Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Ерөнхийлөгч Д.РЭГДЭЛТЭЙ ярилцлаа.
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар бүх шатанд хэлэлцэж, шийдэл хайж байна. Тухайлбал, танай академийнхан судалгаанд үндэслэн ямар шийдэл гаргав?
-Хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа том асуудлын нэг бол агаар, орчны бохирдол. Тодруулбал, хүн төрөлхтөн уур амьсгалын дулааралтай хэрхэн дасан зохицох, орчны бохирдлыг хэрхэн багасгах, мөн эрчим хүчний дутагдлын яаж нөхөх гэдэг асуудалтай нүүр тулж байна. Үүний нэг хэсэг бол хүн ам олноор суурьшсан хотуудын агаарын бохирдол юм. Дэлхийн олон хот агаарын бохирдолтой тэмцээд асуудлаа шийдвэрлэж чадсан. Бидний хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдвэрлэх жишээ, туршлага олон бий. Ерөнхий сайдын захирамжаар манай академийн эрдэмтэд ажлын хэсэг байгуулан ажиллаж 2017 оны эхний улиралд багтаан тодорхой саналыг танилцуулж байсан удаатай. Түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө хүртэл гаргасан боловч харамсалтай нь, санхүүжилтгүйн улмаас ажил зогссон юм. Харин саяхан энэ асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулсан учраас эрдэмтдийнхээ саналыг албан ёсоор танилцууллаа. Тэдний саналыг гурав хувааж болно. Нэгдүгээрт, гэр, амины орон сууцыг цахилгаанаар халаах санал боловсруулсан. Хоёрдугаарт, ингэж халаахын тулд ямар ажил хийх шаардлагатайг тодорхой болгосон. Гуравдугаарт, тээврийн хэрэгслээс гарч буй утааг хэрхэн багасгах талаар тооцоо, судалгаатай дүгнэлт хийсэн юм.
-Гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаах нь зөв шийдэл байж болох ч эрчим хүчний хүчин чадал хүрэлцэхгүй байх тал бий?
-Улаанбаатар хотод 200 гаруй мянган гэр, амины орон сууц байгаа. Эдгээрийг цахилгаан халаагуураар халаахын тулд эрчим хүчний томоохон эх үүсвэр шаардлагатай. Хамгийн багаар бодоход 400 мВт- ын хүчин чадалтай цахилгаан станц шинээр барьж байж гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар хангана. Мөн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадлыг зайлшгүй нэмэх ёстой. Үүнд 80 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол их хэмжээний мөнгө биш учраас зоригтой эхлүүлбэл ойрын хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх бүрэн боломжтой. Гагцхүү гэр хороололд газар чөлөөлөх бэрхшээлээс үүдэн ажил саатдаг тал бий. Иймд үүнийг тусгай хууль гаргаж зохицуулж болох юм.
-Танай академиас танилцуулсан санал дотор гэрийн дулаалгын асуудал багтаж байсан. Энэ нь хэр үр дүнтэй вэ. Гэрийн дулаалгын талаар олон нийт нэлээд шүүмжлэлтэй ханддаг юм билээ?
-Дулаалгатай монгол гэрийг дөрвөн кВт хүчин чадалтай цахилгаан халаагуураар халаахад агаарын температур нь 20 орчим хэмтэй байдаг. Гэхдээ энэ их хэмжээний эрчим хүчний хэрэглээг бууруулахын тулд суурь асуудал буюу гэр, амины орон сууцны дулааны алдагдлыг багасгах нь чухал. Энэ нь тал бүрийн ач холбогдолтой. Тухайлбал, бага эрчим хүч зарцуулна, тэр хэрээр бага мөнгө төлнө, цахилгаан станцаас гарах утаа мөн адил хэмжээгээр багасна. Иймд бид Улаанбаатар хот, Завхан аймгийн Тосонцэнгэлд туршилт хийсэн. Монгол Улсын зах зээлд худалдаалж байгаа, гэрт ашиглаж болох 10 орчим дулаалга байдаг юм билээ. Хоёр давхар бүрээстэй, таван ханатай гэрт нэмэлт дулаалга хийснээр хоёр кВт цахилгаанаар халаах боломжтойг тогтоосон. Өөрөөр хэлбэл, цахилгаан халаагуурын хүчин чадлыг хоёр дахин бууруулна гэсэн үг. Үүнийг шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатай гаргасан.
-Гэр дулаалах бололцоотой 10 орчим дулаалга байгаа гэлээ. Тэдгээр дулаалга хэд орчим төгрөгийн үнэтэй байна вэ?
