Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.ДАШЖАМЦ: БИДНИЙ БОЛОВСРУУЛСАН НОРМ, ДҮРМЭЭР БАРИЛГА БАРИВАЛ ЭВДРЭЛ ГАРАХГҮЙ Л ДЭЭ
Д.ДАШЖАМЦ: БИДНИЙ БОЛОВСРУУЛСАН НОРМ, ДҮРМЭЭР БАРИЛГА БАРИВАЛ ЭВДРЭЛ ГАРАХГҮЙ Л ДЭЭ

ШУТИС-ийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор Далайн Дашжамц саяхан “Ардын багш” цол хүртсэн билээ. Түүнтэй ярилцлаа.

-Та 1974 онд Уралын Политехникийн дээд сургуулийг барилгын инженерээр төгссөн гэсэн. 1980 онд Москвагийн Барилгын инженерийн дээд сургуульд дэд эрдэмтний зэрэг хамгаалж байж. Монголчууд байшин барьж чаддаггүй гэж ярьдаг байсан үед та сурч, эрдмийн зэрэг хамгаалж байжээ?

-Намайг дунд сургууль төгсөж байхад МУИС-д барилгын инженерийн анги нээгдсэн юм. 1967 онд би аравдугаар анги төгссөн л дөө. Багш нар маань “Манай сургуулийн байшинг орж ирж хараад л хөлөөрөө шалан дээр нь ганц, хоёр дэвсээд л энэ чинь тэдэн настай байшин юм байна гээд үнэлчихдэг эрдэм чадалтай мэргэжилтэн бэлтгэдэг юм байна” гээд ярилцаад байсан юм. Тэгээд л би барилгын инженер болъё гэж зориод, явсаар байгаад л барилгын инженер болсон доо. Гэхдээ би тухайн үеийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны нэр дээр ЗХУ-д сургуульд явсан юм. Аз болж Уралын Политехникийн дээд сургууль тухайн үедээ алдартай сургууль байсан. Миний төгссөн тэр сургуулийг хожим нь ОХУ-ын ерөнхийлөгч болсон Б.Ельцин надаас өмнөхөн төгссөн юм билээ. Тэгэхэд Б.Ельцин Свердловск мужид том дарга болчихсон байсан л даа. “Төрийн сайд нар, олон эрдэмтэд манай сургуулийг төгссөн” гэж багш нар маань ярьдаг байсан. “Зөвлөлтийн инженер бол дэлхийн шилдэг инженер байх ёстой” гэсэн лоозон сургуулийн хананд байдаг. Манай ректор Ф.П.Заостровский ЗХУ-ын төрийн шагнал хүртсэн том эрдэмтэн байв. Монголоос ирсэн гэхээр биднийг хүлээж авч уулзаж билээ. Тэр ярихдаа “Дэлхийн хоёрдугаар дайнд монгол морь унаж байлдаж байсан. Зэрлэг юм шиг адуунууд ирж байв. Маш тэсвэртэй, өвлийн хүйтэнд цас малтаад, өвс олж иддэг морьд байсан. Монгол нэхий дээл өмсөж, морийг нь унаад байлдаж байлаа” гэж ярьдаг байсан юм. Хичээж сураад, Уралын Политехникийн дээд сургуулийг улаан дипломтой төгсөж байлаа. Онц сайн дүнтэй төгссөн оюутнуудад ийм онцлох диплом өгдөг байсан юм. Барилгын инженер болно гэсэн эрмэлзэлтэй төгсөж ирсэн. Тэр үед МАХН-ын Төв хороо гадаадад төгссөн инженерүүдийг хуваарилдаг байсан л даа. “Чамайг шинэ байгуулагдсан барилгын инженерийн салбарт багшаар томилно” гэсэн. 1978 онд аспирантурт ирлээ. 1980 онд Москвагийн Барилгын инженерийн Дээд сургуульд суралцаж, Монгол орны хөлдөж овойдог хөрсөнд барилга барих ухаанаар дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Намайг төгсөж ирэхэд “Монголын гуч дахь эрдэмтэн боллоо” гэж байсан юм. Шинжлэх ухааны докторын зэргээ хожуу хамгаалсан. 1998 онд "Монгол орны тогтворгүй бүтэцтэй хөрсөнд барилгын суурийн шийдэл боловсруулах" сэдвээр зэрэг хамгаалсан юм. Монголд цэвдгээс гадна хөлдөж овойдог, суумтгай, хөөлттэй хөрс гэж байдаг. Говьд хөрс нь хатуу чулуу байснаа барилга барихаар чийгтээд, хөөгөөд эвдэрчихдэг. Орхон, Сэлэнгийн сав газар юм уу тал хээрийн бүсүүдэд бол элсэрхэг тоос ихтэй хуурайвтар хөрстэй. Барилга барьсны дараа хөрс нь суугаад, чийгтэж эвдэрдэг. Эвдрэл гардаг бүлэг хөрсийг судалж барилга барих тооцоо, зураг төслийн шийдэл боловсруулах судалгааны ажлууд хийсэн юм. Их сургуулийн багшийн гол ажил ном сурах бичиг бэлтгэх. 20 гаруй сурах бичиг, гарын авлага хэвлүүлсэн дээ.

