ндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон бусад асуудлаар Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор профессор, хуульч Содовсүрэнгийн НАРАНГЭРЭЛ-тэй ярилцлаа.
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаалаа. Таны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ. Өнөөгийн Үндсэн хуулийн нөөц үнэхээр шавхагдсан уу?
-Үндсэн хууль бол нэг талаас монголчуудыг сэтгэл тэнүүн, аз жаргалтай амьдруулах, “би монгол хүн” гэж бахархалтай явах, нөгөө талаас Монголын төр, түүний албан хаагчдыг эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэдэг болгох нэг ёсны алтан аргамж юм. Тийм учраас Үндсэн хуулиар хамаагүй оролдож болдоггүй. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд манай эрх баригчид өөрсдийнхөө гаргасан алдаа завхралыг Үндсэн хууль руу чихдэг, бүх буруу зүйл Үндсэн хуулиас боллоо, түүнийг өөрчлөх ёстой гэх хандлага газар авлаа. Энэ буруу хандлагын нэгэн тод илрэл бөгөөд эхлэл нь 1999 онд болсон. Тэр үеийн УИХ хуйвалдааны замаар Үндсэн хуульд гэнэт өөрчлөлт оруулсан. Тэдгээр өөрчлөлтийг нь Монголын ард түмэн өнөөдөр “Дордохын долоон өөрчлөлт” гэж нэрлэдэг. Энэ өөрчлөлтөөр хамгийн наад зах нь УИХ-ын гишүүн ажилдаа цагтаа ирэхээ больсон, хувийн эрх ашигт төрийн ажлыг зориулах нь газар авсан. Уг нь 1992 оны Үндсэн хуулиар УИХ-ын гишүүдийн ирц нь УИХ-ын нийт гишүүдийн 66 хувь буюу 51 гишүүн хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөр болдог байсан. Гэтэл үүнийг ердийн олонхи болгочихоор УИХ-ын нийт гишүүдийн 39 нь ажилдаа ирснээр ирц бүрдэнэ. Энэ нь дотроо 39-ийн ердөө 19 гишүүн олонхи болдог болсон. Энэ 19 гишүүнийг, ялангуяа Монголын арвин, дэлхийд байхгүй, байгалийн баялаг нөөцийг хямд төсөр ашиглах гэсэн гадаадынхан худалдаж авахад маш хялбар болсон. Байнгын хорооны хурал бол бараг 10 хүрэхгүй гишүүний саналаар асуудал шийдэж байгаа. Тиймээс хэрвээ одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол хамгийн түрүүнд “Дордохын долоо” гэгдэх энэ өөрчлөлтийг хүчингүй болгож засах ёстой. Монголын төр 1992 оны Үндсэн хуулийн дагуу шийдвэрээ гаргахад олонхи нь оролцдог, худалдагддаггүй, хахуульд автдаггүй, чин шударгаар ажиллах нөхцөлийг буцааж бий болгох ёстой. Энэ алдааг засаж байж цаашаа явна, өөр нэгэн өөрчлөлтийн тухай ярих хэрэгтэй.
-Энэ Их хурлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжгүй гэж сөрөг хүчин үзэж байгаа. Таны хувьд…?
-Үндсэн хуульд зааснаар УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн боломжтой бөгөөд эрхтэй. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөвхөн эрх баригчдын асуудал биш юм. Үнэхээр нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй, бодитой шаардлага Монголын нийгэмд бий болсон, эсэх талаар шинжлэх ухааны хараат бус, бие даасан, хүлээн зөвшөөрөгдсөн томоохон эрдэмтдээс бүрдсэн ийм шинжилгээг заавал хийх ёстой. Энэ талаас онцгой анхаарах асуудал бий. Түүнээс бус, УИХ-ыг чадамжтай болгохын тулд олон нийтийн санал асуулга нэрийн дор тодорхойгүй 300 мянга гаруйхан хүнээс асуулга авсан гэж хэлэх нь хангалтгүй. Тохиолдлын маягаар санал авч болохгүй, харин Монголынхоо сонгуулийн насны нийт ард түмний дунд санал асуулга явуулж, тэднээр шүүлгэж байж өөрчлөлт оруулах ёстой. Тэгж байж тэрхүү нэмэлт өөрчлөлт нь нийт ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөнө. Хэрвээ ард түмнээсээ асуухгүй бол УИХ-ын гишүүдийн саналаар хийсэн нэмэлт өөрчлөлт ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхгүй, бас л хуйвалдааны маягтай харагдана. УИХ-ын гишүүд гэж бүхнийг мэддэг мэргэд бишийн дээр ард түмнээсээ том, илүү эрх мэдэлтэй парламент гэж аль ч улсад байдаггүй.
