Монголчууд нийгмийн сүлжээнд ёс суртахууны асуудлыг ихээр хөндөх болсон. Энэ удаа гэр бүлийн ёс суртахууны асуудлаар доктор Д.Тунгалагтай ярилцлаа. Тэрбээр саяхан “Монгол Улс дахь гэр бүлийн ёс суртахууны философи асуудал: Уламжлал ба орчин үе” сэдвээр философийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
-“Монголчуудын
хувьд ёс суртахуун нь хүн нийгэмд хэрхэн биеэ авч явах, юуг яаж
хийх бичигдээгүй дүрэм, журам юм” гэсэн дүгнэлтийг би
интернэтээс олж харлаа л даа. Та гэр бүлийн ёс суртахууныг хэзээнээс
судлав?
-Эхлээд
ёс зүй, ёс суртахуунаа ялгаж сурах хэрэгтэй байна. Ёс зүй гэдэг ёс
суртахууныг судалдаг ухаан байх нь. Философи үүссэн цагаасаа эхлээд сайн
гэж юу вэ, зөв амьдрах гэж юу вэ, аз жаргал, шударга ёс гэж юу вэ гэсэн
асуудлыг хөндөж тавиад, үүнийгээ тайлбарлаж эхэлсэн юм шүү дээ. Тийм
учраас эртний, дорно дахины бүх философичид ёс суртахууны асуудлыг гаргаж
тавьж байсан. Миний хувьд 1980-аад оны дунд үеэс гэр бүлийн ёс зүйн
судалгаа хийж эхэлсэн юм. Их сургуульд багшаар ирээд ёс зүйн хичээл заасан. Энэ
хичээлийг заах явцад хүмүүс мэргэжлийн алдаа гаргахаасаа илүү
ёс суртахууны алдаа гаргадаг юм байна гэдгийг ойлгоод, гэр бүлд хүн
төлөвших хэрэгтэй юм байна гэж бодсоны үндсэн дээр энэ сэдвийг илүү сонирхсон
юм. Үүнийгээ судалж явж байгаад, 1999 онд гэр бүлийн ёс суртахууны үнэлэмжийн
асуудлаар докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Түүнээс хойш
судалгаа маань үргэлжилж өнөөг хүрлээ.
-Та уламжлал, орчин
үеийг хослуулж судалсан байна лээ. Хүмүүс ярьдаг шүү дээ. Өмнө нь монгол
эхнэрүүд нөхрөө та гэж дууддаг, цай, хоолныхоо дээжийг барьдаг, малгай
бүсийг нь дээш нь залдаг байсан гэдэг. Орчин үед хайраа хайраа гээд тэр
нь сүүлдээ хүүрээ болоод дуусдаг гэсэн наргиа ч явдаг. Монголын гэр бүлд
ямар өөрчлөлт гараад байгаа талаар ярьж өгөөч?
-Миний судалгааны чиглэл
бол энэ. Уламжлалыг орчин үетэй харьцуулсан судалгаа л даа. Монголчуудын гэр бүлийн ёс
суртахууны ямар уламжлал байв, өнөөдөр орхигдоод байгаа, анхаарах ёстой
асуудал юу байгааг хөндье гэсэн юм. Монголчууд хүүхдийг төрсөн цагаас нь
эхлээд, хэл, хөлд ороход нь байгальтай харьцуулж сургаж байжээ. Энэ бол
гэр бүлийн ёс суртахууны үндэс байжээ гэсэн нэг санаа дэвшүүлсэн. Тийм учраас
манай монголчууд байгалиа хайрлаж хүндэлдэг, зүй зохистой харилцах ухаанд
суралцдаг. Хүүхдийг хүн болгоно гэж ярьдаг. Хүн болгохын тулд
эхлээд байгальтай зөв харьцаж сургах хэрэгтэй. Байгаль гэдэг бидний оршихуй
юм гэдгийг ойлгуулах чухал. Мэдээж ахмадыг хүндэтгэх, эцэг эхээ
хүндэтгэх, эр нөхрөө хүндэтгэх тухай захын хүн хэлнэ. Орчин үеийн эцэг,
эхчүүд хүндлэх гэдэг үгийн утгыг ойлгоод байгаа мөртлөө яаж хүндлэх арга ухаанд
суралцаагүй байхгүй юу. Жишээлбэл, аавыг нь хүндэтгэж сургахын тулд ээж
нь нөхрөө хүндэтгэж байх ёстой. Өнөөдөр “Чи эцгээ хүндэлсэнгүй, ахмадаа
хүндэлсэнгүй” гээд загнаад байгаа мөртлөө хүүхдийнхээ нүдэн дээр аавыг нь муу
муухайгаар нь дууддаг. Нөхрийнхөө хувцсыг хаа хамаагүй хувцастай холиод
хаяж байна. Гэтэл аавын хувцас, малгай гэдэг тусдаа байх ёстой. Аавыг
тахин шүт гээд байгаа юм биш. Ерөөсөө эхнэр нь нөхрөө хүндэлнэ гэдэг
алсуураа хүүхэд нь аавыгаа хүндлэх ухаанд сургаж байгаа юм. “Аав нь ирнэ шүү, аавд нь хэлнэ шүү“
гэхээр хадны мангаа шиг айлгаж байгаа хэрэг бус. “Аавынхаа малгай бүсийг дээш
нь тавь, аавынхаа эд юманд битгий хүрээрэй” гэдэг. Ээж нь аавд нь хамгийн
эхлээд хоол, цайныхаа дээжийг өгч байна гэдэг нь эмэгтэй хүн өөрийгөө
доош нь хийж байгаа юм биш. Гэр бүлийн сургалтын ийм арга байж. Гэтэл
одоо хүүхдийнхээ нүдэн дээр хэрэлдэж, эцгийг нь тэнэг маанаг, юу ч
мэдэхгүйгээр нь дууддаг. Нөхрийгөө юм хэлэхээр “Чи дуугүй бай” гэдэг.
Үг хэлэх эрхгүй болгодог. Тэр хүн магадгүй эхнэрээсээ дор
боловсролтой байж болно. Ажилгүй байж болно. Тэглээ ч гэсэн олны нүдэн дээр,
ялангуяа хүүхдийн дэргэд эцгийг нь үл хүндэтгэсэн байдлаар харьцаж
болохгүй. Энэ манай нийгмийн харилцааны асуудал болоод байгаа
юм. Аавыгаа хүндлэхээ больсон хүүхдүүд юунаас ч айж, эмээдэггүй.
Бид багадаа “Ээж, аавд нь хэлнэ шүү” гэхэд эмээдэг байсан. Одоо бол айна,
ичнэ гэдэг байхгүй болсоны нэг уг үндэс, шалтгаан нь энэ. Анхнаасаа
хүүхдээ хүмүүжүүлэхдээ хамгийн эхлээд бие биенээ хүндэтгэж, аавыг нь
хүндэтгэж, сургах хэрэгтэй. Эхнэр, нөхөр хоёрын бие биеэ хүндэтгэх
харилцаа хүүхдэд шууд нөлөөлдөг. Хүүхэд толь гэж бид ярьдаг.
“Сармагчин шиг хүн дуурайгаад” гээд загнадаг. Дуурайлгүй яах вэ. Нүдэн
дээр нь байгаа бүх юмыг хүүхэд дуурайдаг. Хүүхдүүд айл гэр болж тоглоход
тэр гэр бүлийн харилцаа харагдаж байдаг. Тийм учраас бид хүүхэддээ зөв
нөлөө үзүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдийнхээ ёс суртахууны хэм хэмжээг
төлөвшүүлэхэд эцэг, эхчүүд зөв үлгэр дуурайл үзүүлэх учиртай. Үүнийг
зөндөө ярьдаг. Гэхдээ амьдралд хэрэгжихгүй байна. Хэрэгжүүлэхгүй байгаагаа ухаардаггүй.
“Манай энэ яг эцэг шигээ” гээд хүүхдээ загнаад байдаг. Тэгж
болохгүй нь байна шүү дээ. “Эцэггүй хүүхэд том толгойтой” гэж монголчууд
ярьдаг. Гэтэл эцэгтэй мөртлөө аавыгаа хүндэлдэггүй “том толгойтой”
хүүхдүүд гарч байна. Бид хүүхдээ өөрсдөө дийлэхгүй болох зам засч байна
гэсэн үг. Тийм учраас эхнэр, нөхөр бие биенээ сайхан хүндэлдэг, үр
хүүхэд нь өөрийн эрхгүй ээж, аав шигээ болох юм сан гэж хүсэл төрүүлэхийн тулд
манай монголчууд нарийн ухаан зарж байсан. Эхнэр нь нөхрөө та гэж
дууддаг байсан. Та гэчихээд хэрэлдэх
аргагүй. Зөөлөн харилцах, ярилцах үндсийг та гэдэг үг тавьж өгдөг
байж. Хайраа хайраа гэдгийг хүмүүс шүүмжилдэг. Бид уламжлалаа өвлүүлэх
хэрэгтэй ч орчин үетэйгээ бас зохицуулах учиртай. Хайраа гэдэг үг бас учиртай юм байна. “Хайраа, тэнэгээ”
гэж хэлэхгүй шүү дээ. Гэхдээ бие биенээ хайрлаж чадахгүй бол худлаа тэгж
маяглах хэрэг байхгүй л дээ.
-Урьд нь хүмүүс хүүхдээрээ хожим хөлөө
хучуулна гэж ярьдаг байсан. Одоо бол энэ намайг ачлах яах вэ, өөрийнхөө
амьдралыг аваад явж байвал барав гэх болж. Гэр бүлийн гишүүдийн үүрэг,
хариуцлагад өөрчлөлт гарч байна гэж үзэх үү?
-Гэр бүлийн ёс
суртахууны асуудлыг судлахад гэр бүлийн үүрэг, хариуцлагын асуудал аяндаа ороод
ирдэг. Эхнэр нөхөр, үр хүүхдийнхээ өмнө, эцэг эхийнхээ
өмнө хүлээх үүрэг, хариуцлага гэж бий. Энэ бол гэр бүлийн гишүүдийн хүлээх ёс
суртахууны асуудал л даа. Эцэг, эхийн ачийг хариулна гэдэг хүүхдийн
үүрэг л дээ. Ер нь нийгмийн харилцаа гэдэг өөрчлөгдөж байдаг зүйл.
Судалгаан дээрээс ажиглаад байхад 1980, ерээд оны дундаас өнөөг
хүртэл гэр бүлийн ёс суртахуун, үүрэг хариуцлага өөрчлөгдөж ирсэн.
Нийгмээ дагаад амьдрал өөрчлөгдөнө. Хүн өөрчлөгдөж байгаа учраас нийгэм
өөрчлөгдөж байдаг. Гэр бүлийн судалгааны арга арга зүйгээ ч өөрчлөх цаг
болжээ. Судлаачид үүнийг анхаарах цаг ирсэн. Нүүдэлчин монголчуудын
гэр бүлийн үүрэг, хариуцлага өөр байсан. Эрчүүд гадаах ажлаа, эмэгтэйчүүд
гэр орныхоо ажлыг хийдэг байсан. Үүнийг манай уламжлал гээд өнөөгийн гэр
бүлд хүчээр суулгаж болохгүй. Орчин үед эхнэр, нөхөр адилхан хөдөлмөрлөж
байна. Тийм учраас хуучны уламжлалыг хатуу мөрдөхгүй ч гэсэн
ерөнхий зарчмаа бариад явахад болно. Гэр бүл нийгмийн өмнө хүлээх үүрэг гэж
байна. Гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг гэж бий. Зарим хүн хүүхэд төрүүлээд багш, эмээ өвөөд нь
даатгачихдаг. Монголчууд хүнээр хүн хийнэ гэж ярьдаг. Хүүхдээ зөв хүн болгож, зөв төлөвшүүлэх нь эцэг, эхийн
гол үүрэг.
-Хүүхдийг хөдөлмөр
хийлгэж сургах хэрэгтэй гэдгийг ойлгоод байгаа юм. Гэхдээ хүүхдээрээ аяга
угаалгах гэж бөөн юм болж байна. Орчин үеийн хүүхдийг хүмүүжүүлэх хэцүү
гээд байдаг. Зүй нь яах ёстой вэ?
- Уламжлалт хүмүүжлийн
арга үндсэндээ байхгүй болсон. 1950-иад оны үед хуучин нийгмийн үлдэгдлийг
устгах арга хэмжээ гэж айхавтар хүчтэй компанит ажил өрнөсөн. Хуучин
нийгмийн үлдэгдэл гэдэгт материаллаг болон оюун санааны уламжлал
бүгд өртсөн. Энэ үеэр хүүхдээ хүмүүжүүлдэг байсан ёс суртахууны уламжлалт арга
барил алдагдсан. Суурин амьдралд шилжиж, гадаадын юм болгон гоё харагддаг
болсоныг хэлэх үү. Хүүхдээ хүмүүжүүлдэг уламжлал алдагдсан. Хүүхэд
хүмүүжүүлдэг монголчуудын авууштай уламжлал юу гэхээр үглэж, яншдаггүй.
Гол нь зодох бус ухааруулах аргаар сургадаг байсан. Хөдөлмөр хийлгэхийн тулд
“Чи ажил хий” гэж загнадаггүй. Хүүхдийн хийх ёстой ажлыг хамт
хийдэг. Ээж дээл эсгэхдээ охиноо хажуудаа суулгаад, зааж зурах явцдаа
сургамжийн үгээ хэлдэг. Хэлэх, ярих, заах, үзүүлэх зэрэгцэж явдаг. Зүйр цэцэн үг, оньсого тааврыг одоогийн залуус
зугаа маягаар ойлгодог. Энэ бүхэн хүний оюуныг задалдаг, сэтгэн бодуулдаг
байсан. Хуучны хүмүүс зүгээр ярьдаггүй. Дандаа толгой холбож, ухаан зарж
ярьдаг. Оньсого таавар таалгаж, хүүхдийн ухааныг задлах үлгэр домог
хэлж, хүүхдэд гоо зүйн болоод ёс суртахууны мэдлэг боловсрол олгодог байсан.
-Бусадтай зөв харилцах
гэдэг чухал асуудал болжээ. Цэрэг нь даргынхаа үгийг дагахгүй, дарга нь
цэрэгтэйгээ зөв харьцаж чадахгүй, өөртөө зөөлөн, өрөөлд хатуу ханддаг хүмүүс
олон байгаа?
-Монголчуудын
уламжлалт харилцааны ёс зүй их сайхан байсан. Хүнтэй сайхан харилцдаг,
хүнийг гомдоох үг хэлэхгүй байх гэж хичээдэг. “Ээ дээ хүнийг битгий
гомдоогоорой, хүнд битгий муу үг хэлээрэй” гэдэг байсан. Өнөөдөр эцэг, эхчүүд
“Чи ямар дүн авсан”, “Гэрийн даалгавраа хийсэн үү”, “Үймүүлээгүй биз” гэдэг.
Ердөө л ийм хэдэн асуулттай. Хүүхэд нь бусадтай муудалцсан байвал
“Тэгээд чи хариуд нь юу гэж хэлэв. Өөдөөс нь тэгээд хэлчихгүй яасан юм,
чи ам, хэлгүй юм уу, хүнд доромжлуулж байхдаа яадаг юм” гэж
эсрэгээр нь зааж сургадаг. Тийм учраас олны дунд өөрийгөө яаж авч явах
вэ, хүнийг гомдоохгүй байх нь ямарч ач холбогдолтойг ухаж ойлгохоо байсан. Өнөөдөр хүнийг ялж
байвал болж байна гэж ойлгодог. Зөв харилцаа, зөв ухамсарыг төлөвшүүлнэ
гэдэг гэр бүлээс эхэлдэг юм байна. Магадгүй эцэг эх чинь энэ талаар
хэлж өгч чадаагүй бол чи өөрөө юм унших учиртай. Уламжлал, зан заншлын талаар
уншиж, өөрийгөө боловсруулах хэрэгтэй. Хүүхдээ өмөөрч болно. Гэхдээ бурууг нь
өмөөрөх хэрэггүй. Үнэндээ хүнтэй харилцаж чаддаггүй хүмүүс зөндөө байна.
Үг хэлбэл уурладаг, зүгээр хэлэхгүй зандардаг. “Энэ чинь муухай
харагдах юм аа, битгий ингэж бай” гэж бие биедээ хэлж баймаар байна. Харилцааны
ёс зүй гэдэг хүнтэй зөв ярих, үгээ зөв сонгохоос эхэлдэг. Ямар үед, ямар
үгийг яаж хэлэх вэ гэдгээс эхлээд хүнтэй ямар өнгөөр, яаж ярих вэ. Хүнд
сайхан сэтгэгдэл төрүүлэх үү, дургүйг нь хүргэх үү гэдэг өөрөөс шалтгаалж
байгаа юм.
-”Намайг ингэж л
хүмүүжүүлсэн, зодууллаа гээд муудаагүй” гэдэг хүмүүс байхад, 2000 оны
хүүхдийг 1970-аад оны аргаар хүмүүжүүлэхгүй ээ гэдэг үзэл бодол ч байдаг.
Уламжлал, шинэчлэлийг яаж хослуулах учиртай вэ?
-Дан уламжлал, дан
шинэчлэл гэж байж болохгүй. Нийгэмтэйгээ хүн заавал зохицож зэрэгцэх
ёстой. Шинэчлэл яриад уламжлалаа хаяж болохгүй. Бидэнд бас авч үлдэх юм
зөндөө бий. Зохистой хослуулах хэрэгтэй л дээ. Миний түрүүн хэлсэн
эхнэр, нөхөр хоёр биенээ хүндэтгэх хэрэгтэй гэдэг уламжлал бол ямар ч үед
байх ёстой. Орчин үед эр, эм тэгш эрхтэй болсон, чи гурилаа зуур, би
махаа хөшиглөе, заавал хувааж хийх ёстой гэж болохгүй. Гэхдээ орчин
үеийнхээ амьдралд зохицуулаад, хэн нь ирж хоолоо хийх , хэн нь үр хүүхдээ харах
вэ гэдгээ хоорондоо зохицоод явах учиртай. Баруунд бол хүүхдийг зодож
болохгүй гэдэг. Хажуу айлынх нь хүүхэд уйлаад байвал цагдаа дууддаг.
Манайхан ямарваа нэг
юмыг туйлшруулж ойлгоод байдаг. Хүүхэд зодож болохгүй гэдэг хүүхэддээ үг
хэлэх эрхгүй гэсэн үг биш. Загнаж болохгүй гэсэн үг биш. Буруу юман дээр
хэлэлгүй яах юм, загналгүй яах юм. Хүүхдийнхээ бурууг ойлгуулах гэж
шийтгэл ногдуулдаг шүү дээ. Шийтгэл гэдэг заавал зодно гэсэн үг
биш. Магадгүй ажил хийх шийтгэл ногдуулж болно. Намайг бага байхад ээж,
аав маань хөөрхөн шийтгэчихдэг байсан л даа. Номхон суулгадаг байсан.
