Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн талаар академич С.БАТМӨНХТЭЙ ярилцлаа.
-Манай улсын эрчим хүчний нийт системийн хүчин чадал, хангамж нийлүүлэлт
ямар түвшинд байна гэж та үздэг вэ?
-Өнөөдөр айл өрхөд
цахилгаан эрчим хүч түгээж, гэрэл чийдэн нь асч, цахилгаан зуух нь ажиллаж
байвал болж байна гэж үздэг цаг өнгөрсөн. Тогтмол 220 Вт-ын, 50 Гц-ийн
давтамжтай цахилгаанаар хэрэглэгчээ тогтмол бүрэн хангаж гэмээнэ эрчим хүчний
салбар маш сайн ажиллаж байна гэж дүгнэж болох юм. Энэ өнцгөөс нь харвал эрчим
хүчний салбар 100 хувь сайн ажиллаж байна гэж үнэлж хараахан боломгүй байна.
Зөвхөн нийслэлийн захын гэр хороололд байгаа дамжуулах сүлжээний чадал дутмаг,
хүрэлцээ муу байх тохиолдол бий. Тиймээс дээр хэлсэн параметр бүхий эрчим
хүчийг хоногийн зарим үед бүрэн авдаг, зарим цагт дутуу хангагдаж байх
жишээтэй.
Ерөнхийд нь эрчим
хүчний системийн хэмжээнд яривал баруун талын аймгууд хойноос, зүүн талдаа
ганцхан эх үүсвэртэй, говийн бүсийнх бас л дутагдалтай учраас Хятадаас эрчим
хүч авч Оюутолгойг хангаж байна шүү дээ. Төвийн бүсэд ч эрчим хүчээр бүрэн
хангах чадлын суурилагдсан нөөц алга. Тиймээс нийт системийн хэмжээнд бүрэн
сайн гэж хэлэхэд учир дутагдалтай байна.
-Монгол Улсын эрчим хүчний системийг
100 настай гэж эрдэмтэн судлаачид тооцдог юм шиг байна билээ. Энэ талаар та
тодорхой мэдээлэл өгнө үү?
-Ардын хувьсгалаас
арай өмнөхөн 1920 онд Нийслэл хүрээнд Гэрлийн
хороо нэртэй багахан сүлжээ байгуулагдаж, дараа нь Налайхын уурхайг
цахилгаанаар хангаж байжээ. Үүнээс гадна Ерөөгийн зэрэг ганц нэг уурхайд гэрэл
чийдэн асаах төдий эх үүсвэртэй байж. Энэ бүхнээс тооцвол Монголын эрчим хүчний
салбарыг 100 настай гэж хэлж болох юм. Тухайн хугацааг нарийвчилж тооцвол хэдэн
ч үе болгон хувааж болох байх. Миний бодлоор үндсэн гурван үе шатанд хувааж
болно гэж боддог. Тодруулбал, саяын дээр ярьсан цаг үеэс 1930-аад оны сүүлч,
1940-өөд оны эхэн үеийг нэг шат болгож болохоор байна. Энэ үед I цахилгаан
станц бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орж, тухайн цагтаа чанарын өндөр
параметртэй цахилгаанаар хэрэглэгчдээ хангаж байжээ. Түүний дараа II цахилгаан
станцыг байгуулж, хоорондоо холбогдсоноор эрчим хүчний систем бий болсон байна.
Энэ нь автомат удирдлагын систем бүхий диспетчерийн ерөнхий хяналт, параметрээ
өөрөө зохицуулдаг, энд тэнд осол доголдол гарахад реле хамгаалалт нь ажилладаг
бүхэл бүтэн, цогц ажиллагаа юм. Дараа нь Шарын гол, Багануурын уурхайг олборлож
ашигласнаар эрчим хүчний бааз суурь бэхжиж явсаар 1986 онтой золгосон. Тухайн
үед томоохон судалгааны ажлыг хийж, 2000 он хүртэлх хөгжлийн ерөнхий схемийг
нийгэм, эдийн засгийг бүхэлд нь хамруулан ЗХУ (тухайн үеийн)-ын ШУА, Монголын
ШУА болон Эдийн засгийн хүрээлэн хамтран боловсруулсан юм. Үүний дотор эрчим
хүчний салбарын хөгжлийн талаар томоохон бүлэг багтаж байлаа. Ер нь 1970-аад
оны үеэс эрчим хүчний салбарыг хөгжлийн түүчээ, татах хүч гэж үзэж түрүүлж
хөгжүүлэх үзэл санаа дэвшүүлж байсан юм. Түүнийгээ Монгол Улсын нийгэм, эдийн
засгийг 2000 он хүртэл хөгжүүлэх схем (төлөвлөгөө)-д тодорхой зааж өгсөн
байдаг.
-Харамсалтай нь, 1990 оноос хойших
нийгмийн шилжилтийн үед таван жилийн төлөвлөгөөт зорилтууд нуран унасан байх.
Тийм үү?
-Түүний нэг нь
Багануурт барихаар төлөвлөж байсан 1380 МВт-ын хүчин чадалтай станц байлаа.
