ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг “Хоймор”-тоо урилаа. Харьковын их сургуулийг улаан дипломтой дүүргэсэн залуу дадлагажигч ажилтан гэсэн статустайгаар ШУА-ийн Химийн хүрээлэнгийн босгыг давснаас хойш 41 жил өнгөрчээ. Эрдэмтэн хүний туулж болох бүхнийг туулсан, албан тушаалын шатны гишгүүр алгасалгүй ахисаар өнөөгийн цэгт хүрсэн ШУА-ийн ерөнхийлөгчийн өөрийнхөө тухай дэлгэрэнгүй ярьсан анхны ярилцлага нь энэ.
-Та Говь-Алтай аймгийн хүн юм билээ. Бага нас тань нутагтаа өнгөрсөн үү?
-Би Говь-Алтай аймгийн Бигэр сумын хүн. XIX зууны сүүлч, XX зууны эхэн үед Монголын засаг захиргааны зохион байгуулалт нь халх дөрвөн аймаг, их шавь гэсэн таван нэгжээс бүрдэж байв шүү дээ. Шавийнхан цэрэг харуул, өртөөний албанаас чөлөөлөгдөж, жирийн ардуудаас арай хөнгөн албан татвар төлдөг.
Манай бигэрийнхэн бол Бигэр номун ханы шавь байсан юм билээ. Бигэр сумын баруун талд Их улаан сайр гэдэг газар манайх нутагладаг байлаа. Аав минь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан, Бигэр сум, нэгдлийг байгуулалцсан 19 хүний нэг.
Тэр үед цэцэрлэг гэж байсан биш, хөдөө малын захад, аав, ээжийнхээ дэргэд байж байгаад сургуульд орсон. Бигэрийн зүүн урд Цогт, түүний цаана, улсын хил дээр шахам Захуй гэж сум байлаа. Нэгдүгээр ангидаа Захуй сумын сургуульд сурсан.
-Яагаад тийм хол очиж сургуульд ороо вэ?
-Манай сумын сургууль дотуур байргүй, ах, бид хоёрыг суулгах айлгүй байсан. Манай нагац эгчийн нөхөр Захуй сумын даргаар ажиллаж байсан учраас тэднийг бараадуулсан хэрэг. Тэр жил намар хичээл орохоос хавар тарах хүртэл гэртээ очоогүй. Аав минь идэш хоол дөхүүлж ганц удаа эргэж ирсэн.
Гэрээ мөн ч их санасан сан. Нагац эгч, хүргэн ах хоёр маань сайн улс болохоор ямар нэг шахалт, дарамт амсаагүй. Гэрээ, аав, ээжээ санасныг эс тооцвол их сайхан байсан. Захуй сум бараг урд хил дээр учраас их дулаахан. Гуравдугаар сар гэхэд хөл нүцгэн явахад даарахааргүй болчихно. Бид дулаахан үед хичээлдээ явахдаа л гутлаа өмсөнө. Бусад үед хөл нүцгэн л гүйж явна.
Би 1959 онд нэгдүгээр ангид орсон. Намайг сургуульд орох үе, түүнээс арай өмнөхөн хөдөөгийнхний амьдрал тун ядуу байсан шүү дээ. Сумын дэлгүүрт цагаан гурил барагтай бол ирэхгүй. Манай суманд л лав айл бүр чулуун тээрэмтэй. Мянган булаг хэмээх сайхан баянбүрдэд тариа тарьж, түүнийгээ тээрэмдэж иддэг байсан. Тэр нь үйлдвэрийн гурил шиг биш, ширүүн, бүдүүн ширхэгтэй. Зуураад тавихад барзайсан бор юм харагдана.
Амьдрал нь нэлээд боломжийн айл бага таван ханаттай, олонх нь дөрвөн ханатай гэртэй. Айлуудын гэр цагаан бүрээсгүй. 1960-аад оны эхэн үеэс л айлууд цагаан бүрээс барьсан. Ер нь ядуухан байсан даа. Намайг багад нэгдлийн гишүүд хөдөлмөрийн хөлсөндөө хоёр шуудай төмс, нэг шуудай тариа авдаг байлаа.
