Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол хэл бичиг судлалын толь, "Монголын нууц товчоон"-ы нэгэн хөтөч Э.Пүрэвжав
Монгол хэл бичиг судлалын толь, "Монголын нууц товчоон"-ы нэгэн хөтөч Э.Пүрэвжав

Монгол Улсад 1921 оны намар Ерөнхий сайд Д.Бодоо, Дотоод яамны сайд Т.Пунцагдорж, Х.Чойбалсан, С.Жамьян, Н.Магсаржав нар санаачлан, Ардын засгийн газрын тогтоолоор Судар бичгийн хүрээлэн байгуулагдсанаар Монгол Улсад шинэ үеийн шинжлэх ухааны төв байгууллага анхлан бий болсон түүхтэй. Анхны даргаар Д.Сүхбаатар жанжны номын багш С.Жамьян гүн томилогдон ажиллаж байв. Хожим нь Монгол Улсын Шинжлэх ухааны хүрээлэн, Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр 1961 онд Шинжлэх Ухааны Академи болсон билээ. Түүхт 100 жилийн ойг тохиолдуулж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Э.Пүрэвжавыг “Амьдралын тойрог” булангийн зочноор урилаа.

Академич Д.Цэрэнсодном, Доктор Д.Наранцэцэг, Б.Баяртуяа, Э.Пүрэвжав  (2021). 

“НЭГДЛИЙН САЙН ҮХЭРЧИН БОЛООРОЙ” ГЭСЭН ЕРӨӨЛӨӨР ҮДҮҮЛЖ, ШУА-ИЙН БОСГООР АЛХСАН ҮХЭР ЖИЛТЭЙ ЭРДЭМТЭН

Бид зочинтойгоо холбогдохоор утасны дугаарыг нь олж авахад сүүлийн дөрвөн орон нь 11-19 гэсэн байв. 1921 оны арваннэгдүгээрсарын 19-ний өдөр бол Судар бичгийн хүрээлэнг байгуулах Ардын Засгийн газрын тогтоол гарсан түүхт өдөр юм. Манай нийтлэлийн баатар алс баруун хязгаарын хүн. Ховд аймгийн Манхан сумын Гурван цэнхэрийн агуй хэмээх алдарт агуйн хажуухан талын бууцанд 1961 оны намар орой эхээс мэндэлсэн нь Монгол Улс НҮБ-ын албан ёсны гишүүн болсны  өмнөх өдөр болохыг бид уулзах зочноо урьдчилан судлах явцад намтраас нь олж мэдээд “Сонин л давхцал байна, уулзаад заавал асуух юм шүү” гэлцэж байлаа. Мөн тэрбээр “Монголын нууц товчоон” судлалын нэртэй төлөөлөгчдийн нэг болохыг судалгааны бүтээлүүд нь монголчууддаа төдийгүй дэлхийд таниулжээ.  Хэл зохиолын хүрээлэнгийн цахим хуудаст түүний тухай“...Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Э.Пүрэвжав, 1993 онд “Хэл ярианы соёлын зарим асуудал” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалж, Монгол хэл бичиг судлалд, өөрийн гэсэн судалгааны шанг татсанаас хойш Монгол хэл бичгийн шинжлэх ухаан, “Монголын нууц товчоон” судлал, Монгол судлалын чиглэлээр судалгааны ганц сэдэвт бүтээл, эх хэрэглэгдэхүүн, дээж бичиг, хамтын бүтээл, толь бичиг, эмхэтгэл, гарын авлага олныг гаргажээ.Доктор Э.Пүрэвжавын тэдгээр олон бүтээлээс, судлаачийн өөрийнх нь санаачилга, тиймээс судлаач зөвхөн өөрөө эрхлэн гаргадаг, доктор Э.Пүрэвжавын нэрийн хуудас болсон “Монгол хэл бичгийн судлал” цуврал нь онцлог билээ. Анх 1997 онд эхлэн нийтэлснээс хойш өдгөө хүртэл тасралтгүй үргэжилсээр байна” хэмээн дурдаад, тус хүрээлэнгээс төрсөн 14 дэх гавьяат” хэмээн тэмдэглэжээ.

