Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Б.ДАШ-ЁНДОН: УЛС ОРОН ӨӨДӨӨ ГАРАХАД НЭЛЭЭД ХУГАЦАА ШААРДЛАГАТАЙ БОЛЛОО
Б.ДАШ-ЁНДОН: УЛС ОРОН ӨӨДӨӨ ГАРАХАД НЭЛЭЭД ХУГАЦАА ШААРДЛАГАТАЙ БОЛЛОО

Философийн ухааны доктор, профессор, МАН-ын дарга асан Д.Даш-Ёндонтой ярилцлаа.

-Олон жил төр, нийгэм, намын ажил эрхэлж явсан Таны хувьд өнөөдрийн "ороо бусгаа" амьдралд санаа тань зовж байгаа байх. Яг ямар асуудал таны санааг хамгийн ихээр зовоож байна вэ?

-Одоо цагт гол нь хүмүүсийн эрүүл мэнд, боловсролын байдал санаа зовоож байна. Гэтэл дээд удирдлагын эв нэгдэл, намуудын хоорондын харилцаанд жинхэнэ шударга ёс тогтож чадахгүй байгаагаас эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны талаар баримтлах төрийн бодлого алдагдчихсан.

Эрх мэдэлд гарагсад яагаад дур дураараа авирлаад, түмэн олон түүнийг нь тэгэж байх ёстой юм шиг ойлгодог болсон нь хүмүүсийн боловсрол доройтсонтой холбоотой.

Ёс суртахуун муудсантай холбоотой. Ер нь "дээдэх нь нь гүйдлээ олохгүй бол доодос нь суудлаа олохгүй" гэсэн үгтэй шүү дээ.

Энэ нь нэг талаар Монголын мэдээллийн салбарын байдалтай холбоотой. Мэдээлэл янз бүрийн зөрчилтэйгээр гардаг. Статистикийн мэдээлэл ч гэсэн хуурмаг гарах болж.

Хамгийн гайхалтай нь ард түмний олонхийн амьдрал нүдэн дээр муудаад байхад манай төр, засгийнхан харин ч амьдрал сайжирч байгаа. Нийгмийн дундаж давхарга бүр олонхи болчихсон гэж шууд худлаа хэлж байна шүү дээ.

Нийгмийн дундаж давхраа хүн амын олонхи болсон орон дэлхийд цөөхөн л дөө. Манайх тийм болох яагаа ч үгүй байгаа. Тэгээд энэ будилаан самуурлаа Үндсэн хууль руу чихэх оролдлого ч байн байна гарч байгаа. Үндсэн хуультай ярих яриа байж болох юм.

Гэхдээ Үндсэн хуулиас салбарласан 400 гаруй хууль байгаа. Тэр хуулиуд нь хоорондоо зөрчилтэй. Эхлээд тэдгээр хуулиа Үндсэн хуульд нийцүүлэх ажлыг хийх ёстой.

Эв нэгдэл муу байгаа нь төр улсын нэгдсэн бодлого байхгүйгээс бас шалтгаалж байгаа. Яам, агентлаг бүхэн бараг өөрийн бодлогыг гаргаж байна. Гэтэл хүний амьдрал нэг л зүйл байгаа шүү дээ.

Хүний аж ахуй, оюун санаа, эрүүл мэндийн асуудал гурвуулаа нэг дор зангидагдаж байх ёстой. Гэтэл тэр нь алдагдаад, түмэн бодлоготой, түмэн хуультай атлаа үнэндээ бол нэг ч бодлогогүй, нэг ч хуульгүй мэт болчихоод байна. Гарсан хууль байлаа гээд тэрийгээ ч мөрдөхгүй. Заримдаа хуулийнхаа нэрийг ч хэлэхгүй, Урт нэртэй хууль гэчихээд сууж байх жишээтэй.