1960-аад оны сүүлчээс мөнгө өгдөг болсон. Энэ үеэс монголчуудын амьдрал маш хурдан, нийтээрээ эрс сайжирсан. Энэ нь социализмын давуу тал. Ийм үед бага нас минь өнгөрсөн.
-Гэрээ санаад хаширсан хүү Захуй руу буцаж яваагүй юм аа даа?
-Ах маань надаас гурван ангийн дээр сурдаг байсан юм. Намайг хоёр, ахыг тавдугаар ангид орох жил буурал ээжийг сумын төвд өвөлжүүлж, бид сумандаа сурсан. Гэтэл буурал ээж суурин газар идээшдэггүй. Нэг жил өвөлжөөд “Хэдэн малынхаа захад очих минь” гээд хөдөө гарсан.
Ингээд намайг гуравдугаар ангид орсон жилээс ах, бид хоёр нэг жижигхэн гэрт хоёулхнаа амьдарсан. Гэтэл ах долдугаар анги төгсөөд аймгийн арван жилийн сургууль руу явж, манай сумын сургууль ч дотуур байртай болсон учраас би дотуур байранд суух болсон.
-Дотуур байранд амьдрахад дурсамжтай, бас сургамжтай зүйл олон тохиолдоно биз?
-Дунд, дээд сургуулийн дотуур байранд амьдарснаа нийлүүлээд тоолбол миний ухамсарт амьдралын нэлээд хэсэг нь дотуур байранд өнгөрчээ. Дотуур байр бол хүнийг нийгэмд эвээ олж амьдрахад сургадаг чухал талбар. Дотуур байранд амьдарсан хүүхдүүд ямар ч байсан олны жишгээр яваад сурчихдаг шиг санагддаг.
Дунд сургуулийн дотуур байранд ахлах ангийн ах, эгчтэй хэл амаа ололцох, бага ангийн дүү нартайгаа ойлголцох гэж явсаар овоо нийгэмшсэн. ЗХУ-ын Харьковын их сургуульд очоод бас л оюутны байранд орсон. Янз бүрийн зан заншилтай, хэл, соёлтой, сэтгэхүй өөр, олон орны залуустай харилцана гэдэг бас л амьдралын том сургууль.
Амьдралын минь дурсамжтай, сайхан он жилүүд дотуур байранд өнгөрсөн.
-Төгсөлтийнхөө 90-ээд хүүхдээс та ганцаараа арван жилийн сургуульд орж байсан гэл үү?
-Манай сумын долоон жилийн сургуульд ойр орчмын 5-6 сумын хүүхдүүд ирж, суралцдаг. Тэр жил долдугаар ангийг 90-ээд хүүхэд төгссөнөөс ганцыг нь л аймгийн арван жилийн сургуульд авна гэв. Говь-Алтай аймаг арван жилийн ганц сургуультай болохоор хүүхдүүдээ багтаахгүй байсан юм уу, улс ТМС, техникумд түлхүү сургаж, мэргэжилтэй ажилчин бэлтгэх бодлого барьсных уу, бүү мэд.
Аймгийн арван жилийн сургуульд орох ганц хуваарийг хэнд өгөх нь тодорхойгүй. Сурлагаар нь жагсаана гэвэл би авах нь ойлгомжтой. Гэтэл ангийн багш маань намайг арван жилд явуулах дургүй байв. Ийм эргэлзээтэй нөхцөлд манай төгсөлтийнхнийг бүгдийг нь ТМС, техникумд хуваарилаад, намайг ганцааранг маань үлдээхэд л би аймгийн арван жилд явахаар болж байгаагаа ойлгосон.
-Багш чинь яагаад таныг арван жилийн сургуульд явуулах дургүй байсан юм бэ?
-Намайг биеэ тоосон нөхөр гэдэг байсан юм.
-Та тийм биеэ тосон хүүхэд байсан хэрэг үү?
