ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, Гавьяат багш Ж.Баясахтай манай уншигч-сурвалжлагч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангай Монгол Улсын гадаад харилцаа, төвийг сахих бодлого болон бусад сэдвээр сонирхолтой яриа өрнүүллээ. “Сайн таньдаг хүнтэйгээ ярилцлага хийнэ гэдэг амаргүй юм байна. Ямар асуултад ямар байр суурьнаас хэрхэн хариулахыг нь бараг гадарлах учраас тэр. Гэхдээ сайхан ярилцана аа, хоёулаа” гэсээр тэрбээр хариуцлагатай нь аргагүй жирийтэл бичсэн асуултаа гарган ирж, их л албаны хэрнээ хүндэтгэлтэй асууж эхэлсэн юм. Тэд дунд сургуульд хамт сурч байжээ.
-Юуны өмнө найздаа саяхан Монгол Улсын Гавьяат багш хэмээх эрхэм цол хүртсэнд “Өнөөдөр” сонины уншигчдын өмнө дахин баяр хүргэе.
“Өнөөдөр” сонины хүсэлтээр би чамтай ярилцах учиртай. Эхлээд өөрийнхөө удирдаж буй Олон улсын харилцааны хүрээлэнгийн талаар товч ярихгүй юу?
...Орос, Монгол, Хятад гурав өнгөц харахад сайн харилцаатай явж байна. Хятадаас тусламж болгон нэг тэрбум ам.доллар авч, Эгийн голын усан цахилгаан станц барих талаар ярьсан, гэтэл оросууд Байгал нуурт нөлөөлнө гээд зөвшөөрөөгүй...
-ШУА-ийн дэргэд 1967 онд Ази, Африкийн хэлтэс байгуулсан. 1971 онд Дорно дахин судлалын хүрээлэн болж, 1990 оноос Олон улс судлалын хүрээлэн гэж өөрчилсөн. 2012 оны тавдугаар сард би энэ хүрээлэнд ирж, Олон улсын харилцааны хүрээлэн болгон нэрийг нь солилоо. Харилцааны асуудлыг голлон, Монголын гадаад бодлого, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа энэ бүхнийг судлах учраас тэр.
“Олон улс судлал”, “Өрнө, Дорно” гэсэн сэтгүүл гаргаж байсан. 2015 оноос хойш “Pax Mongolica” буюу “Монгол энх төр” гэсэн сэтгүүл гаргаж байна. Мөн олон улсын харилцааны талаар орос, хятад, англи, япон, солонгос гэсэн таван хэлээр ном гаргалаа. Монгол хэлээр гарсан бүтээлийг өвөрмонголчууд ч уншиж чадахгүй байна шүү дээ. Тиймээс бид Монголоо болон дэлхийг судалж, хаана явна вэ гэдгээ ойлгох учиртай.
-Та нэртэй эрдэмтэн судлаач хүн. Одоо ямар чиглэлээр судалгааны ажил хийж байна вэ?
-Би Оксфордын их сургуулийн хэсэг нөхөртэйгөө хамтран “Морин дэл дээрээс гэрээ хэлцэл хийх нь” гэсэн ном бичлээ. Бид дэлхийг захирч байсан улс учраас гэрээ хэлцэл их хийдэг байсан нь мэдээж.
Одоо Монголынхоо түүхийг англи хэлээр бичье гэж бодож байна. Эрт үеэс нь авахуулаад орчин үе хүртэл. Монголын түүхийг англи хэлээр бичсэн монгол хүний ном Баабарынхаас өөр алга.
-“Монгол, монголчууд, монгол орон” гэсэн ном саяхан бас англи хэлээр гарлаа шүү дээ.
-Тийм. Сүүлийн арван жил Баабарын бүтээл олон хүний ширээний ном болсон. Түүний үзэл баримтлал их сонин. Гаднын хүмүүсийн бичсэн Монголын тухай олон ном бий. Гэхдээ ихэнх нь Европ төвийн үзлээс бичсэн байгаа. Үүгээр бол Европ нэгдүгээрт, Ази хоёрдугаарт орох нь. Хятадын бичсэн номонд Хятад эхэнд, Монгол дараа нь байх жишээтэй. Хятад гэдэг чинь Дундад улс гэсэн үг.