Ийнхүү манай сурвалжлах баг цаг товлон Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнг зорьж Э.Пүрэвжав доктортой уулзсан юм. Өнөөх онцлог сонин тохиолуудын талаар асуухад тэрбээр “Хүүхэд байх үе, бага залуу насанд анзаарч байгаагүй. Бодож ч байгаагүй. Сүүлд төгсөх курсийн оюутан болж судалгааны ажил руу орох үедээ түүх сурвалж судлах явцад он дарааллын товчооныг харж, төрсөн  он, өдөр гээд тохиолыг харж байсан. Би ийм тийм гэж бас ярьж байсангүй. Би хөдөөний хүн шүү дээ. Манайх үхэр олонтой, үхэрчин айл байлаа. Сумын сургуулийн дотуур байранд амьдарч, зуны амралтаар өвөө эмээ, аав ээждээ тусалж тугал, бяруугаа хариулж өссөн хүүхэд. Тэр үед манай суманд тэр үед   нэгдлийн дарга, Хөдөлмөрийн баатар Борондонгийн Лувсан гэж сум орон нутагтаа төдийгүй улсдаа ажил үйлсээрээ түүчээлэн алдаршсан хүн байсан юм.  Зургадугаар ангид байхдаа тэр хүний гараас “Үхэрчин хүү Пүрэвээд” гэсэн баярын бичиг гардаж авсан минь одоо ч бий. Түүн дээр “Зуны амралтаараа аав, ээж, нутгийн олондоо тусалж байгаа тугалчин хүү. Хичээл номдоо шамдаж сайн сураарай, ирээдүйд нэгдлийн сайн үхэрчин болоорой” гээд биччихсэн байдаг. Бас үнэ бүхий зүйл гэдэгт нь гурван төгрөг дагалдуулсан байгаа юм гээд “Би үхэр жилтэй, тэгээд нэгдлийн сайн үхэрчин болоорой гэсэн нь бас сонин тохиолдол байна уу” хэмээснээр бид ярилцлагаа эхэлсэн юм. Хүүхэд байсан учраас тэрхүү баярын бичгийг аав, ээждээ илүү сайн туслаарай гэж байна хэмээн ойлгож явжээ. Гэвч хувь тавилангийн тохиол түүнийг Улаанбаатар хот руу хөтөлж, өнөөх баярын бичиг гардсан жилийн намар буюу долдугаар ангид орохдоо Нийслэлд хөл тавьжээ. Өнөөгийн Солонгосын Элчин сайдын яам байгаа орчим байх 16 дугаар дунд сургуульд орсон нь хотынх атал хөдөөгийнхөөс ч тааруухан маш хуучин ахуй орчин угтжээ. Юу гэвэл сургууль нь “Сүхбаатар” кинонд гардагтай адил ханан пийшинд галлана, хүүхдүүд өглөө хичээлдээ ирэхдээ модоо хагалж, хоёр хоёроор жижүүрлэн галч хийж, завсарлагаа болгоноор галдаа хэд гурван мод нэмнэ. Хаа байсан Чингэлтэйгээс хичээлдээ явна. Хотын төвийн сургууль орон тоотой атал захын сургуулиуд хүүхэд олонтой чихэлдэж сууна. Ийнхүү тэрбээр 1978 онд наймдугаар ангиа дүүргэж, 1980 онд45 дугаар сургуулийн анхны аравдугаар ангийг төгсөж МУИС-ийн Монгол хэл, утга зохиолын ангид таван жил сурчээ. Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан байсан тул 1985 онд төгсөхөд  нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн рүү шууд томилжээ. Ийнхүү ШУА-ийн өндөр босгоор анх алхан орсон цагаас өнөө хүртэл тэрбээр Хэлний хүрээлэндээ 36 хавар, намрыг угтаж үдэж, 36 дахь өвөлтэйгээ золгож, өдгөө 100 жилийн ойн түүхийн хуудсыг хамт бичилцэж байгаа ажээ.

Японы нэрт монголч эрдэмтэн Озава Шигэо, Э.Пүрэвжав (Токио, 2014).

