Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.АМАРСАЙХАН: БАГА ЧУУЛГАН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ ГАРГАЖ ТӨР ЗАСГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХҮРГЭДЭГ
Д.АМАРСАЙХАН: БАГА ЧУУЛГАН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ ГАРГАЖ ТӨР ЗАСГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХҮРГЭДЭГ

ШУА-ийн Геологи-газарзүйн салбарын Бага чуулган, түүний хүрээнд өнгөрсөн онд хийгдсэн ажлуудын талаар тус Бага чуулганы дарга, академич Д.Амарсайхан болон эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Удвалцэцэг нартай ярилцлаа.

Юуны өмнө танай Бага чуулганы бүтэц, бүрэлдэхүүний талаарх асуултаар ярилцлагаа эхэлье?

Г.Удвалцэцэг: 1996 онд батлагдсан Монгол улсын ШУА-ийн Эрх зүйн байдлын тухай хуулиар Академи  шинжлэх ухааны салбараар Бага чуулгантай байхыг хуульчилсаны дагуу ШУА нь 5 салбарын Бага чуулгантай. Геологи-газарзүйн Бага чуулган нь тэдгээрийн нэг бөгөөд манай Бага чуулганд ШУА-ийн дэлхий судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийдэг салбар хүрээлэнгүүд, Цаг уур орчны шинжилгээний газрын харьяа Ус, цаг уур орчны хүрээлэн, Цэнгэг ус, экосистемийн судалгааны хүрээлэн, МУИС, ШУТИС, ЭкоАЗИ дээд сургууль, УУЯам, БОНХЯам, Нийслэл хот зэрэг олон байгууллагыг төлөөлсөн нийт 23 гишүүн байдаг. Өөрөөр хэлбэл бүрэлдэхүүнд нь  16 мэргэжлийн чиглэл бүхий төрийн байгууллагаас 4, Их дээд сургуулиас 3, салбарын эрдэм шинжилгээний байгууллагаас 1, хувийн хэвшлийн 1, ШУА-ийн 14 төлөөлөлтэй болж,  нийт гишүүдийн 40 хувийг гадны байгууллагын төлөөлөл эзэлж  байна.

Танай Бага чуулган ямар чиг, үүрэгтэй юм бэ?

Д.Амарсайхан: Манай Бага чуулган нь гео-судлалын чиглэлээр хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажлын явц, үр дүнг шүүн хэлэлцэх; дууссан эрдэм шинжилгээний төслийн тайланг хэлэлцэн үнэлгээ, дүгнэлт гаргах; Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшүүлэх;  тухайн салбарын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргах, шинжлэх ухааны хэвлэл, бүтээл, ном, эрдэм шинжилгээний материалыг шүүн хэлэлцэж дүгнэлт гаргах; эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх талаар санал дэвшүүлэх зэрэг олон үүрэгтэй. Бага чуулганы нэг онцлог нь Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас нэр дэвшиж ирсэн салбарын тэргүүлэх эрдэмтдээс академичид нэр дэвшүүлэх гол үүрэгтэй. ШУА-ийн гишүүнд эрдэм шинжилгээний ажил идэвхитэй гүйцэтгэж буй шинжлэх ухааны докторын зэрэгтэй бүх хүн, түүнчлэн өөрийгөө эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвисан хэмээн үзэж байгаа, 45 хүртэлх насны доктор (Ph.D) хүмүүс квотоор нэрээ дэвшүүлж болох бөгөөд үүний тулд, юуны түрүүн салбарын Бага чуулганаас олонхийн санал авч нэр дэвших эрхийг олж авдаг. Бага чуулган баталсан дүрмийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж, үйл ажиллагаандаа ШУА-ийн тамга, тэмдгийг ашигладаг байнгын ажиллагаатай байгууллага юм. Бага чуулганы дүрмийн дагуу “Бага чуулганы сонгогдсон бүрэлдэхүүнийг 2 жил тутам  30 хүртэл хувь шинэчилнэ” гэсэн заалтыг үндэслэн 2 жил тутамд нөхөн сонгууль явуулж, бүрэлдэхүүнээ шинэчилж байдаг.  Энэ нь Бага чуулган нээлттэй, ил тод байгаагийн нэг тод илрэл юм.  Өнгөрсөн нөхөн сонгуулиар манай Бага чуулганд 6 мэргэжлийн чиглэлд нийт 9 доктор өрсөлдөж олонхийн санал авсан 6 хүн шинээр гишүүн  болсон. Бага чуулган дүрмийн дагуу салбарын тодорхой асуудлаар өргөтгөсөн хуралдаан болон ажлын хэсгийг байгуулж, мэргэжлийн холбогдолтой зөвлөмжүүдийг гаргаж, Төр засгийн байгууллагуудад хүргэдэг.

