ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төрийн эдийн засгийн ухааны тасгийн дарга Б.Батхишигтэй ярилцлаа.
-Та саяхан эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг
хамгаалжээ. Өнгөрсөн 30 жилийн зах зээлийн харилцааг дүгнэж, цаашдаа яах ёстойг
тодорхойлсон гэж ойлголоо. Энэ бүхнийг судлаад та юу хэлэх вэ?
-Миний сэдэв “Монгол дахь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн
асуудлууд”. Өөрөөр хэлбэл, 1990 оноос хойш өдий хүртэл Монголд зах зээлийн
эдийн засаг хэр зэрэг төлөвшиж хөгжив гэдгийг судалж дүгнэх санаатай ажил
байгаа юм.
Бид 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэн. Үүнээс өмнө
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байв. Цаашид зах зээлийн харилцааг
гүнзгийрүүлэхийн тулд яах ёстой талаар зөвлөмж гаргасан. Монгол Улс зах зээлийн
эдийн засагт шилжсэн юм шиг харагдаж байгаа. Үнэхээр зах зээлийн эдийн засагтай
орон болж чадсан эсэхийг юугаар нотлох юм гэдэг асуудал гарсан л даа. Шалгуур
байх хэрэгтэй. Миний ажлын нэг үүрэг шалгуурыг гаргах байсан.
-Ямар шалгуураар шүүв дээ?
-ДНБ-ний 70-аас доошгүй хувийг хувийн хэвшил бүтээх, эдийн
засгийг чирч явах цөөн том хувийн компаниуд бий болсон байх ёстой. Хэрэглээний
зүйлсийн үнэ үндсэндээ эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдана. Суурь үнэ гэж ярьдаг
шүү дээ. Цахилгаан, дулааны үнэ нь алдагдалгүй болсон байх ёстой. Энэ нэг
шалгуур. Чөлөөт өрсөлдөөн бүрэлдэн тогтсон байх ёстой. Төрийн өмчид байгаа хэт
цөөн тооны монополиос бусад салбарт чөлөөт өрсөлдөөн байх ёстой гэх мэтээр
найман бүлэг шалгуур гаргаж тавьсан юм. Энэ шалгуураар үзэхээр Монгол Улсын
эдийн засаг зах зээлд шилжсэн мэт харагдавч, үнэндээ шилжилтийн эдийн засагтай
орон юм гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Эдийн засгаа хөгжүүлнэ гэдэг эдийн засаг гэж юуг тодорхойлохоос
шалтгаална. Хүмүүс зөвхөн үйлдвэрлэлийн харилцааны нийлбэрийг эдийн засаг гэж
хэлээд байгаа юм. Үйлдвэрлэлийн харилцаа чинь үйлдвэрлэх хүчин дээрээ тогтоно
шүү дээ.
Ямар техник тоног төхөөрөмж, шинжлэх ухааны түвшин байна. Түүн
дээр нь үйлдвэрлэлийн харилцаа тогтоно. Ингээд үзэхээр манай үйлдвэрлэлийн
харилцаа зах зээлд орчихсон харагдаж байна.
Гэтэл үйлдвэрлэх хүчний ганц жишээ хэлэхэд социализмаас хойш Оюу
толгойг эс тооцвол ганц ч том үйлдвэр баригдаагүй. Үйлдвэрлэх хүчин хөгжөөгүй
байгаа биз. Ийм учраас зах зээлийн эдийн засагт шилжсэн орон гэж хэлэхэд хэцүү.
Зах зээл хөгжсөн оронд хөрөнгийн зах зээл, банкны систем, даатгалын систем
хөгжсөн байх учиртай. Эрдэмтдийн зорилго бол системчлэх.
-Гучин жил шилжээд, шилжилтийн үе дуусддаггүй ээ гэж зарим
хүмүүс шүүмжилдэг. Шилжилт хэр удаан үргэлжлэх төлөвтэй байна?
-Бид энэ гучин жилд цаг их алдлаа л даа. Одоо харин нефтийн
үйлдвэр барина. Арьс ширний үйлдвэр Дарханд барина. Төмөр замаа урагш нь
тавина. Зэс хайлуулах үйлдвэр барина гэж байна. Монголчуудын хувьд өвөрмөц, улс
төр, эдийн засгийн шилжилт давхацсан. Харин ч энэ зэрэгтэй байгаа нь бас яах
вэ.
-Бусад улсуудын түүхийг харахад нийгмийн шилжилт хэдэн жилийг
хамарсан байх юм бэ?
