-Юун түрүүнд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд тань баяр хүргэе.
-Баярлалаа.
-Саяхан болж өнгөрсөн Их чуулганаар ерөнхийлөгчид танаас өөр хүн дэвшсэнгүй. Үнэхээр өрсөлдөх хүн байсангүй юу, эсвэл намын даалгавар байв уу?
-Ер нь бол Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийн сонгууль өөрийн журмаар зохицуулагддаг. Энэ журмын дагуу академийн ерөнхийлөгчөөр сонгогдох хүн өөрөө нэр дэвшүүлэх эрхгүй байдаг. Аль нэг эрдэм шинжилгээний байгууллага нэр дэвших боломжтой гэж үзвэл эрдмийн хамт олны хурал хийж, нууц санал хураалтаар олонхийн санал авсан хүнийг нэр дэвшүүлдэг. Бусад байгууллагуудын сонгуулиас ялгарах гол ялгаа нь гэвэл энэ. Намайг гурван хүрээлэнгийн эрдмийн хамт олон нэр дэвшүүлсэн. Өөр хүнийг нэр дэвшүүлээгүй байсан. Түүнчлэн төрийн өмчийн томоохон их сургуулиудад сонгууль зарласан тухай, Их чуулган болох гэж байгаа тухай, ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал байгаа эсэх тухай албан бичиг явуулдаг. Энэ жил тэд санал дэвшүүлсэнгүй. Хэдийгээр ганцаараа нэр дэвшсэн ч энэ удаагийн сонгуульд ардчилсан нийгэмд барьдаг бүх зарчим баримтлагдсан гэж хэлнэ.
-Өнгөрсөн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлт хэр зэрэг байсан бэ, хийсэн ажлуудаасаа онцлохыг нь дурдвал...?
-Их чуулган дээр өнгөрсөн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтээ тавьсан. Академийн ерөнхийлөгч нараас анх удаагаа миний бие мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлсэн гэсэн үг. Урьд нь бол академийн ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаанд шинжлэх ухааны салбарт хийсэн ажлуудыг танилцуулдаг байсан юм. Өнгөрсөн дөрвөн жилийг өмнөх дөрвөн жилтэй харьцуулахад маш тодорхой ахиц дэвшил гарлаа. Хамгийн түрүүнд материаллаг бааз, санхүүжилт нэмэгдсэнийг онцгойлон дурдах нь зүйтэй. Өнгөрсөн дөрвөн жилд ШУА-ийн тэргүүлэгчдийн газар 60 жилийн түүхэндээ өөрийн гэсэн байртай боллоо. Хоёрдугаарт шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага бий болсон 98 жилийн түүхэнд анх удаа болж буй үйл явдал. Энэ хуралд төрийн гурван өндөрлөгөөс хоёр нь өөрийн биеэр, нэг нь илгээлт явуулж оролцсон. Төрийн гурван өндөрлөг гурвуулаа төрийн зүгээс "шинжлэх ухааны салбарт хандах хандлагаа өөрчилнө" гэж нэгэн дуугаар дуугарсан. Энэ бол шинжлэх ухааны салбарт ажиллагсдын урам зоригийг бадраасан явдал байлаа. Хандлага өөрчлөгдөхөөр ажилд тодорхой ахиц гардаг нь ганцхан жилийн дотор харагдлаа. Үүнийг батлах нэг зүйл нь эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн цогцолбор. Засгийн газрын тогтоол гараад 2020 оны төсвөөс эхлээд зардал нь суугаад 2023 онд баригдаж дуусна. Цогцолборын голд лабораторийн зориулалттай гурван том барилга байгаа. Энэ барилгад Монгол Улсын төрийн өмчийн бүх эрдэм шинжилгээний хүрээлэн орно.
