Вэбсайтын цэс
Хэлний сонголт
З.БАДАМХАТАН: ПАЛЕОНТОЛОГИЙН САЛБАР ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ БАГААС НЬ ОЛГОХ ЁСТОЙ
З.БАДАМХАТАН: ПАЛЕОНТОЛОГИЙН САЛБАР ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ БАГААС НЬ  ОЛГОХ ЁСТОЙ

Монгол Улс палеолонтологийн баялаг нөөцтэй улсын тоонд тооцогддог. Дэлхийд АНУ, БНХАУ-тай энэ салбарыг өнгөлж байгаа гурван улсын нэг. Энэ жил палеонтологийн салбарт нээсэн нээлт, шинэ олдворын талаар болон салбарын өмнө тулгамдаж буй асуудлаар Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн Палеозоологийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) З.Бадамхатантай ярилцлаа.


-Энэ жил палеон­тологийн салбарын онцлох олдворуудыг танилцуулбал?

-Саяхан даа. Ердөө долоо хоногийн өмнө Шинжлэх ухааны академид хагас жилийн тайлангаа бүрдүүлж өглөө. Үүнээс онцолбол, Дорноговь аймгийн нутагт орших Хонгил цав гэх олдворт газраас нугасан хошуут үлэг гүрвэл, маш олон махчин үлэг гүрвэлүүдийн бөөн олдвор олдсон. Бөөнөөрөө олдоход нэг хүндрэл үүсдэг нь хэдэн сая жилийн өмнөх хуримтлагдсан хурдас вэ гэдэг нь бэрхшээлтэй байдаг. Насыг тодорхойлоход их хугацаа шаардагддаг. Өнгөрсөн хугацаанд бид насыг нь тогтоохоор ажиллалаа. Энэ талаар хамтарсан судалгаа ч хийсэн. Олон улсад эрдэм шинжилгээний тайлан хийлээ. Геологийн хувьд маш чухал судалгаа.

Мөн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд гаднын хоёр эрдэмтэнтэй хамтраад судалгааны өгүүлэл бичиж байна. Судалгааны гар бичвэрийг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэхээр илгээсэн. Нарийвчилсан мэргэжлийн шүүлтүүрээр шүүгдээд хэвлэгдэх эсэх нь тодорхой болно. Энэ бол маш чухал судалгааны бүтээл болж байгаа. Шинэ үлэг гүрвэлийн тухай бүтээл юм. Одоогоос 80 орчим сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн толгойг Өмнөговь аймгаас илрүүлсэн. Үүнтэй ижил төрлийн амьтан тухайн цаг үеийн хурдсаас өмнө нь олдож байгаагүй юм. Энэ нь урд хожид шинжлэх ухаанд танигдаж байгаагүй шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэл болохыг тогтоосон. Сэтгүүлийн шүүлтүүрийг давбал Монгол Улсаас бас нэгэн үлэг гүрвэл шинжлэх ухаанд шинээр бүртгэгдэнэ гэж ойлгож болно

-Шинжлэх ухааны нэршил өгөх, шинээр бүртгүүлэхэд шат дамжлага хэр зэрэг байдаг юм бэ. Хэчнээн хугацаа шаарддагддаг вэ?

-Яг энэ судалгааны тухай эхнээс нь ярьвал маш урт түүх болно. Судалгаа тухайн судлагдахуунаас шалтгаалаад харилцан адилгүй хугацаа шаарддаг юм. Палеонтологийн салбарын хувьд хээрийн судалгаа их байдгаараа онцлог. Эхний ээлжинд геологи болон палеонтологийн өмнөх судалгаан дээр тулгуурлан хөдөө гарч, тухайн олдвор олддог газарт хайгуул хийнэ. Хайгуулын явцад олдох нь ч бий, олдохгүй нь ч бий. Хэдийгээр шинжлэх ухааны үндэстэй мэдлэгт суурилсан ажил ч гэсэн нэг талаараа азны асуудал байдаг. Олсных нь дараа түүнийгээ шинжлэх ухааны дата мэдээллээ цуглуулдаг. Мэдээллүүдээ цуглуулсны дараа олдворт мэргэжлийн малталт хийж манай хүрээлэнгийн боловсруулах лабораторид ирүүлдэг. Тухайн олдворыг агуулж буй чулуулгаас салгаж цэвэрлээд судалгааг эххлүүлдэг юм. Цэвэрлэж боловсруулах хугацаа янз бүр. Зарим тохиолдолд долоо хоногийн дотор цэвэрлэдэг бол боловсруулалт нь 7-10 жил үргэлжилж байгаа олдвор ч бий.