-Зуу, 200 жилээр үргэлжилж байна шүү дээ. Эдийн засаг өөрийн
хууль, зүй тогтлоор явдаг. Хүссэнээрээ шилждэг бол бүгд үйлдвэр бариад амархан
хийчихнэ шүү дээ.
-Төрийн зохицуулалт ихэсч байгаа талаар шүүмжилдэг. Төрийн
зохицуулалт үнэхээр хэтийдсэн үү?
-Зах зээлийн механизм, төрийн зохицуулалт аль ч улсад хосолж
хөгждөг. АНУ-д ч төрийн зохицуулалт хүчтэй байна шүү дээ. Хятадын экспортод
асар өндөр гаалийн татвар тавьчихаж байгаа биз дээ. Энэ чинь төрийн зохицуулалт
байхгүй юу. Төрийн зохицуулалт Америкт манайхаас ч илүү. Манайх харин ч
чөлөөтэй байгаа. Гэхдээ төрийн зохицуулалтыг зохистой болгох ёстой.
Зах зээлийн механизм заавал давамгайлах учиртай. Хувилж
болдогсон бол 30 орчим хувийн төрийн зохицуулалт байх боломжтой. Төрийн
зохицуулалт ямар байх ёстой гэхээр хувийн компаниуд чөлөөтэй ажиллах нөхцөлийг
бүрдүүлж өгөх юм.
Жишээлбэл, арьс ширний баахан үйлдвэрүүдийг Улаанбаатараас
гаргаад, аж үйлдвэрийн парк байгуулна гэж олон жил ярьсан. Аж үйлдвэрийн
паркийг төр байгуулахаас өөр аргагүй. Дэд бүтэц байгуулж, цахилгаан татна.
Цэвэрлэх байгууламж барина. Нэг компаний хийх ажил биш шүү дээ. Түүн дээр нь
хувийн компаниуд нүүж очоод, газар, усны төлбөрөө төлөөд ажиллана. Төр өөрөө
үйлдвэр барих бус ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх учиртай. Манайхан жилд 16-17
сая арьс шир бэлтгэж байна. Ихэнхийг нь боловсруулахгүй, гадагш нь гаргаж байна
шүү дээ.
Төрийн зохицуулалт ямар байх ёстой гэхээр гадагш нь экспортлох
боломж олгох. Нэг жишээ хэлье. Ноос ноолуур, нэхий дээл хэрэглэдэг Оросын
хүйтэн сэрүүн бүсийнхэн бий шүү дээ.
Алс дорнод Сибирь, Хятадын зүүн хойд хэсэг, Казахстан руу
экспортлох боломж гаргаад өгчихвөл арьс шир, нэхий үнэгүйдэхгүй. Саяхнаас манай
улс Евро Азийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах
ажил эхэлж байна. Тэгвэл ийшээ чөлөөтэй гаргах боломж бүрдэнэ.
-Чөлөөт бүс байгуулна гэж удаан ярьсан ч яагаад ч юм тэр нь
бүтэлтэй болж өгдөггүй нь ямар шалтгаантай вэ?
- Чөлөөт бүс байгуулахын тулд эхлээд чөлөөт худалдааны хэлэлцээр
хийх учиртай. Бид гадагшаа юу өгч чадах вэ гэдгээ тодорхойлох ёстой. Арьс ширээ
чөлөөт худалдааны бүстэй бүсгүй гаргачихаж байна. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
хэрэгтэй. Тэр үйлдвэрлэл нь хөгжихгүй байна. Улс орны хөгжлийн гол хүчин зүйл
юу байдаг гээч. Энэ бол боловсруулах аж үйлдвэр. Боловсруулах аж үйлдвэр яагаад
чухал гэхээр нэмэгдсэн өртөг бүтээдэг. Манай нэг хонь амьдын жин 40 кг татна
гэж бодъё. Түүнийг хэдэн төгрөгөөр зарах вэ. Дээд тал нь 200 мянга. Харин
жижигхэн гар утас бараг сая төгрөг.
Яагаад ийм үнэтэй байна гэхээр нэмэгдсэн өртөг шингэсэн. Манай
хонинд нэмэгдсэн өртөг шингээгүй. Хонины нэхийг боловсруулж, нэхий дээл
хийгээд, ноосоор нь хивс хийвэл нэг хонь хичнээн төгрөг болох вэ. Боловсруулах
үйлдвэр хөгжөөгүй байхад улс орон хөгжнө гэж үгүй. Нүүрс, зэс хичнээн зөөгөөд,
хөгжихгүй. Яагаад гэвэл олигтой өртөг бүтээхгүй байна шүү дээ.
