-Шинжлэх
ухааны академийн их чуулган саяхан болж өнгөрлөө. Ямар үр дүнг хэлэлцүүлэв?
-Шинжлэх
ухаан технологийн хуульд заасны дагуу Шинжлэх ухааны академи жил бүр үйл
ажиллагааныхаа тайланг их чуулганаар хэлэлцэж Улсын их хурлын шинжлэх ухааны
асуудал хариуцсан байнгын хороо, Засгийн газрын холбогдох байгууллагуудад
хүргэдэг учиртай. Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу 2022 оны ШУА-ийн үйл
ажиллагааны тайланг хэлэлцэж, өнөөдрийн (өчигдөр) их чуулган төлөвлөсөн ажлаа
хангалттай биелүүлсэн байна гэж дүгнэлээ. Түүнчлэн цаашдын бодлого, зорилтоо
маш нарийн тодорхойллоо. Тулгамдаж буй асуудлууд байгааг нээлттэйгээр ярилцлаа.
Их чуулганд сүүлийн хэдэн жилийн хугацаанд анх удаа Боловсрол, шинжлэх ухааны
сайд Л.Энх-Амгалан биечлэн оролцож, бүрэн сууж, үг хэлэн, академийн гишүүдийн
чуулгад хэлэлцсэн зүйлсийг анхааралтай сонсож, тавьсан асуулт санал дүгнэлтэд
өөрийн гэсэн байр сууриа тодорхой илэрхийлж явснаараа их онцлог байлаа.
-Энэ
оны төлөвлөгөө, зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Өнгөрсөн 2022 оны үйл ажиллагааны онцлох үр дүнгүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай гарчихсан. Дэвшүүлж буй зорилт бол маш тодорхой байгаа. Нэгдүгээрт, шинжлэх ухаан технологийн салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн шинэ механизмыг Боловсрол, шинжлэх ухааны яам журмыг нь батлан хэрэгжүүлж эхэлж байна. Тус хэрэгжилтийн явцад үүсэх хамгийн чухал асуудал бол эрдэм шинжилгээний ажилтны ажлыг үнэлж дүгнэх шалгуур үзүүлэлтийн систем байдаг. Энэ бол их төвөгтэй, эрдэмтэн хүн гэдэг шинжлэх ухааны тодорхой салбартаа өндөр түвшинд мэргэшсэн, түүгээрээ нарийвчилсан олон талтай судалгаа хийн, ном бүтээл туурвидаг, илтгэл тавьж хэлэлцүүлэг хийдэг онцлогтой. Энэхүү онцлогоос шалтгаалан хөндлөнгийн хүн харж ажлын сайн муу, үр дүн мөн, биш гэж дүгнэхэд түвэгтэй. Тийм учраас олон улсын жишгээр эрдэм шинжилгээний бүтээл, эрдэм шинжилгээний ажилтны үйл ажиллагааг үнэлж дүгнэх аргачлалыг ШУА санаачилж, БШУЯ-ны түвшинд хэлэлцүүлж, жишиг стандартыг батлуулан эрдэм шинжилгээний ажилтан бүрийн ажлыг үнэлж, тус үнэлэлтдээ суурилан санхүүжилтийн механизмыг оновчтой болгох юм. Хоёрдугаарт, шинжлэх ухаан технологийн тухай хуулийг энэ онд багтааж улсын их хурлаар батлуулахаар ШУА, БШУЯ идэвхтэй ажиллаж байна. Энэ хуульд өнөөдрийн шинжлэх ухаан технологийн салбарт тулгамдаж буй ээдрээтэй, шийдэх ёстой асуудлуудын зохицуулалтуудыг нарийвчлан тусгаж өгөх шаардлагатай гэсэн зарчмын санааг дэвшүүлсэн. Гуравдугаарт, сүүлийн жилүүдэд ШУА, их дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин улсын дунджаас доогуур байна. Ийм цалин дээр эрдэм шинжилгээний залуу, чадварлаг ажилтнууд тогтож ажиллахад хүндрэлтэй. Сүүлийн хоёр, гурван жилийн дүнгээс үзэхэд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээс бакалавр, магистр, докторын зэргээ хамгаалж ирж 3, 4 жил тогтворжиж чадвартай, бэлтгэгдсэн, тэргүүлэх судлаач эрдэмтний түвшин рүү дөхөж ирж байх үед нь хувийн хэвшлийнхэн өндөр цалин амлаж, гадаадын зарим төсөл хөтөлбөрүүд өндөр цалин амлахад л тэд явахаас өөр аргагүй болж явж байна. Үүнээс шалтгаалан хүний нөөцийн хомсдол үүсэх эрсдэлтэй. Нэгэнт бэлтгэгдсэн боловсон хүчнээ хадгалж, бэхжүүлж бататгах зорилтыг Засгийн газрын түвшинд, шаардлага гарвал төрийн албаны хууль, хөдөлмөрийн хуулийн түвшинд хөндөж ярих шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийж байна. Дөрөвдүгээрт, их чуулган дээр салбарын сайд маань их тодорхой шинэ мэдээлэл хийлээ. Засгийн газрын шинэ сэргэлтийн зургаан бодлого буюу ойрын арван жилд хэрэгжүүлэх бодлогын дараа, зэрэгцүүлэн шинжлэх ухаан технологийн сэргэлтийн арван жилийн бодлогоо тодорхойлохоор Засгийн газраас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан томоохон хэмжээний ажлын хэсэг байгуулах шийдвэр өчигдрийн (өнгөрөгч лхагва гариг) хуралдаанаар гарсан байна. Энэ бол шинжлэх ухааны технологийн салбарыг төр засгаас үл тоомсорлодог хандлагаасаа хүндэтгэдэг, дэмждэг хандлага руу орж эхэлж буй эхлэл юм. Хандлага өөрчлөөд зогсох биш бодит бодлогоор шинжлэх ухаан технологийнхоо хөгжлийг дагаж улс орны эдийн засаг, нийгэм суурилж хөгждөг төлөвлөлтийн систем рүү орох гэж буй зорилт болгож гарч ирж байна.
Монгол Улсын сүүлийн 30 жилийн дотор гаргасан нэг том алдаа бол шинжлэх ухаан технологи оюунлаг салбараа орхиж, эдийн засаг хөрөнгө мөнгө санхүүгийн хүрээтэй асуудлууд руу илүү хөрөнгө оруулалтыг оруулсан. Тухайлбал, Засгийн газрын үндсэн чиг үүргийг тодорхойлохдоо шинжлэх ухаан технологийн цогц бодлогыг тодорхойлж, эдийн засаг нийгмийн бодлого зэрэг дараагийн бодлогуудаа нарийвчлан зохицуулна гэсэн үндсэн хуулийн заалттай. Энэ 30 жил үүнийг эхэлж хийлгүй, тулгамдсан өдөр тутмын асуудлууд руу анхаарч, улс орныг урт хугацаанд хөтөлж, хөгжлийн бодлогыг угтаж тодорхойлдог салбар луугаа анхаараагүй учраас энэ байдлыг өөрчлөх нь 2023 оны гол зорилтын ноён нуруу болж дэвшигдэж байна.
-Шинжлэх ухааны салбар хэдэн төгрөгийн төсөвтэй
байж улс орныг хөгжүүлэх шинжлэх ухааны бүтээлүүд төрөх боломжтой вэ?
-Дэлхий дахинд янз бүрийн тоогоор дүйцүүлэн хэлсэн байдаг. Дэлхийн шинжлэх ухаан технологийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудад ДНБ-ий 4.5-аас доошгүй хэмжээний хөрөнгө зардлыг зарцуулж байж шинжлэх ухаан технологийн салбар илүү хөгжинө гэдэг. Азийн дунджаар бол ДНБ-ий 1.5 орчим хувь дээр байж хэвийн хөгжилтэй болж явна. ДНБ-ий 0.4 хувьд хүрвэл шинжлэх ухааныг нийгмийн үзэгдлийн хүрээнд хүлээн зөвшөөрсөн гэдэг үнэлгээ бий. Гэтэл манайд 0.16 хувь буюу 0.2 хувьд ч хүрэхгүй байна. Тэгэхээр шинжлэх ухаан технологийн салбарт зарцуулж буй ДНБ-ий хэмжээг дор хаяж Азийн орнуудын дундаж руу дөхүүлсэн бодит алхам хийх шаардлагатай. Шинжлэх ухаан технологийн салбарт зарцуулж буй хөрөнгийн нийт хэмжээг ДНБ-тэй тооцох статистик тооцоолол манайд бараг байхгүй. Шинжлэх ухаан технологийн салбарт, шинжлэх ухааны албан ёсны байгууллагуудад улсын төсвөөр хуваарилж буй төсвийн дээд хэмжээ бол ойролцоогоор 40 тэрбум орчим. Гэтэл яам тамгын газар, улсын үйлдвэрийн ажлын газрууд, хувийн хэвшил, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч зэрэг байгууллагуудаар дамжиж судалгааны төсөл нэртэйгээр хэрэгжүүлдэг үйл ажиллагааны зарцуулсан мөнгө 100 гаруй тэрбум төгрөгийн тооцоо гарсан жишээтэй байна. Тэгэхээр манайд нэгдүгээрт, статистикаа цэгцэлж, хоёрдугаарт, тарааж буй мөнгөө гол зүйл рүүгээ төвлөрүүлбэл ДНБ-ий эзлэх хувь хэмжээ бодитой