Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.РЭГДЭЛ: ЭДИЙН ЗАСГИЙГ СОЛОНГОРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ ТӨСЛИЙГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ХАМТАРЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Д.РЭГДЭЛ: ЭДИЙН ЗАСГИЙГ СОЛОНГОРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ ТӨСЛИЙГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ХАМТАРЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ


ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа.




-ШУА-ийн ерөнхийлөгчийн хувьд 2020 онд монгол эрдэмтдийн ямар бүтээлээр “гоёв”. Өнгөрсөн онд хийж бүтээсэн ямар ажлаа онцлох вэ?

-2020 он Шинжлэх ухааны академийн түүхэнд онцлог он болсон. Энэ онцлогийг хоёр зүйлээр хэлье. Нэгдүгээрт, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага бий болоод 99 дэх жилдээ анх удаа томоохон бүтээн байгуулалт хийгдсэн. Шинжлэх ухаан инновацийн төвийн цогцолбор барилга байгууламжийн ажил эхэлсэн. Хоёрдугаарт нь, ШУА-ийн өргөтгөлийн барилга 2020 онд ашиглалтад орлоо. Үүгээрээ томоохон амжилттай жил байлаа. "Ковид-19" цар тахлаас болоод дэлхий даяараа саад бэрхшээлтэй учирсан боловч шинжлэх ухааны салбарын хэмжээнд доривтой үр дүн гарсан. Бүгдийг нь нэрлэх аргагүй боловч заримыг нь онцолмоор байна.

Монгол эрдэмтэд шинэ төрлийн коронавирус буюу SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган авлаа. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээсэн юм. Эрдэмтэд Шинжлэх ухаан академи болон Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган авсан билээ. Энэхүү эсрэг биеийн оношлуур ашиглаад өнөөдөр Монголд шинэ төрлийн коронавирусээр өвчилж эдгэсэн хүмүүст дархлаа тогтсон эсэхийг тогтоох боломжтой. Энэ бол дэлхийн түвшинд хийгдсэн мундаг ажил болсон. Манай эрүүл мэндийн салбарынхан удахгүй үүнийг авч ашиглах байх гэж найдаж байна. Химийн хүрээлэнгийн судлаачид маань олон жилийн судалгааныхаа үр дүнд Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг үнэргүй болгох ажил хийсэн.

Эрдэнэт ТӨУҮГ-тай манай ШУА хамтын ажиллагааны гэрээ байгуулсны үндсэн дээр энэ ажлыг 2020 онд эхлээд, нийт лагийн 3-ны 1-ийг үнэргүй болгоод байна. Энэ жил Эрдэнэт хот үндсэндээ лагийн үнэрээс бүрэн ангижирна. Мөн Эрдэнэтийн орон нутгийн удирдлагатай ярьж тохироод, Эрдэнэтийн нүхэн жорлонгуудыг үнэргүй болгох ажлыг эхлэх төлөвлөгөөтэй байгаа.

Гадаад хамтын ажиллагааны ганцхан жишээ хэлье. Манай Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Өмнөд Монголын Багшийн их сургууль, Тариалан, мал аж ахуйн хүрээлэн, манай Булган аймгийн орон нутгийн удирдлагатай хамтраад, Хэт талхлагдсан бэлчээрийг судалж, нөхөн сэргээх, туршилт судалгааны төв байгууллаа. Мал өсч, цаг уурын нөхцөл муудаж байгаагаас бэлчээр талхлагдах нь нэмэгдсэн. Бэлчээрийн ургамлын төрөл зүйлийн бүрдэл өөрчлөгдөж, шим тэжээлтэй ургамал багасч байна. Тийм учраас талхлагдсан бэлчээрийг сэргээх төвийг Булган аймгийн Гурванбулаг суманд байгуулсан. Энэ төвд Гурванбулагтай адил нөхцөлтэй нутагт тариалах нэг наст болон олон наст ургамлыг сонгон үржүүлж байгаа. Энэ туршлагыг Монголын бусад газар нутагт түгээн дэлгэрүүлэх боломжтой. Бэлчээрийн доройтлыг сайжруулах шинжлэх ухааны амжилттай томоохон ажлын суурь ингэж тавигдаж байгаа юм.