-Нэр хүндийн хувьд Үндсэн хуульд нэмэлт оруулах нь байтугай, энэ УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санаачилга зарим хүнээс болон Ерөнхийлөгчөөс хүртэл гарч байна. УИХ-ыг тараах эрх хэнд байдаг юм бэ. Ерөнхийлөгчид ийм эрх бий юү?
-Үндсэн хууль ёсоор бол УИХ-ыг тараах эрх УИХ-д өөрт нь л бий. Тэгэхээр өөрийгөө өөрсдөө тараана гэж байхгүй л дээ. Ерөнхийлөгчид УИХ-ыг өөрсдийнх нь оролцоогүйгээр тараах эрх байхгүй. Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч бол Монголын ард түмний үндэсний эв нэгдлийн баталгаа. Тийм учраас хэн ч байсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа өөрийнхөө хамгийн эрхэм зорилгоо үндэсний эв нэгдлийг хангах явдал гэж үзэж ажиллах ёстой. Харин Ерөнхийлөгч улс төрийн нэг хүчин, ялангуяа зөвхөн өөрийг нь дэвшүүлж гаргаж ирсэн тэр улс төрийн хүчний “гал хамгаалагч” шиг ажиллаж болохгүй. Ингэвэл Монголын ард түмний эв нэгдэл алдагдана, дахиад л нийтийн эмх замбараагүй байдал үүсэх, улс оронд үймээн самуун тогтворгүй байдал үүсгэдэг гэмтэй.
-Тэгвэл Ерөнхийлөгчид Онц байдал зарлах эрх бий, тийм үү?
-Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон Онц байдал зарлах онцгой бүрэн эрх бий.
-Ерөнхийлөгч утааны асуудлаар УИХ-д Онц байдал зарлах хүсэлт явуулсан. Гэтэл өөрт нь энэ эрх нь байсан юм биш үү?
-Үндсэн хуульд заасан ёсоор Ерөнхийлөгч улс оронд нийтийн эмх замбараагүй байдал бий болсон, түүнчлэн байгалийн гамшигт үзэгдэл тулгарсан нөхцөлд Онц байдал зарлах эрхтэй. Харин УИХ хэвийн хуралдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа нөхцөлд Ерөнхийлөгч дангаараа Онц байдал тогтоох тийм шийдвэр гаргах эрх байхгүй.
-Сүүлийн үед Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд халдаж, зарим эрхийг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгож байна гэж зарим хүн яриад байгаа. Энэ нь Ерөнхийлөгчийн хүчийг сулруулж байгаа явдал мөн үү?
-Аливаа улс орон бол айл өрхтэй ижил. Айл гэхэд өрхийн тэргүүнтэй, өрхийн тэргүүний түшиг болсон ээжтэй, үр хүүхдүүдтэй. Өрхийн тэргүүн гэр орныхоо хамгийн хүнд хэцүү асуудал, холч ухааныг авч явдаг. Яг түүнтэй адилаар Монгол Улс эзэнтэй байх ёстой. Өнөөдөр бол Монгол Улс эзэнгүй, айлаар бол өрхийн тэргүүнгүй болсон шүү дээ. УИХ гээд сонгогчдоос сонгогдоод гарч ирсэн нэг байгууллага байна. Ерөнхийлөгч болохоор бүх ард түмнээс сонгогддог. Цаашдаа Монгол Улс нэг толгойтой, удирдах, хариуцлага тооцох эзэнтэй тогтолцоо руу зайлшгүй явах ёстой. Одоогийнх шиг 76 хүн суугаад төрийг нэгдсэн нэг бодлогоор, маш олон жилийн залгамж холбоо сайтай бодлогоор удирдаж чаддаггүй гэдгийг УИХ-ын долоон удаагийн сонгуулийн дараахь өнөөдрийн үйл явдал, бодит байдал маш тодорхой харуулсан. Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол төрийн тогтолцооны асуудлыг ард түмэнтэйгээ илэн далангүй ярилцаж, үндэснийхээ өв уламжлал, гайхамшигтай өвөг дээдсийнхээ ухаанд тулгуурлаж энэ асуудлыг шийдэх цаг болсон. Хэрвээ үүнийг шийдэхгүй, ийм маягаараа цааш яваад байвал манай улс орны хувьд хөгжил дэвшлийн ирээдүй бараг харагдахгүй болно.
