Үндсэн хуульд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтийн талаар академич, хуульч С.Нарангэрэлтэй ярилцлаа.
- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар эрх баригчид ихэд яаравчилж байх шиг. Монголын нэрт эрдэмтэн, хуульч төдийгүй олон нийтийн дунд “дордохын долоо” хэмээн нэршсэн 1999 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцэд хандан зарга үүсгэж, хүчингүй болгуулж явсан таны бодол санааг уншигчдадаа толилуулъя гэж таныг зорьж байна. Юуны өмнө төслийг бүхэлд нь юу гэж үзэж байна?
- Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч гээд төрийн байгуулал тэрчлэн шүүх эрх мэдэл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг хөндсөн, зарчмын шинжтэй томоохон нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа юм байна. Ингэхлээр оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтийг тус бүрд нь тодорхой авч үзэхээс өөр аргагүй. Манай УИХ-ын гишүүд “хоноцын хүмүүс” шүү дээ. Сонгогдсоныхоо дараа ихэнх нь сонгогчдоосоо тасарч, төрөл арилжин, нэр дэвшүүлсэн намынхаа удирдлагын “далласан газар далд” орж, ямар ч хариуцлага хүлээхгүй явсаар нэг мэдэхэд л дараагийн сонгуультай золгоно. Дахиад л шинэ “хоноцын хүмүүс” орж ирэн ээлж дараалан солигдоно. Ер нь УИХ-ыг хамгийн “хариуцлагагүй хамтын байгууллага” гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Алдаа завхралаа Үндсэн хууль луугаа чихчдэг юм. УИХ-ын гишүүдийн нэлээд нь чуулгандаа ирж суухгүй, ажлаа хийдүүлээд байхаар нь арга буюу Үндсэн хуульд заасан ирцийг бууруулах л өөрчлөлт оруулж ирсэн.
- Эхлээд Улсын Их Хурлын тухайд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцах уу? Үндсэн хуулийн 27 зүйлийн хоёр дахь хэсгийг “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна” гэж өөрчлөн найруулахаар болжээ. Энэ тухайд?
- “Дордохын долоон нэмэлт өөрчлөлт” оруулахаас өмнө манай Үндсэн хууль ийм л байсан шүү дээ. Тэр нэмэлтээр тавиас доошгүй хэмээн ээлжит чуулган чуулах өдрийг багасгасан юм шүү дээ. Одоо буцаад өмнөх байдалд нь оруулах гэж байх шив дээ.
- Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн зургаа дахь хэсгийг “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батална” гэж өөрчлөн найруулж байгаа. Энэ тухайд?
- “Дордохын долоон нэмэлт өөрчлөлт” оруулахаас өмнө Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонхи буюу 51 гишүүн хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхи буюу 39 гишүүний саналаар хууль баталдаг байсан. Үүнийг УИХ-ын гишүүдийн олонх буюу 39 гишүүн хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 19 гишүүний саналаар хууль баталдаг болоод 17 жил өнгөрчээ. Одоо үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн бус дийлэнх олонхийн санал болгох гэж байгаа юм байна. Нөгөө л “дордохын долоо”-гоо хүлээн зөвшөөрч, засамжлах гэсэн л оролдлого байна. Хэрэв иймдээ хүрч байгаа бол УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонхи хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзвэл зохино.
- 1992 оны Үндсэн хуулийг анх батлах үеийнхээр нь байлгана гэсэн үг үү?
- Яг тийм. Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд нөгөө “дордохын долоо”-гийн нэг чинь “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ” гэсэн заалт оруулсан явдал юм. Одоогийн төсөлд болохлоор “Засгийн газрын гишүүн” гэснийг хасаж байх шив дээ. Ер нь ил санал хураалт нь намын удирдлагын зүгээс гишүүдийнхээ саналд хяналт тавих, тэднийгээ “кнопчид” болгох хэрэглүүр болдог юм. Зарим үед ил санал хураалт нь УИХ-ын гишүүд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө саналаа өгөх боломжийг алдагдуулдаг.
- УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах өөрчлөлт бас оруулах гэж байна?
- Ийм түр хороог Үндсэн хуулийг заавал хөндөхгүйгээр УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах замаар шийдвэрлэх эрх зүйн бүрэн боломжтой.
