Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Авидтай ярилцлаа.
-“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2021 оны 299 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоол шинжлэх ухааны салбарт ямар ач холбогдолтой вэ?
-XXI зуун бол мэдлэг, эдийн засагт суурилсан үе. Мэдлэг бол хамгийн гол хөдлөгч хүч. Өмнө нь техник, технологи, багаж, тоног төхөөрөмж ярьдаг байсан бол одоо хамгийн гол зүйл нь хүний мэдлэг болсон. Энэ утгаараа Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө шинжлэх ухаан, технологийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ, хүний нөөцийг бэхжүүлнэ гэж ярьсан. Саяхан баталсан “Алсын хараа-2050” баримт бичигт шинжлэх ухааны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 2,5 хувийг нэмэгдүүлэн шинжлэх ухааны салбарт зарцуулна гэж томьёолж заасан. Энэ ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд шат дараалалтайгаар арга хэмжээ авах ёстой. Энэ арга хэмжээний нэг нь 299 дүгээр тогтоол бөгөөд 13 заалттай томоохон тогтоол гарсан. Томоохон заалтуудаас дурдвал шинжлэх ухаан нь дан химийн, биологийн шинжлэх ухаан гэхээсээ илүүтэй салбар дундын хэв маягтай шинжлэх ухаанууд хамгийн сайн амжилтад хүрч, хөгжиж буй учраас салбар дундын лабораториудыг бий болгох нь зүйтэй. Монгол Улс цөөн хүн амтай, тухайн салбарт ажиллаж буй хүний тоо цөөн учраас бүгд хамтдаа ажиллах ёстой. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их сургуулиуд, хувийн хэвшлийнхэн нийлээд нэг лабораторид ажиллан хүчээ төвлөрүүлбэл тухайн салбарт гарч буй үр дүн сайжирч өрсөлдөх чадвартай гарна. Энэ асуудлыг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгох талаар мөн заасан нь чухал юм. Шинжлэх ухааны салбарт ажиллаж буй хүний тоо гэж байдаг. Тухайн орны хэчнээн хүн шинжлэх ухааны салбарт ажиллаж буйгаар түвшинг нь тогтоож болдог. Азийн дунджаар нэг сая хүн амд ногдох судлаачдын тоо 1500 байх жишээтэй. Гэтэл манай улсад энэ тоо 500-600 өөрөөр хэлбэл, Азийн дунджаас гурав дахин бага. Тэгэхээр бид хүний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд арга хэмжээ авах ёстой. Эхний ээлжинд 299 дүгээр тогтоолоор дөрвөн хүрээлэнд орон тоог нь засгаас дэмжье гэж 100 гаруй хүний орон тоог нэмэгдүүлэхээр зааж өгсөн. Тухайн салбарт 100 хүний орон тоогоор нэмэгдүүлнэ гэдэг нь нэлээн том ач холбогдолтой ажил болсон гэж харж байна.
-Шинжлэх ухааны салбар манайд хоцрогдолтой байгаа талаар хүмүүс ярьдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг энэ салбарт тавьдаг вэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний тавьсан мөнгө яг юунд зарцуулагддаг юм бэ?
-Шинжлэх ухааны салбарыг үнэлдэг, нэг түвшин тогтоодог аргачлал бол тухайн улс дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулж байна вэ гэдгийг харах юм. Дэлхий нийтийн жишгээр дотоодын нийт бүтээгдэхүүний 1,5 хувиас багагүйг зарцуулж байвал тухайн улсын шинжлэх ухаан, технологийн асуудал өрсөлдөх чадвартай байна гэж үздэг. Манай улсын сүүлийн 20 жилийн дунджийг харвал 0,1-0,15 буюу дэлхийн дунджаас 10-15 дахин бага явж ирсэн. Тэгэхээр хүний нөөц багатай, салбарт зарцуулж буй мөнгө нь бага учраас энэ салбарын өрсөлдөх чадвар сайнгүй байна. 0,1-0,15 хувь буюу 40 гаруй тэрбум төгрөг энэ салбарт ажиллаж буй 2000 гаруй хүний цалин, судалгаанд зарцуулагддаг.
-XXI зуунд шинжлэх ухааны салбартаа анхаарал хандуулах ёстой. Монгол Улсын шинжлэх ухааны салбарт төрөөс ямар анхаарал, туслалцаа хэрэгтэй байгаа вэ?
