Вэбсайтын цэс
Хэлний сонголт
С.НАРАНГЭРЭЛ: МОНГОЛ УЛС ТӨРИЙН ТЭРГҮҮНГҮЙ БОЛЧИХ ВИЙ ДЭЭ
С.НАРАНГЭРЭЛ: МОНГОЛ УЛС ТӨРИЙН ТЭРГҮҮНГҮЙ БОЛЧИХ ВИЙ ДЭЭ


Академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэлтэй ярилцлаа

-Та саяхан Монгол улсын Эрдмийн их сургуулиас зохион байгуулсан “Үндсэн хууль: шийдэл ба асуудал” сэдэвт шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлэгт “Монгол Улс амьд Үндсэн хуультай юу” гэсэн үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн байна. Илтгэлдээ дэвшүүлсэн санаагаа товчхон илэрхийлэхгүй юу?

-Би илтгэлдээ гурван асуудлыг хөндөж тавьсан. Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтөд шинжилгээ хийсэн. Хоёрдугаарт, 1992 оны Үндсэн хуулийн чадавх цаашид хүрэлцээтэй эсэхийг хөндөж тавьсан. Гуравдугаарт, цаашдаа Монгол Улс жинхэнэ амьд Үндсэн хуультай болох талаар олон жилийн судалгаанд суурилсан санаагаа илэрхийлсэн.

-Тэгвэл та Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтийн талаар эрдэмтэн судлаачийн хувьд ямар дүгнэлт хийсэн бэ?

-Одоо олон нийтийн санал авч, энд тэнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа Үндсэн хуульд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлт нь бүхэлдээ Монголын нийгэмд хөгжил дэвшил авчирч чадахгүй. Төрийн байгууллын зарим нэгэн асуудлыг хөндсөн, эцсийн дүндээ манай ард иргэдийн дунд “дордохын долоон нэмэлт” гэж нэршсэн бөгөөд 1999, 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлт алдаатай байсныг хүлээн зөвшөөрч, засамжлах төдийхнөөр хязгаарлагдаж байна.

-“Дордохын долоо”-н нэмэлт өөрчлөлтийг засамжлахад чиглэгдсэн гэж хэлснээ тодруулахгүй юу?

-1992 оны Үндсэн хууль анх батлагдахдаа УИХ-ын нийт гишүүдийн дийлэнх олонхи нь буюу 51 гишүүн хүрэлцэн ирсэнээр хууль баталдаг байсныг ердийн олонхи буюу 39 гишүүн хүрэлцэн ирсэнээр чуулганы ирц хангагдаж, хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хууль баталдаг болсон. Энэ нь УИХ-ын гишүүд улс орны амин чухал асуудлыг шийдвэрлэхдээ дотоод гадаадын капитал хуримтлуулагчдын эрхшээлд орж, эх орон ард түмний язгуур эрх ашгийг хохирооход хүргэсэн. Үүнийг засамжлах зорилгоор хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хууль батална гэсэн өөрчлөлтийг оруулах гэж байгаа юм билээ. Хуралд оролцсон дийлэнх олонх гишүүд гэдэгтээ ямар ирцийг хамааруулах вэ гэдэг нь ихээхэн ойлгомжгүй байгаа юм. Миний бодлоор 1992 оны Үндсэн хууль анх батлагдсан буюу УИХ-ын нийт гишүүдийн дийлэнх олонхийн ирцийг эргэж сэргээх ёстой.

1992 оны Үндсэн хуулиар УИХ-ын чуулган жилд 75-аас доошгүй хоног хуралддаг байсан. Түүнийг 1999, 2000 оны нэмэлт өөрчлөлтөөр 50 хоног болгож багасгасан юм. Гэтэл манай УИХ байнгын ажиллагаатай, өндөр өртөг зардалтай парламент. УИХ-ын гишүүд ажилдаа ирэхгүй болохоор ингэж чуулган чуулах хугацааг багасгахад хүргэсэн. Одоо буцаад 75 хоног болгох гэж байгаа юм байна.

-УИХ-ын болон Засгийн газрын гишүүнийг хавсрах талаар өөрчлөлт оруулах гэж байгаа байх аа?