-Эдэлгээ удаан даах зэргээсээ хамаарч харилцан адилгүй. Тухайлбал, 90000-1.3 сая орчим төгрөгийн хооронд байна.
-Хуримтлууртай аккумулятор зохион бүтээсэн талаар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаанд танилцуулж байсан. Айл өрхүүдийн хэрэглэж байгаа болон зах зээлд худалдаалж буй цахилгаан халаагуураас ямар давуу талтай вэ?
-Цахилгааныг дулааны энерги болгон ашигладаг аккумулятор туршилтаар зохион бүтээж, Улаанбаатар хот болон Тосонцэнгэлд туршсан. Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн энэ үед гэр хорооллынхон үүнийг ашиглах бүрэн боломжтой. Тухайн аккумуляторын дулаан хадгалдаг биет нь 300 хэм хүртэл халдаг. Түүгээрээ таван ханатай гэрийг 06.00-21.00 цаг хүртэл 20-24 хэмийн дулаантай байлгадаг. Энэ тохиолдолд иргэдийн цахилгаанд төлдөг мөнгөний хэмжээ үндсэндээ дөрөв дахин буурна. Үүнээс гадна аккумулятор дээр ширэм суулгаад цай, хоолоо хийх боломжтой.
-Тээврийн хэрэгслээс гарч буй утааг хэрхэн багасгах талаар тооцоо, судалгаатай дүгнэлт хийсэн гэсэн. Ямар шийдэл байна вэ?
-Нийтийн тээврээс гарч буй утаа агаарын бохирдлын 10 орчим хувийг эзэлдэг. Иймд гадаадаас худалдан авч буй том оврын автобус хийн хөдөлгүүртэй байх ёстой. Үүнийг салбарын яам нь зарчмын хувьд шийдвэрлэсэн. Харин одоо хөдөлгөөнд оролцож буй том оврын автобусыг хийн хөдөлгүүрт шилжүүлэх ажлыг хийх нь зүйтэй. Дараа нь хууль гаргаад суудлын автомашинаас гарах утааны стандартыг тогтоож, үүнийг хангаагүй жолооч нарт хариуцлага тооцдог болбол энэ асуудал аяндаа шийдэгдэнэ. Мөн арван жилээс дээш жил хэрэглэсэн автомашин оруулж ирэхийг хориглох зэрэг арга хэмжээ авах замаар тээврийн хэрэгслээс гарч буй утааг багасгах бүрэн боломжтой. Энэ мэт ажлыг хийж хэрэгжүүлснээр ойрын 2-3 жилд Улаанбаатар хотын утааг бодитой бууруулах боломжтойг судалгаагаар тогтоолоо. Үүнийг УИХ-д танилцуулсан, одоо бид арга хэмжээний төлөвлөгөөний санал гаргаж, Ерөнхий сайдад танилцуулахаар бэлтгэж байна.
-Нэлээд тооцоо, судалгаанд үндэслэн олон шийдлийг гаргаж ирсэн юм байна. Тэгэхээр одоо төр засаг ажлаа хаанаас нь эхлүүлэх ёстой гэж харж байна вэ?
-Засгийн газар юуны түрүүнд гэр дулаалах ажлыг зоригтой эхлүүлмээр байна. Нийслэлд 100 гаруй мянган гэр бий. Гэхдээ эдгээрийн зарим нь гэрээ дулаалсан, өөрсдөө дулаалга худалдан авах боломжтой айл өрх бас бий. Статистик мэдээнд үндэслэж тооцоход 50 орчим мянган айл өрхөд ямар нэгэн байдлаар төрөөс дэмжлэг үзүүлээд дулаалга өгчих хэрэгтэй юм. Тэр байтугай гэрийн дулаалга үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулбал, үнэ ханш нь буурахын зэрэгцээ олон хүн ажил, орлоготой болно. Мөн дээр дурдсан дулааны аккумуляторын үйлдвэр байгуулчихмаар байна. Манай судлаач, эрдэмтэд туршилтаар аккумулятор зохион бүтээхэд сая 300 орчим мянган төгрөгийн зардал гарсан. Хэрэв үйлдвэр байгуулж, олноор нь үйлдвэрлэвэл үнэ буурах нь мэдээж. Тэгээд айл өрх аккумулятороо шөнө цэнэглээд өдөр гэрээ халаавал хэмнэсэн мөнгөөрөө үнийг нь эргүүлэн төлөх бүрэн боломжтой. Энэ ажлыг төр, засгаас хийх байх гэж найдаж байна. Дээр дурдсан ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ гэр хорооллын иргэдийг соён гэгээрүүлэх нь хамгийн чухал. Иргэд хэр зэрэг идэвхтэй оролцоно, тэр хэрээр ажил амжилттай явж, агаарын бохирдол буурна. Иргэд маань идэвхгүй байгаа цагт төр, засгаас ямар ч ажил хийгээд бодит үр дүнд хүрдэггүйг агаарын бохирдол харуулж байна. Сүүлийн 10-аад жил агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн муутай байлаа. Энэ бол иргэдийн оролцоо байгаагүй, үндсэндээ бизнес маягаар буюу ашиг харсан компаниудад төр, засаг нь хөтлүүлсэн.