-Энэ нь Үндсэн хуулийн хямрал уу, улс төрийн хямрал уу?
-Үндсэндээ Үндсэн хуулийн хямрал руу оруулж байгаа. Эргээд энэ нь улс төрийн хямрал болчихож байгаа юм.
-Тэгэхээр улсаа нэг толгойтой, бас хариуцлага хүлээх эзэнтэй болгохын тулд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх үү, эсвэл Ерөнхий сайдынхыг нэмэх үү. Таны бодлоор аль хувилбар нь оновчтой юм бэ?
-1980 оны сүүлч, 1990-ээд оны эхээр бид ардчилал руу ороод, “энэ зарчмаар л явчих юм бол улс орон хөгжиж, цэцэглэх юм байна” гээд их хөөрцөглөсөн л дөө. Гэтэл сүүлийн 30 орчим жилийн байдалдаа дүгнэлт хийгээд үзэхээр өнөөгийн энэ олон намын тогтолцоо нь дэндүү дур зоргын авирыг бий болгож маш олон хүндрэлийг бидэнд тулгалаа. Ер нь олон намын тогтолцоо ямар улс оронд хэрэгтэй вэ гэхээр олон үндэстэнтэй, олон шашинтай, хүн ам ихтэй улсад хэрэгтэй байдаг. Манайх шиг хүн ам цөөн, тэр тусмаа мэргэжлийн хүн цөөн улсад хэд хэдэн талд намуудад хуваагдсанаар улс оронд улам л талцал, хагарал үүсдэг юм байна. Энэ дундаас ямарч чадалгүй, салиа нь арилаагүй хүмүүс төр засгийн эрх рүү гарах байдлыг газар авахуулчихлаа. Энэ асуудалд өнөөдөр онцгой анхаарал хандуулахаас өөр аргагүй болсон.
-Хуралдаандаа суудаггүй, ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын зарим гишүүнийг эгүүлэн татах асуудлаар хуульчид Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Таныхаар хуульчдын гаргаж байгаа үндэслэл хэр бодитой вэ?
