Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.РЭГДЭЛ: МОНГОЛ ХҮН НОБЕЛИЙН ШАГНАЛ АВАХ БОЛОМЖ ХОЛ ГЭЖ ХАРАХ НЬ ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ
Д.РЭГДЭЛ:  МОНГОЛ ХҮН НОБЕЛИЙН ШАГНАЛ АВАХ БОЛОМЖ ХОЛ ГЭЖ ХАРАХ НЬ ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлтэй ярилцлаа.

- Монгол Улсын анагаахын салбараас дэлхийн хэмжээний  том нээлтүүд гарах болоо. Энэ тухайд?


- Нээлт гэдэг бол харьцангуй ойлголт. Нэг юм гаргаж ирээд нээлт гэж хэлдэг ойлголт зөвхөн Монголд л байна. Одоогоор Монголын шинжлэх ухааны салбараас Дэлхийн хэмжээнд нээлт хийсэн зүйл байхгүй гэж ойлгох хэрэгтэй.  Нээлт хийх тийм амар ажил биш. Нобелийн шагнал авч байгаа хүмүүсийг л нээлт хийсэн гэж үзнэ. Эдгээр хүмүүс 20, 30 жил хийсэн ажлынхаа үр дүнгээрээ Нобелийн шагнал авч байгаа юм. Өмнө нь хуульд заасны дагуу манай улс нээлт бүртгэдэг тогтолцоотой байсан. Тухайлбал, эрдэмтдийн хийсэн ажлыг экспертүүд үзээд шаардлага хангасан бол бүртгэж авч байлаа. Нээлт бүртгэх үйл ажиллагаа нь 10 гаруй жил үргэлжилж, долоон нээлт бүртгэсэн. Тухайлбал, хамгийн анхны нээлтийг “Хөдөө аж ахуйн хүрээлэн”  үхрийн толгойны дэлхийд танигдаагүй байсан ясыг нээсэн явдал юм. Дараа нь эрдэмтэн Б.Гоош бүдүүн гэдэсний гүйцэтгэх үүргийн тухай, мал эмнэлэг болон физикийн эрдэмтэд хамтран мал амьтны биед “Алклойд”-ын төрлийн бодис дархлаа тогтоодгийг олж нээсэн гэх мэт нээлт байдаг.  


- Саяхан хавдрын эсрэг бодисыг гаргаж авсан. Энэ нь нээлт биш хэрэг үү?


-  Одоо Монголд гарч байгаа нээлтийг бол нээлт рүү чиглэсэн үр дүн л гэж хэлнэ. Тухайлбал, хүн төрөлхтний тулгамдсан асуудлын нэг бол хорт хавдрыг эмчлэх эмийн асуудал. Гэтэл манайх хорт хавдрын эсрэг идэвхтэй бодисыг илрүүлсэн нь нээлт рүү чиглэсэн ажил юм. Академич Д.Батсүрэнгийн сүүлийн 30-аад жил хийсэн судалгааны үр дүн бол Монголд ургадаг ургамлаас эм гаргаж авсан явдал болно. Хүмүүсийн  нээлт гээд байгаа нь шинжлэх ухааны үр дүн юм.


- Манай эрдэмтэд чансаагаар дэлхийд хэддүгээрт ордог вэ?


- Гадаадын нэр хүндтэй сэтгүүлүүдэд сүүлийн үед Монголоос гарсан шинжлэх ухааны үр дүн хэвлэгдэж байна. Сүүлийн 14 жилийн судалгаагаар Монгол эрдэмтдийн гадаадад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээл өссөн байдал ажиглагдаж байгаа. 2015 оны байдлаар л гэхэд Монгол эрдэмтний гадаадад хэвлүүлсэн бүтээлээс гадаадын эрдэмтэд ишлэл авч байгаа нь Ази тивдээ 19-р байранд орж байна.


- Эрдэмтдийн хангамж урамшууллын тухайд манай улс хангалттай байж чадаж байна уу?


- Шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа хүмүүсийг урамшуулдаг урамшууллын тогтолцоо манайд бий болсон. Ялангуяа залуу эрдэмтэн судлаачид руу чиглэсэн ажил сайн явж байна. Тухайлбал, хамгийн олон эрдэмтэнд хүрдэг дэмжлэг бол БСШУСЯ-ны сайдын нэрэмжит “Грант” юм . Шинжлэх ухааны зургаан үндсэн салбарт “Хүрэл тогоот” семнарыг жил бүр зохион байгуулдаг. Салбар болгоноос хоёр залуу эрдэмтнийг шалгаруулж нийт дөрвөн сая төгрөгний судалгааны “Грант” олгодог юм. Үүнээс гадна “Доктор” хамгаалаад үр бүтээлтэй ажиллаж байгаа 10 эрдэмтэнд тус бүр 10 сая төгрөгний судалгааны “Грант” олгодог. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг жилд 2-3 хүнд өгдөг. Энэ нь залуу эрдэмтэд урам зориг, дэмжлэг болдог. Мөн хамгийн том шагнал нь шинжлэх ухааны салбарын шилдгийг тодруулах “Байгаль нийгмийн ухааны шилдэг бүтээл” шагнал юм. Энэ шагналыг засгийн газрын тогтоолоор жилд нэг хүнд 100 сая төгрөгний шагнал өгдөг. Энэ жил академич Д.Батсүрэн тус шагналыг хүртээд байна. 


- Эрдэмтэд жилээс жилд залуужиж байх шиг. Энэ тухайд?


- Сүүлийн хэдэн жилд шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүмүүсийн дундаж насжилт их залуужсан. Нийт хүрээлэнд ажиллаж байгаа хүмүүсийн дундаж нас нь 39 байна. Судалж үзэхэд 30-аас доош насныхан 50 орчим хувийг эзэлж байсан юм.  Залуу хүмүүс ажиллаж байгаа нь нэг талаараа сайн, нөгөө талаар сөрөг байх талтай. Дадлага туршлага багатай хүмүүс олон болсноор судалгааны ажлын үр дүнд сөрөг нөлөө үзүүлнэ. Ер нь 39-өөс залуужвал сөрөг нөлөө гарч ирэх магадлалтай.


- Хүссэн судалгаагаа хийх нөөц боломжоор нь эрдэмтдийг хангаж чадаж байна уу?


- Дэлхийн аль ч оронд эрдэмтэд хүссэн судалгаагаа хийх нөөц боломжоор хангагдаж чаддаггүй. Зөвхөн Монголд ч биш. Яагаад гэвэл эрдэмтэн судалгаа хийхийн тулд асар их зүйлийг хийхийг хүсч байдаг. Тэр хэмжээний зардлыг олох боломжгүй. Тэр дундаа Монголын шинжлэх ухааны салбарт олгож байгаа төсвийн санхүүжилт туйлын бага байна. Монголын эрдэмтэд өөрсдийн  нөөц боломжиндоо хийж болох судалгааныхаа хүрээнд л ажиллаж байгаа. Тухайлбал, нэг суурь судалгааны сэдэвт ажилд  дунджаар жилд 10 сая орчим төгрөг авдаг. Нэг сэдэв дээр 10 хүн ажиллаж байлаа гэхэд нэг хүн жилд нэг сая төгрөгөнд багтааж судалгаагаа хийх юм. Бүтэн жилийн хугацаанд нэг сая төгрөгөөр лабораторид судалгаа хийнэ гэдэг хангалтгүй. Иймээс судлаачид өртөг өндөртэй судалгаа руу орох боломж байхгүй байна. Олон жил жижиг сэдвүүдээр, бага зардлаар судалгаагаа хийсээр байгаад том судалгаа руу орох зоригтой хүн ч байхгүй болсон. 2012 оноос хойш улсын төсвөөс судалгааны салбарт өгч байгаа санхүүжилт нэмэгдсэнгүй. Манай улс ДНБ-ний 1.12 хувийг шинжлэх ухааны судалгааны салбарт өгч байгаа. Энэ нь дэлхийд маш догуурт орох үзүүлэлт юм.


- Тэгвэл эрдэмтдээс сайн бүтээл гарах найдвар байхгүй байна гэж харж болох уу?


- Тэгж болохгүй. Сайн бүтээл гарах магадлал байгаа боловч маш доогуур байна гэж харна. Тухайлбал, академич Д.Батсүрэнгийн хавдрын эсрэг гаргаж авсан бодис сайн бүтээл. Энэ мэт сайн бүтээл ганц нэг гарч байгаа.


- Эрдэмтдийг хэрэгцээт нөөц боломжоор нь хангаж чадахгүй байна. Тиймээс бид Нобелийн шагналд хүрэхэд  урт хугацааг туулах уу?


