ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой коронавирусийн үед манай Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого болон олон улсын туршлага зэрэг асуудлаар ярилцлаа.
-Олон улсын харилцааны хүрээлэнгээс коронавируст халдвартай холбоотойгоор ямар судалгаа, шинжилгээ хийж байна вэ?
-Манай хүрээлэнгийн хамт олон салбарынхныхаа адилаар энэ хүнд цаг үеийн нөхцөл байдлыг даван туулж буй улс орнуудын туршлагын талаарх мэдээллүүдийг цуглуулж, өөрсдийнхөө хэмжээнд дүгнэлт хийж холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүргүүлж, үйл хэрэгт нь дэм болохыг хичээж байгаа. Нийгмийн сүлжээ болон олон нийтэд зориулан бэлтгэн гаргаж буй мэдээлэл маань ч гэсэн эх сурвалжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Манай хүрээлэнгийн хувьд ковидын дараах дэлхий ертөнцийн улс төрийн тогтолцоо болон олон улсын харилцаа хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг л илүү сонирхож, таавар8 таамаг дэвшүүлж байгаа шинжээч нарын дүгнэлтүүдийг судалж байна. Ер нь бол өөр ертөнц, амьдралын хэв маяг бий болох нь ойлгомжтой. Есдүгээр сарын 11-ний үйл явдал дэлхийн улсуудын улс төрийн тогтолцоог хэрхэн өөрчилсөн билээ, түүнээс ч дутахгүй өөрчлөлт гарах нь гарцаагүй.
-Дотооддоо коронавирусийн халдвар алдаагүй хэдэн улс байна вэ. Тэдний гол баримталж буй бодлого нь юу вэ?
-Бидний олж үзэж байгаа мэдээллээр бол гарын арван хуруунд л багтахаар цөөхөн улс байна. Үүнд олон зүйл нөлөөлж байж болно. Юуны өмнө тухайн вирусийг шинжилж чадаж байгаа эсэх, нөгөө талаар олон улсад гаргаж байгаа мэдээлэл нь хэр үнэний хувьтай вэ гэдэг. Ерөнхийдөө бол дотооддоо алдаагүй, тархаагүй гэдгийн хамгийн гол хүчин зүйл нь хилээ хааж, иргэдийн хөдөлгөөнийг тасалж чадсанд оршиж байх шиг байна. Гэхдээ л зөвхөн хүн хоорондын харилцаагаар дамжаагүй тохиолдол бүртгэгдэх болсон нь асуудлыг хүндрүүлж магадгүй юм.
-Улс орнуудын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа онцлох, жишиг бодлогуудыг танилцуулахгүй юу?
-Манай хүрээлэнгийн залуу судлаачид хамтраад судалгаа, мэдээллийн хоёр товхимол бэлтгэж түгээсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өдөр тутам авч байгаа эх сурвалжаас гадна зарим орон тухайлбал, Вьетнам, Турк зэрэг улсын жишээг дурдсанаараа онцлог байж магадгүй. Улс бүрийн баримталж байгаа бодлого, нөхцөл байдлаасаа шалтгаалаад өөр өөр. Жишээ нь, Холбооны Улс учраас Германы муж бүр өөр хоорондоо ялгаатай бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байх жишээтэй. Мэдээллийн технологийн хөгжлийн түвшнээрээ ч хоорондоо ялгарч байна. Жишээ нь, БНСУ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд олон шинэлэг зүйлсийг үндэсний компаниуд нь хийж, нэвтрүүлсэн хэмээн тайлагнасан. Улс орнуудын авч байгаа арга хэмжээ ялгаатай байгаагийн нэг жишээ нь Швед Улс. Анхнаасаа сүргийн дархлаа тогтоох замаар дасан зохицож, тэсэж гарна гэсэн бодлого нь зарим талаар алдаатай байсан хэмээн эргэн харах болсон. Өндөр хөгжилтэй, эрүүл мэндийн хангамж сайтай хойд Европын бүс нутгийн улс орнууд дундаа нас баралт өндөрт тооцогдож байгаа тул амны хаалтыг заавал зүүхийг шаардаж, зарим хэлбэрийн хөл хорионы дэглэмийг сонгосон зэргийг дурдаад байвал олон. Гаднаас орох халдвараа хянаж чадсан тохиолдолд амжилттай байж болохын хамгийн шилдэг жишээ нь арлын Тайвань гэж хэлж болохоор байна. Хянаж чадсан болохоор хөрөнгө мөнгө нь байгаа тул амьдралын хэвийн горимоо таслалгүй авч гарч чадсан. Миний олж мэдсэнээр бол саяхан тэдний Засгийн газрын сургалтын тэтгэлгийг шинээр авсан манай залуус бүгдээрээ очоод хичээлдээ орж, хэвийн амьдралын горимд шилжсэн гэнэ лээ.