Бага чуулган нь Их чуулгантайгаа хэрхэн уялдаж ажилладаг юм бэ?

Д.Амарсайхан: ШУА-ийн удирдах дээд байгууллага нь академийн бүх гишүүдийн Их чуулган тул энэ 2 чуулган нягт хамтарч ажилладаг. Бага чуулган нь Академийн Их чуулганд ямарваа нэгэн асуудлыг хэлэлцүүлэхээр оруулахаас гадна, тус чуулганы гишүүд нь Академийн Их чуулганд зөвлөх эрхтэй оролцож болно. Монгол улсын ШУА анх байгуулагдсан 1961 оноос хойшхи 50 гаруй жилийн хугацаанд 123 хүн л ШУА-ийн гишүүн буюу “академич” хэргэмийг хүртсэн байдаг бөгөөд одоо 61 гишүүн энх тунх ажлаа хийгээд явж байна. Өөрөөр хэлбэл, энэ гишүүд л Бага чуулганы Их чуулганд дэвшүүлсэн аливаа асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргадаг гэж ойлгож болно.

Ер нь Геологи-газарзүйн Бага чуулганы харьяа байгууллагуудад хэдэн эрдэмтэн, судлаач ажилладаг юм бэ?

Г.Удвалцэцэг: Манай Бага чуулганы харьяа байгууллагуудад 5 академич, 10 шинжлэх ухааны доктор,  60 гаруй доктор, 119 магистр, 60 гаруй бакалаврын зэрэгтэй нийт  300 гаруй эрдэмтэн судлаачид ажилладаг. Салбарын хүрээлэн болон төвүүд боловсон хүчнийхээ чадавхийг бэхжүүлэхэд анхаарч ирсний дүнд 2014 онд 1 судлаач гадаадад, 2 судлаач дотоодод докторын зэргийг амжилттай хамгаалсан бөгөөд одоо 20 судлаач гадаадад, 10 судлаач дотоодын докторантурт суралцаж байна. Мөн магистрын зэргийг 5 хүн гадаадад, 9 хүн дотоодод хамгаалж, одоогийн байдлаар 36 хүн гадаад, дотоодын магистрантурт сурч байгаагаас харахад салбарын боловсон хүчний чадавхийн асуудал  зохих түвшинд шийдвэрлэгдэж байна. Өнөөдөр манай салбарын судлаачдын дундаж насжилт 40 байгаа бөгөөд Газарзүй, Геоэкологи зэрэг томоохон хүрээлэнгийн судлаачдын 70-80 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлж байна.

Танайх гео-судлалын чиглэлээр олон төрлийн судалгааны ажил хийдэг, их том салбар юм байна, та салбарынхаа сүүлийн үеийн гол үр дүнгүүдийн талаар ярина уу?

Г.Удвалцэцэг: Манай салбарын эрдэмтэн судлаачид Засгийн газрын  Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тухай 173 дугаар тогтоолоор батлагдсан “Байгалийн нөөцийг хамгаалах, ашиглах” тэргүүлэх чиглэлийн хүрээнд байгаль орчны бохирдол, газрын доройтлыг бууруулж, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилтийг сааруулах, дасан зохицох, усны нөөцийг хамгаалах, ашиглах цөм технологийг  хөгжүүлэх зорилго бүхий суурь судалгааны 17 сэдэвт ажил, шинжлэх ухаан технологийн 7  төслийн ажлыг 2014 онд  хэрэгжүүлж, 111 газрын зураг зохион, 26 зөвлөмжийг боловсруулж, Төрийн яамд болон бусад холбогдох газруудад хүргүүлээд байна.