-Цар тахлаас болоод эрдэм шинжилгээний ажлын төсөв хумигдсан гэсэн. Хөл хорио болон бага төсөв эрдэмтэн, судлаачдын маань ажиллах урам зоригийг царцаачихаагүй байгаа?

-Коронавирусийн үеийн хөл хорионоос шалтгаалаад ялангуяа гадаадын өндөр хүчин чадалтай лабораториудад хийдэг хамтарсан судалгааны ажил үндсэндээ зогсоод байна. Санхүүжилт танагдсан нь үнэн. Монгол Улсад шинжлэх ухааны салбараа санхүүжүүлдэг ганцхан эх үүсвэр байдаг. Энэ нь Шинжлэх ухаан технологийн сан. Эрдэм шинжилгээний ажлын зориулалттай бүх мөнгө энэ санд төвлөрч, эндээс хуваарилагддаг хууль, журамтай. 2020 оны байдлаар энэ санд 12,4 тэрбум төгрөг эрдэм шинжилгээний зардалд тавигдаад байсан. Арванхоёрдугаар сарын эхээр бидэнд өгсөн мэдээллээр бол энэ мөнгөнөөс 9,6 тэрбум нь эргэж татагдсан. Цаана нь 2,9 тэрбум төгрөгөөр Монгол орон даяар эрдэм шинжилгээний ажил хийсэн гэсэн үг. Нийт санхүүжилтийнхээ бараг гуравны нэгийг ч авч чадаагүй хэмжээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулсан. Гэхдээ бид 2020 оны ажлынхаа үр дүнгийн тайланг гаргаж үзэхэд эрдэм шинжилгээний ажлаас гардаг гол үр дүнгүүд өмнөх оныхоосоо дутуугүй гарч ирсэн. Шинжлэх ухааны ажлын үр дүн урьд жилүүдээсээ хойд жилүүддээ хуримтлагдах замаар гардаг учраас 2020 онд бага мөнгө авсан ч өмнөх жилүүдтэй адил үр дүн гаргаж чадлаа. Харин төсөв танагдсан нь дараагийн жилүүдэд хүчтэй нөлөөлнө. Эрдэмтэд маань боломжоороо хүрээлэнд ирж ажиллаж байгаа. Ялангуяа өндөржүүлсэн бэлэн байдлын үед 70-75 хувийн ирцтэй ажилласан. Онцгой комиссоос өгч байгаа зөвлөмжийн дагуу зай бариад, маскаа зүүгээд ажилласан. Бүх нийтийн бэлэн байдал зарласны дараа бол нөхцөл өөр болсон. Эрдэм шинжилгээний салбарын онцлогоос болоод янз бүрээр тусч байна. Ялангуяа лабораторид ажилладаг хүмүүсийн ажил тодорхой хэмжээгээр зогссон. Манайд 1700 орчим хүн шинжлэх ухааны салбарт бүтэн орон тоогоор ажилладаг гэж үзвэл яг лабораторид зогсож ажилладаг мянга гаруй хүн бий. Энэ хүмүүсийг бид өмнө хийсэн туршилтын материал, гадаад орнуудад хийгдэж байгаа мэдээ материалыг авдаг линк холбоос, тэр бүгдээ аваад, гэр орондоо судалгааныхаа үр дүнг боловсруулах ажилдаа төвлөрч ажиллах чиглэл өгсөн. Нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн эрдэмтэд, математик тоон технологийн судлаачид хэвийн байдалтай гэрээр ажиллаж байна. Үр дүн онцгой муудах юм байхгүй. Энэ хоёрын дундуур хээрийн судалгаа гэж том ажил байдаг. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хээрийн судалгааны хоёр салбар дэлхийд байр сууриа эзэлсэн, энэ бол палеонтологийн болон археологийн салбар. Палеонтологийн салбар өнгөрсөн жил маш бага хэмжээгээр хээрийн судалгаандаа явсан. Гэхдээ дэлхийн бүх оронд ийм байдалтай байгаа учраас эзэлсэн байр суурь маань хуучнаараа хадгалагдах болов уу. Хавар, зуны зааг дээр ШУА-аас зориуд зардал тусгаж өгсөн, үүний хүчинд археологичид маань ойр зуур судалгаагаар явсан боловч судалгааны томоохон ангиудыг гаргаж чадаагүй. Сарьдагийн хийдийн судалгаа Улаанбаатар хотын санхүүжилтээр нэлээд гайгүй явсан. Хөвсгөл аймаг руу авран хамгаалах судалгааг Монголд ажиллаж байгаа археологийн хамгийн боломжтой судлаачдыг хамруулан хийлээ.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрдэмтдийнхээ үгийг сонсоно гэсэн. Харин цахилгааны үнийг төрөөс даах гэх мэт огцом шийдвэр гаргахынхаа өмнө тэр эрдэмтдийн үгийг сонссон болов уу. Эрчим хүчний дутагдалд орж байгаа нь тодорхой болсон энэ үед өвлийг эрсдэл багатай даван туулахын тулд эрдэмтэд түүнд юуг чухалчлан сануулж байгаа вэ?