УИХ-ын гишүүд өөрсдөө тэгэж хэлэхээр чинь жирийн иргэд бол “Урт хууль юм байна” гээд уншихгүй шүү дээ. Төрд гарсан зарим нөхөр “Хууль гэж юу юм бэ” гэж хэлээд сууж байх жишээтэй. Ингэж дээрээсээ ард түмнээ үймүүлж байна гэж би хэлмээр байна.

-Энэ бүх алдаа гажуудал ээлжит сонгуулийн дараа засагдах болов уу гэсэн хүлээлт байна. Хэрхэн яаж өөрчлөх вэ?

-Ийм алдаа гажуудлыг хүний оюун ухаан, ухамсар л засахаас өөр юу ч засаж чадахгүй. Яагаад олон бодлого гээч юм гараад, яагаад олон янзын хууль салбарлаад байна вэ гэхээр нэгдүгээрт, гадныхныг хэт их дууриаснаас болж байгаа юм.

Хоёрдугаарт, хууль тогтоогчид болоод бусад эрх мэдэлтнүүд Монгол Улсын нэрийн өмнөөс гарч байгаа хуульд хувийн ашиг сонирхлоор хандаж, өөртөө ашигтай зүйл, заалтуудыг оруулчихдаг. Энэ нь тэр хүний хувьд л хэрэгждэг юм байгаа биз. Ард түмэн, улс орны хувьд хэзээ ч хэрэгжихгүй. Ингэхлээр олонхид тохирсон хууль юмуу, цөөнхөд тохирсон хууль юмуу гээд хуулийн дотор бас ялгаа гараад ирж байгаа юм.

Энэ бүхэн нь нийгмийг замбараагүй байдалд оруулж байна. Хэрхэн засах арга замыг би сайн мэдэхгүй байна. Хүмүүс өөрчлөгдөж байж, улстөрд байгаа хүмүүсийн ёс суртахууны нэгдэл тогтож байж өөрчлөгдөнө.

Иймийн тулд бид боловсролын тогтолцоог өөрчилж, хүмүүсийн дунд соён гэгээрүүлэх ажлыг яаралтай хийх хэрэгтэй.

-Энэ сонгуулиас Та ямар нэгэн үр дүн хүлээж байна уу?

-Найдаж байгаа зүйл гэвэл намууд хоёр л юм ярьж байна. Нэгдүгээрт, намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг харна, хоёрдугаарт, хүнийг нь харна гэж байна. Гэхдээ мөрийн хөтөлбөрийг яаж шинжилж, судлах юм бол, сонгогчид. Өөрт таалагдаж буй нэр дэвшигчээ яаж олох юм. Аль алийг нь намууд өөрсдөө сайн судалж л хийх ёстой. Мэдээж намууд сонгуульд олонхи суудал авахыг л хичээнэ шүү дээ.

Хэр сайн ажилласан нь гарч ирнэ. Гарсан нөхдөд намын даруулга хэрэгтэй. Энд далимдуулаад хэлэхэд парламентын дээр намууд гарчихлаа гэж ярьцгааж, бүр нам ч хэрэггүй гэх маягаар ямар ч үндэсгүй, хөгийн яриа их газар авч байгаа.Нам бол байх ёстой.

Гэхдээ нам нэгдэлтэй байх учиртайн дээр намын нэрийн өмнөөс өндөр албан тушаал хашиж байгаа нөхдөө удирдаж, чиглүүлэх ёстой.

Мөрийн хөтөлбөртөө заасан зүйлээ хэрэгжүүлэхийн төлөө ажил алба хашиж байгаа хүмүүсээ сахилга журамтай байлгах үүрэгтэй. Үүнээс болоод замбараагүй юмнууд гараад байна шүү дээ.

Тэгээд болохгүй юмыг нь засья гэхлээр нам төрийн дээр гараад байна гээд байдаг. Нам бол гишүүнийхээ дээр л байх ёстой шүү дээ. Тэр гишүүн чинь төр биш шүү дээ.

