Нүүрсийг боловсруулах ирээдүйн
талаар ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэнгийн Багажит шинжилгээний
лабораторийн эрхлэгч, химийн шинжлэх ухааны доктор Ж.Нарангэрэлтэй ярилцлаа.
Тэрбээр нүүрсийг хувиргах
шинэ арга бий болгон Германд патент авсан, нийлэг нефтийн судалгааны ажил нь
Япон улсын Нефтийн сэтгүүлийн оны шилдэг эрдэм шинжилгээний өгүүллээр
шалгарч байсан нэгэн.
-Хятадууд нүүрс авахгүй гэвэл нүүрс ирээдүйгүй болчих юм
шиг ойлгодог. Гэтэл нүүрснээс үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж
бий гэж та ярьж байсан. Өвөрмонголд нүүрсийг гүн боловсруулах үйлдвэрүүд
ажилладаг гэсэн. Нүүрсийг гүн боловсруулах ирээдүй Монголд бий юу?
-Хятад хэрэв нүүрс авахгүй гэвэл мэдээж манай улс хэцүү
байдалд орно л доо. Нүүрсээ зарах нь хамгийн энгийн бөгөөд хялбараар мөнгө олох
арга. Нүүрсийг гүн боловсруулах үйлдвэрийн тухайд гэвэл боловсруулах сайн
технологиуд бол байна. Харин эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар гэдэг илүү
чухал хүчин зүйл юм. Бид нүүрсээ шингэрүүлээд шингэн түлш гаргаж болох ч
тэр нь үнэ өртгийн хувьд өрсөлдөх чадваргүй, гаднаас орж ирж байгаа бензин,
дизель түлшний үнээс өндөр үнэтэй байвал борлогдохгүй. Хэрэв гаднаас шингэн
түлш оруулахгүй, зөвхөн өөрийн дотоодын түлш ашиглана гэсэн бодлого баримтлан төрөөс
дэмжвэл бүтэхгүй зүйл биш юм. Яг одоогоор нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэж
байгаа хоёр орон байдаг нь Өмнөд Африк болон Хятад. Өмнөд Африк бол тухайн
үедээ дэлхийн бусад орнуудаас тусгаарлагдан гарцаагүй байдалд орж, энэ төрлийн
үйлдвэрлэлийг хөгжүүлсэн бол Хятад улс ирээдүйд газрын тосны хараат байдалд орохгүй
байх үүднээс ийм үйлдвэрлэлийг эхлүүлсэн. Төвлөрсөн эдийн засагтай улсын давуу
тал бас байна. Зах зээлийн эдийн засагтай улсад хувийн компаниуд ийм
алхам хийхэд эрсдэлтэй.
-Нүүрсийг гүн боловсруулах явцад дагалдах химийн
үйлдвэрүүд хөгждөг. Манайхан хил хаагдахад нүүрсний шуудайнаас авахуулаад
гялгар уут, сав баглаа боодол хомсодсон. Монголдоо яагаад гялгар уутаа ч
үйлдвэрлэдэггүй юм бэ гэж шүүмжилдэг. Гэтэл нөгөө л нүүрс, нефьт
боловсруулах үйлдвэрүүд бий болж байж наад зах нь гялгар уут үйлдвэрлэнэ
гэсэн үг үү?
-Тиймээ. Мэдээж гялгар уут буюу нийлэг материал гаргаж
авах хамгийн хялбар түүхий эд бол байгалийн хий юм. Манайд байгалийн хий
байдаггүй. Хоёр дахь түүхий эд нь газрын тос. Хэрэв дээрх хоёр түүхий эд
байхгүй бол нүүрснээс гаргаж авч болно. Хятад улсад яг энэ гялгар уутны
түүхий эдийг газрын тос, хий, болон нүүрснээс гаргаж авдаг. Нүүрсийг эхлээд хийд
хувиргаад дараа нь уг хийн нийлэгжүүлэлтээр полиэтилен болон полипропилен буюу
бидний нэрлэж заншсан гялгар уутны түүхий эдийг үйлдвэрлэдэг. Манайд энэ
төрлийн бүтээгдэхүүний үйлдвэр одоогоор алга. Газрын тосны үйлдвэр
ашиглалтад орвол органик химийн зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий болно.
