Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Г.МЯГМАРСАМБУУ: ТО ВАН МАНЖИЙН НОЁРХЛЫГ ҮЛ ТААШААН УЛС ОРНОО ТУСГААР ТОГТНУУЛАХ ҮЗЭЛ САНААТАЙ БАЙСАН
Г.МЯГМАРСАМБУУ: ТО ВАН МАНЖИЙН НОЁРХЛЫГ ҮЛ ТААШААН УЛС ОРНОО ТУСГААР ТОГТНУУЛАХ ҮЗЭЛ САНААТАЙ БАЙСАН

ХIХ зууны Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн ван Тогтохтөр /1797-1868/-ийн мэндэлсний 220 жилийн ой тохиож байна. Ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Дорнод аймгийн төвд эхэлнэ. То ван гэж хэн байсан талаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Мягмарсамбуутай ярилцлаа.

-То вангийн талаар олон нийтийн дунд ойлголт мэдээлэл тааруу байх шиг санагддаг?
-“Хэцүү То ван” хэмээн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр үйл хэрэг нь тухайн үедээ олны анхаарлыг ихээхэн татаж, нэг хэсэг нь сайшаан магтаж, нөгөө хэсэг нь шүүмжлэн эсэргүүцэж байсан бол өнөөдөр ч гэсэн дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид олон талаас нь шинжлэн судалж, үнэлж дүгнэсээр байна.

-То ван судлал манайд ямар түвшинд байна. Энэ хүний амьдрал, өвийг судлахын ач холбогдол юу вэ? 
-“То ван” судлал өнөөг хүртэл түүний үзэл бодол, сургаалийн зохиолуудыг олон талаас нь судалж, үнэлж дүгнэх хандлага давамгайлж ирсэн. Харин манай улсын  Үндэсний төв архивт байгаа То ванд холбогдох баримтуудыг тусгайлан судлаагүй байгаа юм. Тиймээс То вангийн талаар бичсэн зарим он цаг архивын баримтаас зөрөх, эсвэл судлаачид янз бүрээр бичих, нэг нэгнээсээ дам авч ашиглах явдал түгээмэл байна. То вангийн амьдрал, үйл ажиллагаа, түүний сургаалийн зохиолуудын судалгаа 1930-аад оноос эхэлж, анх Ш.Нацагдорж, Х.Пэрлээ зэрэг нэрт түүхчид өгүүлэл бичиж нийтлүүлсэн.

1968 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс эрхлэн Ш.Нацагдоржийн “То ван, түүний сургаал” номыг хэвлүүлснээр Монголын түүхийн судалгаанд “То ван судлал” хэмээх нэгэн шинэ чиглэл буй болсон гэж үздэг. 1997 онд “То ван судлалын нийгэмлэг” байгуулагдсанаар түүний амьдрал, үйл хэргийг судлах, сурталчлах ажил улам эрчимжсэн. Хэдийгээр “То ван судлал” олон жилийн өмнөөс эхэлж, цөөнгүй бүтээл гарсан ч цаашид То вангийн амьдрал, үйл ажиллагааг шинээр авч үзэж гүнзгийрүүлэн судлах, судалгааны түвшнийг шинэ шатанд гаргах шаардлагатай байгаа юм.

-То вангийн талаарх архивын шинэ материалуудыг танай хүрээлэнгийн олж судалсан гэж дуулсан. Энэ тухай Танд ямар шинэ мэдээлэл байна вэ?
-ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор  С.Чулуун энэ талаар судалсан. Түүний судалсан архивын шинэ баримтуудад То ван бол Чингис хааны алтан ургийн язгууртан тайж гэсэн байна. Түүний дээд өвөг болох Пунцаг 1688 онд Манжид дагаар захирагдаж, 1689 онд хошууны засаг ноён, 1696 онд засаг төрийн жүн ван өргөмжлөгдсөн. Түүний зургаа дахь үеийн засаг төрийн жүн ван Бат-Очирын ууган хүү болох Тогтохтөр арван гуравдугаар жарны улаагчин могой жил буюу 1797 онд мэндэлсэн. Тогтохтөр багаасаа уламжлалт гэрийн сургалтаар монгол, манж бичиг үсэг сурсан. Эрдэм ухааныг эрхэмлэж, эцэг өвгөдийнхөө эх түүх, өв соёлыг хүндэтгэн дээдлэх, хөгжүүлэн баяжуулах хүсэл тэмүүлэлтэй болж хүмүүжсэн нь хожмын амьдрал, тэмцлийнх нь чиг шугам болсон гэж үздэг.