Бас нэг тодотгох зүйл гэвэл санхүүжилтийн хувь. 2020-2024 онд шинжлэх ухааны салбарт зарцуулах төсвийн зардлыг дөрөв дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр Монгол Улсын ДНБ-ний бараг нэг хувь нь шинжлэх ухааны салбарт зарцуулагдахаар болж байгаа юм. Дэлхийн шинжлэх ухааны зөвлөлийн судалгаа, НҮБ-ын судалгаанаас харахад аливаа улс шинжлэх ухааны салбартаа ДНБ-ний нэг хувиас дээш зарцуулж байвал улс орны эдийн засаг, нийгмийн салбарт шинжлэх ухааны салбар бодитой нөлөөлөл үзүүлнэ гэж дүгнэсэн байдаг.
-Яг одоо бид ДНБ-нийхээ хэдэн хувийг зарцуулж байгаа вэ?
-0.2 хувьтай байна.
-Өнгөрсөн дөрвөн жилд манай улсын Шинжлэх ухааны салбарын судалгаа, шинжлэх ухаанч үйлдвэрлэлийг бизнестэй холбоход ямар ахиц гарав?
-Дэлхийд урьд өмнө нь танигдаагүй байсан үлэг гүрвэлийн үлдэгдлийг манай археологичид илрүүллээ. Түүх, археологийн салбарынхан энэ дөрвөн жилд анх удаагаа олон улсад шинжлэх ухааны бие даасан үзэсгэлэн гаргалаа. Өмнөд Солонгосын Үндэсний музей дээр гарсан үзэсгэлэнг гурван сарын хугацаанд хоёр сая гаруй хүн үзэж сонирхсон байна.
Манай шинжлэх ухааны салбар жилдээ 350-400 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсын сэтгүүлд нийтлүүллээ. Төсвийн санхүүжилт нэмэгдэх бүрд энэ чадвар илүү нэмэгдэнэ гэж харж байна. Судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон мэдлэгийг практикт нэвтрүүлж бодитой бүтээгдэхүүн үйлчилгээ болгох тал дээр харин нэлээн дутагдалтай. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. 2019 онд “Инновацийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт ороод батлагдчихлаа. УИХ дээр энэ чиглэлээр бие даасан Байнгын хороо байгуулагдлаа. Энэ бүхнийг аваад үзэхэд мэдлэгийг инновац болгох, инновацаа бүтээгдэхүүн болгох тал дээр ирэх дөрвөн жилд мэдэгдэхүйц ахиц гаргана гэж бодож байна.
-Хоёр жилийн өмнө ярилцаж байсантай харьцуулахад улстөрчдийн хандлага өөрчлөгджээ. Харин компаниудтайгаа хэрхэн харьцаж, шинжлэх ухааны салбарт татан оролцуулж байгаа вэ?
-Бизнесийн салбартай хамтран ажиллахад эрх зүйн орчны хувьд ч ихээхэн дутагдалтай байдаг. Үүнийг даваад гарахын тулд хоорондоо итгэлцэх гэдэг маш том асуудал байсаар байна. Бизнесийн салбар эрдэмтдэд төдийлөн итгэдэггүй. Ингэх ч үндэстэй. Яагаад гэвэл монгол эрдэмтдийн бүтээлүүд үйлдвэрлэлд нэвтэрсэн тохиолдол маш цөөхөн. Нөгөө талаас эрдэмтэд маань бизнес эрхлэгчдэд итгэдэггүй. Учир нь миний патентыг аваад намайг “гол гаргаад хаячихна” гэж боддог. Тиймээс бид итгэлцлийг бий болгохын тулд өнгөрсөн дөрвөн жилд хэр хэмжээндээ нэлээд ажил хийлээ. Тухайлбал “Эрдэнэт” ТӨҮГ-тай хоёр жилийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулаад ажиллаж байна. Энэ гэрээний дагуу “Эрдэнэт” ТӨҮГ-тай энэ жилийн хувьд 600-700 сая төгрөгийн ажил хийж байна. Эрдэнэтийн цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүй болгохоор ажиллаж байна. Үүний дараа бид Эрдэнэтийн нүхэн жорлонг үнэргүй болгоно. Хувийн хэвшлийн компаниудтай хамтарч ажиллахын тулд Засгийн газрын бодлогыг ашиглаад гарааны компаниуд байгуулж байгаа. Гарааны компаниуд маань бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг ажил гүйцэтгэж байна. Тиймээс ойрын хугацаанд шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн дэргэд байдаг гарааны компаниудын тоог олшруулж, чанарыг нь нэмэгдүүлэхээр зорьж байна. Яг одоо бол ШУА-д бүртгэлтэй 10 гаруй компани бий. Өнгөрсөн 2019 онд гарааны хоёр ч компанид санхүүжилтийн бодитой дэмжлэг үзүүлээд бүтээгдэхүүний судалгааг нь дэмжлээ. Ирэх онд энэ хоёр компани бүтээгдэхүүнээ массаар үйлдвэрлэх боломжтой болж байгаа.
