ШУА-ийн Одон орон, гeофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл
судлалын салбарын эрхлэгч М.ӨЛЗИЙБАТТАЙ ярилцлаа.
-Сүүлийн үeд Монгол Улсын газар
нутаг дээр янз бүрийн хэмжээний газар хөдлөлт илүү явагдаад байна уу. Эсвэл
мэдээлэл шинжилгээ нь арай нарийвчлалтай болчихсон юм уу. Байсхийгээд л газар
хөдлөлт боллоо гэх мэдээлэл гардаг болсон байна?
-Одоогоор бид 2017-2019 онд болсон газар хөдлөлт, түүнд
хийсэн судалгаа шинжилгээнд үндэслэн үр дүнгийн талаар хэлэлцэж байна. Энэ
хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийг тандах 130 гаруй станц
ажиллаж байна. Тэдгээрийн дүнгээс харахад сүүлийн үeийн газар хөдлөлтүүд хүчтэй
ангилалд багтдаг боллоо. Энэ нь зургаагаас дээш магнитудад хамаарна. Хүчтэйвтэр
гэвэл 4-6 магнитуд болдог юм. Ийм магнитудтай газар хөдлөлтийн тоо сүүлийн үeд
өсөх хандлагатай байгаа бөгөөд газар хөдлөлийн идэвх өссөнийг харуулж байгаа
хэрэг. Үүнийг дагаад жижиг газар хөдлөлийн тоо олширсон. Түүнтэй уялдан
Улаанбаатар хот орчмын газар хөдлөлийн идэвхжил бидний анхааралд байгаа. Энэ нь
2005 оноос хойших үеийг өмнөх жилүүдтэй харьцуулахад 2-3 дахин өссөн. 2013 онд
газар хөдлөлийн ид идэвхжлийн үeд 2300-гаад тохиолдлыг бүртгэсэн.
-Улаанбаатар хот орчмын хувьд
шүү дээ, тийм үү. Энэ нь буурсан үзүүлэлт юм биш үү?
-Энэ нь тооны хувьд
буурсан мэт харагдавч газар хөдлөлийн идэвхжил хэвээр байна гэж ойлгох ёстой.
Бидний сэдэвт ажлын зорилго нь болзошгүй газар хөдлөлийн голомт, тэдгээрийн
хөнөөлийг тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэж байгаа юм. Үүнд үндэслэн хот
суурины газар хөдлөлийн аюул, түүний үнэлгээний ажил гэж хийдэг. Тэр бүхнийг
бидний судалгаан дээр үндэслэн тодорхойлдог.
-Энэ нь зөвхөн Монголын биш
дэлхий eртөнцтэй холбоотой асуудал байх л даа. Манай улсын тeхтоникийн бүтэц
ямар байна вэ?
-Бид нэг л дэлхий дээр оршин байгаа учраас дотоод бүтэц нь
бас л сонин байх биз. Монголын нутаг дэвсгэр дэх царц мандлын зузаан нь 35-60
км байна гэж тогтоосон. Баруун талдаа буюу уулархаг нутгаар 55-60, төв хэсэгтээ
40-45, зүүн буюу тал хээрийн бүсэд 32-35 км гүн царц мандалтай гэж тогтоосон
байдаг юм. Дээр нь JPS-ийн ажиглалтаас үзэхэд манай улсын шилжилт хөдөлгөөн
харьцангуй хурдацтай байна.
-Японы эрдэмтдийн судалгаагаар манай улсын нийслэл газар хөдлөлийн тун
таагүй байршилд байдаг гэж тогтоосон.Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Японы Нагоягийн их сургуулийн судлаачдын дүгнэснээр
Налайхаас эхлээд Богд уулын хойд хормой буюу Баянзүрх дүүрэг хүртэл, хойшоо
Нарангийн энгэрээр дайрч “Найрамдал” зуслангийн орчимд үргэлжилсэн хагарал
байна. Энэ нь газар хөдлөлийн идэвхтэй бүсэд хамаарна гэж дүгнэсэн. Тэрхүү
хагарал нь шулуун чиглэлтэй байх ёстой гэж тооцоолоод шугам татаж үзэхэд
Сүхбаатарын талбайг дайрч байгаа мэт харагдана. Гэхдээ яг багаж төхөөрөмжөө
ашиглаад нарийвчлан тогтоосон юм бол байхгүй. Тиймээс судалгааг илүү нарийвчлан
хийж байгаа юм билээ. Бид тодорхой хэмжээгээр хамтарч, төслийн ажилд оролцож
байна.
