Вэбсайтын цэс
Хэлний сонголт
О.ХАТАНБОЛД: ХҮМҮҮНЛЭГИЙН ЁС СУРТАХУУНЫГ БИЙ БОЛГОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ОНЦЛОН ДЭВШҮҮЛЖ БАЙНА
О.ХАТАНБОЛД: ХҮМҮҮНЛЭГИЙН ЁС СУРТАХУУНЫГ БИЙ БОЛГОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ОНЦЛОН ДЭВШҮҮЛЖ БАЙНА

Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор О.Хатанболдоос олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд эрдэмтэд ямар асуудлууд онцлон дэвшүүлж байгаа талаар тодруулга авлаа.

“Хөрш орнуудын тогтвортой хөгжил, үйл явц: соёл, нийгэм, боловсрол” сэдэвт 13 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Монголд наймдугаар сарын 17-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэхүү хурлын хүрээнд олон улсын эрдэмтэн, судлаачид Монголын нийгэм, соёл, улс төр, ёс заншил, хөдөө нутагтай танилцах аялал хийх юм байна.

-Энэ удаагийн олон улсын хурал өмнө болсон хурлуудаас ямар онцлогтой болж байна вэ?

-Хамгийн анх 2003 онд БНХАУ-ын Шан-Дун мужид  гурван улсын олон улсын хурал болж байсан. Харин энэ хугацаанд “Хөрш орнуудын тогтвортой хөгжил” сэдвийн дор 12  удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь багц сэдвийн хүрээнд хуралдсан. Гурван улсын энэхүү хурал уламжлал болж тогтоод байна. Хуралдааныг Монгол Улсаас ШУА-ийн Философийн хүрээлэн, ОХУ-ын  ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэн, Буриад Улсын  их сургууль, БНХАУ-ын Шан-Дун мужийн Нефтийн их сургууль хамтарч энэ удаагийн олон улсын хурлыг зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хурлын онцлог нь Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг НҮБ-ын чуулганаар баталсанд үндэслэж байна. Монгол Улсын УИХ-аар өнгөрсөн хугацаанд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хөтөлбөрийг баталсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь язгуур утгаараа нийгмийн хөгжлийн үйл явц, соёл, нийгэм, боловсрол, Монголын хөгжлийн ирээдүйн гарцыг тодорхойлсон байдаг.

Тэр утгаар 13 дахь олон улсын хурал тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд соёлын асуудлаар хэрхэн нөлөөлөх вэ, нийгмийн асуудлыг хэрхэн авч үзэх вэ, боловсролын тогтолцоо, үйл явцыг хэрхэн хангаж ажиллах вэ гэсэн асуудлыг гурван улсын эрдэмтэд авч үзэж байгаа юм.

Харин БНХАУ-ын зарим мужийн их сургуулиас 16 гаруй эрдэмтэн, судлаачид ирсэн. Үүнээс Шан-Дун мужийн их сургуулиас 8, Хайнань, Юньань, Хөх нуурын Дээд монголчуудын төлөөлөл, Чинхай мужийн их сургуулиас нийтдээ 8 эрдэмтэн, профессорууд хүрэлцэн ирлээ. Түүнчлэн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэн, Буриад Улсын их сургуулийн эрдэмтэд оролцож байна.

-Соёл, нийгэм, боловсролын асуудлын хүрээнд онцлон дэвшүүлж буй саналын талаар сонирхуулна уу?

-БНХАУ-ын зарим эрдэмтдийн тавьж, хэлэлцүүлж байгаа гол илтгэл нь “Нэг бүс нэг зам” сэдэвт асуудал болон их, дээд сургуулиудад соёлын хичээлээр оюутан залууст хүмүүнлэгийн ёс суртахууныг бий болгох тухай асуудлыг онцлон дэвшүүлж байна. ОХУ-ын болон Буриад Улсын эрдэмтэд Байгаль нуурын эрэг орчмын нийгэм, эдийн засгийн асуудлууд, Монгол-Орос-Буриадын нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, мөн шашны төлөв байдлын талаарх харьцуулсан судалгааг танилцуулсан. Мөн Монголын эрдэмтэд улс төрийн соёл, харьцуулсан улс төр судлал, харьцуулсан философи шинжилгээ, нийгмийн сэтгэл зүйн асуудал, залуучуудын улс төрийн нөхцөл байдлын талаар голчилж ярьж, хэлэлцэж байна.

-Гурван орны эрдэмтэн, судлаачид хуралд онцолж тавьсан асуудлынхаа хэрэгжилт, үр дүнгээ нэхэж тухайн салбаруудаас  дараа нь судалдаг уу, эсвэл энэхүү хуралдаа судалгааны саналаа танилцуулж, дэвшүүлээд болдог юм уу?

 -Гурван улсын олон улсын хурал яагаад уламжлал болж, 13 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм бэ гэвэл үр дүнтэй байгаад юм. Энэ хугацаанд Оросын Сибирийн ШУА-тай манай улсын ШУА 10 гаруй удаа харьцуулсан болон суурь судалгаанд хамтарсан төслүүд, Шан-Дун мужийн Нефтийн их сургуулиудтай хамтарсан зургаан төслүүдийг хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн хурлаас гарч буй үр дүнг хэлэлцэхээр гол ажлуудаа хоёр жил тутамд тухайн улсад  хуралддаг юм. Иймээс гурван улсын хурлаас дэвшүүлсэн саналууд нь нийгмийн салбарт тодорхой үр дүнг гаргаж байгаа. БНХАУ-д болсон 12 дахь удаагийн хурлаар “Ардчилал, иргэний нийгмийн хөгжлийн асуудал” сэдвийн хүрээнд зохион байгуулж хуралдсан нь их амжилттай, үр дүнтэй болсон.


Б.Баярмаа


 



Бусад мэдээлэл