-1999, 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хязгааргүйгээр хавсрах нэмэлтийг оруулсан юм. Энэ нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт сонгуульд ялсан намын удирдагчийн эрхшээлд оруулж, улмаар Засгийн газар нь хууль тогтоох дээд байгууллагынхаа дээр нь гарчихсан. УИХ Засгийн газарт хяналт тавьж чадахаа байсан. Энэ учраас оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-н гишүүд байж болно гэсэн засвар хийх гэж байна. Миний үзэж байгаагаар УИХ ба Засгийн газрыг бүрэн тусгаарлаж, УИХ нь хууль тогтоох байгууллага шиг, Засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага шиг ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Энэ хавсардаг ёс нь Монголын нийгэмд маш их хар мөнгөтэй. Ийм мөнгөөр ивээн тэтгүүлсэн хүмүүс сонгогчдын саналыг худалдаж авах замаар УИХ-ын гишүүн болсныхоо дараа Засгийн газрын гишүүн болох сонирхлыг өөгшүүлсэн. Засгийн газрын гишүүнээр ажиллана гэдэг бол хамгийн их унацтай газар. Тэнд тендер, концесс, хахууль, албан тушаал худалдах гээд хар мөнгөний хэмжээлшгүй үйлдвэр явагддаг. Энэ нь эргээд Засгийн газрыг тогтворгүй болгох, ойр, ойрхон унагах байдалд хүргэдгийг УИХ-ын сүүлийн таван удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд бид сайтар мэдэрлээ шүү дээ.

-Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг дангаараа томилж, огцруулж байх талаар Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлтийг та юу гэж үзэж байна вэ?

-Энэ асуултад хариулт өгөхийн тулд Ерөнхий сайд хахууль өгөгчдийн Засгийн газрыг байгуулбал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал зүй ёсоор үүснэ. Нөгөө талаар төрийн эргэлт хийх нэн таатай боломж бүрдэх болно.

-Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах талаар тусгасан юм билээ?

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах өөрчлөлт яригдаж байна. УИХ жилд хоёр удаа их завсарлага хийдэг. Энэ хугацаанд хэрэв улс оронд онц байдал тогтоох зайлшгүй шаардлага үүсэхэд Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч ганцаарчилсан шийдвэрийг дангаараа гаргадаг. УИХ-ын гишүүдийн ирц бүрдэх хүртэл нэн шаардлагатай хуулийн төслийг мэргэжлийн хүмүүсээр боловсруулж, УИХ-д өргөн барих зайлшгүй шаардлага үүснэ шүү дээ. Нөгөө талаар Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газарт чиглэл өгөх эрхийг нь хасах гэж байна. Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч гадаад харилцаанд Монгол Улсыг төлөөлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг удирдах, дайны болон онц байдал тогтоох зэрэг бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх шаардлага эх орон ард түмний язгуур эрх ашгийн үүднээс зайлшгүй гарна. Өмнө дурдсан өөрчлөлтийг оруулахад хүрэхийн бол дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд заасан “Ерөнхийлөгч төрийн тэргүүн байна” гэсэн Үндсэн хуулийн заалттай шууд зөрчилдөх байдалд орно гэдгийг нухацтай магадлах ёстой.

-“Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид нэр дэвшигчийг 72 цагийн дотор батламжилна” гэх заалт оруулах гэж байгаа гэсэн?

-Одоогийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хуулийн Ерөнхийлөгч шүүгчийг томилох тухай заалтын үзэл баримтлал нь цэх шударгаар мэргэжилдээ үнэнч, ажиллаж байгаа шүүгчийг Ерөнхийлөгч ивээлдээ авч, халагдашгүй байдлыг нь хангаж өгнө гэсэн хэрэг юм. Харамсалтай нь өмнөх Ерөнхийлөгчийн үед шүүгчийг томилох асуудалд хувийн компанийн захирал ажилтан авч байгаа юм шиг болгочихсон. Хэн нэгэн эрх баригчийн гаргасан алдааг Үндсэн хууль руу чихэж болохгүй. Хэрэв Шүүхийн ерөнхий зөвлөл хахуулиар шүүгчид нэр дэвшүүлсэн тохиолдолд Ерөнхийлөгч түүнийг таслан зогсоож чадахгүй байдалд оруулах юм уу гэсэн асуудал та биднээс өөрийн эрхгүй хариу нэхнэ.