- УИХ-ын ба ЗГ-ын гишүүнийг хавсран гүйцэтгэхэд хязгаар тавих маш чухал заалт оруулах гэж байна?
- Нөгөө л “дордохын долоо”-гийн нэг нь УИХ-ын гишүүнийг ЗГ-ын гишүүнтэй хавсран гүйцэтгэх боломжийг олгосон явдал юм. Ингэснээр нэг талаас хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдэл нэгэн гал тогоонд орж, бүр бантан боллоо шүү дээ. Нөгөө талаар асар их хэмжээний хар мөнгөтэй хүмүүс түүнийгээ УИХ-ын гишүүний сонгуульд баруун зүүнгүй цацаж, сонгогчдын саналыг худалдан авах замаар гишүүн болж авсныхаа дараа ЗГ-ын гишүүний сэнтий рүү авирдаг болсон. Эх орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэх явдал ба шунал хоёр гал ус шиг нийцэшгүй зүйл болох нь амьдралаар батлагдсан. Үүнийг УИХ хүлээн зөвшөөрч, “Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болно” гэсэн нэмэлт оруулахаар зэхэж байна. Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн бус хүнээр томилох зайлшгүй шаардлага буй болоход гишүүдийн зарим нь Үндсэн хуульд Ерөнхий сайдыг заавал УИХ-ын гишүүн байна гээд заачихсан хэмээн муйхарлан зүтгээд байвал яах вэ? гэсэн асуудалд үүсэх л байх. Үүнийг төсөл боловсруулагчид болгоосон болов уу.
- Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг шууд томилж, огцруулж байх өөрчлөлт оруулах нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад их хэрэгтэй зүйл болох байх?
- Дагаж мөрдөж буй Үндсэн хуульд “Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно” гэж заасан байгаа. УИХ энэ эрх мэдлээ дан ганц Ерөнхий сайдад шилжүүлэхээр болж байна. Тэгвэл онолын хувьд “хахууль”-ийн засгийн газар бүрдэж болох бөгөөд түүнийг биечлэн бүрдүүлэх Ерөнхий сайдын санаархалд тавих хориг саад байгаа юм уу? Үүнийг УИХ-ын гишүүд туйлын нухацтай, хянуур бодолцох ёстой.
- Ерөнхий сайдыг огцруулах талаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгааг та юу гэж үзэж байна вэ?
- Дагаж мөрдөж буй Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан байгаа. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг өөрөө шууд томилж, огцруулж байх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах гэж байгаа учраас Засгийн газрыг огцруулна гэдэг Ерөнхий сайдыг огцруулна гэсэн үг болж байгаа учраас энэ асуудлыг оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг л огцруулахгүй бол Засгийн газар яагаад ч огцрохгүй болно гэсэн үг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг санаачлагчид Засгийн газрыг тогтвортой ажиллуулах талаас нь бодолцоод засгийн газрын гишүүдэд засаг төрийн төлөөлөгчдийн байгууллагын зүгээс тавих хяналтыг орхигдуулсан байж болох талтай. Нөгөө талаар засгийн газрынхаа зарим гишүүдийн хууль бус гэмт үйлдлээс болж, Ерөнхий сайд хялбархан огцорч, засгийн газар улам бүр хэврэг болж болзошгүй юм.
- Үндсэн чиг үүргийн яам буюу хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Байгаль орчны яамны нэрийг Үндсэн хуульд заавал тусган заах өөрчлөлт оруулах гэж байгааг Та юу гэж үзэж байна вэ?