-Монгол Улсад он гарснаас хойш Орхон, Говь-Алтай аймагт энгийн нөхцөлд
ч мэдрэгдэх газар хөдлөл боллоо?
-Таны хэлсэн Говь-Алтай аймгийн Тонхил, Орхон аймгийн
Жаргалант сум орчмын газар хөдлөл таваас дээш магнитудын хүчтэй байсан. Өчигдөр
(тавдугаар сарын 11-ний өдөр) гэхэд 3.8 магнитудын газар хөдлөл Өмнөговь аймагт
боллоо. Эдгээр нь хэмжигч багажийн хүчин чадлаас ер хамаарахгүй, байгалийн
тектоник процессын л үр дүн. Үүнийг дэлхийн 100 гаруй оронд бүртгээд авчихсан
байна. Ер нь газар хөдлөлийн тоо нэмэгдэж байгаа нь орчин үеийн техник
технологийн хүчин чадал, нарийвчлалтай холбоотой нь үнэн. Манай улсын хувьд сүүлийн
гурван жилд ажиглалтын станцынхаа тоог 10-аар нэмэгдүүлсэн. Энэ хэмжээгээр
газар хөдлөлийн идэвхтэй бүсийн тоо илүү өргөн хүрээтэй болж, хоёроос дээш
магнитудын газар хөдлөлийг бүртгэж байна.
-Орхон аймагт сар гаруйхны өмнө болсон таваас дээш магнитудын газар
хөдлөл энгийн ард иргэдэд ч мэдэгдсэн гэх мөртлөө мэргэжлийн байгууллагад нь
түүнийг мэдэрч, бүртгэх тоног төхөөрөмж байдаггүй гэх юм?
-Бүх аймагт газар хөдлөлийн давтамж, хүчийг хэмжих
суурилагдсан станц бий. Гэхдээ тэдгээрийн зай хол байдаг. 200-250 км байгаа нь
хангалттай үзүүлэлт биш. Цаашдаа үүнийг ойртуулах, газар хөдлөлийн идэвхтэй бүс
рүүгээ дөхүүлэх, нягтруулах гээд олон зорилго, зорилт байна. Тухайн орон нутаг
дахь Цаг агаар, орчны шинжилгээний газарт ийм төхөөрөмж байдаггүй байж магадгүй.
Гэхдээ тухайн орон нутаг дахь газар хөдлөлийн аливаа илрэл бүхэн станц болон
бусад ажиглалтад ямагт байдаг гэж ойлгож болно.
-Манай нийслэл газар хөдлөлийн нэлээд идэвхтэй бүсэд хамаардаг юм
байна. Гэтэл 10 алхам хүрэхгүй зайд барьсан барилга байшин, сургууль соёлын
газар хэдэн зуугаараа байх юм. Тэдгээрийн газар хөдлөлийн хүчийг даах чадал,
бат бөх чанар нь ямар байдаг юм бол?
-Улаанбаатар хотын
газар хөдлөлийн даах чанарын судалгаа, мужлалыг 1960-1970-аад оны үед гаргасан
байдаг. Энэ ажлаас харахад 6-8 баллыг даах чадвартай барилгууд байж болно гээд
байшин, байгууламжуудаа босгосон байдаг. Үүнийг 2010 он хүртэл мөрдөж ирсэн.
Сүүлийн үеийн судалгаагаар Улаанбаатар хот орчимд зургаа орчим магнитудын
хүчтэй газар хөдлөлөөр үүссэн хагарал, цуурлын ул мөр байна гэж үзсэн. Түүнээс
харвал нийслэлд 6-7.5 магнитудын хүчтэй газар хөдлөл болох магадлал их байна.
Үүнд үндэслэсэн байшин барилгын норматив, дүгнэлтийг бид холбогдох
байгууллагуудад гаргаж өгсөн. Таны хэлсэнчлэн хот төлөвлөлтийн бодлого
алдагдаж, байшин барилгыг зах замбараагүй барьдаг болсон зэргээс үүдэж, сүүлийн
үед нэлээд арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай. 12-оос дээш давхар орон сууцны
барилга барихад хөрсний судалгааг зайлшгүй хийлгэх, мужлалын хүрээг заавал
тооцох гээд ажлын сайн эхлэл, шаардлага шалгуур тавьж байгаа нь зөв зүйтэй
асуудал гэж бодож байна. Эцсийн дүнд Улаанбаатар хот газар хөдлөлийн маш
идэвхтэй бүсэд оршдогийг л анхаарахгүй өнгөрч болохгүй.