-“Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран ажиллахад эрх зүйн орчинд тулгарч байсан бэрхшээл, чөдөр тушаа болж байгаа зүйл юу вэ?
-Эрх зүйн орчны хувьд одоо болтол арилдаггүй нэг бэрхшээл байгаа. Энэ нь төрийн өмчийн оролцоотой бий болсон бүтээгдэхүүн, орлогын өмчлөл юм. Энэ бол хувийн бизнестэй хамтрах, гарааны компани байгуулахад маш их саад болж байна. Гарааны компани бол төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэргэд байгуулагдаад улсын төсвийн санхүүжилтээр хийсэн судалгааны үр дүнгээр бүтээгдэхүүн хийж байгаа. Дээр дурдсан хуулийн заалтаар тухайн гарааны компанийн бүтээгдэхүүн төрийн өмч болдог.
-Их чуулган дээр таны хэлэлцүүлсэн илтгэлийг харж байхад өнгөрсөн дөрвөн жилд ШУА-ийн орлого нэмэгдсэнийг онцолсон байсан. Орлогыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг нь юу байсан бэ?
-ШУА бол 100 хувь улсын төсөв дээр явж ирсэн байгууллага. Манайхтай төстэй байгууллага дэлхийн 80 гаруй улсад байна. Олон улсын академиудын холбооноос төсвийн дарамтыг бууруулж, өөрсдөө орлого төвлөрүүлдэг байх ёстой гэж зөвлөдөг. Тиймээс бид улсын төсвөөс гадуур орлого олох тал дээр ихээхэн анхаарсан. Үүнд нэгдүгээр, сэтгэл санааны урамшуулал байна. Хоёрдугаарт, хүрээлэнгүүдийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн, гуравдугаарт, Академийн нэр дээр төрийн болон төрийн бус байгууллагатай гэрээ байгуулах зэргээр дэмжиж байна. Өнгөрсөн жилийн түвшнээр ярихад улсын төсөвтэй харьцуулахад 20 гаруй хувьтай тэнцэх хэмжээний орлогыг үйл ажиллагаагаар олжээ. Дараагийн дөрвөн жилд энэ хувийг 30 хувьд хүргэх зорилго тавьж байгаа.
-Орлогыг чухам юунаас олдог юм бэ?
-Хамгийн гол эх үүсвэр нь гадаад хамтын ажиллагаа юм. Одоогоор яг таг бүрэн тооцож чадахгүй байна. Учир нь гадаадын хамтарсан экспедицүүд яг хэр хэмжээний мөнгө монголын талд оруулж байгааг нарийн тооцох боломжгүй байна. Учир нь бэлэн мөнгөтэй орж ирээд эрдэмтэдтэй хамтарсан баг байгуулаад үйл ажиллагаа явуулаад байгаа юм.Үүнийг бүрэн тооцвол 20 хувиас давна л даа. Орлогыг ил болгохын тулд манай талаас хамтарсан судалгаанд оролцдог хөрөнгийн хэмжээ, хүний тоог нэмье гэж тооцож байна. Жишээлбэл, Археологийн хүрээлэн гэхэд жилдээ 30-35 экспедиц гарч байна. Үүнд манай талаас санхүүжүүлдэг хөрөнгө, хүний тоо ч маш бага байдаг юм. Бид бодлогоо хэрэгжүүлэхийн тулд тухайн экспедицийн дор хаяж 30 хувийг манай тал гаргадаг байх ёстой. Удахгүй бид ийм чадамжтай болно. Хамгийн чухал нь өөрийнхөө бодлогоор хаана, ямар судалгаа хийх вэ гэдгээ тодорхойлж өгнө.
