СОДНОМСАМБУУГИЙН ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ
Шинжлэх ухаан, технологийн хөгжил, дэвшилд өөрийн оюун мэдлэг, сэтгэл зүтгэлээ зориулсан үе үеийн эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн судлаач, албан хаагч, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдлэгч иргэд, дэмжигч, хамтрагч байгууллага, хамт олон Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, эрдэм судлалын өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Монгол улсад өрнөсөн үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд бүрдсэн Ардын Засгийн газар шинжлэх ухааны ажлыг эрхлэн явуулах тусгайлсан байгууллага байгуулах санал гаргаж 1921 онд Судар бичгийн хүрээлэнг байгуулснаар үе шаттай өргөжин тэлж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсаар ирсэн Шинжлэх ухааны академийн түүх эхэлдэг билээ.
Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн бүрэлдэхүүнд өнөөдөр судалгааны 16 хүрээлэн, 1 ахисан түвшний их сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Бид шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, менежментийг сайжруулах, академик судалгааг дэмжих, салбарын хүний нөөцийг чадавхжуулах, эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгаа хөгжүүлэлт ба инновацын санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоог бүрдүүлэх, хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг ашиглалтад оруулах, салбар дундын шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, эрдэм дэлгэрүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллаж байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдэд эрдэм шинжилгээний байгууллагууд идэвхтэй оролцох, үр бүтээлтэй хамтран ажиллах хэрэгцээ шаардлага үүсээд байна. Энэ чухал ажилд шинжлэх ухаан, технологийн үндэсний төв байгууллагын хувьд ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн судлаач, албан хаагчид идэвх санаачилга гарган оролцож, үлгэрлэн манлайлах болно.
Та бүхэнтэй шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр хамтран ажиллахад ШУА-ийн хамт олон баяртай байх болно. Эрдэм, мэдлэгийг эрхэмлэн дээдлэгч иргэд, дэмжигч, хамтрагч байгууллагуудад манай ахисан түвшний их сургууль, судалгааны хүрээлэнгүүд үргэлж нээлттэй.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид үеийн үед уламжлагдан ирсэн ёс жаягийг хүндэтгэн сахиж, эрдмийн их оргил ахмад эрдэмтэн судлаачдынхаа сургаал зөвлөмжийг дээдлэн дагаж, эрч хүч эрдэм мэдлэг нь тэгширсэн дунд үеийн судлаачдаа дэмжин урагшилж, ирээдүйн хөгжил рүү тэмүүлэн зүтгэх залуу судлаачдаа манлайлан дагуулж,
“Сайхан үйлсийг үргэлжлүүлэн бадраая
Саатан хоцорсныг сэргээн хөгжүүлье”