Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Г.ПҮРЭВДОРЖ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХЭРЭГЛЭЭ ХОЁР ЗЭРЭГ ЯВАГДДАГ АМЬД СИСТЕМ
Г.ПҮРЭВДОРЖ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХЭРЭГЛЭЭ ХОЁР ЗЭРЭГ ЯВАГДДАГ АМЬД СИСТЕМ

 Эрчим хүчний салбарт тулгамдаж буй цаг үеийн асуудлаар Монголын эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга, техникийн ухааны доктор Г.Пүрэвдоржтой цөөн хором ярилцлаа.  

-  Сайн байна уу. Цар тахалтай холбоотойгоор үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор төрөөс дулаан, цахилгааны төлбөрийг тэглэх шийдвэр Засгийн газраас гаргасныг та юу гэж харж байна вэ?  

- Засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний дундаас хамгийн сайн нь цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс даах шийдвэр гэж үзэж байгаа. Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ хоёр зэрэг явагддаг амьд систем юм. Тиймээс саяны гаргасан Засгийн газрын шийдвэр нь үйлдвэрлэл талдаа жаахан бэрхшээл дагууллаа. Тэгэх ч ёстой. Хэрэглэгч талдаа  эрчим хүчийг ашиглан гэр, сууцаа халаан  тохь тухтай амьдрах нөхцөлөө дээшлүүлэх боломж гэж үзээд цахилгаан ахиухан хэрэглэж үзэх шиг боллоо.

“Нэг шөнө дулаан хоновол мянган лан” гэдэг үг байдаг. Тэр утгаараа хүний амьдрал ахуйд хамгийн түрүүнд, шууд хэрэг болдог зүйлүүдийн тэргүүнд эгнээнд эрчим хүч байдаг болохыг бүх шатанд мэдэрсэн байх. Ер нь иргэд, зарим үйлдвэр аж ахуйн газрын хэрэглэсэн цахилгаан, дулааны үнэ төлбөрийг улсаас дааж байгаа нь иргэдэд шууд хүрсэн арга хэмжээ боллоо.

- Уг шийдвэр гарсны дараахан хэрэглээ огцом өсөж, систем ачаалж эхэлсэн. Зохицуулалт хийх түр журам ч дагаад гарсан. Ер нь манай улсын эрчим хүчний нөөц бололцоо ямар байдалтай байгаа вэ?

- Монгол Улсын эрчим хүчний салбар нь эрчим хүчний хангалтай чадлын нөөц байхгүйгээр олон жил болж байна. Саяны төлбөрийг тэглэж, Засгийн газар буюу Эрдэнэт үйлдвэр хариуцах шийдвэр гаргахаас өмнө ч ийм байсан. Шийдвэртэй холбоотой мэдээлэл хийж байх үедээ Н.Тавинбэх сайдаас нэгэн сурвалжлагч хэт их хэрэглээ үүсвэл яах вэ? гэж асууж байсан. “Хүмүүс өөрсдөөс нь мөнгө гарахгүй болоод эхлэхээр хэрэглээ нэмэгдэх байх. Яаж өсөхөөс нь хамаарч тодорхой зохицуулалтын арга хэмжээ авна” гэж хэлж байсан. Тэр ёсоор боллоо шүү дээ.

Ер нь хүмүүс цахилгааныг бүхий л зүйлдээ ашиглах сонирхол нь төрөөд, эхлээд их хэмжээгээр хэрэглэж, аажмаар сонирхол нь буурч, хэрэгцээтэй үедээ, хэрэгтэй зүйлдээ цахилгаанаа хэрэглээд явдаг юм. Өнгөрсөн өдрүүдэд ийм л зүйл болсон. Хөдөөгийн сумууд цахилгаангүй байж байгаад цахилгаантай болчихлоор бүх юм аа зэрэг залгаж үзээд, ачаалал өсөж, хэсэг хугацааны дараа тогтворждогтой л адилхан.