Геоэкологийн салбарын эрдэмтэн судлаачид БОНХЯамны Байгаль орчны мэдээллийн төвтэй хамтран 2014 онд Монгол орны Цөлжилтийн атласыг  англи хэл дээр орчуулан хэвлүүлж, олны хүртээл болгов. Уг бүтээлийг Дэлхийн цөлжилттэй тэмцэх олон улсын өдөрт зориулж АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкнаас зохион байгуулсан “Хөрсний элэгдлийг тэглэе” сэдэвт хуралд, мөн НҮБ-ын Нью-Йорк дахь албанд “Монгол орны цөлжилтийн төлөв байдал, бодлого, арга хэмжээ” сэдэвт хуралд тус тус хэлэлцүүлсэн нь олон улсын зүгээс өндөр үнэлгээ авлаа.

Газарзүйчид “Үндэсний байгаль, соёлын өв газар нутгийг тодорхойлох” ажлыг гүйцэтгэж дуусаад байна. Энэхүү ажил нь 2013 оны 5-р сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Хангай, Хэнтийн нурууд, Хөвсгөл нуур орчмын бүс нутгийг улсын нөөцөд авч байгалийн нөөцийн парк байгуулах эрхзүйн орчныг бүрдүүлэхийг УИХ-д, Үндэсний парк байгуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт зөвлөмж болгосон”, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 226.1-д “Нүүдлийн соёл иргэншлийн өлгий нутаг, зарим ТХГН-ийг Дэлхийн байгаль соёлын өвд хамруулах талаар судалж, саналыг боловсруулж ЮНЕСКО-д тавина” гэж тус тус заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОНХЯ-ны захиалгаар хийгдсэн юм.

Геологичид Ононгийн бүсэд хамаарах Их цахир, Адаацаг, Эрдэнийн дүүргийн  хэмжээнд тархсан офиолит эвшил, неопротерозой, протерозойн настай хувирмал бүрдэл, вулканоген болон маагмын чулуулгуудын бодисын найрлага, гарал үүслийн асуудлуудыг тодруулсанаас гадна, Хэрлэнгийн бүсийн геологийн 1:200.000,  Адаацагийн районы геологийн 1:100.000 хэмжээстэй зургуудыг орчин үеийн арга зүй ашиглан зохиож, Хэрлэн, Ононгийн бүсүүдийн дагуух стрүктүрүүдийн геодинамикийн хөгжлийн загварыг шинэчилэн боловсрууллаа.

Палеонтологичид 2009 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Бүгийн хоолой орчмоос нэгэн аварга үлэг гүрвэлийн хэлхээ ясыг хэн нэгэн этгээд буруу аргаар ухаж авах гээд газар дээр нь эвдсэн үүр  уурхайг олж, илрүүлэн малтлагыг хийж, эвдэж орхисон ясыг нь нэг бүрчлэн цуглуулж, БНСУ-ын палеонтологийн лабораторид сэргээн засварлаж, харьцуулах судалгааг хамтран хийсний дүнд энэ нь Дейнохейрын хэлхээ яс болохыг тогтоожээ. Ингэснээр, энэ салбарт учир битүүлэг байсан олон зүйлс тайлагдаж, уг ажил нь эртний шим ертөнцийн  судлалд  сүүлийн  50-иад жилд хийгдсэн хамгийн  томоохон  нээлтийн нэгд зүй ёсоор орсон.  Уг судалгааны үр дүнг академич Р.Барсболд тэргүүтэй манай судлаачид 2014 онд дэлхийн шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлүүдийн ноён оргил хэмээн нэрлэгддэг "NATURE" сэтгүүлд хэвлүүлсэн нь чухамдаа Монголын шинжлэх ухааны ололт, амжилтыг дэлхий дахинд сурталчилсан чухал үйл явдал болсон юм.