Үүнээс гадна хувийн хэвшил болон ТӨҮГ-ууд байна. Орлогын гурав дахь эх үүсвэр нь төрийн байгууллагууд. Жишээлэхэд Байгаль орчны яам бидэнтэй хамтран ажиллаж, олон ажлыг захиалгаар хийлгэдэг. 2019 оны тухайд Нийслэлтэй хамтарч 300-гаад сая төгрөгийн ажил хийлээ. Гэсэн хэдий ч Нийслэлтэй ажиллахад төвөгтэй юм байна лээ. Учир нь нийслэл босоо удирдлагатай, эцсийн шийдвэрийг Засаг дарга гаргадаг. Цаашдаа хамтын ажиллагааны менежментээ сайжруулах ёстой.
-ШУА-ийн хүрээлэнгүүдийн шавыг тавихад лам нарыг оролцуулсан тухай зураг сошиалаар нэлээн явж шүүмжлэл араасаа дагууллаа. Бодит байдал дээр чухам юу болсон юм бэ?
-Энэ бол хоёр талтай асуудал. Хамгийн эхний асуудал бол монголчууд газар хөндөхдөө гуйдаг. Нэг том цогцолбор байгуулах байтугай зэлний гадсаа шаахад хүртэл монгол хүн газраа гуйдаг ёстой. Ерөнхий сайдыг нээлтэд оролцохын урьд өдөр нь газраа гуйх аргадах ёслолоо гүйцээчихсэн юм. Ерөнхий сайд очоод бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд хоёр лам ирсэн. Тэр хоёр лам баринтаглаад боосон ном барьсан юм. Энэ бол Зава Дамдин Ринбүүчийн бүтээсэн “Алтан дэвтэр” гэдэг ном. “Алтан дэвтэр” нь монгол нутагт хүн амьтан бий болсон тухай өгүүлдэг, нэг ёсондоо түүхийн ном. Төвөд хэл дээр монголчуудын тухай дурдсан баримтуудыг ашиглан бүтээсэн шинжлэх ухааны үндэстэй ном л доо. Нэг зүйлийг дурдахад “Алтан дэвтэр”-ийг анх удаа монгол дээр орчуулсан нь энэ л дээ. Зава Дамдин Ринбүүчий түүхэн үйл явдал болж байхад би энэ номоо Ерөнхий сайдад барьчихмаар байна гэсэн. Үүнийг нь би зөвшөөрсөн. Гэтэл үүнийг нээлтийн ажилдаа лам оролцууллаа гэж баахан сэвсэн л дээ. Хүн юмыг шүүмжилж болно. Гэхдээ учир байдлыг нь ойлгохгүй шүүмжилж байгаад ихээхэн харамсаж байгаа.
-Засгийн газраас “Алсын хараа 2050” гэсэн урт хугацааны төлөвлөгөө боловсруулаад удаагүй байна. Үүнд ШУА-ийн зүгээс ямар оролцоотой оролцсон бэ?