ХЭЛ БИЧГИЙН НОЁН ОРГИЛУУДЫН “ТАШУУР” ДОР ХАТУУЖСАН ОН ЖИЛҮҮД

Э.Пүрэвжав доктор оюутан ахуй цагаасаа Монголын хэл бичгийн ухааны ноён оргилуудаас номын дуу сонсож, заримаас нь эчнээ суралцаж иржээ. Тухайн үед агуу Ш.Лувсанвандан гуайн бие чилээрхүү тул их төлөв гэртээ байх болсон ч хааяа их сургуульд дээгүүр ирэх үед нь барааг харах гэж оюутнууд уралддаг байжээ. Харин Ц.Дамдинсүрэн гуай оюутнуудад лекц уншиж, Лувсанжав багш хичээл зааж байв. Нэг багш 90 минут хичээл ордог тул энэ хугацаанд тэрбээр өөрийн хэрхэн зохиолч болсон, эрдэм судлалын ажлыг хэрхэн эхлүүлсэн тухай  ярьж өгнө.  Өөрөө байнга хичээл орохоор оюутнууд уйдах, залхах, сонирхолгүй болохыг урьдчилж мэдэрсэн байх нь бүр ч гайхамшигтай. Лекцээ уншиж, хичээлээ заагаад гурав дахь юм уу, дөрөв дэх удаагийн хичээл дээр эрдэмтэн зохиолч Э.Оюун, Ш.Гаадамба, Ц.Дамдинсүрэн нарыг урьж авчирна. Тэд хүн болох ухаанаас өгсүүлээд эрдэм судлалын ажлууд, зохиолчийн хөдөлмөр гээд баялаг сэдвээр оюутнуудтай харилцан ярилцана. Түүнчлэн Монгол Улсын гавьяат багш Ж.Баянсан, Т.Дашцэдэн, С.Мөөмөө нарын агуу багш нар хичээл заана. Оюутнуудыг ном сургах гэж л чамгүй зовооно. Зовоогоогүй бол юу ч сурахгүй байсан байх, судлаач болохгүй байсан биз хэмээн манай нийтлэлийн баатар дурсаж байна. Учир нь багш нар нь тэр үед  “Долоо хоногт 10 өгүүлэл уншиж ир”  хэмээн даалгадаг байжээ. Өнөөдөр тийм даалгавар өгөхөд бас л хүнд санагдана. Тэгвэл тухайн үеийн оюутнууд яаж ийгээд олж уншаад, товчилж бичээд очно. Их сургуулийн хэл зохиолын анги маань тэр үед А, Б гэсэн хоёр бүлэгтэй, 64 оюутантай, таван жилээр бэлтгэгдэж байв. Тэдний ангиас  Хүмүүнлэгийн их сургуулийн профессор Ц.Пүрэвсүрэн, орчин үеийн утга зохиолоор судалгаа  хийсэн доктор Ч.Туяасайхан, манж судлалаар ажиллаж ирсэн М.Баярсайхан, ШУТИС-ийн доктор Даваажав, доктор Байгалмаа нарын долоон доктор төржээ. Нэг ангиас долоон хүн доктор хамгаална гэдэг ховорхон тохиол юм.

Одоогийн залуус сонирхсон зүйлээ багшаас шууд л асууна. Тэгвэл тэр үеийн оюутнууд багшаас юм асуухаас зүрхшээнэ, айна. Багш өөрөө л юм хэлэхгүй бол их төлөв чимээгүй байцгаана. Тэр нь хүний эрх талаас эрхгүй байгаа юм биш, ахмад хүнийг хүндэтгэх, тэр дотроос багшийг хүндлэх сэтгэл нь тийм байж. Э.Пүрэвжав докторыг МУИС-ийн оюутны ширээний араас ШУА-ийн босгоор алхахад Хэл зохиолын хүрээлэнгийн захирал нь А.Лувсандэндэв гэж Монголын шинжлэх ухааны өндөр уулсын нэг болсон буурал академич байв. Бас хатуу ч хүн байж. Өнөөгийн эрдэмтэн, судлаачид захирлын өрөөнд дуртай цагтаа ороод ярьж хөөрч болно. Тэгвэл Лувсандэндэв захирал долоо хоногт нэг хоёр л удаа хүн хүлээж авч уулзана, бусад нь “Дотоод ажил” гэсэн нарийн цагийн хуваарьтай. Залуу эрдэмтэн, судлаачид академийн байрны урт хонгилоор алхаж яваад захирал гараад ирвэл өөр өрөө рүү шууд орох юм уу, мөрөө буруулан шатаар доош буугаад явчихна. Ямар нэг юм хэлэх, асуухаас нь ихэд эмээнэ. Тэр хүндэтгэл залуу эрдэмтэн, судлаачдад ихээхэн нөлөөлжээ. Тухайлбал, Э.Пүрэвжав докторт тухайн үед “-хаар, хээр”  буюу нэрийн болон үйлийн залгавар бүтээврийн тухай илтгэл бичиж  танилцуулах үүрэг өгсөн байна. Ингэхдээ “За чи, их сургуулийг Сүхбаатарын цалинтай төгссөн юм байна. 14 хоногт илтгэл бичиж танилцуул” гээд хурлын хөтөлбөрт оруулчихжээ. Арга зүйн хувьд долоо хоног номын санд суу, ирээд долоо хоногт бичиж дуусгах үүрэг өгчээ. Тэр нь зөв арга зүй, судалгааны зөв зарчим байсныг манай нийтлэлийн баатар өнөөдөр дурсаж байна. Зарим хүн бусдыг загнах, эсвэл шаардлага тавихдаа улам цааш түлхэж, уур бухимдал үүсгэх бол Лувсандэндэв академичийнх тийм биш, харин ч тухайн хүн өөртөө дүгнэлт хийж, би л болохгүй байна даа, илүү чармайх ёстой юм байна гээд урагшаа зүтгэх зүтгэлийг бий болгодог. Э.Пүрэвжав докторын ШУА-ийн босгоор алхаж орж ирээд бичсэн анхны илтгэл нь ингэж л бүтжээ. Ц.Дамдинсүрэн академичийн хувьд хамт ажиллахад их түшиг, том нөмөртэй. Туршлага багатай залуу эрдэмтэн, судлаачдыг хүрээлэнгийн захирлын нарийн бичгийн даргаар тодорхой хугацаанд тавьж ажиллуулна. Тэр бол тухайн хүнийг эрдмийн ажилд сургаж, дадлагажуулах том сургууль болно. Багш нар даалгавар өгөхөд Улсад номын санд очиход нэг хүнд гурван ном уншуулдаг дотоод дүрэмтэй байлаа. Гурвуулаа очиж байгаад хүн бүр гурав, нийт есөн ном захиалж уншдаг байлаа хэмээн өдгөө “Амьдралын тойрог”-ийн зочин маань дурсаж байна.

Ж.Ууганбаатар, А.Алимаа, Д.Төмөртогоо, Л.Болд, Р.Отгонбаатар, Э.Пүрэвжав (Улаан-Үүд, 2012). 

“НУУЦ ТОВЧООН”-Ы НУУЦЫН ЭРЭЛД...

Э.Пүрэвжав докторын хувьд өөртөө урам авсан анхны судалгааны ажил бол түрүүнд дурдсан Лувсандэндэв академичийн өгсөн үүрэг даалгаврын дагуу бичсэн илтгэл нь байв. Үүний сацуу Чингис хааны тухай зохиол бүтээлийг цуглуулан судалж иржээ. Өдгөө тэрбээр “Монголын нууц товчоон” зохиолын 800 гаруй ном цуглуулсан байна. Дэлхийн хэмжээнд хэвлэгдэн гарсан уул зохиол бүтээлийнбараг 98 хувь нь түүний номын санд байгаа гэсэн үг.

Чингисийн тухай зохиол бүтээлд мэдэхгүй үг гарахад хожмын судлаачид орхичихдог явдал бий. Тэгвэл Э.Пүрэвжав доктор хэл шинжлэлийн хүний хувьд хувьсгалаас хойш гарсан “Чингисийн алтан толь”, “Чингисийн сургаал”, “Чингисийн билиг сургаал”, “Чингисийн оюун билгийн соёрхол”, “Чингисийн алтан товч” гэсэн сургаалын найман зохиолыг хөрвүүлж 1997-2004 онд хэвлүүлжээ. Монголчууд редакц хийж хэтэрхий орчин үежүүлсэн зохиол бүтээлийг уншиж ирсэн бол эхээр нь унших боломж ийнхүү нээгджээ.

Одоогоос 30 жилийн өмнө  “Монголын нууц товчоон”-ы 750 жилийн ойг тэмдэглэх тухай асуудал дэвшүүлсэн нийтлэлүүд хэвлэлд гарч, “Хөдөлмөр” сонины эрхлэгч С.Жамбалдорж, сэтгүүлч, зохиолч Т.Мандир уншигчдын санал хүсэлтийг нийтэлж байсан нь ард түмний оюун санаанд “тэсрэлт” өгч төр, засгийн зүгээс  “Монголын нууц товчоон”-д зориулсан гэрэлт хөшөөг Хэрлэнгийн Хөдөө аралд босгон, монголчуудын эв нэгдлийн их баярыг зохион байгуулж байв. Энэ хүрээнд “Монголын нууц товчоон"-ы тухай яруу найргийн наадам, олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, “Монголын нууц товчоон” судлалыг хэдэн алхам урагш ахиулан монголчуудын үндэсний ухамсрыг сэргээсэн нь угтах он жилүүдийн эхлэл, ард түмний билгийн мэлмийг нээсэн түүхэн үйл явдал болсныг Их Засаг олон улсын их сургуулийн багш, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаа, судлаач Р.Амаржаргал нар тэмдэглэсэн байдаг. Мөн тэд “Монголын нууц товчоон”-ы хэвлэгдсэн бүх эхийг 40 жилийн турш цуглуулж байгаа доктор Э.Пүрэвжавын ажлын үр дүнд “Монголын нууц товчоон”-ы 13 эх судалгааны эргэлтэд орсныг дурдаж, 1990 оноос хойш “Монголын нууц товчоон”-ы судлалаар доктор Б.Сумьяабаатар, судлаач Д.Цэрэнбалтав, Ш.Чоймаа, Ж.Лувсандорж, Л.Дашням, А.Пунсаг, Д.Пүрэвдорж, Т.Баасансүрэн, Б.Өлзийсүрэн, Д.Дагдан, Г.Аюурзана, Т.Намжил, А.Цанжид нарын бүтээл туурвил уншигчдын хүртээл болсон хэмээн дурджээ.

ТҮҮНИЙ  НЭРИЙН ХУУДАС:  “МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН СУДЛАЛ” ЦУВРАЛ

Э.Пүрэвжав доктор 1993 оны хавар “Хэл ярианы соёлын зарим асуудал” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалж, Монгол хэл бичиг судлалд, өөрийн гэсэн судалгааны шанг татсанаас хойш Монгол хэл бичгийн шинжлэх ухаан, “Монголын нууц товчоон” судлал, Монгол судлалын чиглэлээр судалгааны ганц сэдэвт бүтээл, эх хэрэглэгдэхүүн, дээж бичиг, хамтын бүтээл, толь бичиг, эмхэтгэл, гарын авлага олныг гаргасныг бид түрүүнд дурдсан. Энэ дотроос онцлох бас нэг сэдэв буюу түүний нэрийн хуудас  бол1997 оноос эхлэн эрхлэн хөтөлж ирсэн “Монгол хэл бичгийн судлал” хэмээх цуврал бүтээл нь юм. Тэрбээр анхны дугаартаа Монгол эх хэлний энгүй их гурван ноён оргил Билгүүн номч Б.Ринчен, их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нарыг олноос онцолсон байдаг. Үүнийхээ өмнөтгөлд “Энэ гурван хүн бол ялгахын аргагүй адилхан, салгахын аргагүй ижилхэн юм. Гурвуулаа МУИС-ийн профессор, гурвуулаа Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан, гурвуулаа Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, гурвуулаа дуун ухааныг хэтэрхий мэдсэн орчуулагч, гурвуулаа хэл бичгийн шинжлэх ухааны доктор, гурвуулаа Хэлний хүрээлэнд ажиллаж байсан учраас хамтад нь орууллаа” гэсэн байдаг. Өдгөө энэ цувралын 24 дэх дугаарыг тэрбээр бичиж байгаа бөгөөд олонд алдартайгурван эрдэмтэн, эсвэл “нэр үл мэдэх” эрдэмтдийг онцолдог аж. “Нэр үл мэдэх” хэмээсний учир нь өдгөө  аль нэг аймаг, сумын ойн ном олноор гарч байгаа бөгөөд түүндээ одон тэмдэгтэй, алдар нэртэй нэгнийг онцолдог атал ямар ч гавьяа шагналгүй, зэрэг цол хүртэж амжаагүй ч эрдэм судлалын нөр их ажлыг нуруундаа үүрч явсан судлаачдыг оруулдаггүй гэнэ. Тэр нь их төлөв аль нэг намын бодлогоос хамаарсан, эсвэл хэн нэгний хувийн бодол, харилцаанаас үүдэлтэй байхыг анзаарч мэдсэн Э.Пүрэвжав доктор өөрийн бүтээж буй цувралдаа ийм нэгэн жанжин шугамыг баримталж иржээ. Тэр нь ч чухал ач холбогдолтой юм. Тодруулбал, түүний эрхлэн хөтөлж хэвлүүлж ирсэн 23 жижиг дэвтэр бол хожим үлдэх том сурвалж болж ч магадгүй. Ингэж дүгнэхийн учир нь өдгөө тэрхүү цувралаас судлаач, эрдэмтэд маш олон эш татсан байдаг. Доторх баримт нь хөдөлшгүй үнэ цэнтэй юм. Энэ нь судлаач хүний эрхэм үүрэг, ном бүтээхдээ бус эрдэм түгээж, судалгаа шинжилгээ хийхэд оршино гэж үздэг түүний дотоод итгэл үнэмшил, зорилго тэмүүлэл хийгээд бүтээж туурвиж ирсэн зарчимтай нь холбоотой болов уу.

Зарим өдрийг балжинням, дашням давхацсан хэмээн монголчууд ихэд бэлгэшээдэг. Тэгвэл 2021 он Монголын шинжлэх ухаанд маш олон балжинням, дашнямтай өдрүүд тохиож байна. Учир нь Монгол Улсад Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан түүхт 100 жилийн ой, Монголд шинэ цагийн шинжлэх ухааны анхны хүрээлэн, мөн дуун ухааны тасаг буюу орчин цагийн Хэл зохиолын хүрээлэн байгуулагдсан өдөр, Монголд анхны ардын сургууль байгуулагдсан, ШУА-ийн нэрт эрдэмтэн Э.Вандуйн мэндэлсний 100 насны ой гээд олон баярт үйл явдал давхцаж байна” хэмээн “Амьдралын тойрог”-ийн зочин маань хэлсэн юм. Тэгвэл түүхийн энэ эгэл хэлхээнд манай нийтлэлийн баатар маань “ШУА-ийнХэл зохиолын хүрээлэн: 100 жил, 100 үйл явдал, 100 зураг, 100 эрдэмтэн” гэсэн бүтээлээрээ  түүхийн шинэ хуудас нэмж, ирэх долоо хоногт номын нээлтээ хийхээр бэлтгэж байх үед нь бид уулзаж ярилцлаа. Эрдэм шинжилгээний туслах ажилтан, дадлагажигчаас өнөөдөр Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болсон Эрдэнийн Пүрэвжавын “Амьдралын тойрог”-оор аялахад ийм байна. Бидний урилгыг хүлээж авсан дугаарын зочиндоо болон эрдмийн их оргил, мэдлэг үйлдвэрлэгч шинжлэх ухааны ууган байгууллагын хамт олонд  “Зууны мэдээ” сонины хамт олноос 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, бүтээл арвин байхын ерөөл өргөе.

                                                            Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.11.15 ДАВАА № 224 (6701)


Бусад мэдээлэл