-Таны судалгааны сэдэв чухал санагдсан. Одоо ч гэр хороололд хөрс нь овойсон, цууралттай байшингууд байдаг шүү дээ. Таны судалгааны ажлыг хүмүүс хэр их ашигласан бол?

-Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх гол зам нь барилгын норм дүрэм, стандарт. Барилгын норм дүрмийг боловсруулахад би оролцсон. Шавь нар, хамтран ажилладаг хүмүүстэйгээ арав гаруй норм, дүрэм боловсруулсан л даа. Түүгээр дамжаад, зураг төсөлд нэвтрэх бололцоо бүрдэж байгаа юм. Хэрэв бидний боловсруулсан норм, дүрмийг баримтлаад, барилга баривал эвдрэл гарахгүй л дээ. Гэр хорооллын жижиг барилгуудыг судалгаагүй шууд барьчихаж байгаа юм. Барьсан хойноо “Эвдрээд байна, зөвлөгөө өгөөч” гэж олон хүн ханддаг л даа, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийнханд. Манай “Геотехникийн профессорын баг”-ийн гишүүн багш нараас зөвлөгөө аваад засч залруулдаг. Одоо бол би “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” гэж АХБ, Европын сэргээн босголтын банкны төсөлд иргэний барилгуудын зураг төслийн зөвлөх инженерээр ажилладаг. Гэр хорооллын барилгууд хөрсний нөхцөлөөс болж эвдрээд байгаа юм. Дулааны алдагдал ихтэй байдаг. Энэ хоёрыг шийдэхээр багууд ажиллаж байна. Усанд автдаг газруудад ус зайлуулах системтэй барилга төлөвлөх хэрэгтэй болж байна. Түрүүчийн барилгуудыг ингэж төлөвлөж байна. Үер, халианд автагддаг, хөрсний нуралт, гулсалт, овойлт, цэвдгийн гэсэлт зэрэг аюултай үзэгдлүүдээс хамгаалах чиглэлээр хоёр нөхрийнхөө хамт шинэ норм боловсруулж гаргасан л даа. Түүнийг зураг төсөлд хэрэгжүүлэх талаар инженерүүдэд зөвлөгөө өгч байна.

Үүнээс өмнө Улаанбаатарт хороолол, нэр цуутай 50 гаруй барилгад төслийн удирдагч, зөвлөх инженерээр ажилласан. Тийм учраас бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, олны хүртээл болгоод явж байна гэж хэлж болно оо.

-Та олон шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авсан юм билээ. Зохиогчийн эрхийн гэрчилгээ 17-г эзэмшдэг гэсэн. Ямар бүтээлээ онцлох вэ?

-Миний гол бүтээл бол “Монгол орны тогтворгүй бүтэцтэй хөрсөнд барилга барих ухаан” гээд шинжлэх ухааны нэг сэдэвт бүтээл юм. Үүнд Монгол орны бүх нутаг дэвсгэрийг бүс нутгаар нь судлаад, онцлог чанартай хөрсөн дээр барилга байгууламж барих, зураг төсөл зохиох аргуудын тухай бичсэн. Мөн хамтарч ажилладаг нөхөдтэйгөө “Монгол орны геотехникийн нөхцөл” гээд ном бичсэн. 2008 онд Монгол Улсын шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарсан юм. ШУА, БСШУЯ хамтарч шалгаруулдаг байсан. Гэх мэтээр дурдаж болно. Англи хэл дээр бас нэг ном гаргасан. Гадаадын судлаач, Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа, үйлдвэрийн барилга байгууламж барьж байгаа улсуудад хэрэг болж магадгүй гээд англи хэл дээр гаргасан юм. Орос нөхөдтэй хамтарч нэг сурах бичиг гаргасан. Нэгдүгээр зохиогч би өөрөө юм. Оросын барилгын сургуулиудад хэрэглэгдэж байгаа. Тэр нь хөлдөж овойдог хөрсөнд барилга барих тухай байгаа юм.

