Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Оливер Корфф: Монгол хэл судлах нь миний зураг төөрөг
Оливер Корфф: Монгол хэл судлах нь миний зураг төөрөг

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан” одон гардуулах ёслол өнөөдөр ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт боллоо. Уг одонг Германы монголч эрдэмтэн Оливер Корфф хүртсэн юм.

Тэрбээр монгол судлалд өөрийн эрдэм мэдлэг, амьдрал үйлсээ зориулан зүтгэж байгаа эрдэмтэн. Компьютерийг монгол хэл шинжлэлийн судалгаанд нэвтрүүлж, “Таван хэлний толь”-ийг зохиосон 6 орны эрдэмтдийн багийг ахлан уг толийг хоёр боть, таван хэлний индекстэйгээр 2014 онд хэвлүүлсэн байна. Уг толийн онцлог нь уламжлалт толийг хуулахгүйгээр “Таван хэлний толь”-ийн хувилбаруудыг хооронд нь харьцуулж, “Гучин зургаат тайлбар” тольтой тулган жигдэлж герман хэлээр тайлбар хийсэн аж. Энэ бүтээл гарснаар дорнын уламжлалт зүйл хуваасан толийг орчин үеийн хэрэглээнд оруулж, монгол, төвд, манж, хятад, түрэг хэлний үгсийг харьцуулан жигдэлж тайлбарыг герман хэлээр хийсэн нь дэлхий дахинд ашиглах боломжийг бүрдүүлжээ.

Оливер Корффт одон гардуулах ёслолд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, тус академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд, манай улсад суугаа ХБНГУ-ын элчин сайдын яамны төлөөлөл зэрэг албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин “Монголч эрдэмтэн Оливер Корфф монголын шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулж буй цөөн эрдэмтний нэг. Түүний монгол судлалыг дэлхийд таниулах, сурталчлах, шинжлэх ухааныг  хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж, өнөөдөр түүнд ШУА-ийн дээд шагнал “Хувилай хаан” одонг гардуулж байна. Оливер Корффын зохиосон “Таван хэлний толь” ном нь 20 гаруй мянган үгтэй, сайхан бүтээл болсон” хэмээн хэлэв.

Түүнчлэн, ШУА-ийн  Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд “Герман-Монголын хэл зохиолын харилцаа эртний түүхтэй. Оливер Корффыг бид зөвхөн монгол судлаач гэдэг өнцгөөс харж байна. Гэвч энэ хүн монгол хэлийг судлахаас монголын Алтай судлалын нөлөө бүхий гишүүний нэг юм” гэж хэлээд боть номын дээж бүтээл түүнд өргөн барьсан юм. Харин германы элчин сайдын яамнаас ирсэн төлөөлөл доктор, монгол судлаач К.Р.Биттигау “Доктор Оливер Корффын “Таван хэлний толь” ном маш том бүтээл болсон. Энэ бүтээлийг манай яамнаас өндрөөр үнэлж байгаа. Оливер Корфф монгол, хятад, манж, түвд, түрэг хэлийг төгс эзэмшсэн хүн юм. Түүний цаашдын бүх ажилд амжилт хүсье” гэсэн юм.

Ёслолын арга хэмжээний дараа Монголч эрдэмтэн Оливер Корффтой цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө танд баяр хүргье. Та монгол хэлийг хэд дэх жилдээ судлаж байна вэ?

-Баярлалаа. Би 1980-аад оноос монгол хэлийг сонирхон судлаж, эхэлсэн. Тэгээд 1991 онд Монголд анх удаа ирж, МУИС-ийн Монгол судлалын сургуульд суралцсан. Харин 1992 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд орсон. Одоо 25 дахь жилдээ танай улсын хэл, соёлыг судлаж байна.

- Анх хэрхэн монгол хэлийг сонирхон судлахаар болсон бэ?

-Их сонирхолтой асуулт байна. Би хамгийн анх хятад хэлийг судалдаг байлаа. Тэр үед хятад хэлээр дээрх нэг номонд монголын соёл, өв уламжлалын тухай бичсэн байхыг олж уншсан. Энэ үеэс монголын түүх, соёл миний сонирхлыг маш их татсан. Ер нь бол хятад хэл намайг Монголтой холбосон гэхэд болно. Монгол хэл судалж байгаагаа миний хувь тавилан, зураг төөрөг гэж би боддог.

-Та өнөөдөр Монголын ШУА-ийн дээд шагнал хүртлээ. Цаашид монгол судлалаар ямар ажил хийх вэ?

-Надад монголын хэл шинжлэлтэй холбоотой хэд хэдэн бодсон ажил бий. Тухайлбал, монголын хууль эрх зүй доторх үгэнд шинжилгээ судалгаа, шинэчлэл хийх бодол байна. Харин одоо нэг чухал ажил хийж байгаа. Монголоос 500-аад жилийн өмнө гарсан олон хэлний толь бичгийг судалж байна. Энэ номонд Монгол-Хятад, Монгол-Манж гэх мэтээр орсон байгаа.

-Танд монголын түүхт, өв соёлоос юу хамгийн их таалагддаг вэ?

-Би монголын үндэсний хөгжимд их дуртай. Сонирхоод ганц хоёр удаа морин хуур тоглож үзсэн. Цаашид сурна гэсэн бодолтой байгаа.


 



Бусад мэдээлэл