-Сүүлийн үед хоёр танхимтай парламентыг бий болгох нь өнөөгийн хүндрэлээс гарах гол арга зам гэж үзэх төрийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид цөөнгүй болж байна. Энэ талаарх таны санаа бодлыг сонсмоор байна?

-Энэ чинь бас л сонгуулиар тодорхой хугацаатайгаар бий болгох байгууллагууд шүү дээ. Дахиад л хоноцын хүмүүсээр төрийг дүүргэчихвэл яах вэ.

-Та илтгэлдээ 1992 оны Үндсэн хуулийн чадамжийн талаар шинжилгээ хийсэн гэлээ. Үндсэн хуулийн чадамж ямар байгаа юм бэ?

-1980-аад оны сүүлчээр ЗХУ, Социалист хамтын нөхөрлөлийн орнууд задран бутарч зарим улс тухайлбал, Румынд нам төрийн удирдагчаа гэргийтэй нь хамт өчиггүйгээр буудан хороосон. Сэтгэл цочирдуулсан энэ үйл явдал Монголын нийгэмд нөлөөж, улс төрийн шинэ хүчнүүд дараа дарааллан бий болж нрх баригчдад улс төрийн тулган шаардлагуудыг богино богино хугацаанд шат дарааллан тавьж эхэлсэн. Улс оронд нүүрлэсэн улс төрийн нэн хурцадмал хямралтай байдлыг даван туулах арга зам нь шинэ Үндсэн хуулийг боловсруулж, батлах явдал гэж үзсэн. Ингээд хагас жилийн дотор шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлж эхэлсэн. Энэ төслийг боловсруулахдаа юуны өмнө монголчуудын гайхамшигт өвөг дээдсийг ихэд дорд үзсэн Мантискогийн эрх мэдэл хуваарилах тухай онолыг гол үзэл бодлоо болгон баримталсан. Нөгөө талаар үр дагаврыг нь урьдчилан тооцохгүйгээр НҮБ-аас батлан гаргасан хүний эрхийн баримт бичгийг хуулбарлан суулгасан. Түүнчлэн барууны улсуудын Үндсэн хуулийг жишиг болгосон. Ингээд Үндсэн хуулийнхаа оршил хэсэгт “Эх орондоо иргэний ардчилсан, хүмүүнлэг нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж зарлан тунхагласан. Үүнээс хойш 25 жил өнгөрчээ. Энэ бол богино цаг хугацаа биш. Үндсэн хуульд зарлан тунхагласан өмнө дурдсан зорилго хэрхэн яаж хэрэгжсэнийг би илтгэлдээ нарийвчлан авч үзсэн. Тэгээд 1992 оны Үндсэн хуулийн нөөц шавхагдсан гэсэн дүгнэлтэд өөрийн эрхгүй хүрсэн.

-Яагаад?

-Бид ардчилал гэсэн нэрийн дор дөрвөн жил тутамд сонгууль хийж, Монгол төрийн бодлогын залгамж холбоог бүрэн алдагдуулж, төрийг хоноцын хүмүүсээр дүүргэж, дампуурлын ирмэгт аваачлаа. Улс төрийн намууд хамгийн шилдгүүдийн нэрийг дэвшүүлж, тэдгээрийн дотроос хамгийн шилдгийг нь сонгогчид тодруулна гэж гэнэхэн төсөөлж байсан чинь хамгийн увайгүй нь сонгогддог явдал ердийн үзэгдэл болж хувирав.

Сонгуулийн үеэр хэзээ ч биелэгдэшгүй, ичгүүр сонжуургүй зүйлийг амлаж, сонгогчдыг төөрөгдүүлэн улмаар хамгийн их мөнгө цацсан нь сонгуульд ялдаг нь ёс мэт болов. Ялсныхаа дараа хөшигний ард сайдын суудал тендер, концесс, албан тушаалыг наймаалцаж, сонгуулийн кампанит ажлыг нь ивээн тэтгэсэн дотоод гадаадын олигархиудын эрх ашгийг хамгаалан хуульчлах байдал руу оров. Төрийн эрх мэдэл үндсэндээ ямар ч аргаар хамаагүй ашиг хонжоо олохыг санаархагч капиталын гарт, түүний эрхшээлд автагдлаа. Сонгуулийн дөрөвхөн жилийн хугацаанд улс орны хөгжил дэвшлийг хангахуйц бүтээн байгуулалтыг өрнүүлж амжилгүй парламентын хэрэлдээн, маргалдаан, чарлаанаар хоног хугацааг өнгөрөөж дараагийн сонгуультай золгож ирлээ. Ийм байдал цаашид үргэлжилбэл Монголын ядарсан ард түмэн хамгаалуулах ивээлд нь байх төр засаггүй болж сөхрөн туйлдах аюул нүүрлэжээ.