Парламент ч гэсэн төр биш, нарийн яривал. Засгийн эрхэнд гарсан намууд гишүүдээ зангидаж чадахгүй байгаагаас ийм замбараагүй юмнууд гараад байна. Жаахан дураараа байя гэснийг нь хязгаарлах гэхлээр нам хэрэггүй болчихож байна шүү дээ. Сулд нь тавьчихаж болохгүй. Дээд эрх мэдэлд гарсан хүмүүс төрийн ёс жаягийг ч барих ёстой. Намынхаа шаардлага, зохицуулалтыг ч тэвчиж хүлээж авч байх ёстой.

-Эрх барьж буй АН-ын доторхи хагарал, хуваагдлыг юугаар зохицуулах ёстой вэ. Хуулиар зохицуулах ёстой юу, эсвэл өөрсдөө ухамсраараа засвал зүйтэй юу?

-Энэ бол АН-ын өөрийнх нь хэрэг. Гаднаас та нар энийгээ тэгэж зас гээд хэлээд хэрэггүй, хэлэх арга ч байхгүй. АН-ынхны толгой тархи, өвөр түрий яаж ажиллаж байгааг бид мэдэх арга байхгүй шүү дээ. Тэнд их учир байгаа байх. Тэдний асуудлыг гаднын хэн ч зохицуулж чадахгүй. Нам өөрөө л зохицуулах ёстой.

-Фракцууд нь бараг нам шиг болчихоод байх шиг. Фракцгүй болгож зохицуулах ёстой юм уу?

-Намын дотор фракц байж болохгүй гэж хуульд зааж болохгүй шүү дээ. Фракцгүй больё гэвэл бас л тэдний хэрэг. Явж явж асуудал нь фракцдаа ч байгаа юмуу, юундаа ч байгаа юм,бүү мэд. Аль ч намд сайн фракц бас байж болно.

Унтаж байвал сэрээдэг, мартаж байвал сануулдаг фракц байсан түүх манай намуудад бий. Түүнээс биш бие биеийнхээ эрх мэдлийг булаах, хувийн сонирхлын төлөө фракц байгаад хэрэггүй.

-Нийгмийн ухамсар, ёс суртахуун доройтсон гэх цаг үед ээлжит сонгууль болох гэж байна. Дараагийн төр, засгаас бид юу хүлээж болох вэ?

- Төр өөрийнхөө бодлогоор хүмүүсийнхээ ухамсрыг чиглүүлэх, засах юмаа хийх хэрэгтэй байна. Үүнийг хуулиар зохицуулах уу, соён гэгээрүүлэх ажлыг хийх үү.

Боловсролын тогтолцоогоо өөрчлөх үү, хичээлийн сурах бичгийн агуулгыг илүү сайжруулах уу гээд яривал маш олон аргаар өөрчлөлт хийж болно. Энэ цогц зүйлийг нэг УИХ-ын дарга юмуу Ерөнхий сайд хийчих боломжгүй, олон талын удаан хугацааны цогц ажил хийх хэрэгтэй.

Ер нь улс орон өөдөө гарахад нэлээд хугацаа шаардлагатай боллоо. Тийм учраас улс орныхоо эрх ашгийг бодоод нэгдүгээрт, хоорондоо зөрчилдөхөө багасгах хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, гаднын нөлөөллийг багасгаж, өөрийн гэсэн бодлоготой болоход бүгдээрээ анхаармаар байна. Гаднын сайн гэсэн юм болгоныг хуулбарлаж, энгийн үгээр хэлбэл нэг эд эрхтэн рүү өөр таарахгүй эд эрхтэн авчирч хийсээр 20 гаруй жил боллоо.

Энэ бүх байдал нь хүмүүсийг хайхрамжгүй болгож, гөлийлгөдөг юм байна. Тэгэж л байдаг юм гээд дээдэхээ ч тоодоггүй, доодохоо ч тоодоггүй болгочихож байна л даа. Үүнийг засахад багагүй хугацаа хэрэгтэй. Ер нь хүний ажил амьдрал гэдэг бүхэлдээ хүний тархинаас л хамаарч байгаа шүү дээ.