- Таны дурдсан таван яамны аль нэг нь байхгүй бол Засгийн газар гэдэг учир утгаа алдана шүү дээ. Тодруулж хэлбэл, Үндсэн хуульд заасан ч, заагаагүй ч тэр таван яам аль ч засгийн үед байх л болно. Энэ таван яам улс орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын зохион байгуулалтын нэг ёсны баталгаа юм шүү дээ. Харин нэгэн зүйлийг зориуд тэмдэглэж хэлэхэд хууль зүй, дотоод хэргийн яамыг заавал салгах шаардлагатай. Хууль зүйн яамны үндсэн чиг үүрэг бол хууль тогтоомжийн биелэлтийг сахин хангуулах, түүнийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг системчлэх, эрх зүйн боловсрол, сургалт, шинжлэх ухаан, олон улсын эрх зүйн хамтын ажиллагаа, хуульч мэргэжилтнийг давтан бэлтгэх зэрэгт чиглэгдэх ёстой. Харин дотоод яамны үндсэн чиг үүрэг нь нийгмийн дэг журмыг хангах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, цагдаагийн байгууллага, ялын гүйцэтгэлийг хангах зэрэг үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах маш олон талтай, нарийн төвөгтэй байдаг. Тусдаа байх ёстой энэ хоёр яамыг нэгтгэснээр хууль зүйн яамны үндсэн чиг үүрэг хөсөр хаягдсаар ирлээ.
- УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглохоор болж байна?
- Үүнийг яахын аргагүй амьдрал л шаардаж байгаа. Үндсэн хуульд заасны дагуу улсын төсвийг Засгийн газар боловсруулах учиртай. Гэтэл түүний өргөн барьсан улсын төсвийг УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо явцуу эрх ашгийн үүднээс танигдахын аргагүй болгон өөрчилж, хэний боловсруулсан төсөв болох нь ойлгомжгүй болдог. Заавал Үндсэн хуулийг хөндөхгүйгээр УИХ-ын болон бусад хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж болох л асуудал шүү дээ.
- Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахаар болж байгаа талаар?
- Юуны өмнө Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг яагаад хасах шаардлага үүсэв гэдэгт дүгнэлт өгөх учиртай. Ялангуяа өмнөх Ерөнхийлөгчийн үед санаачлан батлуулсан нэлээд хуулиуд бүхэл бүтэн салбарыг “самарч” байснаас үүдэлтэй болов уу? Тэгэхдээ тэдгээр хуулийн төслийг батлахгүй байх онцгой бүрэн эрх нь гагцхүү УИХ-д хадгалагдаж байгаа шүү дээ. УИХ ингэж алдаагаа Үндсэн хууль руу чихсээр ирсэн. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасаж хэрхэвч болохгүй. УИХ жилд хоёр удаа их завсарлага хийдэг. УИХ-ын чуулганы чөлөө цагт хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц байдлыг Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн зарлигаар тогтооно. Ийм нөхцөл байдалд УИХ-ын гишүүд цугларч, ирцээ бүрдүүлэн чуулганаа хуралдуулах хүртэл нэн хэрэгцээтэй хуулийн төслийг Ерөнхийлөгч холбогдох мэргэжлийн хүмүүсээр яаралтай боловсруулж, цаг алгуурлалгүй санаачлан УИХ-д өргөн барих эрэлт гарвал яах вэ.
- Одоогийн Үндсэн хуульд заасан “Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх” гэсэн заалтыг хасахаар төсөлд оруулсны тухайд?
- Дагаж мөрдөж буй Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, онц ба дайны байдал зарлах зэрэг онцгой бүрэн эрхийг олгосон. Эдгээрийг хэрэгжүүлэх явцдаа Ерөнхийлөгч яагаад Засгийн газарт чиглэл өгч болохгүй гэж. Хэрэв Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрх хэмжээг нь хасвал дагаж мөрдөж буй Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд заасан “Монгол улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн” гэж тодорхойлсонтой ноцтой харшилдаж, Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчих болно.
- Ерөнхийлөгч УИХ-ыг тараах заалт оруулж байх шиг байна. УИХ-ын хариуцлагыг дээшлүүлэх боломж буй болох болов уу?
- Тийм сүрхий юм болохгүй. Дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэснийг хасахаар төсөлд тусгасан байна. Энэ нь угтаа УИХ-ыг бүр дархлахад чиглэгдсэн бололтой. Нөгөө “дордохын долоо”-гийн нэг нь “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана” гэсэн заалт юм. Энэхүү заалтыг дахин өөрчилж, УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана гэсэн өөрчлөлт оруулах юм байна.
- Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн тухай заасан хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна хэмээн та өмнө хэлсэн. Ямар нэмэлт өөрчлөлт юм бол?