-Урьд нь манай томоохон компаниуд нүүрснээс шингэн түлш
гаргаж авах талаар хөөцөлдөж байсан ч өртөг зардал нь өндөр учраас орхигдсон
гэдэг билүү?
-Хамгийн гол нь эдийн засгийн асуудал байдаг. Техник
болон технологи нь нэлээд хэд хэдэн оронд байна. Нүүрснээс бензин, дизель
түлш үйлдвэрлэж болох боловч үнэ нь одоогийн зах зээлийн үнээс өндөр гарахаар
тооцоо гардаг. Өөрөөр хэлбэл үнийн хувьд одоогоор өрсөлдөх чадваргүй байна.
Хоёрдугаарт энэ төрлийн үйлдвэрийн эхний хөрөнгө оруулалт маш өндөр. Тэрбум
доллараар яригддаг учраас хэр баргийн компаниуд дийлэхгүй. Том байж
ашигтай ажиллахаар байдаг. Хамгийн эрсдэлтэй нь үйлдвэр байгуулаад,
бүтээгдэхүүн гаргаад явж байтал гадны түүхий эд түүнээс нь хамаагүй
хямдхан орж ирээд, үйлдвэр дампуурахад хүрэх эрсдэлтэй. Гэсэн хэдий ч энэ
төрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэд хэдэн үндэслэл бас байдаг. Үүнд, дотоодын түүхий эдийн нөөц баталгаатай, үнэ хямд, боловсруулах
техник технологийн эрчимтэй дэвшил, шинэ арга технологи, импортын
бүтээгдэхүүний хараат байдлаас ангижрах, түлш, эрчим хүчний түүхий эдийн олон
хувилбарт тулгуурлан хөгжих зэрэг байж болно.
-Та нүүрсийг гүн боловсруулах талаар судалдаг. Гэтэл
бодит амьдрал дээр Монголд цөөн тооны энгийн боловсруулалт л хийдэг шүү дээ.
Нүүрсийг баяжуулах, угаах үйлдвэрүүд яагаад дорвитой ажиллахгүй байна вэ?
-Угаах, баяжуулах үйлдвэрүүд олигтой ажиллахгүй байна гэж
хэлж болохгүй. Энгийн боловсруулалт ч чухал ач холбогдолтой. Одоо бол
Тавантолгойн нүүрсийг баяжуулаад гаргаж байгаа нь нэг дэвшил юм. Манайх
муу баяжуулж байна гэж бас ойлгож болохгүй. Баяжуулах үйлдвэрүүд дэлхийн жишигт
байдгаар ажиллаж байгаа гэж би ойлгодог. Нүүрс баяжуулах гэдэг нь түүнд
агуулагддаг эрдэс чулуулгын хувийг бууруулах процесс юм. 20 хувийн үнстэй нүүрс зөөх нь эдийн засгийн ач холбогдолтой юу, 10 хувийн үнстэй нүүрс зөөх нь ач холбогдолтой юу?
Худалдаж авч байгаа газар нь мэдээж үнс багатай нүүрс авахыг хүснэ. Баяжуулсан
нүүрс илүү үнэ цэнэтэй. Иймд аль болох баяжуулаад гаргавал сайн. Гэхдээ эдийн
засгийн тооцоо бас чухал. Зарим тохиолдолд үнслэгийг багаахан хэмжээгээр
бууруулах гэж баяжуулах үйлдвэрт их зардал гаргахаар түүхий нүүрсээ шууд
тээвэрлэн зарах нь ашигтай байж болох юм.