-Одоогоор 7-10 жил үргэл­жилсэн ямар олдвор байна?

-Psittacosaurus mongoliensis нэртэй тоть шиг хошуутай үлэг гүрвэлийн сүргээрээ  явж байгаад шороонд дарагдсан олдвор байна. Чулуулаг нь маш хатуу учраас цэвэрлэгээний ажил 7-8 жил үргэлжилж байна. Хэрэв цэвэр­лэгээний ажил дуусаад гараад ирвэл шинжлэх ухаанд маш том нээлт болох учиртай. Өмнө нь энэ төрлийн үлэг гүрвэлийн олдвор Монгол орноос сүргээрээ олдож байгаагүй юм.

-Палеонтологийн олд­воруудыг хадгалж, хамгаалах байр савны асуудал хэр зэрэг байдаг юм бэ?

-Манай хүрээлэн бол эртний амьтан, ургамлыг судалдаг хамгийн том судалгааны байгууллага. Олдвор цуглуулгийн сан манай барилгын доод давхарт хадгалалт хамгаалалтын өндөр орчинд хадгалагддаг. Нэг талаараа соёлын өв, нөгөө талаараа төр, ард түмний өмч учраас маш өндөр хамгаалалт шаарддаг юм. Байр савны хувьд хүрэлцээ тааруухан л байгаа. Өмнөх байрыг Прокурорын газарт өгчихсөн. 

-Монголын нэрт эрдэмтэн Р.Барсболд гуайтай ярьж байхад Монгол Улсад палеонтологийн салбарт анхаардаг компани байдаггүй учраас хөгжиж чадахгүй байгаа тухай хэлж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ, гурван жилийн өмнөхөөс дээрдсэн үү?

-Р.Барсболд академичийн хэлдэг үнэхээр үнэн. Гаднын туршлагаас харахад тухайн төрөл зүйлийн үлэг гүрвэл, эсвэл ургамлыг  судална гэдэг тухайн улсын нэр хүнд учраас заавал хийхээс өөр аргагүй асуудал мэт тооцогддог. Гэвч манай улсын хувьд палеонтологийн сал­барыг тоодоггүй юм. Энэ бол ард түмний ухамсартай холбоотой асуудал байх л даа. Багаас нь энэ төрлийн боловсрол олгодоггүй, сургалтын системд байдаггүйтэй л холбоотой. Үүнийг мэдрүүлээд, бахархах сэтгэлийг нь төрүүлсэн бол асуудал арай өөрөөр яригдах байсан байх. Одоо бол палеонтологийн салбар гэдгийг чулуужсан яс гэж ойлгоод, олдсон олдворыг гайхаж хэд хараад өнгөрөхөөс цаашгүй байна. Энэ олдвор нь ямар учиртай, ямар амьтан эсвэл ургамал байсан бэ гэдэг дээр хэн ч ач холбогдол өгдөггүй. Хувь хүнийхээ хувьд харамсаж л явдаг. Энэ байгууллагад, палеонтологийн салбарт харьяалагддагийнхаа хувьд энэ талаар бага ч атугай тайлбарлаж таниулахыг хичээдэг.

-Монгол Улсын палеон­тологийн салбарын өрсөлдөх чадвар хэр зэрэг байдаг вэ?

-Өрсөлдөх чадварын тухай ярихад хоёр хүчин зүйлийг авч хэлэлцэх байх. Нэгдүгээрт, палеонтологийн нөөц баялаг, хоёрдугаарт, судлаачийн ур чадвар хоёроор дүгнэнэ. Судлаачийн хувиар биш хувь хүнийхээ хувьд дээрх хоёр зүйлийн тухай тайлбарлая. Нэгдүгээр асуудлын тухайд Монгол Улс нь палеонтологийн олдвороор маш баян. Хамгийн баялаг олдвортой улсын нэг нь Монгол Улс. Манай өрөөнд л гэхэд 5-6 ширхэг олдвор байна. Харьцуулсан судалгааг дураараа хийх боломжтой. Судлаачдын ч чадвар өндөр. Олдсон олдвороо “чулуу болгох” чадвартай олон судлаач манайд бий. Ганц шүүмжлэх зүйл нь маш цөөн тооны судлаачидтай. Манай судлаачид олон улсын түвшний судалгаа хийх бүрэн чадамжтай. Манай судлаачид бүгд л АНУ, Хятад, ОХУ гээд том улсуудад доктор хамгаалчихсан.