Өртөг бүтээхгүй болохоор хүмүүсийн цалинг нэмж чадахгүй. Яагаад
бусад оронд өндөр цалин авч байна. Тэд нэмэгдсэн өртөг бүтээж байна.
-Өмнөх нийгэмд боловсруулах үйлдвэрүүд хангалттай хөгжиж байсан.
Одоо юу нь болохгүй байгаа юм бэ?
-Төрийн зохицуулалт дутаж байна. Арьс, шир ноос ноолуур
боловсруулаад гаргая гэхээр Орос, Хятад руу гаргах ёстой болдог. Тэдний гаалийн
татвар өндөр байна. Төр нь нөгөө улсын төртэй ярьж, тэдний гаалийн татвар,
нэмэгдсэн өртгийн татварыг багасгаж өгөх ёстой.
Европын холбоо хол байна. Дээр нь стандартын өндөр шаардлага
тавьдаг. Уг нь Европын холбоо манай бүтээгдэхүүнд хөнгөлөлттэй тариф тогтоосон
шүү дээ.
Тэр шаардлагад нийцэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй байгаа
юм.
-Уг нь боловсруулах үйлдвэр хөгжвөл малчдаас малын хөлийн татвар
авахгүй бол бэлчээрийн даац хэтрээд асуудал үүсч эхэлж байна даа?
-Бэлчээрийн асуудлыг дисартацидаа бас хөндсөн. Малын хөлийн
татварыг тогтоох зайлшгүй шаардлага бий. 175 мянган малчин өрх байна. Тэд улсад
орлогын ямар ч татвар төлөхгүй байна шүү дээ. Орлогыг нь тодорхойлох хэцүү л
дээ. Хамгийн амархан арга нь малын хөлийн татвар. Ийм татвар тогтоовол хүмүүс
олон малтай байх сонирхолгүй болно. Сайн чанарын цөөн малтай байхыг бодно.
Хамгийн чухал нь иргэн хүн хэн ч байсан улсад заавал орлогын татвар төлж байх
учиртай.
Адам Смитт “Баялагийн эх сурвалж” номдоо бичсэн байдаг. Татвар
шударга, жигд, тэгш байх ёстой гэж. Гэтэл нэг хэсэг нь орлогын татвар төлөхгүй
мөртлөө хүүхдээ сургуульд үнэгүй сургаж, эмнэлгийн үйлчилгээ авдаг. Улсын
тавьсан замаар үнэгүй явж байна. Энэ шударга уу? Малчдаас татвар авдаг нь
эргээд улсын төсвөөр дамжуулж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.
Дахиад л нөгөө Смиттээс эш татъя. “Татвар үр өгөөжтэй байх ёстой”. Та улсад
татвар төлөөд, эргээд үйлчилгээ авдаг байх учиртай. Хувиараа хөдөлмөр
эрхлэгчид, малчид татвар төлдөг болвол улсын төсвийн алдагдал байхүй болно.
-Та өнгөрсөн 30 жилд дүгнэлт хийсэн гэсэн шүү дээ. Ямар зөвлөмж
өгч байна вэ. Зарим хүмүүс ардчилал ч гажуудлаа, эдийн засаг маань ч биш боллоо
л гээд байна?
-Эдийн засгийн бүтэц зохистой бус байна. Аж үйлдвэрийн нийт
бүтээгдэхүүний 57,5 хувийг уул уурхайн олборлолт эзэлж байна. Гэтэл
боловсруулах үйлдвэр 32,8 хувьтай байна. 1990 онд эсрэгээрээ байсан юм.
Боловсруулах үйлдвэр бараг 60-70 хувь байсан. Эдийн засгийн зохистой бүтэц гэж
боловсруулах үйлдвэр тэргүүлэхийг хэлээд байгаа юм. Эдийн засгийн салбарууд бие
биенээ дэмжиж, уялдаа холбоотой байх учиртай. Нэг схем үзүүлье. Эдийн засгийн
нэгдмэл систем гэж ийм юм. Уул уурхай хүнс уялдаатай. Манайхан яаж байна гэхээр
уул уурхай хөгжихөөр тээвэр, зам гүүр дутагдалтай, машинаар зөөж байна. Уг нь
төмөр замаар зөөх ёстой юм. Мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжихийн тулд хөнгөн
үйлдвэр малчдаас арьс шир авч, боловсруулж байх учиртай. Уялдаатай ийм эдийн
засгийн бүтэц бүрэлдүүлэх ёстой. Манай Философийн хүрээлэн хөгжлийн философи
гэж гаргасан. Аливаа хөгжил нэг юмнаас хэдэн тийшээ салбарлан хөгжиж байгаа юм.
