богино хэмжээний судалгааны ажил гүйцэтгээд ирлээ. Өнгөрсөн есдүгээр сард тус сумын нутаг Цагаан толгой гэдэг газарт намаржиж байсан нутгийн иргэд адууныхаа хашааг янзалж байгаад санамсаргүй байдлаар Хүрлийн үеийн нүүдэлчдийн эдэлж, хэрэглэж байсан хүрэл тогоо хоёр ширхэг, цутгуурын чулуун хэв болон бусад эд өлгийн зүйлс олсон. Тэд тухайн үед олсон эд өлгийн зүйлсээ улсад хэрхэн өгөх, хаана, яаж хандах талаар мэдээлэлгүй, мөн хөл хорионы дэглэм тогтоосон үе байсан учир гэртээ хадгалж байсан юм билээ. Энэ хавар аймгийнхаа музейн эрдэм шинжилгээний ажилтан  н.Одмаад олдвор олсон тухайгаа мэдээлсэн. Ингээд тус музейн хамт олноос бидэнтэй холбогдсоноор өнгөрсөн тавдугаар сард судалгааны ажил гүйцэтгэж, эд өлгийн зүйлсийг Улаанбаатарт авчраад байна.

Уг олдворын тухай аймгийнхаа музейд анх мэдээлсэн хүн бол Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” дун сургуулийн зургийн багш н.Нямтогтох. Тэр залуу Соёлын өвийн хуулийн дагуу мэргэжлийн байгууллагад хандсанаар эртний олдворууд сэргээн засварлагдаж, судлагдаад байж байна. Энэ ташрамд н.Нямтогтох багш болон түүний гэр бүлийнхэнд талархсанаа илэрхийлье. Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газрын мэргэжилтэн н.Баасансүрэн, Түнэл сумын Засаг дарга Д.Цогбаяр, орлогч дарга н.Самбаллхүндэв, мөн тус аймгийн Соёлын төвийн хамт олон бидэнд газарчлахаас эхлүүлээд эд өлгийн зүйлсийг үзэж харахад тусалсанд судалгааны багийн зүгээс туйлын их баяртай байна. Тэд бол “Хэрвээ эртний түүхэн үеийн олдвор энд тэнд олдвол шинжлэх ухааны байгууллагад хэрхэн хүргэж өгөх вэ” гэдгийн том жишээ юм.

Олдворуудын тухайд яривал, цутгуурын чулуун хэв нь монголын газар нутгаас маш цөөн тоогоор олдоод байгаа хэвний нэг. Өмнө нь Увс аймгийн музейд хадгалагдаж байгаа хутганы чулуун хэвийг Академич Д.Цэвээндорж гуайн ахалсан баг судалж, өгүүлэл бичсэн байдаг. Үүний дараа Ховд аймгийн Манхан сумын нутгаас 2007 онд Үндэсний музейн баг болон миний бие Тахилтын хотгор гэх газарт ажиллаж, нутгийн хүүхдийн элсэн дотроос олсон чулуун хэвнүүдийг Үндэсний музейд шилжүүлсэн. Харин энэ чулуун хэв бол археологийн түүхэнд гурав дахь удаа олдож байна. Энэ хэвний гол онцлог нь цутгуур хийж байх үеийн төмөрлөг эдлэлийн деталь хэсгүүд хэвэн дотроо хадгалагдаж үлдсэн нь юм. Энэ хэвэнд хоёр жигүүртэй, навчин хэлбэрийн онгитой сумны зэв цутгадаг. 

Энэ олдвор бол тухайн бүс нутагт Хүрлийн сүүлч, Төмрийн эхэн үед хүрэл эдлэлийг хайлуулж, боловсруулдаг, орон нутагт үйлдвэрлэл хийж байсны баталгаа болж байгаагаараа чухал ач холбогдолтой. Бид цаашид уг олдворын чулуулаг, төмөрлөг эдлэл, түүний бүтэц, болон бусад эд өлгийн зүйлсийг нарийвчлан судална.

-Эдгээр эд өлгийн зүйлсийг хэчнээн жилийн өмнө эдэлж, хэрэглэж байсан нь тогтоогдсон уу?

        -Бидний анхны таамаглалаар НТӨ VIII зуунаас НТӨ V зуун буюу 2500-2800 орчим жилийн өмнөх үетэй холбогдоно. Эдгээр олдворын нэг болох хүрэл тогоонууд анх ирэхдээ бүгд хагараад, ёроол нь салаад уначихсан байсан. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Сэргээн засах төвийн лабораторийн Сэргээн засварлагч н.Эрдэнэцэцэг бүгдийг нь эвлүүлж, наагаад, анхны сэргээн засварлалт, бэхжүүлэлтийг нь хийгээд байна. 

