Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Билгүүн

Нийтлэсэн

  • 2024-07-02
  • 23

Бага чуулган

ШУА-ийн салбарын бага чуулганы үйл ажиллагаа нь Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай Монгол улсын хууль, Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дүрэмШУА-ийн бага чуулганы дүрэм, эрх зүйн бусад актын хүрээнд  шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тулгамдсан асуудал, төрөл бүрийн шинжлэх ухаан, технологийн төслийг хэлэлцэж дүгнэлт гаргах, судалгаа хөгжүүлэлтийн ажлын явц, үр дүнд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэнэ.

 

Монгол улсын Шинжлэх ухааны Академи нь:

·        Физик, математик, информатикийн салбарын бага чуулган

·        Хими, биологийн салбарын бага чуулган

·        Геологи, газарзүй, байгаль орчны салбарын бага чуулган

·        Нийгмийн шинжлэх ухааны салбарын бага чуулган

·        Хүмүүнлэгийн ухааны салбарын бага чуулган

·        Техник, технологийн салбарын бага чуулган 

гэсэн салбарын 6 бага чуулгантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Бага чуулганы үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа хуралдаж, хэлэлцсэн асуудлаар тогтоол, зөвлөмж, дүгнэлт гаргадаг.

ШУА-ийн салбарын бага чуулган тус бүр 25 гишүүнтэй бөгөөд академийн гишүүд, шинжлэх ухаан, технологийн салбарыг төлөөлөн сонгогдсон эрдэмтдээс гишүүнчлэл нь бүрддэг. Салбарын бага чуулганы гишүүдийн мэргэжлийн чиглэл, тооны хязгаарыг Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн хурлаас тогтоодог бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

Бага чуулган нь жилийн ажлын төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд тайлангаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн дүгнүүлдэг.

 

Бага чуулганы эрх, үүрэг

Бага чуулган нь салбарын чиглэлээр гарсан судалгааны бүтээлийг шүүн хэлэлцэж дүгнэлт гаргах, бага чуулганы гишүүн болон шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтдээс Шинжлэх ухааны Академийн гишүүнд нэр дэвшүүлэх, Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшүүлэх, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтныг шагнал, урамшуулалд дэвшүүлэх, эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх талаар санал гаргах, бага чуулганы гишүүдийн ердийн олонхын зөвшөөрлөөр Академийн Их чуулганд санаачилгаараа асуудал оруулах зэрэг эрхтэй бол засгийн газрын захиалгатай судалгаа хөгжүүлэлтийн ажил, хөтөлбөр, төслийг сонгон шалгаруулахад үнэлгээ өгөх, магадлан шинжилгээ хийж холбогдох газарт оруулах, суурь судалгааны төслийн тайланг хэлэлцэн дүгнэлт гаргах, салбарын шинжлэх ухааны зохион байгуулалт, хөгжлийн бодлогын асуудлыг хэлэлцэх, дүгнэлт гаргах, салбарын шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, семинар, үзэсгэлэнг дангаараа болон хамтран зохион байгуулах, улсын эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн харилцааны хөгжлийн байдалд шинжлэх ухааны үүднээс дүгнэлт гаргаж, цаашдын чиглэл, арга замыг тодорхойлсон үндэслэл, зөвлөмж боловсруулах, эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбогдсон дүгнэлт гаргах зэрэг үндсэн үүрэгтэй.

 

Бага чуулганы гишүүний эрх, үүрэг

Бага чуулганы гишүүн нь тухайн салбарын чиглэлээр боловсруулсан судалгаа хөгжүүлэлтийн ажлын хөтөлбөр, шинжлэх ухаан, технологи, инновацын болон суурь судалгааны төсөл, тэдгээрийн тайланд өөрийн мэргэжлийн дагуу үнэлэлт өгөх, магадлан шинжилгээ хийх, мэргэжлийнхээ дагуу шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбогдуулан санал, дүгнэлт гаргах, академийн Их чуулганд зөвлөх эрхтэй оролцох, ШУА-ийн гишүүний сонгуульд өрсөлдөхөөр Бага чуулганд нэрээ шууд дэвшүүлэх, бага чуулганы гишүүний үүргийг биелүүлэхдээ шинжлэх ухааны ёс зүйн хэм хэмжээг баримтлах зэрэг эрх, үүрэгтэй.