Тэгээд бүр салаалаад явчихгүй эргээд нэг цэгт найрсан нэгдэх үйл явцыг хөгжил
гэж байгаа юм. Жишээлбэл, симфони найрал хөгжим байлаа гэхэд нэг хөгжим буруу
дуугарахад нийтдээ учир дутагдалтай сонсогдоно. Нэг эд анги эвдэрвэл машин
явахгүй. Манай улс яагаад хөгжихгүй байна гэхээр эдийн засгийн салбарууд нь
хоорондоо уялдаж, бие биенээ дэмжиж тэтгэсэн нэгдсэн систем бүрдээгүй байна.
Яах ёстой гэхээр бид төрийн оролцоог зохистой болгож, зах
зээлийн харилцааг хөгжүүлэх учиртай. Жишээлбэл, Тариалан эрхлэлтийг дэмжих сан,
ЖДҮ хөгжүүлэх сан байна. Тэндээсээ гурван хувийн зээл өгдөг байсан. Энэ зах
зээлийн эсрэг юм. Яагаад гэвэл тэр хөнгөлөлттэй зээлийг цөөн нь авна. Зарим нь
17 хувийн хүүтэй арилжааны банкны зээлтэй байхад, зарим нь гурван хувийн
зээлтэй байдаг. Энэ чөлөөт өрсөлдөөн мөн үү?
-Гэхдээ жижгүүдийг нь дэмжих ёстой юм биш үү?
-Бид Засгийн газрын тусгай сангуудыг татан буулгах санал
гаргасан. Оронд нь хөдөө аж ахуйн агро банк байгуулах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн
даатгалын систем хөгжөөгүй байна. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар ган,
зудтай үед малчид тариаланчид хохирол амсдаг. Зах зээлийн харилцааг
хөгжүүлэхийн тулд банк, даатгал, нь хөгжих учиртай. Ургац алдсан бол тухайн
компани даатгалаас мөнгө аваад, дараа жил нь ажлаа үргэлжлүүлэх боломжтой байх
ёстой. Энэ мэт олон дүгнэлт хийсэн.
-Төрийн оролцоо дутаж байна гэж та хэллээ. Төрийн өмчит
компаниуд хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөх нь зохистой гэж үү?
-Зарим тохиолдолд төрийн оролцоо буруу яваад байна. Төрийн өмч
байх ёстой эсэхийг ч бид авч үзсэн. Төрийн өмчид юу байх ёстой вэ. Үүнийгээ
тодорхойлох хэрэгтэй. Нэгдүгээрт, Үндсэн хуульд заасанчлан газар, газрын
хэвлий, түүний баялаг, хоёрдугаарт, эрчим хүчний төвлөрсөн үйлдвэрлэлийн
сүлжээ, дээр нь төмөр зам, нийслэлийг аймгуудтай холбосон авто зам. Энэ хэд л
төрд байхад болно. Гэтэл Төрийн орон сууцны корпораци гээд л байна. Барилгын
олон компани сайн барилга барьж байна. Гэтэл ТОСК чөлөөт өрсөлдөөнийг бас л
гуйвуулж байна. Төрийн компани хувийнхаас хамаагүй давуу нөхцөлтэй бол зах
зээлийн чөлөөт өрсөлдөөн алдагдаад, бор зүрхээрээ яваа хувийн компаниуд
дампуурахад хүрнэ.
-1990-ээд онд 15 эрдэмтэн зах зээлийн эдийн засаг гэж юу юм бэ
гэдгийг тодорхойлсон, тэдний нэг та байсан гэж сонслоо?
-1989 оны сүүлээр би Нийгмийн ухааны институтид эрдэм
шинжилгээний ажилтан байлаа. К.Зардыхан гэж доктор байсан юм. 15 эрдэмтнийг
нийлүүлээд баг болж ажилласан. МАХН-ын гишүүн бус нэг л хүн байсан нь
М.Энхсайхан. Бид 15-уулаа хоёр сар гаруй хугацаанд сууж, Монголын нийгмийн
шинэчлэлийн концепц боловсруулсан юм. “Үнэн” сонины 1990 оны гуравдугаар сарын
8-ны дугаарт хоёр нүүр нийтлэл гарч байлаа. Монгол Улс зах зээлийн эдийн засагт
шилжнэ гэдгийг бид гаргаж тавьсан юм. Түүнээс биш шинэ намынхан зах зээлд
шилжих талаар ойлголт дутуу, бид шинжлэх ухааны улсууд учраас яаж шилжих талаар
нарийн үндэслэлтэй гаргаж тавьсан. Дараа нь зургадугаар сарын 4-нд бас нэг
нийтлэл хэвлүүлсэн. Ш.Гунгаадорж гуай Ерөнхий сайд байсан юм. “Зах зээлийн
эдийн засагт шилжих үзэл баримтлал” гэж нийтлэл гарсан. Энд 1990 оны
зургадугаар сарын сонины шарласан хуудсууд байна. “Төрийн зохицуулалттай зах
зээлийн эдийн засагт шилжих асуудал” гэсэн өөр нэг нийтлэл ч байна. “Зах
зээлийн эдийн засагт шилжих асуудал” гэсэн өгүүлэл өгөхөд маань “Үнэн” сонин
төрийн зохицуулалттай гээд нэмчихсэн байсан.