-“Алсын хараа 2050” бол урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал. 30 жилийн цаадахыг бүрэн хараад, төлөвлөх хэцүү боловч үзэл баримтлалын хувьд хийж болдог эд. Үүнд шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын 1000 гаруй хүн шууд болон шууд бусаар оролцсон байна. Засгийн газрын ажлын хэсэгт нь миний бие багтсан бол “Алсын хараа 2050”-ын эдийн засгийн хөгжилтэй холбогдох хэсгийг манай академич Б.Дорж ахлан ажилласан. Эдийн засгийн эрдэмтэд оролцсон байна. Нийгмийн хөгжлийн асуудлуудыг манай академийн гишүүд оролцсон. Хамгийн гол нь энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэх төлөвлөгөө ихээхэн чухал байна. Төлөвлөгөө зөв байж энэ үзэл баримтлал хэрэгжинэ. Оносон, алдсаныг цаг хугацаа харуулна.
-Монгол Улсын хөгжлийг тодорхойлох бас нэгэн чухал хөтөлбөр бол Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридор. Үүнтэй холбогдох 32 багц хөтөлбөрт ШУА-ийн зүгээс хэрхэн анхаарч байгаа вэ?
-Энэ коридорын төсөл бол манай улсад ихээхэн ач холбогдолтой юм. БНХАУ бол үндсэндээ “Бүс ба зам” бодлогынхоо хүрээнд эдийн засгийн зургаан том коридор байгуулна гээд байгаа юм. Үүнээс Пакистанаас дамжаад цааш далайтай холбогдох ажил маш эрчимтэй явагдаж байна. Коридоруудыг хэрэгжүүлэх хүрээнд Азийн хөрөнгө оруулалтын банк байгуулсан. Үүсгэн байгуулагч орны нэг нь Монгол Улс. Гурван улсын төрийн тэргүүний түвшинд 32 төслийн нэрийг тогтоогоод баталчихлаа. Хөтөлбөрүүдийн нэрийг харахад шинжлэх ухааны оролцоотой хийгдэх гурван хөтөлбөр байгаа. Бусад 29 нь том, том бүтээн байгуулалтын ажлууд.
Үүнтэй холбоотойгоор ШУА дээр тусгайлсан нэгж байгуулаад эдийн засгийн коридор байгуулахад экологийн орчин даах эсэхийг судлах, хэрэв экологийн орчин хүнд байвал яаж дасан зохицох гэдэг дээр ажиллая гэдэг саналыг байнга дэвшүүлж байгаа. БНХАУ-д ч, ОХУ-д ч энэ саналаа хэлдэг. Судлаач хүний нүдээр харахад гурван улсын эдийн засгийн коридорыг ОХУ-д бол Эдийн засгийн яам, БНХАУ-д Үндэсний хөгжлийн хороо хариуцаж байна. Энэ бол яамны дээд талын бүтэц юм. Манайд бол Гадаад харилцааны яам хариуцаж байх жишээтэй. Хэрэв үнэхээр үүнийг бодитоор тооцож харж байгаа юм бол Сангийн яам үүнийг хариуцах нь зүйтэй. Тэгж байж ажил болно.
Нэг зүйлийг манай Засгийн газар байнга санаж байх хэрэгтэй. ОХУ эдийн засгийн коридорт тэртээ тэргүй ач холбогдол өгөхгүй байгаа. Учир нь санаачилсан төслүүд нь коридортой, коридоргүй хэрэгжих бүрэн боломжтой. Хятад, Монгол хоёр нийлж байж, манай талын идэвхтэй оролцоотойгоор ОХУ-ын сонирхлыг татаж төсөлд татан оролцуулна. Манай талаас маш идэвхгүй байгаа.
-Их чуулган дээр академичдийн насыг залуужуулъя, шинжлэх ухааны салбарт залуусын оролцоог нэмэгдүүлье гэх санал санаачилга гарсан. Зарим академич тодорхой санал ч дэвшүүлсэн. ШУА-ийн ерөнхийлөгч үүнийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Монгол Улсад настай хүмүүсээ ад үзэх нийгмийн сэтгэл зүйг бий болгох оролдлого их гардаг. Гэхдээ бид Азийн орон гэдгээ бодох хэрэгтэй. Дорнын сэтгэлгээ барууны, Америкийнхаас өөр шүү дээ. Ахмадаа хүндэлдэг. Гэр бүлийн харилцаа ч ийм байж ирсэн. Үүнийг тийм ч амархан арилгаж болдог эд биш. Хүн төрөлхтөн өдийг хүртэл хоёр баганатай байсан. Нэг багана нь туршлага бол нөгөө багана нь мэдлэг. Туршлагыг уламжилж авч явдаг хэсэг нь ахмадууд байдаг. ДЭМБ-аас 75 насыг нийгмийн амьдралд бодитой оролцох нас гэж дүгнэлээ шүү дээ.