-2019 оны есдүгээр сарын сүүлээр Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал болсон. Монголд орчин цагийн шинжлэх ухаан үүсэн бий болсоноос хойш 98 дахь жил дээрээ болсон анхны их хурал л даа. Энэ их хурал дээр манай төрийн гурван өндөрлөг Шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчлөх тухай ярьсан юм. Энэ нь эрдэмтдэд урам зориг өгсөн. Нэг хэсэг нь бас “Одоо л нэг шинжлэх ухаанд хандах хандлага өөрчлөгдөх нь” гэж гайхсан. Хараад байтал үүний дараа төр засгийн зүгээс шинжлэх ухаанд хандах хандлага үнэхээр өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдэж байгаа. Анхдугаар их хурлын дараа Засгийн газрын тогтоол гарсан. Уг тогтоолд Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж,, эрдэм шинжилгээний ажилтнуудыг орчин үеийн лабораторийн зориулалтын барилга байгууламжаар хангах талаар заасан. Энэ нь Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын барилга байгуулах, нийтдээ 94 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт юм. 2020 онд гурван тэрбум төгрөгөөр эхний ажлуудаа хийсэн. Зураг төслийнхөө ажлуудыг гүйцээж хийлээ. Дэд бүтцийн газар шорооны ажил, цахилгааны холболтын ажлууд, газар дээр байсан зарим нэг актлагдсан байгууламжуудыг зөөж, тээвэрлэх ажлууд бүгд хийгдсэн. 2021-2022 онд үргэлжлээд, 2023 онд ашиглалтад орох барилга байгууламжийн ажил эхлээд явж байна. Үүний хүчинд өнөөдөр Монгол Улсад байгаа төрийн өмчийн эрдэм шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж шаарддаг бүх хүрээлэнгүүд багтаж орох хэмжээний лабораторийн цогцолбор баригдаж байгаа юм. Бидний олон жил яриад байгаа Шинжлэх ухааны парк, технологийн инкубаторууд бий болгох боломжтой болно. Энэ бол төр засаг үнэхээр шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилж буйн илрэл.