-Уг нь манай дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэдэг бол жинхэнэ тойргийн сонгогчдыг төрд төлөөлж чадах өндөр ёс суртахуунтай, эрдэм боловсролтой хүн гарч ирнэ гэж тооцсон. Өнөөдрийнх шиг хуралдаа суудаггүй, хувийн ажил, бизнес, эрх ашгаа хамгийн эхэнд боддог ийм хүмүүс УИХ-д орно гэж тэр үед Үндсэн хууль батлахдаа тооцоогүй. УИХ-ын гишүүнийг сонгохдоо намууд нэрийг нь дэвшүүлж, нам нь болохоор хэн сонгуулийнхаа зардлыг төлөх төлбөрийн чадвартай, намдаа эдийн засаг, санхүүгийн хувьд тусалж чадах вэ гэдгийг харж ирснээр өнөөдөр ийм байдалд орсон. Дээр нь, УИХ-ын гишүүн болсон зарим хүн Засгийн газрын гишүүн болох хүсэлтэй болсон. Яагаад Засгийн газрын гишүүн болох сонирхол ихтэй байдаг вэ гэхээр сүүлийн үед улс төр рүү орж байгаа хүмүүс Засгийн газар хамгийн их мөнгөтэй газар гэж ойлгосон. Татвар төлөгчдийн мөнгө цугларч, тэр мөнгөнөөс зөвхөн гарын үсэг зурж, албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж хахууль авах замаар асар богино хугацаанд баяжиж болдог юм байна гэдгийг ойлгоод Засгийн газрын гишүүн рүү тэмүүлдэг, учиргүй сэтгүүргүй зүтгэдэг болсон. Сайдын ажлыг хийж чадахгүй, дийлэхгүй гэдгээ өөрөө мэддэг хэрнээ тэрийгээ ч хайхрахгүйгээр зүтгэдэг болсон. Үндсэн хуульд нэгэнт УИХ-д шилдэг хүмүүс гарна гэж үзсэн учраас УИХ-ын гишүүд тойргоос сонгогддог боловч Үндсэн хуульд зааснаар нийт ард түмний эрх ашиг, сонирхлыг хамгаалах учиртай. Нийт ард түмний эрх ашиг, сонирхлыг хамгаалж байгаа хүнийг хэдхэн сонгогчдын саналаар татах боломжгүйгээр одоогийн Үндсэн хууль хийгдсэн. Гэтэл амьдрал дээр үнэхээр буцааж татахаас өөр аргагүй гишүүд УИХ дотор олон байна. Энэ хоёр хоорондоо зөрчилдөх үйл явц бий болж байна.
-У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүх гишүүн УИХ-ын гишүүн байгаа. Засгийн газрын 15 сайд дээр дөрвөн гишүүн нэмэгдэхэд УИХ дээр өөрсдийнхөө бодлогыг батлуулах боломжтой байна. Танхимын бүх гишүүн давхар дээлтэй байгаа нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байгаа юу?
-УИХ бол ерөөсөө л хууль тогтоох байгууллага. Тийм учраас УИХ хууль тогтоох ажлаа л хийх ёстой. Засгийн газар бол улс орныг шуурхай мэргэжлийн удирдлагаар удирддаг төрийн захиргааны дээд байгууллага. Ийм учраас тэр Засгийн газарт жинхэнэ мэргэшсэн, яамыг удирдаж чадах хүмүүс багтаж, Засгийн газрынхаа ажил үйлсийг дангаараа хариуцаж явах ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн хоёрыг тусгаарлахаас өөр ямар ч арга байхгүй. Харин энэ өөрчлөлтийг өнөөгийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийх ёстой. Учир нь, 1999 оны “Дордохын долоон” өөрчлөлтөөр энэ хоёрыг бүрэн 100 хувь хаших боломжийг олгочихсон юм.
-Манай улс 500 гаруй хуультай болсон байна. Нэг удаагийн чуулганаар өчнөөн олон хууль, УИХ-ын тогтоол батлагдаж байна. Гэтэл улс орны амьдралд нааштай өөрчлөлт орохгүй байх шиг. Үүний учир шалтгаан юу юм бэ?
-Хуулийн амин сүнс нь өндөр ёс суртахуун. Энд шударга ёс, жудаг, эр зориг, үнэн, нэр төр, нинжин нигүүлсэнгүй сэтгэл эдгээр багтана. Манай УИХ-ын батлан гаргаж байгаа хуулиуд дандаа хэлбэрийн шинжтэй. Тийм учраас Монголын нийгэмд энэ олон хуулиуд уг нь шударга ёсыг тогтоочих цаг нь болсон уу, гэвэл болсон. Нөгөө талаас хуулийг тогтоогчид, хуулийг хэрэглэгчид, хуульчид өөрсдөө ёс суртахуунгүй байна. Тиймээс л хуулиас яаж тойрч гарах уу, хуулийг яаж зөрчиж болох уу гэдэг талаас нь мөнгөн дээр үндэслээд асуудлыг шийддэг болсон учраас хууль нийгмийн амьдралд үзүүлэх бодитой жинхэнэ ёсны нөлөөгөө үзүүлж чадахаа больсон. Тиймээс одоо олон хууль батлаад байх шаардлага байхгүй. Миний бодож байгаагаар Монгол Улс нийтдээ 50 орчим гол хуультай байхад бүх асуудлаа шийдчихнэ. Харин хамгийн гол асуудал бол тэр шударга ёс, үнэнийг тогтоох асуудалд хаа сайгүй хандах ёстой. Өнөөдөр жинхэнэ шударга хүнийг дагаж мөрдөж байгаа хуулиар хэлмэгдүүлэх маш амархан болсон. Хуулиар л хэлмэгдүүлчихнэ.