Академик салбарт ажилладаг хүмүүсийн хувьд үндсэн бүтээлүүд 60 орчим насандаа бий болдог. Үүнийг зохиомол аргаар залуужуулна гэж хэрхэвч болохгүй. Үнэхээр залуу насандаа эрдмийн ажлаараа цоороод гараад ирсэн хүмүүсийг гишүүн болгох сонирхол байдаг. Өмнөх дөрвөн жилд 40 гарч байгаа залуусыг гишүүдээрээ сонголоо шүү дээ.
Академийн гишүүдийг харахад 80 гартлаа оюуны бүтээл туурвих чадвар нь огт буурдаггүй юм байна. Нас бол туйлын хэмжүүр биш. Аль ч салбарт залуу, дунд, ахмад үе байж байж тухайн салбар хөгжинө.
-Шинэ байгуулагдсан Засгийн газарт Соёлын яамыг Түүхийн хүрээлэнг удирдаж байсан С.Чулуун удирдахаар болсон. Түүнийг орлож Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Хишигт гуай удирдаж байгаа. Ерөнхийлөгчийн хувьд хүрээлэнгүүдийн даргыг солих, жинхлэх асуудал одоо эхлэх үү?
-Академийн дүрмийн дагуу болно. Хүрээлэнгүүдийн захирлыг томилохоос өмнө хоёр ажил хийж байж томилгоо явна. Нэгдүгээрт Академийн бүтцэд байдаг бага чуулганы сонгууль явуулна. Хоёрдугаарт миний удирдлагад ажиллах удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгууль болно. Үүнийг мөн адил Их чуулган зохион байгуулаад, нууц санал хураалтаар сонгодог. Үүний дараа хүрээлэнгүүдийн захирлыг томилно. Одоогийн дүрмээр тухайн хүрээлэнгийн захирал болох хүн өөрийнхөө нэрийг дэвшүүлдэг. Мөрийн хөтөлбөрөө ч боловсруулна. Үүнийг нь тухайн хүрээлэнгийн эрдмийн хамт олон хэлэлцээд нууц санал хураалтаар хамгийн олон санал авсан хоёр хүнийг ерөнхийлөгчид ирүүлдэг. Үүнийг нь тэргүүлэгчдийн түвшинд хэлэлцээд нэгийг нь сонгодог журамтай. 2021 оны нэгдүгээр сардаа багтаад захирлуудын томилгоо хийгдчих байх.
-Ирэх жил Шинжлэх ухааны байгууллага үүссэний 100 жилийн тэгш ой тохионо. Тэгш ойг угтаж Шинжлэх ухааны академиас чухам ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Ирэх онд Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ой, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа. Нэн түрүүнд бид Судар бичгийн хүрээлэнгээс Шинжлэх ухааны академи хүртэл 100 жилийн таван боть ном гаргахаар төлөвлөж байна. Тав дахь боть нь 100 жилийн түүхэнд холбогдох онцлох албан баримтуудын эмхэтгэл байх юм. Түүнчлэн 30-60 минутын баримтат кино хийнэ. Хамгийн чухал нэг ажил байгаа нь Засгийн газартайгаа ярьж тохирч байгаад Монголч эрдэмтдийн XII их хурлыг зохион байгуулах юм. Төлөвлөгөөнд орчихсон Олон улсын монгол судлалын холбоотой зарчмын тохироонд хүрчихсэн явж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН