Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Билгүүн

Нийтлэсэн

  • 2024-07-02
  • 140

Бидний тухай

ШУА-ийн тухай:

XIII зуунд Их хаан Хубилай “Бичгийн мэргэдийн хүрээлэн” буй болгосон нь Монголчууд эрдэм номыг эрхэмлэн дээдэлж ирсний илэрхийлэл билээ. Ардын засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсанаар Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны төв байгууллага бий болсон түүхтэй бөгөөд хожим нь 1930 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зарлигаар ШУА-ийг байгуулсан билээ. 1961 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ШУА-ийн анхдугаар чуулган хуралдаж, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн академийн анхны гишүүдээ сонгосноор, Монгол улсад эрдэм шинжилгээний ажил дагнан эрхлэх анхны бие даасан шинжлэх ухааны төв байгууллага бий болсон түүхтэй. 

Монгол улсын Их Хурлаас 1996 онд баталсан “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай” хуулиар ШУА нь тус улсад Шинжлэх Ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллага болохыг хуульчлан заасан билээ. Улс орныг хөгжүүлэхэд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж буй нөхцөлд ШУА-ийг бүх талаар бэхжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны боловсон хүчин бэлтгэх ажлыг сайжруулан, эрдэмтдийн хүч чармайлтыг үндэсний эдийн засаг, соёлын хөгжлийн хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж, академийн хүрээлэнгүүд үйлдвэрлэлтэй нягт холбоотой ажиллаж, тухайн үед манай улсын хэрэгжүүлж байсан төлөвлөгөөний зорилтыг ханган биелүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.

ШУА нь 1961 оноос хойш нэрт эрдэмтдээр эгнээгээ өргөжүүлж, нийт 143 эрдэмтэн академийн гишүүн (академич)-ээр сонгогдсон бөгөөд эдүгээ салбар салбарын тэргүүлэх эрдэмтдээс бүрдсэн 65 гишүүн буюу академичтай байна.

Монгол улсын Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу манай академи шинжлэх ухааны салбараар зохион байгуулсан салбарын Бага чуулган, харьяа академитай, шууд харьяалалд 16 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй ажиллаж байна.

Алсын хараа: Шинжлэх ухаан технологи, инновацад тулгуурласан нийгэм-эдийн засгийн хөгжлийн түүчээ байгууллага байх. 

Эрхэм зорилго: Олон улсад нэр хүндтэй, өрсөлдөх чадвартай шинжлэх ухаан технологийн үндэсний төв байгууллага байх.


Их чуулган:

ШУА-ийн удирдах дээд байгууллага нь академийн бүх гишүүдийн чуулган юм. Их чуулган нь жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Үүнд:

- Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж судалгааны тодорхой чиглэлийг хөгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх;

- Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргаж, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн барих;

- ШУА-ийн эрдэм шинжилгээ үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;

- Академийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчид, эрдэмтэн нарийн бичгийн даргыг 4 жилийн хугацаагаар сонгох болон хуулиар заагдсан бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.


ШУА-ийн гишүүнийг сонгох асуудлыг ШУА-ийн гишүүнийг сонгох журмын дагуу зохион байгуулж, их чуулганаар хэлэлцэж шийдвэрлэдэг. ШУА-ийн гишүүн, 63 академичийн 46% нь ШУА-д, 34% нь их, дээд сургуульд, 20% нь бусад салбарт ажиллаж байна.


Тэргүүлэгчид:

Их чуулганы чөлөөт цагт ШУА-ийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдээс бүрдсэн Академийн Тэргүүлэгчид удирддаг бөгөөд Академийн Тэргүүлэгчид ажлын албаараа дамжуулан (Тэргүүлэгчдийн газар) үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг.


Бага чуулган:

ШУА-ийн салбарын бага чуулганы үйл ажиллагаа нь Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын Хууль, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дүрэмШУА-ийн бага чуулганы дүрэм, эрх зүйн бусад актын хүрээнд  шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тулгамдсан асуудал, төрөл бүрийн шинжлэх ухаан, технологийн төслийг хэлэлцэж дүгнэлт гаргах, судалгаа хөгжүүлэлтийн ажлын явц, үр дүнд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэнэ.

Монгол улсын Шинжлэх Ухааны Академи нь:

гэсэн салбарын 6 бага чуулгантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бага чуулганы үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа хуралдаж, хэлэлцсэн асуудлаар тогтоол, зөвлөмж, дүгнэлт гаргадаг.

ШУА-ийн салбарын бага чуулган тус бүр 25 гишүүнтэй бөгөөд академийн гишүүд, шинжлэх ухаан, технологийн салбарыг төлөөлөн сонгогдсон эрдэмтдээс гишүүнчлэл нь бүрддэг. Салбарын бага чуулганы гишүүдийн мэргэжлийн чиглэл, тооны хязгаарыг Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн хурлаас тогтоодог бөгөөд гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

Бага чуулган нь жилийн ажлын төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд тайлангаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн дүгнүүлдэг.

Бага чуулганы эрх, үүрэг

Бага чуулган нь салбарын чиглэлээр гарсан судалгааны бүтээлийг шүүн хэлэлцэж дүгнэлт гаргах, бага чуулганы гишүүн болон шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтдээс Шинжлэх Ухааны Академийн гишүүнд нэр дэвшүүлэх, Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшүүлэх, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтныг шагнал, урамшуулалд дэвшүүлэх, эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх талаар санал гаргах, бага чуулганы гишүүдийн ердийн олонхын зөвшөөрлөөр Академийн Их чуулганд санаачилгаараа асуудал оруулах зэрэг эрхтэй бол засгийн газрын захиалгатай судалгаа хөгжүүлэлтийн ажил, хөтөлбөр, төслийг сонгон шалгаруулахад үнэлгээ өгөх, магадлан шинжилгээ хийж холбогдох газарт оруулах, суурь судалгааны төслийн тайланг хэлэлцэн дүгнэлт гаргах, салбарын шинжлэх ухааны зохион байгуулалт, хөгжлийн бодлогын асуудлыг хэлэлцэх, дүгнэлт гаргах, салбарын шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, семинар, үзэсгэлэнг дангаараа болон хамтран зохион байгуулах, улсын эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн харилцааны хөгжлийн байдалд шинжлэх ухааны үүднээс дүгнэлт гаргаж, цаашдын чиглэл, арга замыг тодорхойлсон үндэслэл, зөвлөмж боловсруулах, эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбогдсон дүгнэлт гаргах зэрэг үндсэн үүрэгтэй.

Бага чуулганы гишүүний эрх, үүрэг

Бага чуулганы гишүүн нь тухайн салбарын чиглэлээр боловсруулсан судалгаа хөгжүүлэлтийн ажлын хөтөлбөр, шинжлэх ухаан, технологи, инновацын болон суурь судалгааны төсөл, тэдгээрийн тайланд өөрийн мэргэжлийн дагуу үнэлэлт өгөх, магадлан шинжилгээ хийх, мэргэжлийнхээ дагуу шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбогдуулан санал, дүгнэлт гаргах, академийн Их чуулганд зөвлөх эрхтэй оролцох, ШУА-ийн гишүүний сонгуульд өрсөлдөхөөр Бага чуулганд нэрээ шууд дэвшүүлэх, бага чуулганы гишүүний үүргийг биелүүлэхдээ шинжлэх ухааны ёс зүйн хэм хэмжээг баримтлах зэрэг эрх, үүрэгтэй.