-Манайх аль улсын, аль жишгийг авч хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй гэж та үзэж байна вэ?
-Яг тэгж шууд хариулахад учир дутагдалтай л даа. Улс болгон газар зүйн байршил, цаг уур, ахуй амьдрал гээд өөр өөрийн онцлогтой. Манайх гэхэд л хот, хөдөө маань эрс тэс өөр орчинтой шүү дээ. Тиймээс төстэй байдлаасаа гадна эрүүл мэндийн үйлчилгээний ижил түвшнийг нь харгалзан үзэх хэрэгтэй.
-Манай Засгийн газраас авч, хэрэгжүүлж байгаа бодлого хэр зөв, үр дүнтэй байна вэ?
-Бодит дүнг цаг хугацаа л тавина даа. Өнөөдрийг хүртэл алдаж, оносон зүйл аль аль нь байх шиг байна. Бид төдийгүй дэлхий нийтээрээ л тэвдэж байна шүү дээ. Хэрвээ алдаа дутагдал байна гэвэл зөвхөн өнөөдрийнх биш, харин сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, бий болгосон тогтоцын гажуудал байж болох талтай. Эрүүл мэндийн салбартаа хийсэн хөрөнгө оруулалт хангалтгүй, тоног төхөөрөмж муутай, хүний нөөц дутагдалтай байсан зэрэг нь цаашид анхаарал хандуулахаас аргагүй асуудал зөндөө байгааг харууллаа. Өнгөрсөн оны гуравдугаар сард хамгийн сүүлийн Токиогийн хуваарьт онгоцоор ирж, хамгийн эхний тусгаарлалтад 14 хоног байсан хүний хувьд үүнийг хэлж байгаа юм шүү. Биднээс нэг ч шинжилгээ аваагүй, зөвхөн ажиглаад л гаргасан юм. Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нар бол харин их хичээж ажилласан нь мэдэгдэж байсан. Тухайн үед улсын хэмжээнд вирусийн шинжилгээ авах тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнүүд нь хангалтгүй байсантай холбоотой байж магадгүй л дээ. Гэхдээ бэлтгэлгүй л байсан даа.
-Хатуу хөл хорио нь хэр зөв шийдвэр бэ?
-Хөл хорио тогтоохоос аргагүй. Харин хэрэгжүүлэх арга зам нь зөв байсан эсэх л гол шүү дээ. Манайхны цаад углуурга аливаа зүйлийг ёс журмын дагуу хийдэггүй, хийх ч бололцоогүй байдагтай ч холбоотой байж магадгүй. Хамгийн захын жишээ л гэхэд Тохижилт, үйлчилгээний компани зэрэг үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа ажилтан өмсөж буй хамгаалалтын цагаан хувцсаа өдөр бүр өмссөөр, халтар чигээр нь л хэрэглэж байгааг харж болно. Тэр хүмүүсийг буруутгаж байгаа юм биш шүү, нөхцөл байдал тийм л байна даа. Хөл хориог хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэж гудамж, талбай дээр зогсож байгаа цагдаа, дотоодын цэрэг, оюутан сонсогч нар ч гэсэн хүн шүү дээ. Харахаар л өмнөөс нь халширмаар санагддаг.
-Манай улс хилээ хаагаад багагүй хугацааг өнгөрүүллээ. Олон улсад ч мөн манайх шиг хилээ хааж, орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юу. Хөл хорио тогтоогоогүй улс байна уу?
-Тийм ээ, бүх улс тодорхой хэмжээнд хөл хориог хэрэгжүүлсэн. Зарим улс тодорхой нэр заасан улстай харилцаагаа зогсоосон. Ямар ч байсан дөнгөж эхэлж байхад бол олон улс Хятадын нислэг болон бусад харилцаагаа зогсоож байсан бол сүүлд шинэ дэлгэрэлттэй холбоотойгоор зарим улс Британийн нислэгүүдээ түтгэлзүүлж, ирж байгаа хүмүүсээс нь шинжилгээний хариу шаардаж байх шиг байна.
-Манайх тусгай нислэгээр иргэдээ татан авч байгаа ч энэ нь маш их хэл ам дагуулж байна. Бусад улс иргэдээ хэрхэн татан авч байна вэ?