-Нүүрсний цахилгаан станцуудыг ад үзээд байгаа ч гадаадад бол
яндангаас нь утаа гардаггүй цахилгаан станцууд ажиллаад байна гэдэг шүү дээ.
Манай цахилгаан станцууд бас утаагүй байх боломжтой юу?
- Гадаадын станцууд яагаад тэгж цэвэр ажиллаад байна гэхээр нэгдүгээрт
нүүрсээ ямар ч хаягдалгүй шатааж чадаж байна. Хоёрдугаарт утааг маш сайн шүүж
байна. Тэгэхээр байгаль орчинд хаягдал нь маш бага болдог. Дэлхий даяар нүүрсний
цахилгаан станцыг хориглох гээд байгаа гол шалтгаан нь нүүрстөрөгчийн
давхар исэл ялгаруулдагт байна. Бүх төрлийн шатдаг түлшнээс буюу хий, шингэн,
хатуу түлшнээс нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг бөгөөд эдгээрээс хатуу түлш
хамгийн ихээр ялгаруулдаг. Дэлхий нийтэд эхний
ээлжинд нүүрсийг хориглоно. Дараа нь газрын тос хориглоно, дараа нь бас
байгалийн хийг хориглох гэж байгаа.
-Сайжруулсан шахмал
түлш хэрэглэж байгаа ч нийслэлийн агаарын бохирдол их хэвээр байна. Утаа багатай түлшийг сайжруулж болох уу?
-Манай улсын хувьд, ялангуяа Улаанбаатар хотын гэр
хорооллын айл өрхүүдийн хувьд өнөөдрийн байдлаар дулааны гол эх үүсвэр нь
сайжруулсан шахмал түлш болоод байна. Бид өмнөх жилүүдэд Багануур, Налайхын
түүхий нүүрс түлж байсантай харьцуулбал нэг дэвшил гарсан. Хэдийгээр
Тавантолгойн нүүрс нь хүрэн нүүрстэй харьцуулбал дэгдэмхий бодис агуулга
багатай. Үүгээрээ агаарт хаягдах бохирдол бага, илчлэг өндөртэй давуу талуудтай
боловч бид өнөөдөр ч түүхий нүүрсээ түлсээр л байгаа юм. Иймд миний бодлоор
дараагийн шатны цэвэр түлшинд буюу дулааны боловсруулалт хийсэн түлшинд шилжих
шаардлагатай болов уу. Энэ нь Тавантолгойн нүүрснээс хагас кокс үйлдвэрлэн
шахмал түлшний түүхий эд болгох асуудал юм. Гадаад орнуудад нүүрснээс гаргасан
хагас коксыг буюу нүүрсийг 700 хэм орчим халааж, ихэнх бохирдлыг нь зайлуулсан
нүүрсийг утаагүй түлш болгон ашигладаг. Нүүрсийг ийнхүү халааж дэгдэмхий бодис
буюу бидний нэрлэж заншсан угаарын хийг зайлуулсан тохиолдолд түүхий нүүрснээс
хамаагүй цэвэр нүүрс буюу хагас коксонд хувирдаг. Сайжруулсан шахмал түлшний
зориулалтаар нийлүүлэгдэж буй Тавантолгойн нүүрсний баяжуулалтын завсрын
бүтээгдэхүүнийг хагас коксжуулалтанд оруулсаны дараа одоогийн шахмал түлшний
үйлдвэрийн шат дамжлагуудаар оруулан цааш боловсруулах боломжтой. Хагас кокс
ашиглах бас нэг давуу тал нь түүхий нүүрсэнд агуулагдаж байсан хүхрийн тодорхой
хэсэг хүхэрт устөрөгч хийн байдлаар зайлуулагддаг юм. Хагас коксон шахмал түлшийг шатаах явцад
агаарт хаягдах хүхрийн ислүүдийн хэмжээ бас тодорхой хэмжээгээр буурах болно.