-Олон зүйлс байгаа, энэ дотроос хамгийн гол асуудлын нэг нь хүний нөөцийг бэхжүүлэх асуудал. Тухайн салбарт ажиллаж байгаа хүний нөөцийг бэхжүүлнэ гэдэг нь миний бодлоор энэ салбарт чадварлаг хүн ажиллах ёстой. Чадварлаг, мэргэшсэн хүн ажиллахад тухайн салбарын цалин дээгүүр байх ёстой. Гэтэл шинжлэх ухааны салбарт ажиллаж буй хүний цалин 800-900 мянган төгрөг байгаа. Энэ нь магадгүй чадварлаг хүнийг татах хөшүүрэг болж чадахгүй байна. Хамгийн эхэнд тухайн салбарт ажиллаж буй, хүний нөөцийг бэхжүүлэх, тогтвортой ажиллахад шаардлагатай гол хүчин зүйлс бол цалин мөн нийгмийн баталгааны асуудал. Тухайн салбарт ажиллаж буй хүмүүс томоохон үр дүн гаргая гэж боддог. Энэ утгаараа лабораторийн орчин сайн байх ёстой. Орчин үеийн түвшинд лабораторид ажиллаж байж тухайн хүний ажиллах бүтээмж сайн, бүтээлийн өрсөлдөх чадвар сайн гарна. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны салбарт зориулсан хөрөнгө оруулалт бага, бараг байгаагүй учраас энэ салбарт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Тэгвэл хүний нөөц бэхжин, хөрөнгө оруулалтаа дагаад гарч буй үр дүнгүүдийн өрсөлдөх чадвар улам сайжирна гэж харагдаж байна.
-Эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэнг шинээр байгуулахаар болсон гэсэн үү?
-Засгийн газрын тогтоолоор дөрвөн хүрээлэн шинээр байгуулах болсон. Ой модны сургалт судалгааны хүрээлэн. Бидний хамгийн том асуудал бол цаг уурын өөрчлөлт. XX зуунд шинжлэх ухаан маш хурдтай хөгжсөн, сансрын уудмыг эзэмшлээ, цөмийн энерги ашигласан зэрэг том ажлууд хийж байна. Бидэнд тулгарч байгаа хамгийн том асуудлуудын нэг нь цаг уурын өөрчлөлт. Өнөөдрийн хувьд бол “Ковид 19” цар тахал. Гэхдээ цаг уурын өөрчлөлт нь цар тахлаас маш том асуудал. Энэ нь нэг вакцин гаргаад, эмчилгээ хийгээд алга болчихгүй мөнхийн сэдэв. Тийм учраас дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн асуудалтай холбоотойгоор тэрбум модны санаачилга гарсан нь маш чухал юм. Энэ тэрбум модны санаачилгыг хэрэгжүүлэхэд гол үүрэгтэйгээр оролцох боломжтой хүрээлэн нь ой модны сургалт, судалгааны хүрээлэн.
Мөн тархи, сэтгэл судлалын хүрээлэнг 15 хүний бүрэлдэхүүнтэй шинээр байгуулсан. Одоо шинжлэх ухаан, технологийн хөгжил сайн болсон. Химийн, биологийн, физикийн шинжлэх ухаан их өндөр түвшинд очсон. Хүний тархи гэдэг бол судалгааны хамгийн судлахад хүнд объект. Бусад шинжлэх ухаануудын хөгжил өндөр түвшинд хүрсэн учраас эргээд хүний тархийг судлах нь их чухал. Энэ утгаараа өнөөгийн шинжлэх ухаануудын зааг дээр хөгжих ёстой XXI зууны хамгийн гол салбар нь тархи судлалын салбар болоод байна. Энэ чиглэлийн судалгааг эхлүүлэх, цаашид хөгжүүлэх шаардлага гарч буй учраас энэ хүрээлэнг байгуулсан. 2022 оноос тухайн салбарын судалгааны чиглэлүүд тодорхой түвшинд Монгол Улсад хөгжиж явна. Энэхүү салбар нь дэлхийд шинэ шинжлэх ухааны чухал салбар. Бид мөн энэ салбарыг хөгжүүлэх ёстой учраас тархи, сэтгэл судлалын хүрээлэнг цөөн орон тооны судлаачтай байгуулсан.
Өдрийн сонин