гарч бодитой тооноос цааш явах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, судалгааны ажилд зарцуулж буй мөнгө тооцооллоор харахад бага биш байгаа юм. Гэтэл энэ нь шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа хийдэг мэргэжлийн байгууллага эрдэм шинжилгээний ажилтнуудаас илүү бага төслийн баг, ТББ-ууд, хувийн хэвшлийн захиалгаар явагдаж, цаг үеийн тодорхой асуудлуудыг захиргааны байгууллага өөрөө шийдэж явах бололцоотой зүйлийн үндэслэл болсон жижиг судалгаануудад тарамдуулж хаяж буй байдал байж магадгүй гэдэг зүйл харагддаг. Тиймээс Монгол Улсад судалгаа шинжилгээний ажилд зарцуулж буй мөнгө хэд байгаа, түүний үр дүнг хэн хэрхэн ашиглаж байгаа вэ гэдэг суурь судалгаа байхгүй байгаад юм. 2023 оны бас нэгэн том зорилт бол Монголд шинжлэх ухааны технологийн үйл ажиллагааны үндэсний хэмжээний нэгдсэн мэдээллийг нэгтгэн, төлөвлөлт тайланг гаргадаг зарчим руу явах шаардлагатай гэсэн саналыг Засгийн газарт хандан дэвшүүлсэн.
-Эрдэмтэн судлаачдад ДНБ-ий хувийг
нэмэгдүүлж өгвөл улсаа хөгжүүлж зарцуулж чадах уу. Чадахгүй өөрсдөө идэж
дуусгавал яах вэ?
-Тийм зүйл байхгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан технологийн салбарт ажиллаж буй мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн судалгаа шинжилгээний ажил эрхэлж буй байгууллагууд руу яг судалгаа шинжилгээний ажлаа үр дүнтэй хийхэд шаардагдах хэмжээний хөрөнгө оруулалт, төсөв санхүүг нэмж өгвөл эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа шинжилгээний ажилтнууд бол ямар нэгэн хувийн эрх ашиг гэхээсээ илүү шинжлэх ухаандаа үнэнч, сэтгэл зүрхээ зориулсан, ёс суртахууны доголдол гаргах магадлал бараг байхгүй хүмүүсийн хүрээ байдаг. Тиймээс шинжлэх ухаандаа итгэх хэрэгтэй, итгээд мөнгө, санхүүжилт зардлыг нэмээд өгөхөд эрдэмтэд хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Хамгийн чухал зүйл нь ахмад үеийн эрдэмтэд социализмын үед бэлтгэгдэн зах зээлийн үед туршлагажин, нас нь ахисан байна. Одоо дараагийн үе нь залгаж гарч ирэх ёстой. Гэтэл энэ залгаа үе дээр тасалдал үүсчихсэн. Сүүлийн 30 жилийн хугацаанд шинжлэх ухааны салбарынхны цалин их доошоо орсон. Сайн хүн бага ирдэг, ирсэн хэд нь гадагшаа явчихдаг болсон учраас хүний нөөцөө хөрөнгө оруулалттайгаа хамт бэлдэх ёстой. Шинжлэх ухаан технологийн салбарт улсын төсвөөс болон бусад эх үүсвэрээс санхүүг нь нэмэхийн зэрэгцээ энэ санхүүг шинжлэх ухаанд зориулж зарцуулж чадах чадвартай боловсон хүчнийг хамтад нь бэлтгэж явуулах ёстой. Хоёрдугаарт, зүгээр хий мөнгө байх, мөнгө хуваарилах нэг асуудал. Хуваарилсан мөнгийг багаж лаборатори, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж хэрэглэгдэхүүн рүү зохицуулж явуулах бүх механизмуудыг оновчтой хангаж өгөх ёстой. Хил гаалийн татвар, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, олон улсын төсөв хөтөлбөрийг шинжлэх ухааны байгууллагын чадавхыг, лаборатори тоног төхөөрөмжийг бэхжүүлэх, суурь дэд бүтцийг сайжруулах, технологийн орчныг шинэ түвшинд алдахгүй авч явах бололцоотой болгох гэх зэрэг цогцоор нь шийдэж байж төсөв хөрөнгө ашигтай зарцуулагдана. Ингэж цогц болж хөгжвөл шинжлэх ухаанд зарцуулсан мөнгө улс орны хөгжлийг хөтөлж явдаг хөдөлгүүр нь болж явах бүрэн бололцоотой.
Өдрийн сонин