Тэдний төвийн үзлээр бол дэлхийд ганц улс байгаа нь Дундад улс. Дөрвөн зүг, найман зовхист бүдүүлгүүд байдаг гэсэн онол. Үүн дотроо биднийг хамруулдаг. Тэгэхээр энэ нь бодит түүх биш болчихож байгаа юм. Европ төвийн үзлээр хамгийн төвд нь Европ, хүн төрөлхтний түүхийг цагаан арьстнууд бүтээсэн гэсэн онол. Баабар Монгол төвийн үзлээс бичсэнээрээ сонирхолтой. Мань хүн шинэ, нэн шинэ үеийн түүхийг голчлон бичсэн. Харин би Монголын түүхийг бүтнээр нь бичих санаатай. Би эрдэмтэн хүний хүүхэд. Түүхтэй холбоотой номнуудыг үндсэндээ цуглуулаад дууссан, одооноос бичиж эхэлнэ дээ.
Залуугийнх шигээ шөнө биш, өглөө нарны гэрэлд сууж, өдөртөө хоёр хуудас бичээд байвал нэг жилийн дотор бараг мянга орчим хуудас болно. Таван жилийн өмнө Кембрижийн их сургуулиас ийм ном бичих санал ирүүлсэн юм. Гэтэл сургууль, академийн ажил гэсээр номоо бичиж чадсангүй. Бүтээлдээ ашиглах номонд өрнөдийнхөн их хатуу шаардлага тавьдаг онцлогтой. Хүний диссертац ашиглах боломжгүй. Гар бичмэлийн эрхтэй учраас түүнээс иш татаж болохгүй гэдэг.
-Нэртэй түүхч, эрдэмтэн нөгөө талаас олон улсын харилцааны том мэргэжилтэнтэй гадаад харилцааны талаар ярилцъя. Манай Ерөнхий сайд удахгүй БНХАУ-д айлчлах сурагтай. Энэ айлчлалаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Украин, ОХУ хоёул хямарлаа. Үүнийг дагаад Оросын талд Хятад улс орсон. Хоёр орон дундаа байгаа улсаа хаяж болдоггүй юм байна гэсэн ойлголтыг аль аль нь авчээ. Украины хямралаас хойш Хятад “Шинэ торгоны зам” буюу “Нэг бүс, нэг зам” гэсэн цоо шинэ бодлого гаргасан. Манайх сөргүүлээд “Талын зам” гэсэн санаачилга гаргалаа. Түүхэндээ урьд өмнө байгаагүйгээр гурван улсын харилцаа маш их ойртов.
Хятад улс том бодлого гаргаж, үүнээс хойш анх удаа, төрийн хэмжээнд улс улсын тэргүүнүүдийг энэ сарын дундуур урьж, хурал зохион байгуулах гэж байна. Үүнд нь манай Ерөнхий сайд оролцохоор боллоо. Тэнд очоод эдийн засгаа л ярих болов уу. Хэн эх газарт нөлөөгөө тогтоож чадна тэр улс дэлхийд ноёрхоно гэсэн онол байдаг.
Хятад улс түрүүлээд “Шинэ торгоны зам” гээд зарлачихсан. Далайн тээвэр хэдий хөгжсөн ч дээрэмд өртөх эрсдэлтэй. Эх газрын тээврийг аюулгүй, бас дөт гэж үздэг. Хятад улс 13 дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж үүндээ “Шинэ торгоны зам” төслөө албан ёсоор оруулсан. Хятад төлөвлөгөөтэй явж байна, харин манайд төлөвлөгөө алга. Монгол Улсын эдийн засгийн энэ хүнд үед Хятад зээл, тусламж үзүүлнэ гэсэн, үүнийг Ерөнхий сайд нэлээд нухацтай ярих болов уу.
-Хятадын “Нэг бүс, нэг зам” буюу “Шинэ торгоны зам” гэх санаачилга, төслийн ач холбогдлын талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?
-ОХУ 1000, манайх 2200, Хятад 3500 жилийн түүхтэй улс. Хятад аль 1000 жилийн тэртээгээс өөрсдийн эд өлгийн зүйл, бараа бүтээгдэхүүнийг Төв Азиар дамжуулан Европт гаргадаг байсныг “Торгоны зам” гэж нэрлэдэг байлаа. Европчууд торго гэж мэддэггүй байж. Хятадууд тэр далимандаа цаас хийдэг аргаа хүртэл танилцуулжээ. Тэр зам нь Монголоор дайрч өнгөрдөг байсан.
Уг нь 2010 онд БНСУ Евразийн сүлжээ байгуулна гээд эхэлсэн ч дараа жил нь хятадууд тэрхүү сүлжээг “Шинэ торгоны зам” гэсэн төсөл болгон санаачилж, удирдлагыг гартаа аван, төрийн бодлогоо болгоод төлөвлөгөөндөө оруулчихсан. Гурван улсын анхны хурлыг Улаанбаатарт, дараагаар нь өнгөрсөн онд Хөх хотод хийж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн академи байгуулсан. Шинжаанд үүнийг дагаад бас гурван орны судалгааны академи байгууллаа.