-Тогтохтөрд Вангийн хэргэм зэргийг хэн өгсөн гэж түүхэнд өгүүлдэг вэ?
-Эх сурвалжид бичсэнээр Тогтохтөрийн эцэг Засаг төрийн жүн ван Бат-Очир Сайшаалт ерөөлтийн 8 дугаар /1803/ онд жүн вангийн хэргэмийг ахмад хөвгүүн Тогтохтөрдөө залгамжлуулахаар өргөн мэдүүлж, батлан тэмдэглүүлжээ. Энэ дагуу Төр гэрэлтийн тэргүүн /1821/ оны хаврын дунд сарын 25-нд тэргүүн зэрэг тайж Тогтохтөрд жүн вангийн хэргэмийг залгамжлуулах тухай Манжийн хааны зарлиг гарсан. Тэрбээр хаврын дунд сарын 27-нд Тэнгэрийн гэгээнээ бараалхахад зарлигаар гурван нүдний тогосын отго шагнасан тухай өгүүлсэн байдаг.

Халхын Сэцэн хан аймгийн засгийн төрийн жүн ван Тогтохтөр Төр гэрэлтийн тэргүүн /1821/ оны хоёр сарын 27-нд Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яаманд өргөсөн бичигтээ, эцгийн засаг төрийн жүн вангийн хэргэмийг залгамжлуулж, улмаар гурван нүдний отго шагнасан тул, боол Тогтохтөр би “Богд эзний хүртээсэн өндөр зузаан хишгийг орой дээр сүслэн шүтсээр үүнээс хамаг албаны хэрэгт үнэнхүү санаагаар зүтгэхийг хичээсүгэй” гэсэн байна. Тогтохтөр засгийн тамгыг мөн оны зуны дунд сарын шинийн 4-ний сайн өдөр 24-хөн насандаа ёслон хүлээн авчээ. То ван Идэр залуу наснаасаа хошуу хотлоо удирдаж, түмэн олныхоо төлөө хичээн зүтгэх болсон нь эндээс эхтэй.

-То ван эдийн засгийн чухал бодлогуудыг хэрэгжүүлсэн гэдэг. Энэ тухай ямар баримтууд байдаг бол?
-XIX зууны эцэс, XX зууны эхээр Халх дөрвөн аймаг, шавь таван газарт түгээмэл дэлгэрч байсан жасын албыг хэрэгжүүлж, дөрвөн жас байгуулсан. “Жасын хөрөнгө бол олон хуврагийн юм” гэж ардуудаас өргөл, барьцаар цуглуулсан мал хөрөнгө, эд зүйл, феодалын албаны журамд ардаас татсан хуримтлалыг заримдаа лам нар эзэмшиж, ашиг орлого олдог байсныг зогсоосон. Энэ ажлыг То ван өөрөө гардан удирдаж байсан төдийгүй баян тайж язгууртнаас мал татан авч хуримтлалыг арвижуулахыг хичээж байсан. Хөрөнгө хүчийг ийн жасын хэлбэрээр зөв удирдаж чадвал зохих хэмжээний хуримтлал бий болгож болдгийг То ван ухаарч, жасуудыг өөрөө удирддаг байв. То вангийн ач хүү Доржпаламын үед эдгээр жасууд уруудан доройтсон гэж үздэг. 

