Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ж.ТЭМҮҮЖИН: ЦЕМЕНТИЙН БҮХ ТҮҮХИЙ ЭД МАНАЙ УЛСАД БАЙДАГ УЧИР ГАДНААС НЭМЭЛТ БОДИС АВАХ ШААРДЛАГАГҮЙ
Ж.ТЭМҮҮЖИН: ЦЕМЕНТИЙН БҮХ ТҮҮХИЙ ЭД МАНАЙ УЛСАД БАЙДАГ УЧИР ГАДНААС НЭМЭЛТ БОДИС АВАХ ШААРДЛАГАГҮЙ

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, академич Ж.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Цементний эрэлт их байгаа ч нийлүүлэлт буурснаас энэ бүтээгдэхүүний үнэ өсөөд байна. Дотоодын үйлдвэрлэгчид хангалттай үйлдвэрлэж чадахгүй байгаа нь энэ асуудлыг үүсгэж байна гэх юм. Манайх цементээ дотоодоосоо 100 хувь хангах боломжтой гэдэг. Гэтэл яагаад хомсдол үүсээд байгаа вэ?

-Би энэ тухай мэдээ уншаад гайхаж байсан л даа. Манай улсад нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дөрвөн том үйлдвэр байхад хангалтгүй үйлдвэрлэж байна гэхээр. Үүнээс гадна Налгар түшиг зэрэг жижиг үйлдвэрүүд байгаа. Манай жилийн хэрэглээ хоёр сая тонноос хэтрэхгүй. Ингэхээр хомсдол өөр шалтгаантай байж магадгүй юм. Цемент голчлон хэрэглэдэг барилгын үйлдвэрлэл улирлын шинж чанартай. Дулааны улиралд барилга, замын ажлын гүйцэтгэл явагдана. Харин цемент өөрөө удаан хадгалж болдоггүй буюу зургаан сараас дээш хадгалахыг тохиромжгүй гэж үздэг. Маш нарийн нунтаг учраас чийг өөртөө шингээн шинж чанар нь буурдаг. Иймээс үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэл жигдрэх хүртэл хомсдол үүссэн байж болзошгүй юм. Мөн цар тахлаас шалтгаалан бизнесийн үйл ажиллагаа саатсан нь ч нөлөөлж байж болно.

-Цемент гэж чухам ямар материал байна вэ. Химийн найрлага талаас нь та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Цементийн үйлдвэрийн түүхий эд найрлагаасаа хамаарч бага зэргийн ялгаатай байдаг. Үүнд нь кальцийн оксид, цахиурын оксид, төмрийн оксидын харьцаа чухал нөлөөтэй. Цементийн үйлдвэрлэлийн хамгийн чухал түүхий эд нь шохойн чулуу бөгөөд түүхий эдийн 75-80 хувь, шаварлаг эрдэс 20-25 хувь дээр нь бага зэргийн төмрийн хүдэр нэмэгдэж болох бөгөөд энэ нь шаварлаг эрдэст агуулагдах төмрийн оксидын хэмжээнээс шалтгаалдаг. Эдгээр түүхий эдээ нунтаглаж 1500оС хүртэлх температурт эргэх зууханд шатаан бөмбөлөг хэлбэрийн цементийн клинкер (чулуунцар)-ийг гаргадаг. Үүнийгээ дараа нь зургаан хувь хүртэлх хэмжээний гөлтгөнөтэй холин нунтаглаж портланд цемент гэж нэрлэгддэг холбогч нэгдэл буюу цементийг гарган авдаг.

-Цементний найрлагад ордог чухал бодисыг Хятадаас авдаг нь асуудлын гол болоод байгаа гэдэг. Тэр нь ямар бодис вэ?

-Энийг бол би үнэндээ мэдэхгүй юм байна. Цементийн үйлдвэрлэлийн сонгодог технологиор бүх түүхий эд нь манай улсад байгаа бөгөөд гаднаас нэмэлт бодис авах шаардлагагүй гэж бодож байна. Яг юуг гаднаас авдгийг хэлж мэдэхгүй байгаа учир сайн хэлж мэдэхгүй байна.

-Таны “Цахилгаан станцын хаягдал үнсээр барилгын материал үйлдвэрлэх” нэртэй судалгааны ажил “Дэвшилтэт шинэ материал үйлдвэрлэлд нэвтрүүлэг” шагналыг хүртэж байсан. Судалгааны тэрхүү ажил тань үйлдвэрлэлд нэвтэрч чадсан уу. Тухайн үед та “Хаягдал үнсийг ашиглавал Хятадаас цемент авахаа болино” гэж ярьж байсан?

-Энэ судалгаа, боловсруулсан технологи маань "Барилга -2012" үзэсгэлэнгээс уг шагналыг хүртэж байсан. Энэ нь геополимер технологи буюу цементгүй бетон үйлдвэрлэх технологи юм. Бид уг технологиор хагас үйлдвэрлэлийн туршилт явуулан тодорхой тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Тухайн үед манай улс цементийнхээ ихэнхийг БНХАУ-аас импортолдог байсан бөгөөд энэ хамаарлыг багасгах, байгаль орчны бохирдлыг шийдэхэд нэмэр болох технологи гэж үзэж байсан юм. Харин манай улсад цементийн том үйлдвэрүүд ашиглалтанд орсноор үнэ тогтворжин дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад эхэлсэн учир уг технологиор үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй болсон. Учир нь гол түүхий эд болох идэвхжүүлэгч шүлтийг гаднаас импортоор авах шаардлагатайн дээр химийн бодис ашиглаж буй учир химийн үйлдвэрлэлд тооцогдон орон тоо, хөдөлмөр хамгааллын нэмэлт зардал шаардагдан дотоодын бетоны үйлдвэрүүдтэй өрсөлдөхөд хүнд байсан учир цаашид үйлдвэрлэлийн түвшинд хэрэгжээгүй. Гэхдээ энэ технологиор Монгол Улсад оюуны өмчийн эрх хамгаалагдан, олон улсын сэтгүүл, товхимолд 20 гаруй бүтээл хэвлэгдсэн. 

                                                                                                                                                                   Өдрийн сонин 



Бусад мэдээлэл