-Үгүй ээ, нэг их биеэ тоосон ч юм байхгүй л дээ. Ангийн багштай хааяа санал зөрнө. Би багшийг эсэргүүцэж биш, ингэвэл арай дээр юм уу гэсэн санаагаа хэлдэг байсан. Үүнийг багш өөрийг нь эсэргүүцлээ гэж ойлгодог байсан аж. Зарим багшийг хичээлээ зааж чадахгүй байна гэх мэтийн үг хэлсэн бололтой. Би түүнийгээ санадаггүй юм. Хуваарь авах гээд ороход багш нар иймэрхүү зүйл ярьж, намайг шүүмжилсэн.
-Тэр үед ээж, аавууд ч, хүүхдүүд ч ТМС, техникумд дуртай байсан шиг санагддаг?
-Гурван жил сураад ажлын байр бэлэн, цалин боломжийн. Үеийнхэн нь аравдугаар ангиа төгсөж байхад техникумд явсан хүүхдүүд мэргэжилтэй ажилчин болоод, ажлын талбарт гарч байна гэх зэрэг шалтгаанаар хүмүүс ТМС, техникумыг илүүд үздэг байсан.
-Аав, ээж чинь таныг техникумд яв гэж ятгаж байв уу?
-Аав, ээж минь намайг өөрөө мэд л гэдэг байсан. Би аль эртнээс гадаадын их, дээд сургуульд явна гэж боддог байлаа. Аравдугаар анги төгсөхдөө гадаадад сураад эрдэмтэн болно гэсэн мөрөөдөл тээх болсон. Эрдэмтэн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ, ингэж дуудуулахын тулд юу хийж, ямар зам туулдгийг огт мэдэхгүй. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, О.Намнандорж гуай нарын домог шиг улсын бичсэн зүйлийг уншихаас цаашгүй.
-Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?
-Тэр жил манай аймагт гадаадын дөрвөн хуваарь ирэв. Цэргийн сургуулийн нэг, багшийн сургуулийн хоёр хуваариас гадна биохими гэсэн нэг хуваарь байлаа. Түүнийг ямар чиглэлийн, юу сурдаг мэргэжил вэ гэдгийг тэр үед манай сургуулийн багш, сурагчдаас ойлгож, мэдсэн хүн үгүй. Манай ангийн багш Тэнгээ гэж их сэргэлэн хүн байлаа.
Багш маань “Дүнгээр жагсаахад хамгийн эхэнд бичигдсэн болохоор чи хамгийн түрүүнд орж хуваариа сонгоно. Алийг нь авъя гэж бодож байна” гэв. Би цэргийн дарга болдог юм уу гэж бодож байлаа. Цэргийн дарга ид моодонд орчихсон, охид, хүүхнүүд цэргийн даргад их дуртай байсан үе л дээ.
Гэтэл Тэнгээ багш “Аль ч сургуульд сураад цэргийн дарга болчихдог юм. Харин энэ биохими гэдэг нь шинэ үг байна. Тэгэхээр орчин үеийн, шинэ мэргэжил байж таарна. Үүнийг ав” гэсэн. Ингээд багшийнхаа заавраар мэргэжлээ сонгосон нь тун оносон.
-Сум, аймагтаа дандаа нэгдүгээрт жагсаж, алтан медальтай төгссөн сурлага сайтай хүү байжээ, та?
-Сурлага ер нь гайгүй байсан шиг байгаа юм. Би таван настайдаа уншиж, тоог цээжээрээ бодоод сурчихсан. Яаж сурснаа санадаггүй юм. Харин саяхан аавтай минь хамт Бигэр сумыг байгуулалцсан, сумын анхны нягтлан бодогч хөгшин “Би сумынхныг гэртээ цуглуулж, бичиг үсэг заадаг байв. Тэгэхэд чи ард нь зогсож харагддаг байсан.
Нэг мэдсэн, томчуудаас түрүүлээд уншаад сурчихсан” гэж хуучилсан. Тэр хөгшин эхнэр, хүүхэдгүй ганц бие залуу явахдаа манайд амьдардаг байсан юм. Нэгдүгээр ангид багшийн зааж буйг бүгдийг мэддэг, шинэ зүйлгүй, мэддэг зүйлийг маань заагаад байхаар жаахан залхуутай санагддаг байж билээ.
-Та ШУА-аас ер холдоогүй юм аа даа?
