ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Т.Ган-Эрдэнэтэй эхийн сүүний уургийн бүтэц найрлага, ач холбогдлын талаар ярилцлаа.
Жил бүрийн наймдугаар сарын эхний 7 хоногийг дэлхий нийтээр “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих 7 хоног” болгон тэмдэглэж ирсэн. Энэ долоо хоног саяхан болж өнгөрлөө. Бид бүхэн хүүхдийг хөхөөр хооллох нь маш чухал гэдгийг мэддэг боловч учир шалтгааныг нь сайн мэдддэггүй. Үүнийг хөхний сүүний уургийн найрлага бүтэцтэй холбон тайлбарладаг уу?
Тиймээ. Энэ нь хөхний сүүний найрлага, бүтэцтэй холбоотой. Ялангуяа түүний 3.5 орчим хувийг эзэлж байдаг уурагтай холбон тайлбарлаж болно. Аугаа их сэтгэгч Фридрих Энгельс “Амьд биеийн оршин тогтнохын үндэсийн үндэс нь уураг юм” гэж хэлсэн нь уураг хүний бие организмд ямар их ач холбогдолтойг мэргэжлийн биш хүн ч гэсэн сайхан илэрхийлсэн билээ. Сүүний уураг гэлтгүй ер нь уураг нь организмд олон төрлийн үүрэг гүйцэтгэх ба уургийн оролцоогүйгээр хүний биед явагддаг процесс байхгүй гэж хэлж болно.
Ер нь хүүхдийг хөхөөр хоолллох асуудал бол их чухал асуудал болохыг өнөөдрийн коронавирусын халдварт өвчин тархсан үед хүн төрөлхтөн урьд хожид байгаагүй их хэмжээгээр мэдэрч ойлгож байх шиг байна. Энэ нь ариун цэвэр, халдвар хамгаалал талаасаа ч мөн сүүний найрлага, бүтцийн онцлог талаасаа ч чухал асуудал юм.
Хөхний сүүнд ямар ямар уургууд агуулагддаг вэ? Хөхний сүүний найрлагыг дэлгэрүүлж тайлбарлаж өгнө үү?
Организмд агуулагдаж байгаа уураг болгон өөр өөрийн үүрэгтэй байдаг. Хөхний сүү нь нялх амьтныг тэжээх зорилгоор нийлэгжсэн, аминхүчлүүдийн хэмжээ, харьцаа нь маш сайн тэнцвэржсэн, тэжээллэг, сайн чанарын бас биологийн идэвхтэй уургуудыг агуулж байдаг.
Сүүний найрлагын 3.5 орчим хувийг эзэлдэг уургийн 80 хувь нь ээдэмцрийн уураг, 20 хувь нь шар сүүний уураг байна. Ээдэмцэрийн уургийг α, β, k - ээдэмцэр гэж ангилдаг бол шар сүү нь β-лактоглобулин, α-лактоалбумин, иммуноглобулин болон ферментийн идэвх үзүүлдэг, эрдэстэй холбогддог уургуудыг бага хэмжээгээр агуулдаг.
Таны хэлсэн эдгээр уургууд нь хүүхдийн биед эхийн сүүгээр дамжин орсны дараа тэдгээр уургуудын “хувь заяа”-ны талаар тайлбарлаж өгнө үү? Яагаад чухал гэж үздэг учир шалтгаан нь сонирхолтой байна.
Нялх, бага насны хүүхдийг хөхөөр хооллохын нэг ач тус нь хөхний сүүнд агуулагдах уураг, түүнээс үүсдэг биологийн идэвхт пептидүүдтэй холбоотой. Хөхний сүүнд агуулагдаж байгаа дээр дурьдсан идэвхгүй тэжээлийн зориулалттай уургууд тухайлбал ээдэмцэр нь хүүхдийн биед орж, хоол боловсруулах замын эрхтнүүдэд байдаг уураг задлагч ферментүүдийн оролцоотойгооор задарч, биологийн идэвхт пептидүүдийг үүснэ. Пептидүүдийн биологийн идэвх нь молекул жин, аминхүчлийн бүрэлдэхүүн, дараалал зэргээс болж өөр өөр байдаг.
Биологийн идэвхтэй пептидүүд гэж юу вэ? Хүүхдийн бие организмд үзүүлэх нөлөө нь өөр өөр байдаг уу?
Хүний биед биологийн идэвхт пептидүүд нь маш олон төрлийн үүрэг роль гүйцэтгэдэг гэж ойлгож болно. Жишээлбэл, дархлаа зохицуулах, дэмжих, тайвшруулах, хүний биед шаардлагатай эрдсүүдтэй холбогдож тэдгээрийг шаардлагатай эд эрхтэн рүү зөөвөрлөх, халдваргүйжүүлэх буюу бактерийн эсрэг үйлдэл үзүүлэх, антиоксидант үйлчилгээтэй гэх мэт.
Дархлаа зохицуулагч пептидүүд гэдэг нь дархлааг дэмжинэ гэсэн үг үү?