-Эхэндээ бэлтгэлгүй байсан учраас авчрах шийдвэр гаргатлаа цаг алдсан, авчирч эхлэхдээ хангалттай шуурхай байж чадаагүй нь манай дотоодын нөхцөл байдалтай холбоотой байсныг үгүйсгэх аргагүй. Хамгийн сүүлд гэхэд л хэсэг тасалдчихаад дахиж сэргээх гэж удаад байгаа юм болов уу л гэж харж байна. Түүнээс биш хүн бүр л эх орондоо эргэж ирэх эрхтэй гээд олон зүйлийг ярьж болох байх л даа.
-Коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй байсан 10 гаруй сарын хугацаанд манай хэрэгжүүлсэн бодлого хэр оновчтой байсан бэ. Дотооддоо алдаагүй нөхцөлд сургалтын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах байсан юм шиг санагдаж байна?
-Бид нарийн мэргэжлийн хүмүүс биш учраас дүн тавьж, дүгнэж үнэхээр чадахгүй. Ямар боловч гаднын улс, олон улсын байгууллагууд сайн ажиллаж байгааг үнэлж байсныг л хэлж чадах байна. Манай хүрээлэнгээс англи хэлээр эрхлэн гаргадаг “Mongolian Journal of International Affairs” сэтгүүлийн 2020 оны дугаарт Америкийн өнөө цагийн нэрт монголч эрдэмтдийн нэг Алиша Кемпийн бичсэн өгүүлэл хэвлэгдсэн. Тэрбээр өгүүлэлдээ манай бодлогыг цаг үеэ мэдэрсэн, сайн бодлогын нэг гэж дүгнэсэн байна лээ. Сургууль, сургалтын байгууллагуудын хувьд цаг алдсан гэж харагдаж байж магадгүй. Гэхдээ л үнэндээ бүгд л учраа олохгүй байсан гэдгийг мартаж болохгүй л дээ.
-Олон улсад боловсролын байгууллагууд хэрхэн үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Хатуу хөл хориотой улс орнуудаас бусад нь нээсэн байх. Хичээл танхимаар орохоос гадна цахим сургалтыг голлох байдал түгээмэл болсон. Хятадад гэхэд л их, дээд сургуулиуд нь сургалтаа танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байгаа боловч гадаад оюутнуудаа ирүүлэх болоогүй гэж үзэж байх шиг байна. Оросын их, дээд сургуулиуд ч бүгд цахим хэлбэрээр явж байна. Их, дээд сургуулийн оюутнуудын хувьд биеэ даагаад цахимаар багштайгаа харьцаад арай дээр байна. Харин ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад теле хичээл оргүйгээс охинтой нь дээр гэдгээр л байх шиг. Тэр тусмаа дөнгөж I ангид суралцаж байгаа нялх үрс маань учраа ч олохгүй байна. Анги даасан багшийн сэтгэл, идэвх, зүтгэл бас ялгаатай.
-Засгийн газраас өрх, зарим аж ахуйн нэгжийн дулаан, эрчим хүчний үнийг тэглэх шийдвэр гаргасан нь хэр оновчтой шийдвэр вэ?
-Улс орнуудын төр засаг өөр өөрийнхөө хэмжээнд цар тахлаас үүдсэн нөхцөл байдлыг даван туулахад чадах чинээгээрээ идэвх санаачилгатай ажиллаж байгаа. Манай улсын нэг жишээ нь таны дурдсан Засгийн газрын шийдвэр. Гэхдээ салбарынхаа нарийн мэргэжилтнүүдтэйгээ зөвлөсөн эсэх, хэт “попрох” хандлагаас зайлсхийж чадсан эсэхэд л асуудал байх шиг байна. Цаг агаарын онцлогоос хамаараад хамгийн эрэлттэй үе таарсан нь эрчим хүчний салбараа л сүйдэлчих вий дээ гэж санаа зовиноход хүргэж байна. Буруу ч гэсэн арга хэмжээ аваад, алдаагаа засаж залруулаад явахад болно доо.
-Хатуу хөл хорио нь бизнес эрхлэгчдийг элгээрээ хэвтэхэд хүргэж байна. Тэгвэл олон улсад үүнийг хэрхэн, яаж шийдвэрлэж байна вэ. Ямар гарц, гаргалгаа байж болох вэ?
-Улс бүхэн өөрийн чадах хэрээр оролдож байна. Ядаж л хөнгөлөлттэй зээл тусламж, татаас олгох гээд ёстой л хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байна. Хэт жижиг зах зээлтэй, баялаг бүтээгч, үйлдэрлэгч бус манай улсад асуудал хүнд тусахаас аргагүй. Улс орнуудын хувьд дотоодын үйлдвэрлэлээ дэмжчих хэмжээний зах зээлтэй байна гэдэг маш том давуу тал л даа. Алхам алхмаар сулруулж, өдрийн орлогоо олж, гэр бүлээ тэжээх хэмжээнд боломжийг бага багаар ч болтугай нээхгүй бол бүх ачааг улс нуруундаа үүрнэ гэвэл хэцүү. Иргэддээ мянга мянгаар нь доллар тараадаг АНУ зэрэг хүчирхэг улсууд бол өөр л дөө.