Таван чиглэлээр торгоны замаа явуулна гэж байгаа юм. Торгоны замыг дагаж хөгжил ирнэ. Дэд бүтэц, хөрөнгө оруулалтаа шийдэхийн тулд Азийн дэд бүтцийн хөгжлийн банк хүртэл байгуулсан. Манай улс энэ банкийг үүсгэн байгуулагчдын нэг нь.
-Хятад дэлхийн хамгийн олон хүн амтай, том эдийн засагтай орон. Энэ том оронд түүхий эд хэрэгтэй. Байгалийн баялаг ихтэй Орос, Монгол, Казахстан, Пакистан зэрэг хөршөөсөө түүхий эд авч, түүнийгээ бүтээгдэхүүн болгон буцааж гаргана. Хөгжиж буй хөрш орнуудад бүтээгдэхүүнээ гаргахын тулд эрчим хүчний шугам, хийн хоолой, авто, төмөр зам хэрэгтэй. Гэтэл тэдэнд эдгээрийг барих хөрөнгө байхгүй.
“Нэг зам, нэг бүс”, “Шинэ торгоны зам” санаачилга хөрөнгийг нь олж, тэдгээрийг байгуулахад туслах зорилготой гээд товчлон томьёолж болох юм. 2016 оны зургадугаар сард Ташкентэд болсон Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалтаар гурван улс дамнасан “Эдийн засгийн коридор” байгуулахаар хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөр манай эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлөх бол?
-Манай улсад юу хөгжсөн, юу нь дутуу билээ гэж бодоод үзэхээр үндсэндээ мал аж ахуйд суурилсан орон. Хоёр хөрш маань эрүүл хүнс авах хүсэлтэй. Тиймээс мал, түүхий эдээ эрүүлжүүлэх нь чухал. Орос зөвхөн үхэр, адуу, хятадууд бог мал авъя гэж байна. Сониноос хятадууд хонь, ямаа хоёрыг ялгадаггүй юм билээ. Ямааг уулын хонь гэдэг. Сүүлийн үед манай улсад уул уурхай хөгжиж байна. Түүний бүтээгдэхүүнийг гаргахад дэд бүтэц бүр ч их хэрэгтэй.
Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 32 төсөл Монголын хөгжил, эдийн засагт асар чухал. Дэлхийн хамгийн их баялагтай Орос, асар хурдацтай хөгжиж байгаа, хамгийн олон хүн амтай Хятад улсыг холбосон хамгийн дөт зам Монголыг дайрч өнгөрөх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьдчилсан тооцоогоор 50-60 тэрбум ам.доллар хэрэгтэй юм билээ. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт Монголд шаардлагатай байна. Төслийг дагаад хөрөнгө оруулалт ирнэ. Тавантолгойг ухаад таван жил болж байхад цаад зах нь харагдахгүй том нүх байна.
Нөөц нь дуусахаар тэнд амьдрал байхгүй болно. Харин дэд бүтэц бол байж л байна. Жишээлэхэд, Транссибирийн төмөр зам гэхэд 100 гаруй жил боллоо. Өнөөдрийн Оросын хөгжлийг энэ замгүйгээр төсөөлөх аргагүй. Орос орон байх, эсэхээс үл шалтгаалан цаашдаа ч энэ төмөр зам байх болно. “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн хүрээнд ямар төслийг яаж хэрэгжүүлэх механизм, санхүүжилтийн эх үүсвэрийг нь хүртэл зааж өгсөн. Манай улсад сурсан гадаадын нэг эрдэмтэн “Олон улсын харилцаан дахь хүчний харьцааг эрчим хүчний тээвэрлэлтээр зохицуулахуй” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.
Казахууд газрын тосны хийн хоолойгоо Монголоор дамжуулж, Солонгос руу гаргана гэж хүртэл ярьж байна. Эдийн засгийн коридорын асуудлаар Хангай чи өөрөө олон нийтлэл бичиж, гадаад, дотоодын хуралд хэд хэдэн удаа илтгэл тавьсан юм чинь энэ талаар дэлгэрэнгүй ярилцлага өгвөл зүгээр байх аа.
-Төвийг сахих бодлогын талаар хүмүүс янз бүрээр ярих юм. Бид хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай. Бас хоёр хөрш маань ч дотно харилцаатай, иймээс бидэнд шууд заналхийлэл байхгүй байхад төвийг сахих талаар ярих нь ямар учиртай юм бэ гэдэг. Үүнд хариулт өгөхгүй юү?