Эрдэс боловсруулалтын технологийн салбарын судлаачид “Утаа багатай шахмал түлш үйлдвэрлэх замаар Улаанбаатар хотын утааг багасгах боломжтой” гэсэн асуудал дэвшүүлсэн санал гаргаж, Ухаа худгийн нүүрс баяжуулах үйлдвэрийн угаасан нүүрсний хаягдлын нөөцийг тогтоож, чанарын үнэлгээ хийсний үндсэн дээр уг хаягдлаар шахмал түлш үйлдвэрлэх технологи боловсруулаад байна. Чанарын үнэлгээгээр энэхүү хаягдал гэж нэрлэгдэх 2 дахь түүхий эд – үүсмэл орд нь  жилдээ 4 сая тонн хэмжээнд хүрэх нөөцтэй ба чанарын хувьд Алаг тогоо, Багануур, Налайх, Шарын гол, Шивээ-Овоогийн одоогийн олборлож байгаа нүүрснээс илүү сайн чанартай, үнэ өртөг багатай болохоос гадна үйлдвэрлэсэн шахмал түлшийг айл өрхийн ердийн ба бүрэн шаталттай зууханд түлж, туршихад МУ-ын шахмал түлшний стандартын бүх үзүүлэлтийг хангасан болохыг тогтоосон байна. Мөн шахмал түлшийг шатаахад гарах хорт утаанд шинжилгээ хийж, ердийн нүүрсний утаатай харьцуулахад яндангаар хаягдах хатуу тоосонцорын хэмжээ 27,7 дахин бага, угаарын хий  4 дахин бага гарч энэхүү түлш нь утаа багатай түлш болохыг тогтоолоо.

Эрдмийн ажлын салшгүй нэгэн хэсэг боловсрол байдаг. Танай Бага чуулган их, дээд сургуулиудтай хамтран ажилладаг уу?

Д.Амарсайхан: Их дээд сургуультай хамтын ажиллагааг бүхий л шатанд өргөжүүлэн, хөгжүүлэх зорилгын үүднээс хүрээлэн төвүүдийн лабораторийн бааз, эрдэмтэн судлаачдын оюуны чадамжийг их сургуулийн эрдмийн зэргийн сургалтад чиглүүлэх, ашиглах бодлогын баримт бичгийг боловсруулж, энэ баримт бичигтэй уялдуулан ШУА-ийн хүрээлэн төвүүдэд докторын зэргийн сургалт судалгааг зохион байгуулах талаар санал, “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” төслийн саналын хамт БШУЯаманд гаргаж өгсөн. “Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд их, дээд сургуулиудтай хамтран ажиллах чиглэлээр уулзалт, ярилцлагыг өнгөрсөн онд зохион байгуулж, МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС-ийн геологи, газарзүй, экологийн чиглэлийн сургалт явуулдаг багш, профессорууд оролцож, цаашид хамтран ажиллах санал бодлоо солилцов. Одоо  манай салбарын 43 эрдэмтэн МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, УБИС, Газарчин дээд сургууль, Эко-Ази дээд сургуульд докторын болон магистрын нарийн мэргэжлийн хичээлүүдийг зааж, дипломын ажлыг нь удирдаж байгаа ба үүнийг  улам өргөжүүлэхээр боллоо. Мөн ерөнхий боловсролын сургуульд ашиглах газарзүйн мэдээллийн системийн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад туслан, зөвлөмж боловсруулж өгсөн.

Шинжлэх ухааныг сурталчлах талаар ямар ажлуудыг хийв?