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Шинжлэх ухааны салбарт зарцуулах төсвийн зардлыг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэж заасан. Анх удаа тоо зааж, мөрийн хөтөлбөрт орсон. Ингэж нэмэгдүүлэхэд шинжлэх ухаанд зарцуулж байгаа нийт зардал ДНБ-ний нэг хувьд ойртож очих юм. Олон улсын шинжлэх ухааны байгууллагууд, төвлөрсөн холбоодын гаргасан судалгаагаар “Аливаа улс шинжлэх ухааныхаа салбарт ДНБ-ний нэг хувь болон түүнээс дээш хэмжээгээр зарцуулж эхлэхэд шинжлэх ухааны салбар нь эдийн засаг, улсын хөгжилд мэдэгдэхүйц хэмжээгээр хувь нэмрээ оруулдаг” гэж үздэг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шинжлэх ухааны салбарынхны дуу хоолойг төр засаг сонсож ажиллана“ гэж хэлсэн. “Төрийн чих нь онгойж байна” гэж манай судлаачид, эрдэмтэд үүнийг баяртай хүлээж авсан юм. Эхний алхам нь 2020 оны аравдугаар сарын 1-нээс эхлээд ШУА-ын ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд суудаг болсон. Энэ олон талын ач холбогдолтой. Миний хувьд асуудлыг танилцуулж байгаа сайд нар, албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авч, саналаа хэлэх боломжтой болсон. Энэ бол яах аргагүй эрдэмтэн, судлаачдын дуу хоолойг сонсох суваг нээсэн.

Засгийн газрын хуралдааны үеэр цахилгааны төлбөрийг тэглэхэд хэрэглээ аль хэр нэмэгдэх талаар яригдсан. Манай эрчим хүчний салбарын эрдэмтдийн энэ асуудлаар хэвлэлд өгсөн ярилцлагууд ч сайтуудаар бий. Ажил хийж байхад алдаа гарна. Ямар ч байсан эрчим хүчний сүлжээ тогтвортой ажиллаж байгаа. Хэт хүйтрэхгүй бол ачааллаа даагаад явна гэж Эрчим хүчний сайд маш тодорхой тайлбар өгч байсан. Эхний хэд хоногт ачаалал нэмэгдсэн ч одоо жигдэрч байгаа талаар холбогдох албан тушаалтнууд ярьсан болохоор тайван л байна.

-Гадаадад сурч ажиллаж байгаа монгол залуус, эрдэмтэд судлаачид олон байна. Эднийхээ хүчийг ашиглах, цахимаар ч болтугай хэлхээ холбоо тогтоох талаар ажиллаж байгаа юу. Та ерөнхийлөгчөөр дахин сонгогдохдоо гадаадад байгаа эрдэмтэдтэйгээ хамтарч ажиллахад анхаарна гэсэн санагдаж байна?

-Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад, манай хоёр том хөршид олон монгол эрдэмтэн судлаачид ажиллаж байгаа. Судалгааны орчин үеийн маш нарийн чиглэлээр ажилладаг, багшилдаг улсууд ч зөндөө байна. Энэ хүмүүсийн мэдлэг, чадварыг Монгол Улсын хөгжилд ашиглах нь яах аргагүй төр засгийн бодлогын нэг чухал хэсэг байх учиртай. Урд хөршийн бэлэн жишээ бий. 2001 онд би Хятадын Шинжлэх ухааны академийн удирдлагын урилгаар ШУА-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд очсон юм. Тэгэхэд тэд гадаадад байгаа хятад эрдэмтдээ эх орондоо татаж авчрах, тэдэнтэй хамтарсан судалгаа явуулах ажлыг хүчтэй зохион байгуулж эхэлж байсан. Гадаадад байгаа өндөр түвшний эрдэмтдээ Хятадад авчрахдаа хамгийн түрүүнд судалгаа явуулах лаборатори бий болгоход анхаарч байв. Дараа нь Хятадад ирж ажиллахад тухайн оронд авч байсан хэмжээний цалинг авах нөхцөл тавьж байсан. Арван жилийн дараа Хятадад очиход “Бид гадаадад байгаа том эрдэмтдээ авчрах ажлаа үргэлжлүүлж байгаа. Гадаадад байгаа эрдэмтэн бүртэйгээ хамтарч ажиллах, эх оронд нь ирүүлэх зорилго тавьж байсан бол одоо хамгийн амжилттай яваа эрдэмтдээ сонгож авчрах, урьж ажиллуулах арга замыг сонгож байна” гэж байсан юм. Хятад бол гадагшаа урссан тархины урсгалаа буцаагаад авчирсан орон.