-Төрөөс палеонтологийн салбарыг тоохгүй байх шиг анзаарагддаг?

-Урлаг, спортоор амжилт гаргаад олимпод медаль авсан хүнийг бүгдээрээ анзаараад, бахархаад байгаатай адил салбартаа гайхагдсан олон эрдэмтэн байна. Судлаачдын бүтээл олон улсад, дэлхий дахин хүлээн зөвшөөрөгдөөд байдаг. Манай академич Р.Барсболд, доктор Цогт­баатар гуайн бүтээлийг, палеонтологийн салбарын эрдэмтэд олон улсад хүлээн зөвшөөрчхөөд байна. Р.Барсболд гуай л гэхэд энэ салбарын Азийн шилдэг эрдэмтдийн тоонд багтсан. Нэг ёсондоо олимпын алтан медалийг хэд дахин авсантай тэнцэх хэмжээний хүмүүс. Гэтэл бид энэ эрдэмтдээ анзаардаггүй, анхаардаггүй.

-Төрийн зүгээс палеон­тологийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд ийм л  асуудал шийдээсэй гэж боддог зүйл байна уу?

-Лабораторийн тоног төхөө­рөмжийн хувьд харьцангуй сайн. Сүүлийн үеийн төхөөрөмжөөр хангагдаж чадаж байгаа. Ний нуугүй хэлэхэд байр савны л асуудал байдаг юм. Жил болгон бид хээрийн ажлаар хөдөө гардаг. Тэр болгондоо тодорхой тооны олдвортой ирдэг. Энэ байр маань хэмжээтэй. Олдвороо багтаахад хэцүү боллоо. Байр савны асуудлыг шийдчихэд манай салбарын хувьд том дэмжлэг болно. Түүнээс гадна суурь судалгааны төслүүдээ идэвхжүүлэх ёстой. Аль болох олон судалгааг санхүүжүүлэх боломжтой болчихвол дэлхийн түвшнээс хоцрохгүй.

-Палеонтологийн олдвороор баялаг байх нэг хэрэг. Нөгөө талаас тэр олдсон олдвороо хойч үедээ өвлүүлэх бас өөр хэрэг. Нутгийн иргэд санаатай, эсвэл санамсаргүйгээр олдвор сүйтгэх тохиолдол байдаг уу. Бүр эсвэл гадагш нь наймаалах...?

-Байлгүй яахав. Би дээр хэлсэн, багаасаа хүмүүст энэ талын мэдлэг олгоод, сургалтын системд суулгаагүйтэй холбоотойгоор тухайн олдворт хүнийх мэт ханддаг. Энэ амьтан дахин бий болохгүй, улс орныг төлөөлөх үнэт зүйлийн нэг гэдгийг ойлгоогүй учраас ясыг нь сүйтгэх, борлуулах санаа төрдөг байх. Үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар наймаалцсан тохиолдолд хуулийн хариуцлага нь чанга шүү гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй юм шиг байгаа юм. Соёлын өв учраас Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай хуулиар хамгаалагдсан байдаг. Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, мэргэжлийн талаас нь манай хүрээлэн хяналт тавьж ажилладаг. Нэг үеэ бодвол хууль бусаар наймаалах асуудал буурсан. Бараг боломжгүй болсон. 

-Судалгаа хийгээд явж байхаад харамсаж халагламаар үйл явдал тохиолдож байв уу?

-Ердөө хоёрхон жилийн өмнө болсон явдлаа хуваалцъя. Одоогоос 78 сая жилийн өмнө амьдардаг байсан эвэрт үлэг гүрвэлийн бүтэн хэлхээ олдворыг сүйтгэсэн байсан. Тухайн үед газрын гадаргад, байгалийн жамаар илэрсэн байсан олдворыг хүнд өргөгчөөр авах гэж оролдсон юм шиг байгаа юм. Эртний амьтны чулуужсан үлдвэр нь маш эмзэг учраас өргөх үед нурж, эвдэрсэн байсан. Палеонтологчийн хувьд эрдэнэ мэт энэ олдвор элс мэт нурсан байсныг хараад үнэхээр харамсаж, халагласан.