-Бид дайтахаас илүү эв найрыг сахьдаг ард түмэн. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэж ярьдаг. Аливаад голч, бодитой ханддаг. 1993 онд Оростой, 1994 онд Хятадтай Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Эдгээр гэрээнд “Монгол Улс өөрийн газар нутагтаа гуравдагч хүчнийг оруулаад, хоёр хөршийнхөө эсрэг хандахгүй” гэсэн чухал зарчим бий. Тэр нь манай Төвийг сахих бодлогын илрэл байсан юм. Цөмийн зэвсэгтэй хоёр их гүрний эсрэг бид яах билээ. Нэг нь хилээ хаахад л хэцүүднэ шүү дээ. Гол асуудал юунд байна вэ гэхээр Төвийг сахих бодлого байнгын уу, байнгын бус уу гэдэг л чухал.
Байнгын гэхээр энэ байрь сууриндаа хэзээ ч хувиршгүй, байнгын бус гэхээр нөхцөл, байдлаас шалтгаалан хувирч болох арай хөнгөн хэлбэр. Энэ асуудал УИХ-аар батлагдаагүй учраас албан ёсны болоогүй. Энэ бодлогыг гаргахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэг эрдэмтэнтэй уулзсаны нэг нь би. Үүнийг сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй юм шүү.
-Хоёр хөршийнхөө талаар сүүлийн үед хүмүүс таагүй зүйл ярьж, бичих болжээ. Гэтэл бидний өнгөрсөн, одоо, ирээдүй энэ хоёр ард түмэнтэй шууд холбоотой. Түүхээ мэдэхгүйгээс ингэж ярьж байна уу, юутай холбоотой гэж та боддог вэ?
-Монголчууд боловсролтой, эрүүл, хот суурин газартай болж хөгжсөний гавьяа нь Зөвлөлтийг дагаж 70 жил явсных. Үүнийг би хэлэх дуртай. Монголчууд Хятадад дургүй нь үнэн. Манай нэг магистрант саяхан судалгаа хийхэд монголчуудын 23 хувь нь Хятадад ам сайтай байна гэж гарчээ. Энэ нь сайн, тэр нь муу гэж ярих нь буруу, тэгш хандах хэрэгтэй. Монгол том гүрэн байсан учраас хоёр хөршөө улс болгосон нь ч үнэн. Ийм сэтгэхүй бидний толгойноос өдий хүртэл салаагүйгээс болж хандлага маань өөрчлөгдөхгүй байгаа хэрэг.
-Аль нэг орон бусдынхаа нөлөөнд заавал байдаг. Тухайлбал, манай улс XX зууны эхэн хүртэл өмнөд хөршийн соёлын нөлөөнд байсан бол дараа нь Зөвлөлтийн, 1990- ээд оноос Европын, одоо Солонгосын соёлын нөлөөнд автах шинжтэй. Үүнд та ямар бодолтой явдаг бол?
-Манай соёлын нөлөөнд автаж байсан, автаж буй улс ч мөн цөөнгүй байна. Тухайлбал, манайд шинэ дуу гарлаа гэхэд маргааш нь Өвөрмонголд хит болж байна. Шүлэг, яруу найраг ч мөн ялгаагүй. Бид үүнийгээ ашиглах ёстой. Тува, Буриад, Халимаг, Өвөрмонгол, Шинжаан, Хөхнуурт бид нөлөөлж чадна. Харамсалтай нь, үүнийг хэрэгжүүлэх төрийн бодлого алга. Бодлогын хэмжээнд ярих ёстой.
-Эх орны дайны ялалтын баяр маргааш болох гэж байна. Энэ ялалтад монголчуудын оруулсан хувь нэмрийн талаар таныг яриасай гэж хүсэж байна.
-Хоёр жилийн өмнө “Монголын тусгаар тогтнол болоод Дэлхийн II дайны ялалт” гэсэн хурал болсон. Монгол судлаач Юрий Кручкин “Монгол анхных нь байлаа” гэсэн сайхан ном бичсэн. Оросын нэгэн нисгэгч монгол ааруулын хүчээр өл залгадаг байсан тухайгаа ярьсан байдаг. Бид оросуудад үнэлж баршгүй тусламж үзүүлсэн. Бидний бэлэглэсэн танкийн цуваа нэг өдрийн тулаанд л үгүй болж болох ч эд материалын тусламж хамгийн чухал.
