Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.ЗОЛБОО: АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ХЭН Ч СОНГОГДСОН БАЙ МАНАЙД НӨЛӨӨЛӨХГҮЙ
Д.ЗОЛБОО: АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ХЭН Ч СОНГОГДСОН БАЙ МАНАЙД НӨЛӨӨЛӨХГҮЙ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, түүний үр дүнгээс хамааран хоёр талын харилцаа, цаашдын бодлогонд хэрхэн нөлөөлөх талаар Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоотой ярилцлаа.


Бүгд найрамдах намын засаглал, Ерөнхийлөгчийн үнд хоёр талын харилцаанд дэвшил гарч байсан. Гэхдээ энэ нь ардчилсан намыг муу ажилладаг гэсэн үг биш-

-Цар тахлын үед, АНУ-ын дотоодод одоогийн ерөнхийлөгч тойрсон маргаан мэтгэлцээн өрнөж байхад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Энэ жилийн сонгуулийг судлаач хүний хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Үнэхээр сонирхолтой цаг үед амьдарч байгаадаа талархмаар л санагдаж байна. Мэдээлэл олон сувгаар хүлээн авах боломжтой үед амьдарч байгаа нь нэг бодлын азтай, нөгөө талаараа төвөгтэй ч гэж хэлж болох юм. Хүн төрөлхтний түүхэнд өмнө нь тохиож байгаагүй гэж болохоор бэрхшээл, сорилттой зэрэгцээд өнөө цагийн дэлхийн бодлогыг тодорхойлогч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонглуулийн үр дүнг бараг л дэлхий даяараа сонирхон харж байна гэж болохоор санагдлаа. Өөр бусад улстай харьцуулах ч аргагүй юм даа.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг CNN, ABC зэрэг сувгууд түүхэн гэж тодотгож байна. Энэ удаагийн сонгуулийг түүхэн гэж тодотгох ямар нөхцөл байгаа вэ?

-Үнэн шүү, өмнөх сонгуулиудаас ялгарах онцлог ихтэй учраас тэгэж нэрлэхээс аргагүй. Мэдээж “ковид-19” вирусээс шалтгаалсан олон зүйлийг нэрлэж болох байх. Иргэдийн саналыг шуудангаар болон урьдчилан авсан зэргийг биш юм гэхэд сонгогчдын ирц өмнөх жилүүдээс давсан гэдгийг онцлох хэрэгтэй. Түүнээс гадна хэрвээ өнөөдрийн бидэнд байгаа урьдчилсан дүн баталгаажвал сүүлийн 30 жилийн түүхэнд АНУ-ын Ерөнхийлөгч бүр шахам улиран сонгогдож байсан уламжлал эвдэрч магадгүй боллоо. гэх мэтчилэн онцлох шалтгаан олон байна. Сонирхуулж хэлэхэд, өмнөх сонгуулийн дүнг урьдчилан тааварлахыг оролдож байсан олон шалгуурын нэг нь хоёр нэр дэвшигчийн арай өндөр нуруутай нь ялаад байдаг гэсэн таамаг ч бас буруудчих шиг боллоо доо.

Өнөөдрийн бидэнд байгаа урьдчилсан дүн баталгаажвал сүүлийн 30 жилийн түүхэнд АНУ-ын Ерөнхийлөгч бүр шахам улиран сонгогдож байсан уламжлал эвдэрч магадгүй боллоо.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаар хоёулаа задалж ярилцъя. Жое Байден гадаад харилцааны тал дээр илүү мэргэжсэн нэгэн. Сенатын танхимд гадаад харилцааны асуудал эрхэлсэн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Хэрэв Жое Байден Ерөнхийлөгч болбол АНУ-ын гадаад харилцаа хэрхэн өөрчлөгдөх вэ?

-За даа, яг үнэндээ бол таамаглаж чадахгүй байна. Гэхдээ мэдээж хэрэг энэ салбарт дархлагдсан, дадлагажсан хүний хувьд гэнэтийн, хуйсагнасан гэмээр өөрчлөлт гараад байхгүй байх магадлалтай. Гэхдээ яг үнэндээ АНУ зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын гадаад бодлого, харилцааны асуудал институцийн зарчмаар явдаг учраас нэг хүнээс шууд хамаарах нь ховор л доо. Өмнөх засаглалын алдааг засах, өөрийнхөөрөө хэрэгжүүлэх зүйл байх нь мэдээж хэрэг. Хувь хүнийх нь онцлогтой холбоотой хуучин түншүүдээ тулгасан, байр сууринаасаа буцсан шийдвэр гаргаад байхгүй бол олон улсын харилцаанд ч нэмэртэй л дээ.

-Доналд Трамп сонгогдсон тохиолдолд АНУ-ын гадаад бодлого хэрхэн өрнөх вэ? Ялангуяа БНХАУ-ын нөлөөлөл, хүчирхэгжлийн эсрэг сөрөн зогсох тал дээр анхаарах болов уу?

-Харин тэр тухайд бол өөрийн хийж байснаа үргэлжлүүлэх байх гэдэгт итгэлтэй байна. Олон улсын янз бүрийн байгууллагын судлаач, шинжээч нарын бичсэнээс харахад Доналд Трампын олон улсын түвшинд хийсэн хамгийн том гавьяа бол Хятадыг “байранд нь тавьсан” гэдэг дээр санал нийлээд байх шиг харагддаг. Гэхдээ аливаа зүйл цаг хугацаагаар л хэмжигдэнэ шүү дээ. Тэрнээс өнөөдрийн байр суурин дээрээс үнэлэлт дүгнэлт өгөх нь учир дутагдалтай.  Миний бие АНУ-ын Төрийн депарментаас хэрэгжүүлдэг Олон улсын зочин манлайлагчдын хөтөлбөрт энэ оны хоёрдугаар сард хамрагдах завшаан тохиож хэд хэдэн мужаар дамжин зочилсон юм. Тэр үед бол цар тахлын асуудал хурцдаагүй, эдийн засгийн өсөлтөө дагаад Доналд Трампын нэр хүнд өндөр байх шиг анзаарагдаж байсан. Харамсалтай нь “ковид-19” нөхцөл байдлаас шалтгаалаад байдал эргэчихэв үү дээ гэж бодож байна.