Хүмүүсийнхээ тархи толгойг засаж, ухамсар сэтгэхүйг өөрчилж, ёс суртахууныг нь тэгшлэхгүй бол чамайг саятан болгоод ч , тэрбумтан болгоод ч нэмэргүй шүү дээ. Тийм учраас хүний санаа сэтгэл рүү өнгийж, уушиг зүрхийг нь уудалж, гаргаж, үндэсний ардчилсан үзэл санааг сайн ойлгуулах хэрэгтэй байна.

-Хэвлэл мэдээллийн салбар эрх чөлөөгүй байна, улстөрөөс хэт хамааралтай байна гэж шүүмжилдэг. Бид үүргээ яаж гүйцэтгэх ёстой юм бэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн одоогийн байж байгаа байдал тэнд ажиллаж байгаа хүмүүсээс болж байгаа юм биш. Тэнд ажиллаж байгаа хүмүүс тэгэхээс өөр аргагүй байдалд орчихоод байна шүү дээ. Нэгнийгээ гүтгэдэг, муулдаг, гутаадаг, доромжилдог юмнуудыг дандаа захиалгатай, даалгавартай явуулаад байна. Сэтгүүлч хүн бас амьдрах ёстой.


Гэхдээ ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд улс орны эрх ашигтай холбоотой багахан хэмжээний цензур хэрэгтэй. Тэр бол манайд огт байхгүй. Өөрсдийгөө ардчилсан гээд байдаг дэлхийн том орнуудад байж л байгаа шүү дээ. Зарим газар бүр хатуу байгаа.


Ер нь цензур гэдэг ойлголт хүний амьдралд ч хэрэглэгдэнэ шүү дээ. Цензурын бодит амьдрал дээр илэрдэг нэг хэлбэр нь төлөвлөлт юм. Хувь хүн, төрийн бодлогод ялгаагүй.

Эдийн засгийг удирдахад төр хэрэггүй юм яриад байгаа. Тэр чинь ерөөсөө төлөвлөлт хэрэггүй гэсэн үг. Төлөвлөлт хэрэггүй болохоор бүх юм задарч, унаж байна шүү дээ. Мэдээж хувийн сектор эдийн засгийг авч яваа учраас бүхнийг социализмын үеийнх шиг хавтгайруулан төлөвлөх боломжгүй. Гэхдээ хувийн секторын зарим үйл ажиллагааг төр улсынхаа эрх ашгийн үүднээс зохицуулах ёстой. Жишээ нь, боловсролын тогтолцоонд гэхэд л нарийн төлөвлөлт, зохицуулалт хэрэгтэй байна шүү дээ.

Эрүүл мэнд, уул уурхайн салбар ялгаагүй, төлөвлөлт үгүйлэгдэж байна. Хоёр толгой ярьсаар 20 жил боллоо, ганц ч толгойгоо зөв ашиглаж чадахгүй байна.

Улс орон эх захгүй болчихоод байгаа нь төлөвлөлт дутсаных. Тийм учраас төлөвлөлтийг зохих хэмжээгээр сэргээх учиртай.

-Төлөвлөлт нь биднийг зохих ёсны хяналттай болгох юм байна гэж ойлголоо?

-Тэгэлгүй яахав.Цензур гэдгийг монголоор зохицуулалт гээд хэлчихэд болох юм. Гэр бүлийн амьдралд хүртэл эхнэр, нөхөр тийм байх ёстой гээл зохицуулалтууд байдаг шүү дээ. Улс орны бусад хүрээний амьдрал адилхан шүү дээ.

-Боловсрол, эрүүл мэндийн асуудалд тан шиг санаа зовж байгаа олон хүн бий байх.Дарга нар маань ч хүн л юм чинь бас санаа зовдог л байх даа?