- Төслийн утга санаанаас үзэхэд шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөл томилж, харин Ерөнхийлөгч батламжилж байхаар тусгагджээ. Өмнөх Ерөнхийлөгчийн үед шүүгчдийг томилох асуудалд компанийн захирал аятай хандлага гаргаж байсан нь ийм өөрчлөлт оруулахад хүргэсэн байх хэмээн бодож сууна. Монголын шүүх өнөөдөр мөнгөтэй, дээд эрх мэдэлтний өмнө үүд хаалгаа цэлийтэл нээсэн ба харин хохирсон, зовж шаналсан мөнгөгүй ард иргэдийнхээ хувьд үүд хаалгаа барьсныг оруулах гэж буй энэ нэмэлт өөрчилж чадахгүй ээ. 1992 оны Үндсэн хуулиар шударга ёс буюу Монголын шүүх ард түмний хараа хяналтаас гарсаныг хэзээ засамжлах вэ гэдгийг УИХ-ын гишүүдээс асуумаар байна?
- Та засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн талаар өөрчлөлт оруулах гэж байна гэсэн. Энэ талаар?
- 1992 оны Үндсэн хуульд хотын талаар заагаагүй гэж олон жилийн туршид яригдаж ирсэн. Энэ бол Эрдэнэт, Дарханы тухайд шүү дээ. Тэгээд Үндсэн хуульд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд хот, хот нь хороонд хуваагдана гэсэн заалт яригдаж байна. Дагаж мөрдөж буй Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалт бий. Энэхүү заалтад тулгуурлан Үндсэн хуулийг хөндөхгүйгээр аймгийн эрхтэй хот гээд зохицуулчих Үндсэн хуулийн эрх зүйн боломж бүрэн бий.
Нэгдмэл нэг язгууртай Монголчууд бидний хувьд асуудлын гол нь хоёр гурван аймгийг хот гэж нэрлэхэд бус үндэсний эе эвийг бусниулахад хүргэж байгаа засаг захиргаа нутаг дэвсгэрийн дэндүү тархай бутархай, салан тусгаарласан байдлыг арилгахад орших ёстой. Сүүлийн үед 300 гаруй сумдын нутгийн зөвлөл гээд учир утгаа алдаж байна шүү дээ. Гэтэл одоогоос 100 гаруй жилийн өмнө буюу 1912 онд манай улс Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан, Сайн ноён хан, Ховдын хязгаар гэсэн үндсэндээ 5 аймаг, 150 шахам хошуунд хуваагдаж байсан бол өнөөдөр 21 аймаг, 324 сум болон жижигрэн жижигжирсэн байна шүү дээ. УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох заалт Үндсэн хуульд оруулах гээд байгаагийн далд шалтгаан нь УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхи нь энэ олон аймаг, сумдын төлөөлөл болж сонгогдсоноос болж байгаа юм шүү дээ.
- Одоогийн төрийн албаны зөвлөлийг үндсэн хуулийн байгууллага болгохоор төсөлд тусгасан тухайд асуумаар байна?
- Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно гэсэн сүржин заалт Үндсэн хуульд оруулахаар зэхэж байна. Үүгээр л асуудал нааштай шийдвэрлэгдэхгүй. Наад зах нь улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлээс татгалзах ёстой.
- Төрийн хяналтын байгууллага байгуулахаар төсөлд тусгагдсан байна. Энэ их зөв байх?
- Дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд зааснаар хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулах асуудлыг Засгийн газарт хариуцуулсан. Гэтэл үүнтэй зэрэгцүүлэн төсөлд зааснаар “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах Улсын Их хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргах эрх бүхий төрийн хяналтын байгууллага нь хуульд заасан үндэслэлээр болон Улсын Их Хурал үүрэг болгосноор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд болон хуульд заасан бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлнэ” гэжээ. Ийм байгууллага нь улсын төсөвт асар их хэмжээний дарамт авчрах нь лавтай. Үндсэн хуульд заавал гар хүрч байж, ийм байгууллага байгуулахын хэрэг байгаа юм уу.
- Та олонтаа “дордохын долоон” нэмэлт өөрчлөлт хэмээлээ. Ингэж хэлээд байгаагийн учрыг тодруулмаар байна?