-Энэ удаад ч гэсэн хэн нэгний бизнесийг дэмжсэн ажил болохвий гэдэг болгоомжлол олон нийтийн дунд байна. Түүхий нүүрсний хэрэглээг зохицуулж чадахгүй бол дээрх бүх ажлыг хэрэгжүүлээд ямар ч үр дүнд хүрэхгүй байх?
-Түүхий нүүрс оруулж ирэхийг зогсоох ёстой. Ер нь 200 мянгаас дээш хүн амтай хот, суурин газарт түүхий нүүрс түлдэггүй байх зохицуулалттай хууль гаргамаар байгаа юм. Нэгэнт ийм хуультай болбол түүнийг боловсруулж оруулж ирэх шаардлагатай болно. Манай эрдэмтэд Багануур хотын нүүрсний уурхайн дэргэд нүүрс угаадаг үйлдвэр байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Угаасан нүүрсээр нийслэлчүүдийг хангахад Улаанбаатарын утааны хар өнгө, тоосонцор, хөө тортог 30 хувь буурна. Энэ асуудалд төсөв хөрөнгө хуваарилахад хүндрэлтэй байж магадгүй учраас концессын гэрээгээр бариулах боломж бий. Эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдаар бариулаад тухайн үйлдвэрийн нүүрсийг төв суурин газрынхан тогтвортой худалдаж аваад түүгээрээ зардлаа нөхөж болно. Энэ арга замыг дэлхий даяар хэрэгжүүлж байна.
-Өнгөрсөн онд та бүхний гаргасан санал, төлөвлөгөө санхүүжилтгүйн улмаас зогсонги байдал орсон юм байна. Одоо ч эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа учраас энэ удаад ч мөн тийм асуудал үүсэхвий?
-Бидний гаргасан санал, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд их хэмжээний мөнгө шаардлагагүй. Тухайлбал, айл өрх бүрийг цахилгаан халаагуур хэрэглэх боломжоор хангахын тулд 80 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол улсын төсөвт хүнд ачаа болохгүй. Төрийн байгууллагууд жил бүр ширээ, сандлаа солихгүй байхад л хөрөнгө бүрдүүлж чадна. Гол нь шийдвэр гаргагчдын хувьд эр зориг хэрэгтэй. Төр засгийнхан, шийдвэр гаргагчид нэг зорилгын дор, нэг тийшээ чиглэх ёстой. Төлөвлөсөн ажил эзэнтэй, төсөвтэй, нарийн дэс дараатай, үйл ажиллагаа бүр харилцан бие биеэ дэмжсэн байхад л болно.
-Агаарын бохирдлыг бууруулахын тулд зайлшгүй хуультай байх ёстой талаар УИХ-ын зарим гишүүн санал гаргаж байна. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Миний бодлоор Монгол Улсын Засгийн газраас Агаарын бохирдолтой тэмцэх тухай хууль санаачилж батлуулмаар байгаа юм. Ингээд урсгалаар яваад агаарын бохирдлыг бууруулж чадахгүй, тэмцэх л хэрэгтэй. Ингэхдээ тэмцлийг зохион байгуулдаг тусгай байгууллага буюу штабтай байх ёстой. Энэ штаб нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүний хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг авч, түүндээ дүгнэлт хийж Засгийн газарт танилцуулан шийдвэрлэдэг зарчимтай байвал үр дүнд хүрнэ. Одоо эзэнгүйдэж байна. Нийслэл, аль яам юуг нь хариуцах нь тодорхойгүй. Үүнээс болоод агаарын бохирдол буураагүй тохиолдолд хэн ч хариуцлага хүлээхгүй байна.
-Агаарын бохирдол багассан, нэмэгдсэн л гэх юм. Яг бодит байдалд утаа өмнөх жилүүдийнхээс ямар байна вэ?