Ерөнхийд нь гликопептид, гормон, иммуноглобулины фрагментүүдыг эсээр болон дотоод шүүрлийн замаар дархлаа зохицуулах үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг байсан. Гэтэл сүүлийн үед ээдэмцэрийн болон шар сүүний уургуудын аль алинаас нь хүний лимпоцитыг нөхөн төлжүүлэх, макрофаг, фагоцитыг идэвхжүүлэх, эсрэг биеийн нийлэгжилтийг ихэсгэх цитокиныг зохицуулах зэрэг идэвхтэй пептидүүд үүсэж байгааг судлаачид олонтоо хэвлэж нийтлүүлэх боллоо. Түүгээр ч үл барам хорт хавдрын эсийг зогсоох үйлчилгээтэй пептидүүд үүсэж байна гэж үзэж болох үр дүнгүүд гарч эхлээд байна. Мөн түүнчлэн дархлаа зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг гликомакропептидүүд, казейны макропептидүүдийг бас дурьдах нь зүйтэй гэж үзэж байна. Ерөнхийдөө эдгээр пептидүүд ихэвчлэн дархлаа дэмжих үйлчилгээтэй байдаг.
Бактерийн эсрэг үйлчилгээтэй пептидүүд бас үүсдэг гэсэн. Энэ тухай бас тайлбарлаж өгнө үү?
Бактерийн эсрэг үйлчилгээтэй пептидүүд гэж юуг хэлж байна вэ гэвэл, сүүний уургуудыг хоол боловсруулах эрхтэнүүдэд байдаг пепсин, химозин, химотрипсин, трипсин зэрэг ферментээр задлахад Escherichia coli, Aeromonas hydrophila, Salmonella typhi, Bacillus cereus, Salmonella typhimurium, S. enteritidis, Staphylococcus aureus зэрэг олон өвчин үүсгэгч бактеруудийн эсрэг идэвх үзүүлдэг пептидүүд үүсдэг байна. Жишээлбэл, ээдэмцэрийг химозин болон химотрипсинээр задлахад Arg-Pro-Lys-His-Pro-Ile-Lys-His-Gln-Gly-Leu-Pro-Gln-Glu-Val-Leu-Asn-Glu-Asn-Leu-Leu-Arg-Phe гэсэн дараалалтай, катионы шинж чанартай казейцидин гэдэг пептид үүсдэг. Иймэрхүү пептидүүд сүүний голлох уураг болох ээдэмцэр болон шар сүүний уургуудыг амьтаны болон микробын гаралтай уураг задлагч ферментүүдийг ашиглан задлахад олноор үүсдэг байна.
Хүүхэд хөхөө хөхөөр уйлахаа больж, унтдаг нь тайвшруулах үйлчилгээтэй пептидүүдтэй холбоотой гэсэн үг үү?
Ээдэмцэрийг уураг задлагч ферментээр задлахад мөн төв болон захын мэдрэлийн системд нөлөөлдөг пептидүүд үүсдэг. Жишээлбэл ээдэмцэрээс үүсэлтэй тайвшруулах үйлчилгээтэй пептидүүд нь гэдэсний салст бүрхэвчийг нэвтрэн гарч хүүхдийг унтуулах, тайвшруулах үйлчлэл үзүүлдэг байна. Мөн түүнчлэн энэ идэвхээрээ дамжуулан электролит зөөгдөх, инсулин ялгарах, хоол тэжээл шингэх зэрэгт тодорхой үүрэг бас гүйцэтгэдэг. Ийм пептидэд Tyr-Pro-Ser-Tyr-Gly-Leu-Asn, Tyr-Pro-Tyr-Tyr, Tyr-Ile-Pro-Ile-Gln-Tyr-Val-Leu-Ser-Arg гэсэн пептидүүд орно.
Эрдэс зөөгч пептидүүд гэдэг нь цайр, селен гэх мэт хүний биед ашигтай элементүүдийг зөөхөд оролцдог гэж ойлгож болох уу? Үүнд ямар пептидүүд орох вэ?
Сүүний уургийн гаралтай эрдэс зөөгч пептидүүдэд гол төлөв ээдэмцэрээс үүсдэг фосфопептидүүд юм. Энэ фосфопептидүүдийг кальцийн хамгийн гол зөөгч гэж үздэг. Кальцаас гадна өөр олон төрлийн эрдэсүүдийг ч зөөнө. Ээдэмцэрийн фосфопептидүүд нь Pse-Pse-Pse-Glu-Glu гэсэн аминхүчлийн нийтлэг дараалалтай хэсгийг өөртөө агуулдаг ба түүний дараалсан гурван серинүүд (Pse) нь фосфоржсон байдаг. Энэ фосфоржсон серинтэй кальц гэх мэт эрдэсүүд холбогдон зөөгдөж, хүний биеийн тухайн эрдэсийн хэрэгцээтэй эд эрхтэнд очно. Нэг мол ээдэмцэрийн фосфопептид 40 мол хоёр валенттай кальцийг зөөдөг болохыг судлаачид тогтоосон байдаг. Фосфопептидүүд ялангуяа нялх амьтаны ясыг бэхжүүлэх, эрдэс алдагдсан нөхцөлд эргэн эрдэсжүүлэх зэрэг үйл ажиллагаанд оролцдог.