- Оруулах гэж буй нэмэлт өөрчлөлт бүхэлдээ тэр “дордохын долоо” буруу байсныг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Уг нь Үндсэн хуулийн цэцийн нэгэнт гаргасан шийдвэрийн дагуу одоогоос 17 жилийн өмнөх хуулиараа явсан бол ийм байдалд хүрэхгүй л байсан. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” хэмээсэн Монголын ард түмний мэргэн үг ямар ч хуулиас илүү болохыг харуулж багаа юм биш үү.
- Та УИХ-ыг “хариуцлагагүй хамтын байгууллага” харин УИХ-ын гишүүдийг болохлоор “хоноцын хүмүүс” гэж хэлсэнээ тодруулаач?
- Дагаж мөрдөж буй Үндсэн хуульд УИХ-ыг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж тодорхойлсон. Энэ бол Монгол улсын хөгжлийн залуур УИХ-ын гарт байна гэсэн үг. Эх орноо энгүй далайд хөвж яваа хөлөг онгоц гэж зүйрлэвэл тэр хөлгийн залуурыг 76 ахмад барьж яваатай яг адилхан. Эдгээрийн хэн нь ч хариуцлага хүлээхгүй, жолоогоо өөр хоорондоо булаацалдаж бөөн юм болцгооно. Монгол улс хэмээх хөлгийн жолоодлого ийм л болчихсон. Нөгөө 76 бол айлд дөрвөн жилийн туршид хоноод явж байгаа “хоноц”-той яг ижилхэн. Ийм учраас засаглалын Ерөнхийлөгчийн хэлбэр рүү шилжин орохоос өөр ямар ч аргагүй болсон.
- Энэ чинь Үндсэн хуульд зарчмын шинжтэй цоо шинэ өөрчлөлт оруулна гэсэн үг шүү дээ?
- Нуулгүй хэлэхэд манай Үндсэн хууль нөөц боломжоо шавхаад дуусаж байх шиг байна. Аргагүй шүү дээ. Хуучин социалист гэгдэж байсан улс гүрнүүд 1980-аад оны сүүлчээр системээрээ гүн гүнзгий хямарч, зарим нь төрийн тэргүүнээ ямар ч шүүх хуралдаангүйгээр гэргийтэй нь хамт олны өмнө шууд буудан алсан явдал дэлхий нийтийг ихэд цочирдуулсан. Улс орны дотоодын хурцадмал байдлыг лавшруулан гүнзгийрүүлэхгүйн тулд шинэ Үндсэн хууль боловсруулан батлах ажилд шуурхайлан орсон. Хэрэв шинэ Үндсэн хуультай болчихвол юм бүхэн сайн сайхан болох юм шиг гэнэн төсөөлцгөөсөн. Голчлон барууны онол ба Үндсэн хуульд тулгуурлан 1992 оны Үндсэн хуулийг боловсруулсан.
- Та сая 1992 оны Үндсэн хуулийг боловсруулахдаа барууны онолд тулгуурласан гэж хэлсэнээ тодруулахгүй юу?
- Дэлхийн алдарт соён гэгээрүүлэгч, Францын гүн ухаанч Ш.Монтесько одоогоос 250 гаруй жилийн өмнө бичсэн “Хуулийн амин сүнс” (1748 он) хэмээх дэлхийд нэрд гарсан бүтээлдээ хуулийн амин сүнс бол угтаа хууль тогтоогчийн тусгайлан, нарийвчлан тодорхойлсон байгууламж гэж үзээд ёс суртахуунаас хуулийг салгасан. Тэрбээр бас төрийн эрх мэдлийг хуваарилах явдал хуулийн амин сүнс гэж үзсэн. Энэ онол дэлхийн анхны үндсэн хууль болох АНУ-ын болон олон улс гүрнүүдийн Үндсэн хуулийн тулгуур үзэл баримтлал болсон юм. Суут Ш.Монтесько энэхүү үзэл баримтлалаа гаргаж тавихдаа монголчууд түүний дотор манай их эзэн Чингис хааныг нэн их дорд үзсэн.
- Монголчуудыг яаж дорд үзсэн гэж?