-То ван судлал манайд ямар түвшинд байна. Энэ хүний амьдрал, өвийг судлахын ач холбогдол юу вэ? 
-“То ван” судлал өнөөг хүртэл түүний үзэл бодол, сургаалийн зохиолуудыг олон талаас нь судалж, үнэлж дүгнэх хандлага давамгайлж ирсэн. Харин манай улсын  Үндэсний төв архивт байгаа То ванд холбогдох баримтуудыг тусгайлан судлаагүй байгаа юм. Тиймээс То вангийн талаар бичсэн зарим он цаг архивын баримтаас зөрөх, эсвэл судлаачид янз бүрээр бичих, нэг нэгнээсээ дам авч ашиглах явдал түгээмэл байна. То вангийн амьдрал, үйл ажиллагаа, түүний сургаалийн зохиолуудын судалгаа 1930-аад оноос эхэлж, анх Ш.Нацагдорж, Х.Пэрлээ зэрэг нэрт түүхчид өгүүлэл бичиж нийтлүүлсэн.

-То ванг Манжид урвасан гэж үзэх хүмүүс байдаг. Улстөрийн ямар байр суурьтай байсан бэ?
-Түүний улс төрийн байр суурь нь Манжийн ноёрхлыг үл таашаан улс орноо тусгаар тогтнуулах үзэл санаатай. То ван мөн соён гэгээрүүлэгч байсан. Түүний шинэчлэлийн нэг гол нь соёл боловсролын санаачилга гаргаж, хошуундаа 300-гаад хүүхдийн сургууль байгуулж, сурах бичиг цагаан толгойг өөрөө зохиожээ.

-То вангийн үлдээсэн соёлын дурсгалт өвүүдийн талаар эрдэм шинжилгээнний хурлаар хэлэлцэх юм билээ?
-Тийм ээ. Хурал эхний өдөр Дорнод аймгийн төвд, хоёр дахь өдрөө То вангийн төрсөн нутаг Халхгол суманд болно. То ван үндэсний шашин, соёлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Хошуу нутагтаа сүм хийд байгуулж, гайхамшигт Их бурхант, Халхын нутагт цорын ганц гэж болох Чингис хааны тахилгын сүмийг бүтээлгэсэн. Үүнээс гадна шашин номын талаар То ван Төр гэрэлтийн 15 дугаар /1835/ онд Баруун Зууд очихдоо Богд эзний түмэн өлзий бататгах, шашин, олон амьтны тусын тулд Далай лам, Банчин Эрдэнэ нараас аврал эрж мандал өргөхөд нь “Цанид номын сургууль байгуулбал сайн” гэжээ.

Тэрбээр 1836 онд хошуу нутагтаа буцаж ирснээс хойш Далай лам, Банчин богдын авралын дагуу хошуу нутгийнхаа дунд, тамгын газрын ойр Түмэн-Өлзийт овооны газарт Цанид номын сургууль байгуулжээ. Сүмийг байгуулж бүтээгээд да лам нэг, дэмч нэг, гэсгүй дөрөв, нярав дөрвийг тохоон тавьж, Манжийн хаанд өргөн мэдүүлснээр “Соёлыг бадруулагч сүм” хэмээх нэр шагнажээ. То ван энэхүү сүмийг 1836 оноос эхэлж барьсан бололтой, 1838 онд дуусгасан байна. Сүмийг барьж дуусгах үед Жан чин мэн-д жасаа тохиосон учраас 1838 онд Бээжин хот руу очиж, жасааны албаа дуусгаад, Утай шанд заларч мөргөл үйлдсэн байдаг. То ван 1840 оны хавар Утайгаас хошуу нутагтаа эргэн ирсэн байна.

Үүний дараа харьяат хошууны 11 хурлын лам нарыг Соёлыг бадруулагч сүмд нэгтгэн хуруулж, бүгдээр түмэн өлзийн ном уншин шашныг бадруулахаар зарлан тушаасан гэх зэргээр энэ тухай баримт олон бий.

Э.Оргил


Бусад мэдээлэл