-Сүүлийн үед өндөр албан тушаалтнууд, ялангуяа УИХ- ын гишүүд “Улаанбаатар хотын агаарын бохирдол сүүлийн жилүүдэд 2-3 дахин нэмэгдлээ” гэж мэдээлж байгаа нь зарчмын хувьд буруу. Ард түмэнд буруу ойлголт өгч байна. Яагаад гэвэл, сүүлийн гурав, дөрвөн жилд нийслэлийн агаарын бохирдол жил бүр 5-8 хувиар буурч байгаа. Гэтэл үүнийг нийслэлд шилжин ирэгсэд болон хүн амын механик өсөлт нөхдөг. Ер нь агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл нэмэгдсэн нь үнэн. Ялангуяа нярай, бага насны хүүхэд, өндөр настнуутад хүнд ачаалал болдог. Агаарын бохирдол ихтэй жилүүдэд төрсөн хүүхдүүд том болоод уушгины ямар нэгэн асуудалд өртөх, өндөр настнуудын хувьд хорвоогийн жамаас өмнө нас барах магадлал маш өндөр байгаа. Тиймээс агаарын бохирдолтой цаг алдахгүй тэмцэхгүй бол эрүүл мэндийн талд аюултай нөхцөл байдал үүсээд байна. Байгаль, экологи талдаа ч мөн ялгаагүй. Тодруулбал, агаар дахь бохирдол хөрсөнд буудаг. Тэгээд утаагүй үед салхиар босч хүний уушгинд ордог. Улаанбаатар хотын өнгөн хөрсийг дахин сэргээхэд маш хүндрэлтэй. Бид агаарын бохирдолтой зэрэгцэн хөрснийхийг ярих хэрэгтэй.
-Юунд үндэслэн Улаанбаатар хотын агаарын бохирдол жил бүр буурч байна гэсэн дүгнэлт хийж байна вэ. Нүдээр харахад буураагүй, харин ч бүр нэмэгдсэн юм шиг дүр зураг ажиглагдаж байна шүү дээ?
-Нэгдүгээрт, нэг хэсэг нь бухимдлын нүдээр хардаг. Хоёрдугаарт, байгаль цаг уурын тодорхой нөхцөл үүсээд Уланбаатар хотын агаар огт хөдөлгөөнгүй зогсдог. Ийм үед агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрдэг. Агаарын бохирдлыг хэмждэг мониторингийн станцуудын мэдээг автоматаар бүртгээд сараар нь дундажлаад эцэст нь бохирдлын хэмжээг тогтоодог. Түрүүнд би хэлсэн, Улаанбаатар хотыг угаасан нүүрс, сайн чанарын боловсруулсан шахмал түлшээр хангавал өтгөн хар утаа арилна.
-Өнгөрсөн хугацаанд бүх л шатанд агаарын бохирдолтой тэмцсэн, багагүй хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөсөн. Гэтэл бодит үр дүн гарсангүй. Юун дээр алдсан гэж үздэг вэ?
-Тэр нэг жил Улаанбаатар хотыг бүсчлээд энэ хэсэгт түүхий нүүрс түлэхгүй гэдэг шийдвэр гаргаад хэрэгжүүлэхэд бодит байдалд агаарын бохирдол 20- оод хувь буурч байсан. Гэтэл дараа жил нь Багануураас нүүрс оруулж ирсэн нь агаарын бохирдлыг эрс нэмэгдүүлсэн талтай. Хүн бүр асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэж байсан нь гол алдаа. Утаа гардаггүй сайн зуух үйлдвэрлэж, түүгээр агаарын бохирдлыг бууруулж болно. Гэтэл энэ нь цэвэр бизнес болж хувирсан. Утаагүй зуухыг зээлээр өгөх ёстой. Тэгэхгүй бол өндөр үнэтэй, дамлаж зарах тохиолдол гарах нь ойлгомжтой. Ер нь зохион байгуулалт муутай, уялдаа холбоогүй шийдвэр гаргаж байсан, хэтэрхий ашиг харсан үйл ажиллагаа явуулсан зэргээс болж, агаарын бохирдолд зарцуулсан 200 тэрбум төгрөг утаа болсон. Одоо бид хаана алдсанаа мэдэж, сургамж авсан учраас дахиж энэ алдаагаа давтахгүйн төлөө зорилгод нэгдвэл утаа тийм ч хэцүү зүйл биш.
ЭХ СУРВАЛЖ: UNEN.MN