Сүүлийн үед антиоксидант идэвхтэй хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж их ярих боллоо. Хөхний сүү бас ийм шинж чанартай гэсэн үг үү?
Организмд ихээр үүссэн чөлөөт радикалууд нь эсийн уураг, мембраны липид, нуклейны хүчил, ферментүүдийг исэлдүүлж, эсийн амьсгалах улмаар амьдрах чадварыг зогсоож, атеросклерос, чихрийн шижин, үе мөчний өвчин үүсэхэд нөлөөлдөг, мөн нуклейны хүчлийг исэлдүүлэн гэмтээж улмаар хорт хавдар үүсэхэд хүргэдэг юм байна. Ийм чөлөөт радикалын үйлчлэлээс эсийг хамгаалах үүрэгтэй антиоксидант идэвхт пептидүүд сүүний уургуудаас үүсдэг. Эдгээр пептидүүд нь таваас арван нэг хүртэл тооны аминхүчлүүдээс бүрдэх ба энэ бүрэлдэхүүндээ пролин, гистидин, тирозин эсвэл триптофан зэрэг гидрофобны аминхүчлүүдийг агуулдаг байна. Зарим антиоксидант пептидүүдийн аминхүчлийн дараалал нь Val-Lys-Glu-Ala-Met-Ala-Pro-Lys, Tyr-Phe-Tyr-Pro-Glu-Leu, Trp-Tyr-Ser-Leu-Ala-Met-Ala-Ala-Ser-Asp-Ile Trp-Tyr-Ser-Leu-Ala-Met-Ala-Ala-Ser-Asp-Ile Tyr-Val-Glu-Glu-Leu гэсэн дараалалтай байдаг.
Таны ярьснаас өөр сүүнээс үүсдэг биологийн идэвхтэй пептидүүд байдаг уу?
Организмд цусны даралтыг зохицуулагч ангитензин гэдэг пептидийн гормоныг идэвхжүүлэгч буюу ангиотензин хувиргагч фермент байдаг. Энэ фермент идэвхтэй байвал цусны даралт ихэсдэг. Харин ийм ферментийн идэвхийг дарангуйлагч пептид сүүний уургийг задлахад үүсдэг. Ийм пептидүүд гол төлөв ээдэмцэрийн ферментэд задралын үр дүнд үүснэ. Ээдэмцэрээс үүссэн цусны даралт бууруулагч зарим пептидүүд Glu-Met-Pro-Phe-Pro-Lys, Tyr-Pro-Val-Glu-Pro-Phe-Thr-Glu гэсэн дараалалтай байна. Пептидийн Ц-төгсгөлдөө пролинтой байдаг учраас дээрхи ферментээр задардаггүй тул дипептидийн идэвхийг сааруулдаг юм билээ.
Танай судалгааны баг уургийн судалгааг их хийсэн. Өөрсдийн судалгааны талаар, цаашдын зорилгын талаар ярьж өгөөч.
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн манай Биохимийн лабораторийнхан сүүлийн гучаад жил Монгол орны уурагт түүхий эдийг ашиглаж импорт орлох, улмаар экспортонд гаргахуйц чанартай бүтээгдэхүүн бий болгох технологи боловсруулахад чиглэсэн судалгааны ажил хийж ирлээ. Уурагт түүхий эдийн нэг болох сүүний ээдэмцэрийг манай орны хөдөө орон нутагт бэлтгэж ирсэн уламжлалтай, одоо ч гэсэн бэлтгэх бүрэн боломжтой. Энэ уургийг уураг задлагч ферментийн тусламжтайгаар задлан аминхүчил, пептидүүдээр баялаг ээдэмцэрийн гидролизат гарган авах технологи боловсруулж, хүрээлэн дээрээ байгуулсан бага оврын цехэд үйлдвэрлэж байсан. Хүмүүс “Ампет” гэдэг нэрээр нь мэдэх байхаа. Энэхүү ээдэмцэрийн гидролизат дотор дээр дурьдсан бүх төрлийн биологийн идэвхт пептидүүд агуулагдсан байдаг учраас бүх төрлийн уургийн дутагдлыг нөхөхөөс гадна дархлаа дэмжихээс эхлээд эрдэс зөөх хүртэл үйлчилгээг үзүүлдэг учраас эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн байсан. Хүрээлэнгийн тоног төхөөрөмж маань удаан хугацаанд ашиглагдсанаас болж эвдэрч, сүүлийн үед үйлдвэрлэж чадахгүй байгаа. Гэхдээ бид үйлдвэрлэлээ сэргэхээр бэлтгэл ажил хийж байна. Удахгүй та бүхэнд “Ампет” бүтээгдэхүүнээ хүргэнэ гэдэгт итгэж байна.