Хэн нь ч гарсан манай хоёр талын харилцаанд сөргөөр гэдэг юм уу, нөгөө утгаараа илүү ашигтай байна гэж байхгүй биз дээ. Манай хоёр талын харилцаа ер нь бол урагштай байгаа.

-Жое Байден, Доналд Трамп аль нь ч гарсан бай Монгол Улстай тогтоосон стратегийн түншлэл хэрхэх вэ? Өнгөрсөн жилүүдийнх  шиг хойрго удаан байх уу, эсвэл урагш тодорхой алхах уу?

-Хэн нь ч гарсан манай хоёр талын харилцаанд сөргөөр гэдэг юм уу, нөгөө утгаараа илүү ашигтай байна гэж байхгүй биз дээ. Манай хоёр талын харилцаа ер нь бол урагштай байгаа. Аливаа гадаад бодлого, дипломат үйл ажиллагаа хормын дотор бүрэлддэг, бүтдэг гэвэл өрөөсгөл л дөө. Жишээ нь өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахад баталгаажуулсан Стратегийн түншлэлийн асуудал бүр эрт тухайлбал Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун гуайн үеэс л яригдаж эхэлсэн асуудал гэдэг шүү дээ. Нэг талаасаа хэт урт хугацаа зарцуулсан юм шиг боловч нөгөө талаасаа аливаа асуудлын тохироо бүрдэнэ гэж байдаг даа.

-Гаднын хэвлэлүүдийг харж байхад АНУ-ын намуудад боловсон хүчин, манлайллын асуудал тулгарсан нь энэ удаад харагдлаа гэж дүгнэж байна. Судлаач хүний хувьд үүн дээр юу хэлэх вэ?

-Харин л дээ, сэтгүүл зүйн тоймчид тухайн үед юу гэж дүгнэх нь тэдний л хэрэг. Судлаачдын хувьд дүгнэлтээ хэлэхэд арай эрт байгаа байх. Мэдээж хэрэг хүний нөөц, манлайллын асуудал байгааг үгүйсгэхгүй ээ. Жишээ нь насны асуудал талаас нь харвал бас л сонирхолтой. Үнэхээр залуу үе улс төр сонирхохоо болиод эзэнгүйдээд байна уу гэдэг талаасаа бол зөв л байх. Үе нь солигдохыг хүлээсэн хүмүүс их байгаатай холбоотой иймэрхүү шүүмжлэл байж болох л юм.

-АНУ-ын Конгресст гуравдагч хөршийн худалдааны хуулийг олон жил ярилаа. Миний санаж байгаагаар гурван жил лав болсон байх. Чухам аль нь сонгогдхоос үл хамаараад энэ хууль ер нь ойрын хугацаанд батлагдах болов уу?

-Үнэндээ бол аливаа хууль, бодлогыг санаачилж, боловсруулж, батлуулахад 3 жил гэдэг бол урт хугацаа биш. Миний ойлгож байгаагаар Ерөнхийлөгчийн биш парламентийн гишүүдийн шийдвэр голлох байх. Харин батлагдсан хууль дээр нь гарын үсэг зурахгүй байх, татгалзах зэрэг нь Ерөнхийлөгчид хамааралтай биз. Яг үнэндээ бидний хүсэн хүлээгээд байгаа хуулийн төсөл бол АНУ-ын эдийн засагт анзаарагдах ч үгүй жижиг асуудал шүү дээ. Бидэнд л гол ашиг, үр дүнгээ өгөх байх гэж хардаг. Эдийн засгийн ашиг, үр өгөөжөөс гадна улс төр, аюулгүй байдлын нэг баталгаа болж ч болохоор санагддаг юм.

Яг үнэндээ бидний хүсэн хүлээгээд байгаа хуулийн төсөл бол АНУ-ын эдийн засагт анзаарагдах ч үгүй жижиг асуудал шүү дээ. Бидэнд л гол ашиг, үр дүнгээ өгөх байх гэж хардаг.

-Монголын сошиал орчинд Байден, Трампын аль нь монголд ашигтай вэ гэсэн асуулт, үүнийг тойрсон хэлэлцүүлэг ид өрнөж байна. Хэн нь сонгогдхоос хамаараад Монгол-АНУ-ын харилцаанд бодитой нөлөөлөх үү?

-За бараг үгүй биз дээ. Гэхдээ харилцааны түүхэн давтамж, сургамжаас харахад Бүгд найрамдах намын засаглал, ерөнхийлөгчийн үед хоёр талын харилцааны гол гэж нэрлэж болохоор дэвшил гарч байсан нь үнэн л дээ. Гэхдээ энэ нь Ардчилсан намын үед муу байдаг гэсэн үг бол биш. Жишээ нь хэрвээ Доналд Трамп улирвал Төрийн нарийн бичгийн даргын манайд хийхээ хойшлуулсан айлчлал удахгүй хэрэгжиж болох юм гэдэг талаас нь харвал хэн нь сонгогдохоос хоёр талын харилцаанд нөлөөлөх зүйл байж болно.


Бусад мэдээлэл