- Монгол хүн Нобелийн шагнал авах боломж хол гэж харахад бас өрөөсгөл ойлголт болно. Учир нь гадаадын том лабораторт үр бүтээлтэй ажиллаж байгаа Монгол эрдэмтэд олон бий. Харин Монголдоо ажиллаж байгаад Нобелийн шагнал авах цаг их хол байна.   Ганцаараа ажиллаж байгаад Нобелийн шагнал авдаг цаг өнгөрсөн. Дээд тал нь гурван хүн нийлж байж энэ шагналыг авч байна.


- Гадаадад манай ямар эрдэмтэд ажиллаж байна вэ?


Одоогоор гадаадад ажиллаж байгаа эрдэмтдийнхээ бүртгэлийг гаргаагүй байна. Эрдэмтдийн чансааны үзүүлэлтийг гаргадаг сайтууд байдаг. Миний мэдэхийн гадаадын томоохон их сургуульд эрдэм шинжилгээний баг ахлаад ажиллаж байгаа хоёр, гурван хүн бий. Баг ахлахгүй ажиллаж байгаа маш олон хүн байна.


- Эрдэмтэд рүүгээ чиглэсэн ямар ажил хийвэл эрдэмтэд дэлхийн хэмжээнд гарахуйц бүтээл гаргах  бол?


- Гол нь санхүүжилтээ нэмэх хэрэгтэй. Орчин үеийн судалгааны багаж маш үнэтэй. Одоо гарч байгаа багажууд 2-3 жил ашиглагдаад л хэрэглээнээс гарч байна. Учир нь арай илүү өндөр төвшний багаж гараад ирэх болсон. Тиймээс сайн тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй. Хөрөнгөтэй байж сайн багаж авна. Сайн багаж дээр чадварлаг эрдэмтэн ажилласнаар сайн үр дүн гарна. Өнөөдөр хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол тоног төхөөрөмж юм. Бид тоног төхөөрөмжийн чадавхаараа дэлхийн дундаж төвшинд хүрсэн цагт Монгол хүн нобелийн шагнал авах хэмжээнд хүрнэ. Гэтэл өнөөдөр Монгол Улс тоног төхөөрөмжийн байдлаараа дэлхийн дундаж байтугай Азидаа маш доогуурт ордог.


- О​доо ашиглагдаж байгаа лабораторийн хүрэлцээ хэр зэрэг байгаа вэ, хэзээ хамгийн сүүлд шинэчлэгдсэн бэ?


- Лабораторийн нөхцөл богино хугацаанд шинэчлэгдэнэ гэж байхгүй. 2014-2015 онд АШУИС, ХААИС, ШУТИС гэх мэт сургуулиудад орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабортиарыг гадаадаас зээл авч байгуулсан. Гэвч энэхүү лабораториуд нь хангалтгүй ажиллаж байна. Учир нь үнэтэй авсан тоног төхөөрөмжийг нь ашиглаж , ажиллаж чадах хүн байхгүй байна. Энэ нь ажиллах хүнээ бэлдэлгүй төхөөрөмжөө авчихсан явдал юм. Одоо төхөөрөмж дээрээ ажиллах хүнээ бэлдэх гэсээр байтал 2, 3 жил өнгөрнө. Энэ хугацаанд нөгөө төхөөрөмж нь хоцрогдчихдог. Энэ бол бодлогийн буруу зохицуулалтаас үүдэлтэй. Тус лабарторуудыг 10 гаруй тэрбум төгрөгөөр байгуулсан. Тэгээд ямар ч ашиггүй зээл авсан болж байгаа юм. Тэгээд буцаагаад татвар төлөгчдийн карманаас зээлээ төлнө.


- Бодлогыг зөв зохицуулж байх ёстой газар нь БСШУСЯ  мөн үү?


- Энэ бодлогыг зохицуулах газар нь засгийн газар. Гэхдээ Шинжлэх ухаан хариуцсан яам бодлогоо зөв зохицуулах хэрэгтэй. Мөн ижил төрлийн багаж худалдаж авах тохиолдол маш их. Нэг төрлийн багаж байхад болох байтал ижилхэн багаж авчихдаг. Энэ нь хоорондоо уялдаа байхгүйгээс болж байгаа юм.  Манайд тогтсон хатуу бодлого л дутагдаад байна. 


Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам


 



Бусад мэдээлэл