- Би суут Ш.Монтеськогийн бүтээлээс монголчуудын талаар юу гэж бичсэнээс хоёртой эшлэл авч сонирхуулья. Эхнийх нь “Азид томоохон эзэнт гүрэн удаа дараа байгуулагдаж байсан. Европод бол хэзээ ч тийм эзэнт гүрэн оршин тогтнож байсангүй. Юу гэвэл, бидний мэдэх Ази тив илүү их тал хээр нутагтай, тэнгис далайгаар томоохон томоохон хэсэг болон таслагдсан аж. Урагшлах тусам булаг шанд нь амархан ширгэдэг, уул нурууд нь асар их цасгүй, гол мөрөн нь төдий л өргөн биш тул учрах саад тотгор бага. Ингэхлээр Азид засаг төр нь ямагт эзэрхэг түрэмгий байж таарна” гэж бичсэн байсан.
- Тэгвэл хоёр дахь юу бол. Ихээхэн сонирхолтой байна?
- Суут Ш.Монтесько Европ тив, чөлөөт харин Ази тивд зэрлэг, бүдүүлэг улс түмэн оршин амьдардаг гээд зэрлэг улс түмэн нь тарж сарнисан жижиг үндэстнүүд бөгөөд аль нэгэн онцгой учир шалтгаанаар хуран цугларч чаддаггүй, тэгэхэд бүдүүлгүүд нь бол нийлж нэгдэж чаддаг жижиг үндэстнүүд юм. Зэрлэгүүд нь ав хомрогоор хөөцөлддөг, бүдүүлгүүд нь бол мал аж ахуйн ажил эрхэлдэг улс түмэн юм. Үүнийг умард Азид тодорхой харж болно. Сибирийн улс түмэн хүйгээрээ амьдарч чадахгүй, учир нь гэвэл өөрсдийгөө тэжээх амь зуулгагүй. Монголчууд бол цаг улирлын аясаар хүйгээрээ амьдарч чадна. Юу гэвэл мал сүрэг нь тодорхой хугацаанд хуран нийлж болно. Тэгэхлээр бүхий бүдүүлэг овог аймаг нэгдэн нийлж болно. Яаж нийлэх вэ гэвэл нэг удирдагч нь бусад олон овог аймгийг өөртөө нэгтгэсний дүнд болой. Ингэсний дараа хоёр юмнаас нэгийг л сонгох ажилтай тулгарна. Нэг бол тарцгаах, эсвэл өмнөдийн аль нэгэн улсыг байлдан дагуулахаар аян дайнд мордох ажил.
- Бүр Ш.Монтеськогоос өмнө Чингис хааныг “эзлэн түрэмгийлэгч”, “байлдан дагуулагч” гэх мэтээр дэлхий дахины түүх зохиогдсон байсан юм биш үү?
- Энэ үнээн. Чингис хаан өндөр ёс суртахуунтай нэгэн байсан. Тэрбээр шударга, эрэмгий зориг, үнэн, жудаг, үүрэг ба хариуцлагаа ухамсарлах, нинжин өрөвч сэтгэл, нэр төр, тэсвэр тэвчээр, эе эв, үл шуналдах зэрэг зан чанараараа монголчуудыг төдийгүй дэлхий дахиныг татжээ. Энэ талаар 2014 онд миний туурвисан “Чингис хааны ёс суртахуун-эрх зүйн шастир” номоос тодруулж үзээрэй. Чингис хаан Хамаг Монгол улсыг цогцлоох үед нийт хүн ам нь 600-700 мянга, эр цэрэг нь 100 мянга хүрэхгүй шахуу байжээ. Ийм улсын тэргүүний толгойд дэлхий дахиныг байлдан дагуулах санаархал яахин төрөх билээ. Харин Чингис хаанд дотоодын харгис хүчин нь харьд дүрвэн гарч, харийн олон зуун жилийн өстөн улс гүрнүүдтэй нийлж нэгдсэн нөхцөлд унасан газар, угаасан усаа хамгаалж, монгол түмнээ эв түнжинтэй, амар жимэр амьдруулах хүнд бэрх зорилт тулгарчээ.
- Та Чингис хаан ёс суртахуунаараа монголчуудыг төдийгүй дэлхий дахиныг татсан гэж хэллээ. Энэ талаар тодруулахгүй юу?