-Манайд энэ хагас коксон түлш үйлдвэрлэсэн, хэрэглэсэн
туршлага байгаа юм уу?
-Хагас коксон түлш үйлдвэрлэж хэрэглээнд туршсан туршлага
бидэнд байгаа. МАК, Шарын гол энержи, НАКО зэрэг хэд хэдэн хувийн компани
нүүрсийг хагас коксжуулах үйлдвэрүүд байгуулан ажиллуулж байсан. Мөн хагас
коксон шахмал түлшийг бага хэмжээгээр үйлдвэрлэн, гэрийн зууханд шатаах,
хаягдал утаанд агуулагдах хорт хийнүүдийн агуулгыг тодорхойлох туршилтын
ажлуудад би өөрөө оролцож явсан. Япон улсын Жайка байгууллага нүүрсийг хагас
коксжуулах төхөөрөмж Уул уурхайн хүрээлэн дээр суурилуулан ажиллуулж гарган
авсан Багануурын нүүрсний хагас коксоор шахмал түлш үйлдвэрлээд, айл өрхүүдэд
тараан хэрэглүүлж туршсан байдаг. Энэ ажил ихээхэн үр дүнтэй болж байсан. Туршилт судалгааны тайланг Жайка байгууллага манай улсад
хүлээлгэн өгсөн л дөө.
- Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаад байна. Гэтэл
манайх газрын тосны нөөц багатай гэж яригддаг. Газрын тосны нөөц маань
шавхагдвал яах вэ? Та уламжлалт бус газрын тосны судалгаа хийж байгаа гэсэн.
Энэ талаар тодруулж яриач?
- Шатдаг занар, нүүрс, байгалийн битумээс гаргадаг түүхий тосыг бид уламжлалт
бус тос гэж нэрлэдэг. Эдгээр нь шинэ бүтээгдэхүүн биш. Гадаадад бол олон жилийн
турш ашиглаж ирсэн туршлага бий. Жишээлбэл байгалийн битумыг Канадад, занарын
тосыг Эстони, Хятад, Израйль улсуудад, нүүрсний тосыг Өмнөд Африк болон Хятад
улсуудад ашиглаж байна. Уламжлалт бус тосны судалгаагаа би өнгөрсөн жилээс үргэлжүүлээд
эхэлсэн. Өмнө нь Япон улсад миний хийж байсан ажил юм. Уламжлалт бус тосыг судлах
үндсэн шалтгаан нөөц нь ердийн тосныхоос
хэдэн арав дахин их байдаг.
Манай газрын тосны үйлдвэрийн баталгаат нөөц харьцангуй
бага буюу шинээр баригдаж байгаа үйлдвэрийн хүчин чадлаар тооцоолбол 20 орчим
жилд шавхагдах тооцоо бий. Гэхдээ манайд шинээр газрын тосны нөөц илрэхийг
үгүйсгэхгүй. Харин шинэ нөөц илрээгүй, одоогийн нөөц шавхагдах тохиолдолд яах
вэ гэдэг асуудал үүсэх магадлалтай. Энэ тохиолдолд нүүрс
ба шатдаг занараас тос гарган аваад, энэ үйлдвэрт боловсруулан шингэн түлш
болон бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байж болно. Өмнө нь
би Япон улсад Австрали, Канад, Индонези улсуудын түүхий эдийг судлаж байсан бол
одоо өөрийн орны түүхий эдийг судлах боломж бүрдээд байна.
-Хэдийгээр нефть боловсруулах зориулалттай үйлдвэр ч
гэсэн нүүрсний тос боловсруулдаг болгож өөрчлөхөд асуудалгүй гэсэн үг үү?
-Өөрчлөх бараг шаардлагагүй. Хамгийн гол нь
нүүрснээс үйлдвэрлэх уламжлалт бус тосыг ердийн тостой ижилдүү шинж
чанартай болгож чадвал энэ үйлдвэрт түүхий эдээр ашиглах боломж гарна.