Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АКАДЕМИЧ Ж.ТЭМҮҮЖИН: ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮНСИЙГ ХАЯГДАЛ УСНЫ БОЛОВСРУУЛАЛТАНД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ГЭДГИЙГ ТОГТООСОН
АКАДЕМИЧ Ж.ТЭМҮҮЖИН: ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮНСИЙГ ХАЯГДАЛ УСНЫ БОЛОВСРУУЛАЛТАНД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ГЭДГИЙГ ТОГТООСОН

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторийн эрхлэгч, академич Ж.Тэмүүжинтэй хаягдал түүхий эдийн зохистой ашиглалтын талаар ярилцлаа.


 -Та хаягдал түүхий эдийн талаар олон судалгаа хийсэн хүн. Судалгааны ажлынхаа талаар тоймлоод танилцуулахгүй юу. Ер нь хаягдал түүхий эдийн зөв зохистой ашиглалт манай улсад ямар түвшинд байна вэ?

- Миний судалгаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай хаягдал түүхий эдийг ашиглах талаараа холбогддог юм. Би 2010 оноос эхэлж хаягдал түүхий эд тухайлбал хаягдал үнс ашиглах судалгааг сонирхож эхэлсэн. Улаанбаатарт хаягддаг хаягдал дотор хуванцар 22%, цаас 21%, шил 9%, металл 6%-ийг эзэлдэг. Өвлийн улиралд гэр хорооллоос гарч буй хуурай хог хаягдлын 50%-ийг гэр хорооллын үнс эзэлдэг. Харин Улаанбаатар хотын 4-р цахилгаан станц жилд 330 мянган тонн хаягдал үнс гаргадаг бол 3-р цахилгаан станцаас 100 мянган тонн хаягдал үнс гардаг. Эдгээр хаягдал түүхий эдийг боловсруулах өөрийн шинэлэг судалгаа хэрэгжүүлэх нь миний сонирхол бөгөөд хаягдал үнс ашиглах тал дээр манай судалгааны багийнхан хэд хэдэн судалгаа хэрэгжүүлсэн. Манай улсаас гарч буй бүх төрлийн хаягдал үнсний талаарх судалгааны үр дүнгүүдээ бид гадаадын мэргэжлийн хэвлэлийн газарт хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдэд 3 бүлэг, импакт фактор бүхий сэтгүүлүүдэд 9 өгүүлэл, Скопус бүртгэлийн системд бүртгэгдсэн сэтгүүлүүдэд 6 өгүүлэл мөн өөрийн улсад хэвлэгддэг мэргэжлийн сэтгүүлүүдэд хэд хэдэн өгүүлэл хэлбэрээр хэвлүүлээд байна. Түүнчлэн бид бетонд хэрэглэх цахилгаан станцын шүүлтүүрийн үнсний стандартыг шинээр боловсруулсан (MNS 6469: 2014).

- Яагаад заавал бетон, барилгын материалд үнс ашиглах нь тохиромжтой гэж үзсэн юм бэ?

- Бетоныг холбогч, дүүргэгч, уснаас бүрдсэн нийлмэл системийг боловсруулж гаргадаг. Эзэлхүүний 15 хүртэлх хувийг холбогч буюу цемент эзэлдэг бол үлдсэн хэсгийг дүүргэгч болох чулуулаг, элс эзэлдэг. Элс, хайрга, дайргыг байгалиас ухаж гарган угааж эсвэл шаардлагатай хэмжээс хүртэл жижиглэж хэрэглэдэг. Бидний боловсруулсан стандартаар цементийн 20% хүртэлх хэсгийг шаардлага хангасан үнсээр орлуулж болно гэж заасан. Энэ нь цемент үйлдвэрлэхэд шаардлагатай шохойн чулуу болон бусад эрдсийн хэрэглээг тэр хэмжээгээр бууруулах боломжийг олгох юм. Мөн бетон үйлдвэрлэхэд хэрэглэгдэх дүүргэгчийг барилгын материалын хаягдал бетон, тоосго, үнсээр орлуулах судалгаа гадаад улсуудад эрчимтэй хийгдэж байна.

            -Таныг геополимер материалын судалгаагаар нэлээн ажилласан гэдэг.   Геополимер материал гэж ер нь юуг хэлээд байна вэ?