Хүмүүнлэг нийгэм гэдэг бол хүнд хүн ёсоор ханддаг, иргэн хүнээ дээдэлдэг нийгмийг ингэж нэрлэдэг. Гэтэл өнгөрсөн 25 жилд хар амиа хичээх үзэл газар авч, монголчуудын дийлэнх олонх нь ирээдүйдээ итгэлгүй, өр ширэнд баригдсан, өлмөн зөлмөн амьдралаар гол зогоох болжээ. Хөдөө орон нутаг, сумын төвүүд согтуурлын мансууралд, өсвөр үеийнхэн хар тамхины мансууралд автагдаж байгааг шударгаар хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Эндээс үзвэл Монгол Улсад хүмүүнлэг иргэний нийгэм биш хамгийн зэрлэг өршөөлгүй капиталын нийгэмд шилжиж, монголчуудын хүсэл нь мөнгө, эд хөрөнгө, тансаг хэрэглээ. Үзэл нь шунал болчихлоо.

-Тэгвэл Монголд амьд Үндсэн хууль бий болгохын тулд яах ёстой вэ?

-Монголчуудын ийм дэндүү арчаагүй, заримдаа бүр гарцгүй мэт болсон нөхцөл байдал нь Монгол төрийн үндэсний язгуур бодлого байхгүй болсонд оршиж байгаа юм. Уг нь бид чинь 140 гаруй жил дэлхий дахиныг засан товхинуулж, хөгжил дэвшил сэтгэл тэнүүн амьдралыг авчирч байсан гайхамшигт өвөг дээдсийн хэрэгжүүлж байсан төрийн өөрийн гэсэн язгуур үзэл сурталтай ард түмэн. Харамсалтай нь үндэсний эв эеэ алдаж, ах захаа хүндлэхгүй болсны улмаас сүүлийн 220 жилд Манжийг, 70 шахам жилд Зөвлөлтийг, 30 шахам жилд барууныг сохроор аялдан дагацгаалаа шүү дээ. Үндэсний язгуур бодлогын үзэл санаагүй ард түмнийг үгэн бөмбөгөөр бөмбөгдөхөд хэрхэн яаж сулран доройтдог туршилтыг монголчууд бид өөрсөд дээрээ харийнхнаар хичнээн удаа хийлгэв дээ.

-Монгол төрийн язгуур үзэл баримтлалыг бий болгож чадвал манай улс амьд Үндсэн хуультай болно гэж хэлэх гээд байна уу?

-Монголын төр шударга үнэн, нинжин сэтгэл, жудаг, нэр төр, итгэл, дэндүү үл шуналтах, найрсаг зочломтгой зан, урвашгүй сэтгэл зэргийг хуулиас дээгүүр тавьсан цагт амьд Үндсэн хуультай болно. Хууль гэдэг бол хүний амьд организм. Хүний цустай адил хүний дотор сэтгэлд гүйж явдаг зүйл. Гэтэл бид өнгөрсөн 25 жилд хүний төлөө байх ёстой хуулийг хуулийн төлөө хүн байх ёстой юм шиг болгож, хуулиар хайрцагласан ёс суртахуунгүй орчинд ард иргэдээ оруулчихлаа шүү дээ. Хуулийн үгүйсгэх заалтаар хэн ч маргаж болдог. Тэгвэл ёс суртахууны эрхэм нандин чанарыг хэн ч оруулан тайлбарлаж чаддаггүй. Эрт дээр нэгэн үе Чингис хаан түүнийг шууд залгамжлагчид хуулийн дээр ёс суртахууныг тавьж чадсанаараа Монгол Улсыг дэлхийн хэмжээнд хүргэсэн юм шүү дээ. Цаашдаа та бидний эх оронд, нэр төрд тулгуурласан ёс суртахууныг бүхнээс дээгүүр тавьдаг төр засгийн хамгийн тохиромжит тогтолцоо ямар байх вэ. Монголын төрийг нэр төртэйгээр хэн авч явах вэ гэсэн судалгаа шинжилгээ хийж байна. Одоохондоо нийтэд задруулах хэмжээнд хүрээгүй байгааг ний нуугүй хэлье. Хэрэв Монгол Улс Үндсэн хуульдаа төрийн үндэсний язгуур үзэл санаагаа өмнө дурдсан шиг тодорхойлж чадах юм бол эдийн засаг, гадаад харилцаа, батлан хамгаалах, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хотжилт зэрэг бүх салбар зөв бодлоготой болж хувирна.