-Засах, зөв гольдролд нь оруулах гарцыг юу гэж харж байна вэ?
-Монголын нийгмийг хамгийн түрүүнд ёс суртахуунтай болгох ёстой. Яагаад гэхээр одоогоос 800 жилийн өмнө Чингис хааны Монголын эзэнт гүрэн бол 140 орчим жил оршин тогтнож, Монголыг төдийгүй, дэлхийн нийтийг засан төвхнүүлсэн. Тэрний гол учир нь хуулийг ёс суртахууныг хамгаалах, хэрвээ ёс суртахуун ноцтой зөрчсөн бол хүлээлгэх ёстой шийтгэл, хариуцлагыг нь тооцдог байдлаар хэрэглэж ирсэн. Энэ үнэ цэнийг бид алдчихсан. Би УИХ-ыг нийт ард түмэн, мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор монголчуудын ёс суртахууныг хэвийн болгох үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж батлаад, тэрийгээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үздэг. Яагаад гэвэл манай хоёр хөрш хоёулаа яагаад хүчтэй байна вэ гэхээр газар нутгийн том юмуу, хүн амын олонд бас биш юм. Хоёр хөрш маань ёс суртахууныг дээд зэргээр төлөвшүүлж байна. Жишээ нь, БНХАУ өөрийнхөө уламжлалдаа Күнзийн ёс суртахууны номлолт тулгуурлаад төрийн бодлогын хэмжээнд хүргэж, төрийн үзэл суртал болгож чадсан. Хойд хөрш сүүлийн жилүүдэд маш хүчтэй болж байгаа. Орос сүүлийн 20 гаруй жил бүх салбартаа ёс суртахууныг маш өндөрт өргөж, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх олон талтай ажил үйлсийг нийгмийн бүх хүрээнд зохион байгуулж чадсан. Хамгийн сүүлд гэхэд Сирид Оросын сөнөөгч онгоцны нисгэгчийн онгоц нь суманд оногдоод, онгоцноосоо амжиж буугаад босогчидтой тэмцээд, сум нь дуусч босогчид баривчлах гэхэд нь өөртөө авч явсан гранатаа дэлбэлж, амь насаа эх орныхоо төлөө нэр төртэй золиосолж байна. Ийм ард түмэнтэй улс орон хөгжиж дэвшдэг. Монголын нийгэмд төрийн бодлого нь эх орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө хүчин зүтгэх, ард түмнээ аз жаргалтай сэтгэл тэнүүн амьдруулах ийм нөхцөлийг бий болгох ёстой. Гэтэл өнөөдөр Монголын төрийн үзэл суртлын гол зорилго нь зөвхөн мөнгө. Хүсэл нь хэзээ ч ханашгүй тансаг хэрэглээ болчихсон учраас бид ингэж доройтож, талцаж байна. Дээр нь дэлхийд бараг хамгийн ёс суртахуунгүй ард түмэнд тооцогдож байна. Өнөөдөр манайд шинээр эмхлэгдсэн УИХ ч, шинээр бүрэлдсэн Засгийн газар ч, түүний удирдлага тэргүүнүүд юу гэж боддог вэ гэхээр “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засгаа л босгоно” гэдэг. Гэтэл үгүй шүү дээ. Ерөөсөө л хүнийхээ ёс суртахууныг ариусгаж бид хөгжил дэвшлийн замд орно. Үнэнийг хэлэхэд, өнөөдөр монголчууд бид бие биенээ тойрч хулхидаж, бие биеэ залилж мэхэлсээр байгаад дуусах дөхөж байна.
ЭХ СУРВАЛЖ: ITOIM.MN