- Чингис хаан хууль гэдгийг өндөр ёс суртахуун хэмээн үзэж байжээ. Энэ талаар миний судалгааны “Хуулийн амин сүнс буюу Чингис хааны гэрээс” гэсэн бүтээл энэ онд хэвлэгдэн гарч, түүнд Чингис хааны хуулийн амин сүнс нь ёс суртахууныг хууль болгож байсанд оржээ гэсэн дүгнэлт хийсэн байгаа. Чингис хаан түүнийг шууд залгамжлагчдын эрин үед 140 гаруй жилийн туршид монголчууд нэгэн үеийн амар амгалан, хөгжил цэцэглэлтийг авчирч байсны нууц энд оршиж байжээ. Бүтээлээ туурвихдаа үнэ цэнэтэй түүхэн эх сурвалжид тулгуурласан.
“Монголын нууц товчоо”, “Судрын чуулган” гээд олон түүхэн сурвалжуудыг судалсан. “Судрын чуулган”-д хожим таван зуу, мянга, арван мянган жилд ч нарт хорвоод төрж, хаан төр барих удмынхан минь аль ч улс түмэнд хэрэглэж болохуйц Чингис хааны ёс суртахуун, засаг хуулийг өөрчлөхгүйгээр сахивал Мөнх тэнгэр хишгээ хүртээж, тэд маань өнө мөнхөд гэр хотлоороо энх амар, аз жаргалтай байх болмуй заа гэж бичсэн байна.
- “Судрын чуулган” персийн их түшмэл Рашид-ад-диний хувийн бүтээл юм биш үү?
- Чингис хааны отгон хөвүүн Тулуйгийн гуравдугаар хөвүүн Ил хаан Хүлэгүгийн үр удмын хаадууд олон улс гүрний түүний дотор Монголын мэргэдийг оролцуулсан багаар 1301-1311 оны хооронд Монголын түүхийг перс хэлээр албан ёсоор бичүүлсэн байна. Харин персийн Рашид-ад-дин эл бүтээлд эдүгээгийн хэллэгээр ерөнхий хянан найруулагчаар оролцжээ. Түрүүн дурдсан зүйл нь эл хосгүй бүтээлийн дүгнэлт юм шүү. Энэ нь Чингис хааны “бус сэтгэлтний үгэнд орж, мөхөстүүлэн сэтгэвээс мөн Засаг (хууль) чинь мөхөстөнө шүү” хэмээсэн гэрээстэй нь утга нэг байгаа юм. Хэрэв Үндсэн хуулийг ёс суртахуунд суурилуулбал амьд Үндсэн хууль буй болно.
- Та сая амьд Үндсэн хууль гэж ярилаа. Энэ тухайд?
- Энд тэндээс хуулбарласан гоё чамин үгийн цуглуулгын Үндсэн хууль ба бодит амьдрал хоёр хоорондоо зөрж байвал Үндсэн хууль амьд биш, тунхаглалын шинжтэй болсон байдаг. Гайхамшигт өвөг дээдсийнхээ өв уламжлалд суурилсан, өөрийн гэсэн язгуур үндэс бүхий Үндсэн хууль жинхэнэ ёсоор амьд болно. Шударга ёс, эрэмгий зориг, үнэн, жудаг, үүрэг ба хариуцлагаа ухамсарлах, нинжин өрөвч сэтгэл, нэр төр, тэсвэр тэвчээр, итгэл, эе эв, үл шуналдах зэргийг нийгмийн амьдралын бүхий л хүрээнд тогтооход тус дөхөм болсон Үндсэн хууль л амьд Үндсэн хууль болно. Чингис хаан багшдаа бичсэн захидалдаа “Хаан миний бие умар зүгийн их хээр талд аж төрөн сууж, чин сэтгэлээр чигч шударгыг эрхэмлэн тогтоогоод, сүйтгэн бүрэлгэхийг хориглон зогсоож, өмсөх хувцас, идэх хоолоо адуучин үхэрчинтэй хуваалцан, ард иргэдийг хүүхэдтэйгээн адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээ мэт хүндэлж, эв эеийг эрхэмлэн, энэрэл хишгээ түгээмүй” хэмээсэн нь Монгол улсын Үндсэн хуулийн үндсэн үзэл баримтлал болох ёстой.
Б.Янжиндулам
www.zindaa.mn