-Хойд хөршид бас цэвдэгтэй хөрс их байх нь ээ?

-Тийм. Орос их цэвдэгтэй шүү дээ. Сибирь тэр чигээрээ цэвдэгтэй. Оросын хэвлэлийн газар санал тавихаар нь монгол хүн дангаараа байснаас танай нэг судлаачтай хамтаръя гэсэн юм.

-Та ерээд онд ч багшилж байсан юм билээ. Ардын багш болтлоо олон шавьтай болсон байх даа?

-Олон шавьтай. Нийтдээ 47 жил ажиллаж байгаа юм билээ. Түүнээс 37 жил нь яг самбарын өмнө зогсчээ. Залуудаа төр, олон нийтийн байгууллагын ажил бас хийж явсан. Нийтдээ 10,000 гаруй барилгын инженерт хичээл заажээ. Дөчөөд магистрын зэрэгтэй судлаачдыг бэлтгэсэн. Арав орчим докторын эрдмийн ажлын удирдагч, зөвлөхөөр ажилласан.

-Төрийн ордноос авахуулаад манай гол барилгууд, орон сууцны хорооллуудыг хятад, япончууд, оросууд барьсан. Одоо бол цамхаг нэртэй өндөр барилгуудыг манайхан өөрсдөө ихээр барих болж дээ?

-Монгол архитектурын их түүхтэй л дээ. Хар хорумаас авахуулаад олон хотын туурь үлдсэн. Харамсалтай нь үндсэн материал нь тоосго, вааран чимэглэл, дээврийн хийцүүд нь мод байсан болохоор дайн байлдааны үеэр шатчихдаг байж. 1950-иад оноос тоосго, бетон барилгын үйлдвэрлэлд нэвтэрсэн. Түүгээр мэргэшсэн хүмүүс нь суурин амьдралтай хятад, орос, япончууд байж. Монголчууд тэднийг дагаж барилгачин болсон. Би ч бас зуны амралтаараа барилгад ажилласан удаатай. Толгойтын тоосгоны үйлдвэр тухайн үед “Найрамдал тоосгоны завод” гэдэг байсан даа. Найрамдал завод Хятадын тусламжаар баригдсан, анхны автомат үйлдвэр байсан юм билээ. Тэнд ажиллаж үзсэн. 1970-аад оны эхэн үед гурван ээлжээр ажилладаг байлаа. Тухайн үед залуус “Хөнжилд ордоггүй долоо хоног (шөнийн ээлж), хөгжлөөс хоцорсон долоо хоног(оройн ээлж), хүнтэй уулздаггүй долоо хоног” (өдрийн ээлж) гэж дуулдаг байсан юм. Улаанбаатар, Толгойт хоёр өөр хот байсан шүү дээ. Хот орно гэж ярьдаг байв. Монголчууд тав хүртэл давхар барилга барьдаг байсан үе. Ерээд он гараад олон давхар барилга барьсан. Монголын анхны өндөр барилга Бодь цамхаг шүү дээ. Энэ барилгын зураг, дизайныг сонгоод, барих ажлыг захиалагчдын хүсэлтээр би удирдсан юм. Олон инженер, архитекторууд оролцсон. “Голомт” хотхон, “Зүүн хүрээ” хотхон байна. Олон барилга байгууламж бий л дээ. Одоо бол гэр хорооллыг хөгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулж явна.

-Нийслэлчүүд газар хөдлөлтөөс эмээх болсон. Шинээр баригдаж байгаа барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэртэй гэж сурталчилдаг. Японд барилгууд нь байгалийн гамшгийн үед ганхасхийгээд тогтдог гэдэг. Монголчууд үнэхээр газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барьж чадаж байна уу?