-Миний хувьд дарга нар тийм байна, ийм байна гээд нээх санаа зовоод яахав дээ. Тэдэнд үг хэлээд нэмэргүй, өөрийнхөөрөө л явж байгаа. Би ард түмний боловсрол, эрүүл мэндэд санаа зовж байна. Боловсролын тогтолцоо их эвдэрсэн. Барууныг дууриаж байгаа нь энэ гээд баруун ч байхгүй, дорно дахин ч байхгүй болчихсон.

Боловсролын тогтолцоо, элемэнтүүд рүү хэрэггүй янз бүрийн шахаасууд их орсон. Мүүн энэ тэр гээд телевизүүдээр янз бүрийн юм яриад байгаа чинь их учиртай. Харин ингэж эхлэх ёстой. Ингэж засаж авах хэрэгтэй байна шүү дээ.

Хувийн сургуулиуд нь ямар стандарттай байх юм, юу нь төлбөртэй байх юм гээд стандарт хэрэгтэй. Олон зүйлд стандарт хэрэгтэй байна. Ресторануудад хүртэл нарийн стандарт тогтоох хэрэгтэй байна. Манай хажуу талын гуанзны байцаатай хуурга, Засгийн газрын ордны хажуугийн байцаатай хуурга хоёр яг адилхан байх ёстой.

Хөвсгөлд ч , том ресторануудад ч адил байх ёстой. Үнэ, хэмжээ, чанар, орц, ариун цэврийн байдал гээд.Тэгсэн цагт юм сайхан болно, хүний амьдрал жигдэрнэ.

Эрүүл мэнд гэж байна. Сүүлийн үед манайхан телевизээр дандаа өвчин ярьж байдаг болсон. Нэг л юм дутаад байгаа учраас ийм нөхцөлд байна. Гэтэл ийм хүнд байгаа салбар нь хэдэн сарын турш сайдгүй байх жишээтэй.

Сайдаар нь хүн томилохдоо хаа хамаагүй хүн аваачаад тавьчихна. Одоо чинь сайд бол улстөрийн албан тушаал гэж хэлээд хамаагаа алдсан байна шүү дээ. Тэр буруу.Сайд гэдэг үгийнхээ хувьд л улстөрийн албан тушаал болохоос хашиж буй алба нь мэргэжлийн ажил шүү дээ.

Эрүүл мэндийн сайдыг эмч хүн хаших ёстой. Тэгэж байж эмчдээ юм хэлнэ шүү дээ. Боловсролын сайд том эрдэмтэн, академич хүн байх шаардлагатай. Барилгын, Хөдөлмөрийн яам ялгаагүй. Социализмын үед тийм байсан. Тэглээ гээд буруудаагүй.

Дэд сайд, Төрийн нарийн гээд бараг хэрэггүй мөнгө үрсэн юмнууд доор нь тавьчихаад, сайд өөрийгөө улстөрийн албан тушаалтан гэчихээд, бас болоогүй УИХ-ын гишүүнээ давхар хийнэ. Ерөөсөө юу ч болоод байгаа юм, бүү мэд. Нэг нам нь ялаад гараад ирэхээр шинэ хүмүүсийг ажилд оруулахын тулд хуучин ажиллаж байсан бүх хүнийг хуу татаж авч хаяад л, төрийн жинхэнэ албан тушаалтны нөгөө мэргэжил, туршлагыг үнэгүйдүүлээд байдаг. Ийм юмаа болих хэрэгтэй. Уг нь хууль байгаа шүү дээ.

Төрийн албаныхан хүмүүсийг шалгаруулаад л, бөөн хэл аман дунд ажиллаад байдаг. Гэтэл нэгт орсон хүнийг халаад, хоёрт орсон хүнийг аваачаад тавьчих жишээтэй.

-Танд баярлалаа.

Ярилцсан Т.Бүдээхүү


Эх сурвалж: http//gereg.mn/news/11182/



Бусад мэдээлэл