-1990 онд ийм тодорхой харж байсан гэж үү. Хаашаа юу руу орж
байгаагаа ч мэдэлгүй зах зээлд харанхуй яваад орчихсон гэж яриад байдаг шүү
дээ?
-Яалаа гэж. Эрдэмтэд энэ асуудлыг боловсруулж, статъя хүртэл
бичсэн байгаа биз дээ. Ийм концепци 1990 онд гаргасан. Засгийн газрын Төрийн
бодлого судлах төвийн захирал байсан чинь намайг Төв хорооны гишүүнээр
сонгогдсон гээд МАХН-ын Төв хорооны бүгд хуралд суу гэсэн юм. Хуралд сууж
байсан чинь Төв хорооны эдийн засаг хариуцсан нарийн бичгийн даргын сонгууль
болоод, миний нэрийг дэвшүүлсэн. Тэгээд Төв хорооны нарийн бичгийн дарга
болоод, үдээс хойших хуралдааныг би удирдсан. МАХН-ын Зах зээлийн эдийн засагт
шилжих үзэл баримтлал хэлэлцсэн. Манай нам анх зах зээлд шилжих үзэл
баримтлалыг гаргаж тавьсан юм шүү дээ. Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд
Д.Бямбасүрэн гуай өөдөөс хараад сууж байсан. Өмч хувьчлалыг ингэж хийнэ биз дээ
гэхэд тэд гараа өргөөд, толгой дохиод сууж байлаа.
-Өмч хувьчлалыг М.Энхсайханы үед хийсэн гэдэг биш билүү?
- Өмч хувьчлалыг эрхийн бичгээр явуулах саналыг Үндэсний
дэвшлийн нам гаргасан юм. Бид бол өмч хувьчлалын олон арга замыг сонгоно гэж
ярьж байсан юм. Польш ингэж хийсэн, заримыг нь үнэгүй өгсөн, заримыг нь
гадаадынханд худалдсан. “Вашингтоны зөвшилцөл” гэж баримт бичиг байсан юм,
ОУВС, Дэлхийн банк, АНУ-ын Засгийн газар оролцсон. Хуучин социалист орнууд зах
зээл, ардчилалд шилжих замыг тэд л зааж өгсөн шүү дээ. Та нар өмчөө хурдан
хувьчил, дээд сургуулиуд, эмнэлгээ үнэтэй болго гээд. Тэрүүгээр явчихсан юм.
Бидний бичсэнийг дарга нар уншсан уу, үгүй юү мэдэхгүй. Юутай ч эрдэмтэд
боловсруулаад сонинд гаргасан.
-Эрдэмтэд үгээ хэлсэн, хэрэгжүүлэх эсэх нь улстөрчдийн асуудал
байсан уу?
-Одоо ч тийм шүү дээ. Эдийн засагт улс төр асар их нөлөөлж
байна. УИХ-ын хэдэн гишүүн л эдийн засгийг янз янз болгож байна шүү дээ. Ямар
сайндаа манай Философийн хүрээлэнд Улс төрийн эдийн засгийн ухааны тасаг гэж
байгуулсан юм. Миний диплом дээр улс төрийн эдийн засгийн ухааны багш гэж бий.
Би Ленинградын их сургууль төгссөн. Бид гурав дахь номоо гаргах гэж байна.
-1990 онд гаргасан зөвлөмжөө эргээд харахад хэр онож “буудсан”
байх юм бэ?
-Эргээд уншихаар гайхалтай санагддаг. Яаж ингэж хэлж чадсан юм
бол гэж бодогддог. Үнэ чөлөөл гээд л. Эрхийн бичгээр өмч хувьчлах санааг Оросын
профессор бичээд, тэрийг нь манай Да.Ганболд энэ хэд шүүрч авсан. Да.Ганболд
бид нэг мэргэжлийнх байхгүй юу.
Өдрийн сонин