Д.Амарсайхан: Манай эрдэмтэд 2014 онд ном, нэгэн сэдэвт зохиол 13, эрдэм шинжилгээний өгүүлэл гадаадад 100, дотоодод 160 гаруйг хэвлэн нийтлүүлсэн нь манай улсын шинжлэх ухааны хөгжил, монгол хүний оюуны чадавхийг олон улсад харуулсан чухал үзүүлэлт боллоо. Мөн “Монголын гайхамшигт үлэг гүрвэлүүд” үзэсгэлэнг Японы Нагоя, Кумамото хотуудад гаргаж эх орноо сурталчилснаас гадна, “Өмнөговь аймгаас олдсон палеонтологийн олдворууд”, “мезозойн болон палеозойн амьтан, ургамал”, “үлэг гүрвэлийн өндөг”, “хөхтөн амьтны судалгаа” сэдвээр бэсрэг үзэсгэлэн гаргаж сурталчилсан. Газарзүйчид Герман улстай хамтарсан судалгаа явуулсны 20 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан Улаанбаатар дахь ХБНГУ-ын элчин сайдын яамтай хамтран “Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон 40 жилд Гео-шинжлэх ухааны салбар дахь 20 жилийн хамтын ажиллагаа”  үзэсгэлэнг ХБНГУ-ын элчин сайдын яаман дээр зохион байгууллаа. Палеонтологичид Монголд палеонтологийн салбар үүсэн хөгжсөн түүхэн ойд зориулан "Цаг хугацаагаар аялсан нь" баримтат кино бүтээж,  "Монголоос олдсон үлэг гүрвэл" зурагт нэвтэрхий толь - гэрэл зургийн цомгийг бэлтгэн тайлбар танилцуулгыг монгол, англи хэл дээр хэвлүүлсэн нь БШУЯ-ны 2014 оны "Шилдэг бүтээл"-ээр шалгарсан байна.

Танай Бага чуулган мэргэжлийн холбогдолтой зөвлөмж гаргадаг гэсэн. Ямар зөвлөмжүүдийг гаргав?

Г.Удвалцэцэг: Бага чуулганы гишүүд өөрсдийн мэргэжлийн чиглэлийн дагуу Байгаль орчны багц хууль, Соёлын өвийг хамгаалах хууль, Цөмийн энергийн тухай болон Газрын хэвлийн тухай хуулиудыг боловсруулах, ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахад биечлэн оролцсоноос гадна  “Стратегийн ач холбогдолтой орд газруудыг ашиглахтай холбогдуулан шинээр баригдах төмөр замын сүлжээ”, “Ус” хөтөлбөрийн тухай  салбарын эрдэмтдийн санал, бодлыг тусгасан зөвлөмжийг  Их хурлын Тамгын газарт гаргаж өглөө.

Их дээд сургуультай хамтын ажиллагааг бүхий л шатанд өргөжүүлэн, хөгжүүлэх зорилгын үүднээс хүрээлэн төвүүдийн лабораторийн бааз, эрдэмтэн судлаачдын оюуны чадамжийг их сургуулийн эрдмийн зэргийн сургалтад чиглүүлэх, ашиглах бодлогын баримт бичгийг боловсруулж, энэ баримт бичигтэй уялдуулан ШУА-ийн хүрээлэн төвүүдэд докторын зэргийн сургалт судалгааг зохион байгуулах талаар санал, “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” төслийн саналын хамт  БСШУЯаманд гаргаж өгөв. Мөн  Ерөнхий боловсролын сургуулийн сургалтанд мөрдөж байгаа Байгаль шинжлэл,  амьгүй байгалийн сурах бичгүүдэд дүгнэлт гарган, зөвлөмж боловсруулж, тус Яаманд хүргүүлсэн.

Түүнчлэн өөрсдийн судалгаа, шинжилгээний үр дүнд тулгуурлан  Улаанбаатар хотын хөрс, усны бохирдлын өнөөгийн төлөв байдалд үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмжийн хамт  Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд  гаргаж өгөв. Мөн  “Туул голын сав газрыг экологийн доройтлоос хамгаалах, нийслэлийн  усан  хангамжийг шийдвэрлэх арга зам” зэрэг томоохон санал, зөвлөмжийг боловсруулж, холбогдох газруудад хүргүүллээ.


 


 



Бусад мэдээлэл