-Одоо ер нь байдал хэр зэрэг байгаа вэ, олдворыг бүтэн олох тал дээр?

-Тав, арван жилийн өмнөхөөс байдал илүү дээрдсэн шүү. Нутгийн иргэд ч энэ талын мэдлэг мэдээлэлтэй болж, олон нийтэд сануулдаг болж, олон нийт ч үүнийг хайрлаж хамгаалах ёстой гэдгийг ойлгодог болж.

-Саяхан цахим хуудсуудаар олон сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн ясанд хавдрын ул мөр илэрсэн тухай мэдээлэл явж байсан. Энэ тухай дэлгэрүүлж манай уншигчдад ярьж өгөхгүй юу?

-Хорт хавдартай хүний ясны дотоод бүтэц нь сийрэгжээд онцгой хэлбэр дүрс үүсгэдэг юм байна. Үлэг гүрвэлийн ясны дотоод бүтэцэд ижил хэлбэр дүрс илэрснийг Канадын судлаачид судалжээ. Энэхүү үлэг гүрвэл нь ойролцоогоор 70 орчим сая жилийн өмнө буюу Цэрдийн галавт амьдарч байж. Хүн, амьтан яг л ижилхэн өвчилдөг. Хорт хавдар гэдэг зүйл шинээр гарч ирээд хүн төрөлхтнийг зовоогоогүй юм байна. Дэлхий гараг үүсэн бий болоход хорт хавдрын эсүүд ч бас бий болж. Үүнийг нь эрт цагийн амьтад ч тусдаг байж.

Бас нэг сонирхолтой мэдээлэл хуваалцая л даа. Тухайн үлэг гүрвэлийн идсэн хоолных нь үлдэгдэл ходоодондоо чулуужсан олдвор илэрсэн. Нарийн шинжилгээнд оруулахад эрт цагийн ургамлын үр, тоосонцор ихээр олдсон юм. Энэ олдвороор тухайн үлэг гүрвэлийн төдий хувийг цэцэгт ургамал, тэдэн хувийг шилмүүст ургамал эзэлдэг гэж нарийн тодорхойлох боломжтой болсон юм. Энэ бол манай салбарт анх удаад тооцогдох судалгаа юм.

-АНУ болон Их Британийн шинжлэх ухааны сэтгүүлийг харж байхад монгол эрдэмтдийн бүтээл, монголын эрдэмтдийн  тухай өгүүлэл их байх шиг харагд­даг. Палеонтологийн салбартай хамтран ажиллах хүсэлтэй гаднын байгууллага байдаг уу?

-Судалгааг ганцаархнаа хийнэ гэж бараг байхгүй дээ. Энэ бол их цаг шаардсан ажил. Тухайн олдворыг оллоо гэхэд гавлыг нь судалдаг, хэвлийг нь судалдаг, хөлийг нь судалдаг төрөлжсөн эрдэмтэд байдаг. Төрөлжсөн эрдэмтэд цогцоороо орж байж тухайн олдворын тухай мэдээлэл илүү системтэй болдог. Судлагдахуун ямар байгаагаас шалтгаалан энэ тоо 10-20 болж өсөх ч тохиолдол бий. Тиймээс гаднаас бидэнтэй хамтрахыг хүссэн байгууллага байдаг.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын Байгалийн түүхийн музей Японы Окинавагийн их сургууль, Шведийн Байгалийн түүхийн музей, Финланд, ОХУ-ын эрдэмтэд хамтран ажиллаж, эрдэмтэн солилцдог. Өмнөд Солонгосын Сөүлийн үндэсний их сургууль ч хамтран ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл манай байгууллага маш олон орны судалгааны байгууллага, эрдэмтэдтэй хамтран ажилладаг. Хамгийн сүүлд АНУ-ын Оклахомын хотын их сургуулиас хамтарсан судалгаа хийх хүсэлт илгээсэн. 

-АНУ-аас тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авч байгаа. Энэ онгоцонд үлэг гүр­вэлийн олдвор багтсан гэсэн. Энэ тухай мэдээлэл байна уу?

-Яг үнэнийг хэлэхэд энэ талын мэдээлэл надад алга. Твиттерээс л энэ мэдээллийг харсан.


Бусад мэдээлэл