Номхон суулгах гэдэг хүүхдийн хувьд хүнд шийтгэл. Хүүхэд хөдөлгөөнтэй амьтан.
Хөдөлж байж энергиэ ялгаруулж, баясч байдаг. Хүүхдийг нэг их
зовоохгүй, өөрт нь тохирсон шийтгэл ногдуулах хэрэгтэй. Ойлгуулах
хэрэгтэй. Хүүхдийг загнах, хатуу үг хэлнэ гэдэг доромжлох гэсэн үг
биш. Монголчууд “Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг.
Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй эцэг, эх хүүхдээ дийлэхээ байна гэсэн үг.
Өнөөгийн бид хүүхдээ хүмүүжүүлж чадахаа байгаад, үг хэлж чадахаа болиод, бурууг
бусдаас эрдэг. Багшаас боллоо, нийгмээс боллоо, найзаас нь боллоо
гэдэг.
Эцэг эхээ хүндэлдэггүй,
хатуу үг сонсч сураагүй хүүхэд гангар шаазан шиг байдаг. Ганц хатуу үг
хэлэхэд царай нь хувьс хийж, улайгаад, өрөвсхийгээд хэрэлдээд эхэлдэг.
Өнөөдрийн энэ их аагтай омогтой, үг сонсч чаддаггүй залуусын авир араншин бол
багаас нь хатуу үг сонсгож сураагүйтэй холбоотой.
Хүүхэд зөвхөн ээж,
аавтайгаа насаараа амьдрахгүй. Олны дунд орно. Дарга нартаа
загнуулна. Найз нөхдөөсөө хатуу үг сонсоно. Хадмуудаасаа хатуу үг
сонсоно. Яагаад өнөөдөр хадамтайгаа таарахгүй хүмүүс олон болж байна
вэ.
Охидоо хадамд
гарахад нь хадамтайгаа харьцах ухаанд сургадаг байсан. Энэ уламжлал алга
болсон. Тийм учраас өнөөдөр үг даадаг хүн гэж байхгүй.
Нийгэмд гарч ирээд
байгаа сэтгэл эмзэглүүлсэн олон асуудал үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Үг
даадаггүй хүн сэтгэлээр амархан унадаг. Сэтгэлээр амархан унадаг хүн сэтгэл
гутралд амархан ордог. Монголчууд хүүхдээ бие, сэтгэлийн тэсвэр,
тэвчээртэй болгож хүмүүжүүлж байсан уламжлалтай. Энэ уламжлал алдагдсан учраас
сэтгэлийн хатгүй амархан ядардаг, эцэж сульддаг, өвддөг хүмүүс олширсон.
-Хөл хорионы үеэр гэр
бүлийн хүчирхийлэл нэмэгдлээ гэдэг. Халуун дулаан байх ёстой гэр бүлийн
орчинд хамгийн муухай хэрэг үйлдэгдээд байна. Үүнийг юутай холбож тайлбарлах
вэ?
-Нэгдүгээрт хувь хүний
хүмүүжил, сэтгэл зүйн онцлог, хоёрдугаарт нийгэмтэй холбоотой. Түрүүн би
судлаачид судалгааны арга зүйгээ өөрчлөх хэрэгтэй гэж дурдсан. Нэг хэсэг
судлаачид гэр бүлийн асуудлыг биологийн талаас нь тайлбарлаж ирсэн. Дараа нь
дан нийгмийн талаас нь тайлбарласан. Бүх л юмыг нийгэмтэй холбодог. Орчин
үед бүх юмыг сэтгэл зүйтэй холбох болж. Асуудлыг нэг талаас нь авч үзээд байгаа
юм. Ялангуяа гэр бүлийн ёс суртахууны асуудлыг нийгэм, ёс
суртахуун, сэтгэл зүйн холбоосон дунд авч үзсэн санаатай юм л даа. Өвчин
зовлон ганц Монголыг бус дэлхий нийтийг донсолгоод эхэллээ. Нийгмийн
өөрчлөлтийн үед хүний араншин тод илэрдэг. Гэр бүлийн хүчирхийлэл ганц
Монголд байгаа асуудал биш. Бүх улсад байгаа. Хүн нэгдүгээрт
байгалийн амьтан. Гадны хүчтэй нөлөөллийн үед хүний байгалийн
араншин тод илэрч гарч ирдэг. Энэ араншинг зохицуулдаг юм ёс суртахуун.