- Геополимер материал гэсэн тодорхойлолтыг өнгөрсөн зууны 70-аад оны сүүлчээр Францын эрдэмтэн Давидовиц гаргасан. Ерөнхий утгаар нь авч үзвэл Украйны эрдэмтэн Глуховскийн 1950-1960-аад онд хөгжүүлсэн шүлтийн цементтэй төстэй нэг төрлийн холбогч гэж үзэж болно. Хөнгөнцагаант цахиурын хаягдал түүхий эд болох цахилгаан станцын хаягдал үнс, домен зуухны хаягдал шааргыг шүлтлэг шингэнээр боловсруулан шинэ төрлийн холбогч буюу шинж чанараараа цементтэй төстэй боловч олон шинж чанар нь цементээс илүү гэсэн судалгаа байдаг. Энэхүү геополимер материал нь Австрали, Шинэ Зеландад тодорхой хэмжээгээр үйлдвэрлэл практикт нэвтэрсэн. Тэдгээр улсуудад хаягдал түүхий эд ашиглаж байна гэсэн утгаар үйлдвэрлэгчдэд тодорхой хэмжээний хөнгөлөлт олгогддог бол манай улсад ийм хөнгөлөлт байдаггүй, идэвхжүүлэгч шүлтээ гадаадаас импортоор авдаг, геополимер материалын үйлдвэрлэл нь химийн бодис найруулж ашигладаг химийн үйлдвэрлэлд багтдаг зэргээс шалтгаалан цементэд суурилсан бетонтой өрсөлдөхүйцээр хямд гарахгүй байгаа. Иймээс энэ технологи маань шууд үйлдвэрлэлд нэвтрэхэд хүндрэлтэй түвшинд байна.

- Тэгвэл манай улсад энэ чиглэлийн судалгаа ямар түвшинд явж байгаа вэ?

- Гадаад улсуудад геополимер материалыг кальцийн оксид багатай буюу F ангиллын үнсээр хийдэг бөгөөд дийлэнх судалгаа энэ чиглэлд хийгдсэн байдаг. Харин манай улсын цахилгаан станцын түлш болгон ашигладаг Багануур болон Шивээ-Овоогийн нүүрсний үнс нь С ангиллын буюу кальцийн оксидын агуулга өндөртэй учраас туршилт судалгаанд зохих хэмжээний хүндрэл гарч байсан. Гэсэн хэдий ч бидний судалгаагаар 4-р цахилгаан станцын шүүлтүүрийн Багануурын үнсийг боловсруулж шахалтын бат бөх нь 30 МПа-аас багагүй гополимер төст бетон гаргах боломжтой нь тогтоогдсон.

- Энэхүү судалгааг хэрэгжүүлэхэд өөр ямар нэгэн хүндрэл гарч байсан уу?

- Багануурын үнс нь цацраг идэвхжилтэй учраас ашиглаж болохгүй гэсэн шүүмж их гарч байсан. Энэ орчлон дээр шинээр нийлэгжүүлж гаргасан органик материал л биш бол бүгд тодорхой хэмжээгээр байгалийн цацраг агуулж байдаг. Үнс дангаараа барилгын материал болон бетоны түүхий эд биш юм. Үнс нь бетон болон барилгын материалд бага хэмжээгээр л ашиглагддаг. Бетонд холбогч эзэлхүүний 15 хүртэлх хувийг эзэлдэг гэж дээр хэлсэн. Энэ 15 хүртэлх хувийн 20 хүртэлх хувийг л үнсээр орлуулж байгаа гэвэл нийт бетонд авч үзвэл 4%-иас хэтрэхгүй үнс агуулагдаж байна гэсэн үг. Бидний хийсэн судалгаагаар үнсийг барилгын материал тухайлбал, бетонд нэмэлт хэлбэрээр холих нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх түвшинд хүрэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Бид судалгаагаа нэгтгэн олон улсын импакт фактор өндөртэй, нэр хүнд бүхий Chemosphere сэтгүүлд тойм өгүүлэл (review) хэлбэрээр хэвлүүлсэн.

- Хаягдал түүхий эдийг ашиглан өөр ямар төрлийн материал гаргах боломжтой вэ. Хийгдсэн судалгааны ажил байдаг уу?

- Манай лабораторид уул уурхайн хаягдал, хаягдал шил, сул чулуулаг, баяжуулах үйлдвэрлэлийн хаягдлыг ашиглах тал дээр судалгаа явуулахын зэрэгцээ хөнгөн бетон, тоосго, уурхайн нүх битүүлэх, шилэн керамик материал гаргах чиглэлээр судалгаа явуулдаг л даа. Бидний судалгааны үр дүнгүүд ихэвчлэн олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд өгүүлэл болон хэвлэгдэж байна. Тухайлбал, хаягдал үнсийг боловсруулан цэвэршилт сайтай цеолитыг нийлэгжүүлэн хаягдал усан дахь хромын нэгдлийг шүүх боломжтой гэсэн бидний судалгааны ажил тун удахгүй импакт фактор бүхий мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэх гэж байна. Үүнээс гадна Улаанбаатар хотын гэр хороололд ашиглагдаж буй шахмал түлшний үнсний шинж чанар, ашиглах боломжийг тогтоох талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэстэй хамтран ажиллаж шахмал түлшний үнсийг арьс шир, ноос ноолуурын үйлдвэрээс гарч буй хаягдал усны эхний цэвэрлэгээг хийхэд ашиглах боломжтой юм байна гэдгийг тогтоосон.

-Хог хаягдлаа зөв зохистой ашиглахыг л  тогтвортой хөгжлийн бодлого гэж ойлгож байна. Хүн төрөлхтөн өдий хүртэл байгаль орчноо сүйтгэсээр л ирсэн. Хөгжлийн бодлоготой болоод тогтворжиж байна уу?

 -Хүмүүс байгаль орчныг хэрхэн доройтуулж байгаа баримт жишээ интернэтэд тавигдсан байдаг. Би 1-2 жишээ л хэлье. Хүн төрөлхтний үйл ажиллагаанаас болж дэлхийн газар нутгийн 75% өөрчлөлтөнд орсон гэж үздэг. Агаар дахь хүлэмжийн хийн өсөлт нь сүүлийн 150 жилд бараг ихэнхдээ хүний үйл ажиллагаанаас болсон гэсэн тооцоо ч бий. Энэхүү өөрчлөлт Монгол орны хувьд их тодорхой харагддаг. Тухайлбал ойгоор бүрхсэн талбайн хэмжээ 1999-2015 онуудын хооронд 13086.0 мян.га-гаас 6.93 хувиар багассан гэсэн тооцоог ШУТИС-ийн судлаачид хийсэн байдаг.

Харин тогтвортой хөгжил гэдэг албан ёсны ойлголт 1987 онд бий болсон гэж үздэг юм. Дэлхийн Байгаль орчин хөгжлийн комиссын дарга Норвеги улсын ерөнхий сайд байсан Брундтланд гэдэг хүний НҮБ-ын Ерөнхий чуулганд тавьсан илтгэл дээр энэ тухай ойлголтыг зааж өгсөн. Тогтвортой хөгжил гэдгийг хамгийн энгийнээр байгаль орчиндоо хор нөлөө багатайгаар эдийн засгаа хөгжүүлэн байгаль орчноо ирээдүйн хойч үедээ байгаа хэлбэрээр нь өвлүүлэн үлдээх гэж тайлбарлаж болох юм. Үүний дараа 1992 онд болсон Рио-де-Жанейрогийн дэлхийн хэмжээний чуулган дээр дэлхий даяар мөрдөх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлон улс орнууд тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Хаягдал түүхий эдийг зөв зохистой ашиглах нь тогтвортой хөгжлийн бодлогод ихээхэн нөлөөтэй. 

            - Юунаас шалтгаалж бид байгаль орчноо сүйтгээд байдаг юм бэ?

-Гол асуудлын нэг нь өндөр хөгжилтэй улсуудын хувьд хэт их хэрэглээ гэж үзсэн байдаг. Дээр нь энэ дэлхий дээр 7 тэрбумаас олон хүн амьдарч байна. Тэгэхээр хэрэгцээтэй зүйлээ зөв хэрэглэн хаягдал түүхий эдээ ашиглан байгаль орчинд ирэх ачааллыг багасгах нь бидний хөгжлийн ирээдүй болчихоод байна. Би нэг зургийг их жишээ болгож авдаг юм. Энэ зургаас бидний хэрэглээ ямар их байгааг харж болно.


 

 

-Манай улсын хувьд хэрэглээ ийм өндөр биш болов уу?

-Улс болгонд энэ тоо өөр өөр гарна. Энд үзүүлсэн тооцоог Австралийн Куртины Их Сургуулийн тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн судлаачид 2010 онд гаргасан байдаг.

 

  


Бусад мэдээлэл