-Энэ талаар тодорхой ганц жишээ хэлж өгөөч?

-Ганц биш, хоёрхон жишээ хэлье. Нийгэм ард иргэдийнхээ эрэлт хэрэгцээг хангасан буюу эсхүл ямар ч аргаар хамаагүй ашиг унагагч энэ хоёр төрлийн эдийн засгийн алинтай нь байх вэ гэдгээ шийдэх ёстой. Дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд дэлхий нийтийн жишигт нийцсэн эдийн засагтай байна гээд заасан байгаа. Боловсролын хувьд монголчууд эрт дээр үеэс боловсролыг хүн бүтээх үйл явц гэж ойлгож ирсэн. Тэгтэл өнөөдөр бид дөнгөж хүн болох гэж байгаа хөөрхөн багачуудынхаа авьяасыг нь нээнэ гээд өөрсдийг нь ч хөөрхий тэр олон багш нарыг ч зовоон тарчлааж байгаагаа яах вэ.

-Хэн Монгол төрийг нэр төртэй авч явна гэж?

-Элитүүд. Элит гэдэг бол үе удмаараа эх орон ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө хүчин зүтгэж, ачааны хүндийг үүрч явсан ард түмний тэр хэсгийг хэлнэ. Элитүүдэд шунал байдаггүй. Маш томоор сэтгэдэг учраас хахууль буюу элдэв бусармаг явдалд автагддаггүй. Гадаад нөлөөлөлд ордоггүй хүмүүсийг хэлдэг.

-Манай улсад элит бий юу?

-Байгаа. Үүнийг олж харах, судлан шинжлэх бидний билгийн нүд наад зах нь улс орныхоо нэг мянган жилийн туулсан зам мөр сургамжийг сайтар мэдсэн цагт нээгдэнэ. Одоо харин элитүүд нэгдэх цаг болсон.

-Та илтгэлдээ сүсэг бишрэл Монгол төрийн бодлогын салшгүй хэсэг байх ёстой гэж тэмдэглэсэн нь олон хүний сонирхлыг татаж байх шиг байсан?

-Сүшиг бишрэл гэдэг бол шашин. Шашин гэдэг бол бурхны сургаал. Хүн болгон сүсэг бишрэлтэй байдаг. Бурхны сургаал нь “Бүү ал, бүү хулгайл, бүү худлаа ярь, эцэг эхээ хүндэл, хортой зүйлээс холхон явцгаа, нүгэл хилэнц бүү үйлд” гэж л байдаг шүү дээ. Угтаа энэ бол бас л ёс суртахуун. Харамсалтай нь өнөөдөр нэг талаар сүм хийд, дуган, дацан, түүний санваартнууд хүнийг хүн шиг явуулах чиг үүргээсээ хэтэрхий хазайж, бусдын муу үйл, зовлон гачаалаас ашиг унагадаг болчихоод байгаа. Ийм учраас шашныг шашин ёсоор нь байлгах явдал бол амьд үндсэн хуультай болох нэг алхам. Харамсалтай нь манай дагаж мөрдөж байгаа Үндсэн хуульд шашин нь төрөө хүндэлнэ гээд заачихсан байгаа. Тэгэхээр энэ чинь төрд болж, бүтэхгүй байгаа муу муухай бүхнийг шашин хүндэлнэ гэсэн үг юм уу.

Мөнхжаргалын Мөнхцэцэг

Эх сурвалж: Өдрийн сонин



Бусад мэдээлэл