-Олон улсад коронавирусийн хэдэн төрлийн хэчнээн вакцин туршигдаж байна вэ. Тэдгээрийн үнэ, аль нь илүү үр дүнтэй байгаа вэ?
-Нарийн мэргэжлийн хүн биш учаас энэ талаар мэдээлэл бага байна. Хөндлөнгийн нүдээр ДНБ-ийнхээ багагүй хувийг судалгаа, шинжлэх ухаан, технологидоо хөрөнгө оруулдаг улсууд л энэ асуудалд гарц олж, бүр цаашаагаа энэ том зах зээлд өрсөлдөгч болж байгааг харж болно. Манай улсын энэ үзүүлэлт “Хүнд хэлэхээс ичмээр дамшиг даа” гэдэг шиг л байдаг нь нууц биш. Хямдыг нь авах гэхээр чанар болон тээвэрлэлтийн зардал нь асуудалтай. Үнэтэйг нь гэхээр улс орны маань чадал тэнхээ яах билээ? Гэхдээ л нэг үнэн юм бол ийм асуудлыг хэт “поп”-руулж аль нэг уул уурхайн компанид хариуцуулах зэрэг буруу байдлаар иргэдийн тархи угаахыг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Энэ хэцүү байдал мэдээж дуусна, дараа нь амьдрал үргэлжилж, улс эх орон минь оршин тогтнох хэрэгтэй шүү дээ.
-Олон нийтийн сүлжээгээр коронавирусийн эсрэг вакциныг хийлгэхгүй байх нь зүйтэй гэх мэт мэдээлэл их явах боллоо. Энэ нь хэр үнэний ортой мэдээлэл вэ?
-Аль ч цаг үед энэ бол байдаг л үзэгдэл. Хардах эрх хүн бүрт бий. Миний хувьд энэ өвчин эдгэсний дараах гарч болох хүндрэл, бүр цаашлаад вакцины хор уршгийн талаар өнөөдөр яриад байх нь хэт яарсан дүгнэлт шиг санагддаг. Хүн төрөлхтөн тэр чигээрээ л энэ өвчинтэй анх удаа нүүр тулж, түүх болон бичигдэх цаг хугацаа нь арай болоогүй байх шиг санагдах юм. Ер нь тэгээд вакцин хийлгэх эсэх нь тухайн хүний л эрх. Бүх дэлхийгээрээ дагаж байгаа шинэ дэг журмыг баримтлахгүй гэх нь харин өөрт нь төвөгтэй байдлыг бий болгож магадгүй. Хэрвээ вакцины үйлчлэл сайн байгаад дэлхийн улс орнууд вакцины пасспорт, шинжилгээг үндэслэж зорчих эрх олгоно гэвэл хэн ч байсан дагахаас аргагүй болно. Жирийн үед ч гэсэн Африкийн улс орнуудад зорчиход зарим нэг өвчний вакциныг заавал хийлгэдэг, бүр цаашлаад тэр улсуудаас буцахдаа дамжсан улс орнууд нь вакцин хийлгэсэн эсэхийг нь шалгаж байж эх орондоо нэвтрүүлэхийг зөвшөөрдөг шүү. Ажлын шугамаар баруун Африкийн Сенегал явахдаа тэдний хил дээр арваад жилийн өмнө нээлгэж байсан тэр паспортоо өөртөө дурсгал болгон хадгалж, найз нартаа үзүүлэх дуртай. Зөвхөн энэ удаагийн "Ковид-19" гэлтгүй өөр олон төрлийн өвчний эсрэг шинээр гарч байгаа вакциныг өөртөө хийлгэх эсэх нь ардчилсан нийгэмд хүний эрхийн л асуудал. Ер нь ч тэгээд өөрөөр сэтгэх, бодсоноо илэрхийлэх бололцоотой байна гэдэг өнөөгийн бидний маш том боломж, эрх чөлөөний хэлбэр шүү дээ. Харин түүнийгээ бусдад тулгана гэдэг л байж болшгүй зүйл. Тиймээс л бидэнд мэдээллийн олон эх сурвалж, нарийн мэргэжлийн хүмүүсийн үг, тайлбар юу юунаас илүү хэрэгтэй байна даа.