“Эд өлгийн зүйлсд хадгалагдаж буй мэдээлэл юугаар ч үнэлэгдэшгүй ӨВ СОЁЛ, ТҮҮХ юм”

Мөн олдворууд дунд судлаачдын хүрэл ойл гэж ярьдаг, модон иш хийгээд юм цавчих зориулалттай эд өлгийн зүйл бий. Эдгээр зүйлсийг анх олсон хүмүүсийн ярьж буйгаар хоёр хүрэл тогоон дотор хийгээд, газарт булсан байсан гэнэ лээ. Манай судалгааны баг тухайн дурсгалт газрыг цаашид нарийвчлан судалж, хайгуул, малтлага хийж үйлдвэрлэлийнх нь том ул мөрийг илрүүлэх зорилготой байгаа.

-Эдгээр олдвор Түнэл сумын төвөөс хэчнээн километрийн зайд байсан бэ?

         -Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвөөс баруун урд зүгт 10 орчим километрийн зайд Цагаан толгой гэх газарт байсан. Айлын намаржааны газарт, голын дэнж дээрээс олдсон юм билээ.

Цутгуурын чулуун хэв олдсон газар буюу Хөвсгөл аймгийн Түнэл сум, Цагаан толгой

-Цутгуурын чулуун хэв гэхэд л археологийн түүхэнд гурав дахь удаагаа олдож байна гэж ярилаа. Ер нь эдгээр олдворын үнэ цэн, ач холбогдол нь юу вэ?

-Түүх, археологийн олдворын үнэ цэнийг зарим тохиолдолд “үнэлшгүй” гэж тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, тухайн дурсгалд хадгалагдаж буй мэдээлэл бол хэзээ ч, юугаар ч үнэлэгдэшгүй чухал түүх агуулж байдаг. Харин ач холбогдлын тухайд, суурьшмал соёл иргэншилтэй ард түмний онолоор эртний нүүдэлчдийг үйлдвэрлэл эрхэлдэггүй, зөвхөн мал аж ахуй, агнуур хийдэг. Хүрэл, цутгуурын эд зүйлсийг дээрэмдэж, тонож авдаг, эсвэл худалдаа наймааны аргаар авч хэрэглэдэг гэх онол байдаг. Энэ онолыг үгүйсгэсэн, нүүдэлчид төмөрлөгийн боловсруулалт хийж, эд зүйлсээ орон нутагтаа үйлдвэрлэж байсны хамгийн гол баталгаа нь эдгээр олдвор юм.

Л.ИШЦЭРЭН: Археологийн салбарт үйлдвэрлэлийн түүх, дурсгалт газруудын судалгааны чиглэл шинээр нэмэгдсэн

-Монгол нутагт эртний металл боловсруулалтын түүх 3000-4000 жилийн өмнөх үед холбогддог. Хамгийн эртний дурсгал бол Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Зоог зуух гэдэг газраас олдсон зэс, хүрлийг хайлуулж байсан зуух юм. Үүнээс хойш говийн бүс нутгаас хүрэл хайлуулж байсан зуух, зэсийн хүдэр ухаж авч байсан ухмалууд болон чулуун зэвсгүүд олдсон байдаг. Яг ийм хүрэл эдлэл бодитоор олдсон нь ховор. Ерөнхийдөө ийм төрлийн хүрэл олдворуудыг булшинд дагалдуулж тавьсан байдаг. Энэ удаад Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутгаас олдсон олдворууд хүрлийн үеийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тодорхой харах боломж олгож байгаа. Үүний нэг болох цутгуурын чулуун хэв бол хоёр талт хэв юм. Тухайн үеийн нүүдэлчдийн хэрэглэж байсан эд зүйлс, хүрэл хутга, зэвүүдийг харахад нэг талт хэв болон хоёр талт, битүү гэсэн гурван төрлийн хэв байдаг. Сая олдсон хүрэл зэвний чулуун хэв бол хоёр талт хэв юм.

Сүүлийн үеийн археологийн судалгаа нэлээн нарийсч байгаа. Булш, хот суурингийн малтлага судалгаа, мөн шинээр үйлдвэрлэлийн түүх, дурсгалт газруудын судалгааны чиглэл нэмэгдээд байгаа

Мөн хүрэл тогооны хувьд 3-4 хэвэнд цутгаж хийсэн байх магадлалтай. Их бие нь дундуураа зааг гарсан байгаа. Энэ бол хоёр цутгуурын хэвний зааг юм. Мөн тогооныхоо суурь хэсгийг тусад нь цутгаж хийдэг байсан нь харагдана. Хоёр бариулыг мөн тусад нь цутгаж хийдэг. Тэгэхээр энэ хүрэл тогоо дөрвөн хэвнээс бүтсэн гэсэн үг. Үүнийг хийхийн тулд нэлээн өндөр ур чадвар шаардана. Тухайн цаг үед уг тогооны хэвийг чулуу биш шавраар хийж байсан гэж судлаачид үздэг.  

                                                                                                                                                                ergelt.mn


Бусад мэдээлэл