Би ингэж болно, болохгүй. Би ууртай шүү. Архи уухаараа би ийм зан гаргадаг
шүү. Ийм үед би өөрийгөө ингэж хязгаарлах хэрэгтэй шүү гэж
зохицуулдаг зүйл нь ёс суртахуун, ухамсар. Хүний муу араншингууд илэрч
гарч ирээд байгаа нь ёс суртахуун гэдэг юм угаасаа суларч байгааг харуулж
байгаа юм. Улс тодорхой хэмжээгээр эдийн засгийн асуудлыг шийдэж өглөө
шүү дээ. Ийм үед ухамсартай хандах хэрэгтэйеэ. Би бас өөрөө хичээх хэрэгтэй
гэдэг ухамсар сул. Дандаа л нэхсэн, уурласан, бухимдсан, хүмүүс
олширсон. Хүнд хэцүү амьдрал байгааг ойлгож байгаа ч дандаа бусдаас нэхэж
амьдарч болохгүй. Би ийм эрхтэй гээд яриад байдаг. Хөл
хорионы үед би ямар үүрэг хүлээх вэ гэдгээ бас бодох хэрэгтэй шүү дээ.
Архидалт, хувь хүний ухамсар, боловсрол, төлөвшил, энэ бүхэн нийлэхээрээ гэр
бүлийн хүчирхийлэлд нөлөөлж байна. Ер нь тогтвортой гэр бүлд бид илүү их
анхаарал хандуулах учиртай юм. Судлаачид салалт, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг
хүний анхаарал татсан эмзэг сэдвүүд рүү анхаараад байна. Энэ байх ёстой зүйл.
Гэтэл тогтвортой гэр бүлийн асуудал орхигдоод байна. Тогтвортой гэр бүл
гэж салаагүй л гэр бүл. Зүгээр л амьдарч байгаа айлд асуудал их өрнөж
байна. Тэр дотор архины асуудал, гэр бүлээс гадуурх харилцаа, хүүхдийн хүмүүжил, хадам, бэр, хүргэний харилцаа, мөнгөний асуудал байна. Энэ бүх нуугдмал асуудлуудыг судлах цаг болсон
гэдгийг онцолъё. Салалт өсч байна гэж мэдээлээд
байдаг. Ноднин төд байснаа энэ жил төд боллоо гэж яриад байгаа юм. Статистик мэдээллийг харьцуулж үзэхээр яг үнэндээ салалт өсөөгүй. Аргачлалын ялгаа
бий. Салалт нэмэгдэж байна гэдэг мэдээ хүмүүсийн сэтгэл зүйд айхавтар
нөлөөлдөг. Судалгааг тав, арав хорь гучин жилээр
хийх ёстой. Хүн амын өсөлт гэрлэлтийн коэффициенттой харьцуулах учиртай. Хүн ам өссөн, гэрлэлт
нэмэгдсэн. Ингээд үзэхээр салалт гэрлэлтээсээ даваагүй л байгаа юм. Гэр бүлийн асуудал нарийн.
Олон шинжлэх ухааны уулзварт байдаг. Цогцоор нь авч үзэхгүйгээр, ганц нэг тоо,
баримтыг салгаж аваад, нийгмийг бухимдуулж болохгүй шүү
дээ.
ӨДРИЙН СОНИН
Б.Янжмаа