Хагас сая толгой агт өгсөн. Зам харгуй муутай үед хамгийн сайн унаа бол морь шүү дээ. АНУ 660 гаруй мянган тн консерв, 54 мянган тн ноос нийлүүлсэн бол манайх хагас сая тн мах, 64 мянган тн ноос өгсөн байх жишээтэй.
-Түүхч хүнээс түүхийн талаар асуухгүй өнгөрвөл алдаа болно. Нүүдэлчин монголчууд өөрсдөөсөө хэдэн арав, зуу дахин их хүнтэй, тухайн үедээ өндөр хөгжилтэй, хүчирхэг гүрнүүдийг эзэлж, эрхшээлдээ оруулсны нууц юундаа байна вэ?
-Цэргүүдээ аравт, зуут, мянгат, түмтэд хуваарилсанд нууц нь байлаа. Аравтын систем гэдэг цэргийн гайхамшигтай зохион байгуулалт. Монголчууд мал сүргийнхээ эцэг малыг уналга, эдэлгээнд сургаж ашигладаг шигээ тухайн улсын ноёныг нь бариад авчихдаг байж. Тэгэхээр бусад нь дагана шүү дээ.
-Их сонирхолтой хариулт байна. Дээр нь нэмж хэлэхэд морь, холын тусгалтай нум сум болон борц, ааруул гээд алс замд муудахгүй хүнсээ шийдэж чадсанд ялалтын нууц оршиж байсан гэж нэмж хэлмээр байна.Жишээ нь, хэдэн арав, зуун мянган хүний хүнсний асуудлыг аян замын нөхцөлд хэдэн сараар шийднэ гэдэг одоо ч гэсэн хүнд шүү дээ.
Дараагийн асуултаа тавья. Шинжлэх ухаан, практикийн холбоо Монголд хангалтгүй байна. Эрдэм шинжилгээний хуралд яам, тамгын газраас хүн бараг суухгүй, хэдхэн судлаач л хоорондоо яриад байдаг. Яам, тамгын газар хурал болохоор судлаачдаа урьдаггүй. Засгийн газрын хоорондын комиссын хурал боллоо гэхэд хоёр орны харилцааг судалдаг судлаачдаа урихгүй байх жишээтэй.
Энэ хоёрын уялдаа холбоо байхгүй учраас шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гарахгүй байна. Гэтэл бусад оронд заавал судлаачдынхаа үгийг сонсдог. Үүнийг яаж засах вэ?
-Би сүүлийн үед энэ тухай их бодож байгаа. Цэрэн гээд нөхөр энд ухнатаад л юм бичээд байдаг, тэр нь ард түмэн, яам, тамгын газартаа хүрдэггүй. Бид судалгаа хийхээр төрийн байгууллагаас мэдээлэл авах болохоор нууц гээд өгдөггүй. Сүүлийн үед мөнгө угаах гэмт хэрэг гарч байна, энэ талаар манайх мэдээлэл авъя гэтэл маньд өгөхгүй. Тэгэхээр бид яаж бодитой судалгаа хийх юм бэ.
Орос, Монгол, Хятад гурав өнгөц харахад сайн л харилцаатай явж байна. Хятадаас тусламж болгон нэг тэрбум ам.доллар авч, Эгийн голын цахилгаан станц барих талаар ярьсан, гэтэл оросууд Байгал нуурт нөлөөлнө гээд зөвшөөрөөгүй. Байгал нуурын 60 хувь нь Сэлэнгэ мөрнөөс хамааралтай. Эгийн голын усан цахилгаан станц Сэлэнгэд нөлөөлж, Байгал нуур усгүй болно гээд зөвшөөрөөгүй. Нэг нь дэмжээд гар сунгахад нь нөгөөх нь хориглосон.
Зохицуулалт байхгүй, эрдэмтдийнхээ үгийг сонсоогүйн балаг энэ. Харин ч усны нөөц нь багасах биш, нэмэгдэнэ гэсэн судалгаа бий шүү дээ. Сэлэнгэ мөрөн хоёр улсын нутгаар дамжин урсаж байгаа учраас олон улсын эрх зүйн объект. Тиймээс олон улсын эрх зүйгээр зохицуулагдах ёстой. Ер нь аливаа зүйл мэдлэгт суурилж байж хөгжинө. Мэдлэггүйгээр цаашаа хөгжихгүй. Гаднын улс эрдэмтдийнхээ толгойг ашиглан хөгжиж байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны судалгааны ажилд амжилт хүсье.
“Өнөөдөр” сонины 2017.05.08-ны дугаар Тэргүүн нүүрэнд
Сэтгүүлч Ч.Болортуяа