-1976 онд сургуулиа төгсөж ирээд ШУА-ийн Химийн хүрээлэнд орсон. Тэнд 25 жил ажиллахдаа эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаас эхлээд, ахлах, лабораторийн эрхлэгч, хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга гээд бүх л шат дамжлагаар явсан.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт 2001 онд ирээд эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр тус бүр хоёр удаа сонгогдсон. Өнгөрсөн оноос ШУА-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
-Эрдэм шинжилгээний ажилтан ямар зам туулж, ямар бэрхшээл давж амжилтад хүрдэг вэ. Юу нь сайхан, юу нь хэцүү байдаг вэ. Өөрийнхөө туулж, мэдэрснийг ярьж өгөөч?
-Монголд орчин үеийн шинжлэх ухаан нэлээд хүчтэй хөгжсөн үе бол 1970-аад он. Тэр үед гадаад, дотоодод сургууль төгссөн олон залуу ШУА-ийн харьяа болон салбар яамдын хүрээлэнгүүдэд ажиллаж байлаа. Тэгэхэд Монгол Улс эрдэм шинжилгээний 70-80-аад хүрээлэн, төвтэй байсан. Энэ бол төрөөс манай салбарт сайн анхаарал тавьж байсны илрэл.
Судалгааны ажилд дур сонирхолтой хүнд бол эдгээр хүрээлэнд ажиллах нь сайхан. Том эрдэмтэд дунд шууд явж ороод зэрэгцэн ажиллана. Харин дур сонирхолгүй хүнд бол хэцүү. Учир нь тэнд дандаа эрдэм боловсрол өндөртэй, тэвчээртэй, сууж юм хийдэг улс байдаг. Тэр дундаас аз, од нь гийгээд, гялалзаад гараад ирнэ гэж байхгүй.
Дунд нь адилхан явж байж л цухуйвал цухуйна. Чадахгүй бол тэгж явсаар, хэдэн өгүүлэл бичиж, докторын зэрэг хамгаалаад тэтгэвэртээ гарна. Дуртай хүн бол тэгээд зогсчихгүй, наснаас үл хамааран урагшилж, өөрийгөө хөгжүүлээд явах боломж байдаг.
Эрдмийн ажил хийхэд сонин, сонин зүйл их таарна. Манай нэг найзын хэлснээр заримдаа яруу найраг шиг сайхан туршилт хийнэ. Заримдаа бүтэн сар нухаад, нэг ч хэрэгтэй тоо гаргаж чадахгүй, дахин шинээр эхэлнэ. Би Харьковт гуравдугаар дамжаанд сурч байхаасаа судалгааны ажилд оролцож эхэлсэн. Манай сургуульд надаас хэдхэн насаар ах Виктор Васильевич Лемичко гэж залуу багш байлаа.
Бид хоёр амралтын өдрүүдэд Харьковын их сургуулийн биохимийн лабораторид өнжинө. Бид сайхан гар нийлнэ. Эрдэм шинжилгээний ажилтан ямар байх ёстойг Виктор Васильевич Лемичко надад олон таван үггүйгээр ойлгуулсан. Туршилт хийж байхад сонирхолтой, хөгжилтэй явдал тохиолдох нь ховор.
Хуруу шилэнд янз янзын юм хийж, хольж хутгаад, түүнийгээ нэмж, хасаад, микроскопоор хараад, нэг үйлдлээ дахин, давтан хийгээд сууна. Сонирхолтой, хөгжилтэй явдалтай тохиолддог хүний нүдээр харвал их уйтгартай ажил.
Залуу байхад туршилтын үед алдах, буруу хийх явдал тохиолдоно. Туршлагагүй учраас ихэвчлэн санамсаргүй алдаа гаргана. Дипломын ажил эхлэх дөхчихсөн байсан үе. Нэлээд том туршилт хийж байгаад алдаа гаргачихав. “Витя уучлаарай. Санамсаргүй алдаа гаргачихлаа” гэтэл, “Цаана чинь хүмүүс санамсаргүй хүн хийчихээд байгаа шүү” гэж билээ.
Түүнээс хойш ер нь алдаа гаргаагүй санагдана. Диплом хамгаалахад тэрбээр “Рэгдэл дипломын ажлаа маш сайн хийсэн. Энэ хүн хийсэн туршилт, судалгааны үр дүнгийнхээ дөнгөж 10 хувиар дипломоо хамгааллаа” гэж хэлсэн.
-Ямар туршилт хийж байгаад алдсан юм бэ?
-Цагаан хархны элэгний эсийн метахондрт биед хэрэгтэй эрчим хүчийг яаж үйлдвэрлэдэг вэ, тэр нь хулганын нас, хүйснээс хэрхэн хамаарч байна вэ гэсэн туршилт хийж байсан юм. Энэ туршилтыг хийхийн тулд хулганаа төхөөрөхөөс ажил эхэлнэ. Тэр хөөрхөн жижигхэн амьтныг торноос гаргаж, том хайчаар толгойг нь тайраад, гэдэс, дотрыг нь задална гэдэг амаргүй шүү дээ.
Элэгнээс нь эсийн метахондр гаргаж авна гэдэг нь бас зөндөө ажилтай. Ингээд гаргаж авсан метахондр дээрээ туршилт хийж байгаад алдсан юм. Тэгэхээр хулгана алахаас эхлээд бүхнийг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болно. Хамгийн гол нь цаг их орно.
-Өчнөөн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулан хийсэн судалгаанаас хүссэн үр дүн гарахгүй байх тохиолдол олон уу. Тийм үед урам хугарч, шантрах уу?
-Олон шүү дээ. Гэхдээ туршаад, ийм үр дүн гарахгүй юм байна гэдгийг нь баталбал үүнийг шинжлэх ухаанд үр дүнтэй судалгаа гэж үздэг. Нийгэм бол үүнийг баахан мөнгө дэмий зарлаа гэж хардаг.
-Сансарт монгол хүн нисэхэд хоол хүнсийг нь бэлтгэх туршилт, судалгааны багт таныг ажиллаж байсан гэж дуулсан. Тэр ажлынхаа тухай дурсаач?
-Химийн хүрээлэнд ажиллаад хоёр жил болж байтал манай улс олон улсын сансар судлалын “Интеркосмос” хөтөлбөрт хамрагдаж, сансарт хүнээ нисгэх болов. Манай сансрын нисэгч 1980 оны сүүлч, 1981 оны эхээр ниснэ гэсэн хуваарь гарч, түүнд бэлтгэх ажил улс орон даяар өрнөлөө. “Энэ нислэгийн гол зорилго нь эрдэм шинжилгээний туршилт байна.
Эрдэм шинжилгээний туршилтын хөтөлбөрийг ШУА хариуцна” гэсэн шийдвэр гарав. Намын Төв Хорооноос сансрын нислэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, ШУА-ийн Физикийн хүрээлэнд Сансар судлалын тасаг нээлээ. Уг тасагт салбар бүрээс шилдэг, залуу хүнийг авч ажиллуул гэсэн чиглэл өгсөн юм билээ. Ингээд намайг Химийн хүрээлэнгээс авч, Сансар судлалын тасгийн биологи, анагаах ухааны туршилтын хэсэгт ажиллуулав.
Найман хүнтэй манай хэсэг дотроо хоёр хуваагдаж, нэг нь сансрын нисэгчдийг шалгаруулж авах, нислэгт бэлтгэх ажилд оролцох, нөгөөх нь биологийн чиглэлийн туршилтын хөтөлбөр боловсруулах, сансрын нисэгчийн хоол хүнсэнд шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэг авсан юм. Тэгэхэд би 30 нас ч хүрээгүй байлаа.
Ж.Гүррагчаа баатар сансарт ниссэн тэр долоо хоногт 30 гаруй туршилт хийх хөтөлбөр боловсруулсны 60-70 хувийг монголчууд өөрсдөө санаачилсан. Бусад орны сансрын нисэгчдийн хийсэн туршилтын 60-70 хувийг ЗХУ-ын эрдэмтэд боловсруулсан байдаг. Энэ бол манай улс уг үйл явдалд ихээхэн ач холбогдол өгч, сайн ажилласны илрэл.
-Сансрын нисэгчдийн хоол хүнсийг ямар нарийн технологиор үйлдвэрлэдэг тухай зөндөө уншиж, сонсож байлаа. Манайхан ч тэр үед цөөнгүй нэр төрлийн хүнс үйлдвэрлэж, туршсан нь амжилттай болсон гэдэг.
Ямар хоол хүнс бэлдэж өгөхөө шийдэхээс эхлээд үйлдвэрлэж, өгч явуулах хүртэл амаргүй замыг туулсан уу?
-Юу бэлдэж өгөх вэ гэдгээ шийдэх гэж их юм болсон. Байс хийгээд л Б.Ширэндэв гуайн өрөөнд цугларна. Бид гэж баахан ном, сэтгүүл уншчихсан улс. “Бутрамтгай, пургимтгай байж болохгүй. Хөнгөхөн, чанахгүй, идэхэд бэлэн байх ёстой” гээд л ярина. Яг юу хийхээ нэг мөр шийдэж чаддаггүй.
Нэг цугларахад Б.Ширэндэв гуай “Нүүдэлчин монголчуудынхаа хоол хүнснээс л сонго. Чингисийн дайчид тэр хол аян дайнд явахдаа жил идэх хүнсээ ганзагалаад явдаг байсан” гэснээр борцыг сонгох нь тодорхой болов. Ойрын хэдэн жил малын өвчлөл гараагүй нутаг гээд Дорноговь аймгийн Даланжаргалан сум руу борц хийх үхрийн эрэлд гарлаа. Малын хоёр эмчтэй. 3-4 настай сувай үнээний гуяны махаар борц хийвэл шим шүлт сайтай, мах нь зөөлөн гэж үзэв.
Ийм насны үхэрт үзлэг, шинжилгээ хийж, хоёрыг сонгож, нядлаад, дөрвөн гуяыг нь авч ирэн, Хүрэлтогоотод борцоо хатаалаа. Хоёр жил дараалан ингэж борц хийсэн. Энэ хооронд борцоо овоо сайн судалж авсан даа. Бэлтгэсэн борцоо сансарт хэрхэн хэрэглэх вэ гэдэг асуудал тулгарав.
Ингээд борцоо боловсруулж, 60 хэмийн халуун ус хийгээд сэгсрэхэд кофе шиг уусдаг борцны шөл бэлтгээд явуулсан. Уг шөл сансрын станцад байнга ажилладаг хүмүүсийг дайлах зочны хоол нь болсон юм.
Дайлуулсан сансрын нисэгчид их сайхан шөл байна гэж магтсан гэж тэр үеийн Оросын хэвлэлүүдэд олон бичигдсэн дээ.
-Чацарганыг бас тэгэхэд овоо судалж авсан гэдэг бил үү?
-Сансарт жингүйдэхээр хүний булчин ямар ч үүрэггүй болдог. Ингэхээр яс бас үүрэггүй болж, кальциа гадагшлуулж эхэлдэг. Толгойд очих цусны хэмжээ нэмэгддэг учраас толгой дүүрч, өвддөг. Мөн сансрын янз бүрийн туяа хөлгийн бүхээгийг ямар ч саадгүйгээр нэвтлэн орж ирдэг. Түүнээс хамгаалах ёстой. Эдгээрээс үүдэх эрсдэлээс сэргийлэх гарц хайж бид “Чацаргана” туршилт хийсэн.
Химийн хүрээлэнгийн эрдэмтэн Уртнасан бид хоёр энэ туршилт дээр голлож ажилласан юм. Бид сүү, аарц зэрэг зургаан бүтээгдэхүүнийг чацарганын тосоор баяжуулж, Ж.Гүррагчаад хүнсний нэмэлт болгон өгч явуулсан. Туршилтын үр дүн их сайн гарсан. Сансрын нислэгийн үед физиологийн процесст өөрчлөлт орсноос болж хүний биед чөлөөт радикалын хэмжээ нэмэгддэг.
Үүнээс болж хүний эд эс гэмтэж, эвдрэх эрсдэлтэй. Ж.Гүррагчаа сансарт долоо хоног ажиллахдаа чацарганатай бүтээгдэхүүн хэрэглээд чөлөөт радикал нэмэгдээгүй, харин ч буусан. Харин хамт ажилласан, чацарганатай бүтээгдэхүүн хэрэглээгүй хүнийх нь чөлөөт радикалын хэмжээ сансарт ямар байдаг вэ тэр хэмжээгээр өндөр гарсан.
Дахиж монгол хүн сансарт ниссэн бол чацарганын тос сансрын нисэгчийн хүнсний жоронд эргэлзээгүй орох байсан. Даанч дахиж нисээгүй учраас тэгс хийгээд орхигдсон.
-Монгол хүн дахин нисээгүй ч гэсэн та бүхэн судалгааны үр дүнгээ олон улсад нэвтрүүлэх талаар хөөцөлдөж болоогүй юм уу?
-Нэг удаагийн туршилтаар шууд боллоо гэж үзэхгүй шүү дээ. Наад зах нь хоёр, гурван удаагийн туршилтаар батлагдаж байж олон улс хүлээн зөвшөөрнө.
-Сансарт хүнээ нисгэх бэлтгэлийг хангахдаа маш их ач холбогдол өгч, судалгаа, туршилтаа нууцалж байсан гэдэг. Та бүхний ажилд энэ нь мэдрэгддэг байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Айхтар өндөр хараа, хяналттай байсан. Биднийг туршилт, судалгаагаа хийж, тэмдэглэх зүйлээ тэмдэглээд, лабораторийн журналаа хааж, шүүгээнд хийж цоожлоод явах шаардлага тавина. Бид тэгж айхтар сонор, сэрэмжтэй ажиллаж сураагүй хүмүүс чинь заримдаа туршилтын үр дүнгээ цоожлохоо мартаад явчихна.
Маргааш өглөө нь ширээн дээр “Та өчигдөр ийм, ийм зүйл ширээн дээрээ орхисон байна. Дахиж ингэж болохгүй” гэсэн бичиг угтана. Хэн, хаанаас бичсэн нь мэдэгдэхгүй. Нэг ийм бичиг авсан хүн дахиж тийм алдаа гаргахгүй дээ. Одоо бодоход НАХЯ-ны хүн биднийг дагаад, хянаж байсан хэрэг. Тэр ч бүү хэл, манай тасгийн нэг нөхөр Москвад хуралд оролцож, ажлын үр дүнгээ танилцуулаад буцаж ирэхдээ Улаанбаатарын галт тэрэгний буудлаас цүнхээ хулгайд алдсаныхаа төлөө улсын нууц алдсан гээд ажлаасаа халагдаж байлаа.
Түүн дотор нь хуралд тавьсан илтгэл нь л байснаас өөр судалгаа, туршилтын үр дүн байгаагүй шүү дээ. Тиймэрхүү зүйл олон болсон. Маш их анхаарал тавьж, ач холбогдол өгч байсны шинж л дээ. Биднийг ийм туршилт хиймээр байна, тийм бодис хэрэгтэй, гадаадад очиж илтгэл тавина гэхэд мөнгө ямар ч саадгүй шууд орж ирдэг байлаа. Үүний ачаар сансрын нислэгийн үеийн эрдэм шинжилгээний туршилтууд бүгд амжилттай болсон.
-Шинжлэх ухаан, технологийн салбарт хэмээн тодорхой зааж өгсөн анхны Төрийн шагналыг танай багийн бүтээл авсан юм билээ.
-Биднээс өмнө Төрийн шагнал хүртсэн эрдэмтэн цөөн боловч бий. Харин шинжлэх ухаан, технологийн салбарт гэж салбар зааж өгсөн анхны Төрийн шагналыг манай баг авсан юм. Төрийн шагнал хүртсэн “Уурагт түүхий эдийн шинж чанар, тэдгээрийг үйлдвэрлэлийн технологид ашиглах боломж” судалгааны ажил бол Хими, хими технологийн хүрээлэнгийн Биохимийн тасгийн таван хүний хамтын бүтээл.
Ярилцсан: Х.Уянга
“Өнөөдөр” сонин