-Япон газар хөдлөлтөд тэсвэртэй, барилгаараа алдартай. Японы их сургуулиудтай хамтарч хэрэгжүүлдэг “Мянган инженерийн хөтөлбөр” гэж дуулсан байх. Энэ хөтөлбөрийн гол хэрэгжүүлэгч нь ШУТИС. Тэр дотроо Барилга, Архитектурын Сургууль, Механик Инженерийн Сургууль орж байгаа юм. Хоёр жил Монголд, хоёр жил Японд сургаад, түрүүчийн оюутнууд төгсөөд ирсэн, барилга дээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд “Газар хөдлөлт инженерчлэлийн лаборатори” байгуулж байгаа. Японд доктор хамгаалж ирсэн Ц.Цоггэрэл багш удирдаж байна. Түүнээс гадна манай геотехникийн баг Японы эрдэмтэдтэй хамтарч, жил болгон газар хөдлөлтийн асуудлаар өөрсдийн туршлага тооцоо, хийж байгаа ажлаа танилцуулдаг, шинэ мэдээлэл солилцдог хамтарсан семинар явуулдаг юм. 2006 оноос хойш бид барилгын норм, дүрмээ шинэчилсэн. Газар хөдлөлтөд тэсвэртэй барилгыг тооцох талаар хичээл их сургуульд ордог болсон. Улаанбаатар хотын газар хөдлөлтийн бичил мужлалыг шинэчлэн тогтоосон шүү дээ. Нэг баллаар нэмсэн. Нэг баллаар нэмнэ гэдэг барилгын тооцоонд хоёр балл ахисан гэсэн үг. Тэгэхээр аюулгүй байдлын зэрэглэл ахиж, барилгын үнэ өсч байгаа. 16 давхар хүртэл барилгуудын тооцоо, барих арга технологиудыг нь нормд оруулсан. Түүнээс дээш давхар барилгуудыг нэг удаагийн зөвшөөрөл олгож, хэлэлцэж байгаа. Барилгын хөгжлийн төв дээр Өндөр барилгын орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажилладаг. Шинээр баригдахаар төлөвлөж байгаа бүх барилгууд тооцоо, зураг төслийнхөө дизайныг шалгуулж, зургаа баталгаажуулдаг болж байгаа. Өндөр барилгын нормыг шинэчлэх ажил явж байна. Хуучин барилгуудыг ээлж дараалан хүчитгэх шаардлагатай. Улаанбаатар хотоос сүүлийн дөрөв, таван жилд паспортжуулах ажил хийсэн. Газар хөдлөлтийн чиглэлээр зургаа, долоон багш Японд магистр хамгааллаа. Одоо докторт сурч байна. Барилга, хот байгуулалтын чиглэлээр төрийн байгууллагад зарим нь ажиллаж эхэлж байна.

-Тан шиг мундаг барилгын инженер ямар байшинд амьдардаг нь манай уншигчдад сонин байх болов уу?

-Би хувийн сууцтай. Зургийг нь өөрөө зохиогоод бариулсан юм. Багш нарын орон сууцны хороололд газар өгсөн. Тэндээ амьдарч байна. Хуучны баганан чимэглэлтэй, гурван давхар хаус байгаа.

-Барилгын инженерийн мөрөөдөл юу вэ. Та мөрөөдөлдөө хүрсэн үү?

-За… дөхөж яваа байх аа. Монгол Улсад барилгыг найдвартай, тогтвортой хөгжүүлэх асуудал л даа. Алхам алхмаар урагшилж л байна. Барилга гэдэг олон салбартай юм аа. Үйлдвэр, уурхайн барилгууд, иргэний барилгууд байна. Салбар салбарт шавь нар маань ажиллаж байна. Гүний уурхай өөр байдаг юм байна. Гүн уурхайд тогтворыг хангах асуудлаар судалгаа хийж байсан л даа. Оюу толгойд ажиллаж байгаа шавь нар маань санал бодлоо солилцдог. Бороогийн алтны үйлдвэр зэрэг уурхай, үйлдвэрийн барилгууд дээр зөвлөгөө өгч байсан. Барилгын онцлог нь шинэ юм дандаа гарч ирж байдаг. Хүнээс шинэ сэтгэлгээ байнга шаарддаг. Мөрөөдлөө биелүүлэхээр явж л байна.

                                                                                                                                                                                         ӨДРИЙН СОНИН


Бусад мэдээлэл