Ачаалал өсөх үеийн хэрэглээнээс харвал хүмүүст цахилгааны хэрэгцээ их байна. Түүн дотроо гэр хорооллынхон байшин барилгаа цахилгаанаар халаах сонирхолтой байгааг харууллаа. Манай Диспетчерийн үндэсний төвийн гаргаж байгаа мэдээллээс үзвэл төлөвлөсөн горимоос хэтрэхгүйгээр л хоногийн цахилгаан хэрэглээ явагдаж байгаа юм байна лээ. Цаашид хэрэглээ хэвийн байдлаар үргэлжлээд явах байх.

- Та сая эрчим хүчний нөөцгүйгээр олон жил болж байна гэлээ. Цаашид мэдээж энэ хэвээрээ яваад байж болохгүй. Эрчим хүчний салбарт нэн шаардлагатай хийх ажлыг та юу гэж харж байна?

- Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 20-иод хувийг импортоор хангадаг. Манай ихэнх иргэд, үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангадаг эрчим хүчний төвлөрсөн системийн чадлын дутагдлыг ОХУ-аас авч нөхдөг. Оюутолгойд бол Хятадаас авдаг. Энэ нөхцөл байдал нь эрчим хүчний шинэ эх үүсвэр бариагүй тохиолдолд үргэлжилсээр л байх болно.

Үйлдвэр үйлчилгээний газар, үйлдвэрүүд, хүн амын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, шинэ байшин барилгууд баригдаж байгаатай холбоотойгоор жилд эрчим хүчний хэрэглээ 6-8% өсөж байна.

Өнөөдөр манай улсын эрчим хүчний салбар бүх хүчин чадлаараа ажиллаад байхад улсынхаа эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй Орос, Хятадаас нэмж авч байгаа. Үнэндээ эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэл хоёр нь тулчихсан. Дутагдалд орсон. Эрчим хүчний салбар жаахан ч амсхийлгүй бүх боломжоо шавхан ажиллаж байна. Энэ байдлаас гарахын тулд томоохон эх үүсвэрүүдийг буюу томоохон станцуудыг барих хэрэгтэй. Барихгүй л бол манай улс эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүй.

Монгол Улс эрчим хүчнийхээ аюулгүй байдлыг хангахын тулд экспортлогч орон болох ёстой. Манай улсын хэрэглээ ид ачааллын үед энэ жил 1,300 МВт байна. Ирэх жил 1,400 МВт, дараагийн жил нь 1,500 МВт гээд явах байх.     

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн тэргүүн зорилт байдаг. Гэтэл ойрын өдрүүдэд болсон үйл явдал нь эрчим хүчний чадлын дутагдлаас болоод эрчим хүчний аюулгүй байдал бүрэн дүүрэн хангагдаж чадахгүй байгаагийн бодит жишээ. Гэсэн ч манай салбарынхан аюулгүй байдлыг ханган ажиллаж энэ удаад амжилттай давлаа.

Эрчим хүчний аюулгүй байдал хангагдаж чадахгүй байна гэдэг бол нэн ялангуяа өвлийн ид хүйтэн, ёс эхэлсэн, халдварт өвчний аюул нүүрлэсэн энэ үед Монгол Улсын аюулгүй байдал бас л хангагдаж чадахгүй байна гэсэн үг. Ийм байж болохгүй. Онцгой анхаарах ёстой.

Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газар нь Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэн, улс орныхоо эрчим хүчний хангамжийг сайжруулах, иргэдийн хүсээд байгаа эрчим хүчээр найдвартай хангахын тулд,

  1. Томоохон цахилгаан станцуудыг тохиромжтой газруудад барих ажлыг цаг алдалгүй эхлүүлэх.
  2. Эрчим хүчээ экспортлохын тулд Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийг  ОХУ, БНХАУ-тай хийх хэрэгтэй байна.

- Баярлалаа.


Бусад мэдээлэл