Станцын барилга байгууламж, зарим дэд бүтцийг бүтээн босгочихсон байсан маань
зогсонги байдалд орсон. Иймэрхүү байдал зөвхөн манай улсад бус хуучин социалист
системийн бүх орныг хамарсан, цаг үеийн шаардлагаар тавигдсан бодит үйл явц
байлаа. Тухайн үед эдгээр улс орныг бүхэлд нь багтаасан Эдийн засгийн харилцан
туслалцах зөвлөл (СЭВ) гэж том байгууллага байсан. Манай улс 1960 онд эгнээнд
нь багтсан тус зөвлөлийн орнуудаас материал техникийн хангамж, социалист
хөдөлмөрийн хуваарь хамааралтай байлаа. Тэдгээр оронд ийм нийгэм, эдийн засаг,
улс төрийн өөрчлөлт орохоор манайд бүх юм зогсонги байдалд царцсан. Нэгэнт аж
үйлдвэр ийм болчихоор үүнийг дагаад эрчим хүчний хэрэглээ багасаад
үйлдвэрлэлийн хэмжээ нам буурсан ч энэ салбар зогсоогүй ганц систем нь байх
шүү. 1994 онд эрчим хүчний салбарын хамгийн бага үйлдвэрлэлтэй он жил болсон
байдаг.
-Нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор
бүх л салбар уналтад орсон үе байсан болов уу. Үүнийг эрчим хүчний салбарынхан
хэрхэн даван туулсан юм бэ?
-Зах зээлийн эдийн
засгийн үед хэрхэн, ямар загвараар урагшлах вэ гэдэг асуудал тулгарсан. Манай
эрчим хүчний салбар хэрэглэгч, түлшний бааз сууриасаа их хамаардаг өвөрмөц
онцлогтой систем юм. Гэхдээ төр, засгаас уламжлалт аж ахуйдаа суурилсан янз
бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж, гадаадын донор орон, олон улсын байгууллагын
хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хүчинд эрчим хүчний салбарыг харьцангуй
богино хугацаанд хөл дээр нь босгосон гэж хэлж болно. Үүний үр дүнд 1997 онд
1980-аад оны дунд үед үйлдвэрлэж байсан эрчим хүчний хэмжээнд хүрч, 2007 оноос
арай тогтвортой болж ирсэн. Энэ байдалдаа тулгуурлан эрчим хүчний шинэ эх
үүсвэрийн талаар яригдаж байгаа ч хэрэглээ, хөрөнгө мөнгөнд хөтлөгдсөн хэвээр
байна. ЭХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар сүүлийн 10-аад жилийн
дотор 20 орчим цахилгаан, дулааны станцын талаар яригдаж, ТЭЗҮ-ийг нь
баталчихаад байж байгаа юм. Одоогоор манай улсын эрчим хүчний суурилагдсан
болон хэрэглээний чадал тэнцчихээд нөөц гээч юм алга. Тиймээс жил бүрийн эрчим
хүчнийхээ хэрэглээний 20 хувийг гаднаас авч байна. Ийм тохиолдолд бид ОХУ-аас
эрчим хүч авахаа больё гэж ярих нь дэмий хэрэг. Сүүлийн үед иймэрхүү яриа
гардаг болсон. Манай улсын эрчим хүчний системийн техник, тоног төхөөрөмж нь
найдвартай, аливаа осол аваарын үед хэрэглэх тогтмол нөөц хуримтлалтай болж
чадаагүй нөхцөлд ингэж ярьж болохгүй. Үүний оронд ямар ч тохиолдолд ОХУ-ын
Дорнод Сибирийн эрчим хүчний системтэй хамтарч, хоршиж ажиллах нь чухал. Гэхдээ
өөрийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилтоо орхиж бас болохгүй. Ийм нөөц боломж
бидэнд байгаа. Гэвч нөгөө л хөрөнгө санхүүжилт хангалттай биш байна. Одоо 100
МВт-ын аккумляторын станц байгуулах ТЭЗҮ-ийг хийж байгааг яамны Шинжлэх ухаан
техникийн зөвлөлөөр батлах гэж байна.
-Манай улсад усны эрчим хүчийг ашиглах
талаар багагүй ярьдаг ч нэг л ахиц муутай байна. Энэ ямар учир шалтгаантай
байдаг юм бэ?
-Уг нь усан цахилгаан станц байгуулбал эрчим хүчний салбарт их хувь нэмэр болно. Гэвч Эг, Шүрэнгийн УЦС-ыг байгуулах талаар олон жил ярьж, ТЭЗҮ-ийг нь хийгээд үе үеийн Засгийн газар хэдэн ч удаа шав тавив. Төслийн нэгж ч байгуулж байлаа. Сэлэнгэ мөрөн дээр УЦС байгуулах асуудалд Оросын тал таатай ханддаггүй юм. Учир нь, Сэлэнгэ маань Байгал нуурыг тэжээж байгаа гол эх үүсвэр. Гэтэл Байгал нуур нь дэлхийн усны хамгийн том нөөц учраас олон улсын хараа хяналт, хамгаалалтад байдаг учраас асуудалтай юм билээ.