Манай гадаадад байгаа эрдэмтэд Монголдоо ирж ажиллах хувийн нөхцөл бас тавьдаг. Судалгааны чиглэлийн лабораторитой байх ёстой. Хоёрдугаарт, амьдралд хүрэлцэх хэмжээний цалин хангамжтай байх тухай ярьдаг. Түүнээс биш тухайн орондоо авч байгаа шигээ цалин авна гэхгүй шүү дээ. Монголчууд эх оронч улсууд. Нэг хэсэг төр засгаас санаачилга гаргаад, “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжүүлж байсан ч хоёр жил орчим үргэлжлээд гацсан. ШУА-ийн зүгээс гадаадад байгаа эрдэмтдийнхээ бүртгэлийг сүүлийн тав, зургаан сарын хугацаанд гаргаад байна. Хамгийн сүүлийн үеийн чиглэлээр гадаадад ажиллаж байгаа 120 орчим судлаач олж бүртгэсэн. Заримтай нь холбоо тогтоолоо. Тэднийг өнөөдөр Монголд авчраад ажиллуулна гэхээсээ эхний ээлжинд хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг хөрөнгө мөнгө шаарддаг учраас цаг хугацаа орно. Яваандаа харилцаа холбоогоо улам сайжруулаад, гадаадад байгаа эрдэмтэдтэйгээ холбогдоод, тэднийхээ хүчин чадлыг Монгол Улсынхаа хөгжилд ашигладаг болно гэж мөрөөдөөд л явна. Гадаадад байгаа эрдэмтэдтэй холбоотой их, бага санхүүжилттэй олон төсөл хэрэгжүүлдэг. Жишээлбэл, 2020 онд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд гадныхантай хамтарсан 100 шахам судалгааны төсөл хэрэгжүүлсэн. Гадаадад ажиллаж байгаа хүн маань өөрөө төслийн мөнгө татах түвшинд байгаа бол өргөжүүлээд явах боломжтой гэдэг нь харагдсан.

-2021 онд ШУА юунд илүү төвлөрч ажиллах вэ?

-Монгол Улсад шинжлэх ухаандаа тавьж байгаа хүсэлт, шаардлага бол судлаачдын олон жил хийж байгаа шинэ мэдлэг түүн дээр бий болсон технологийг хэрэглээнд нэвтрүүлэхэд илүү анхаарч ажиллаач гэдэг. Энэ бол зүй ёсны асуудал. Монгол Улсад шинжлэх ухаанаас гарч байгаа хоёр төрлийн үр дүн байдаг гэж би дандаа ярьдаг л даа. Нэг нь судалгааныхаа үр дүнд шинэ мэдлэг мэдээллийг олон улсын төрөлжсөн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлэх юм. Ингэснээрээ дэлхийн шинжлэх ухааны эргэлтэд монголчуудын хувь нэмрийг оруулж, дэлхийн оюуны баялагийг бүтээхэд оролцоно.

Нөгөө нэг бүлэг үр дүн бол судалгааны үр дүнд бий болсон мэдлэг технологийг хэрэглээнд оруулж, хүний гар дээр бүтээгдэхүүн үйлчилгээ болгож тавих. Төр засгаас бидэнд тавьж байгаа шаардлага бол энэ хоёрдугаар хэсэгт илүү анхаараач гэдэг. Нэгдүгээр хэсэг үр дүн бол монгол эрдэмтдийн хувьд харьцангуй сайн яваа. Нэгж судлаачид ногдох хэмжээгээрээ, гадаадаас авч байгаа эрдэмтдийн эшлэлийн тоогоороо бид дэлхийн дундажаар яваа.

Хүний гар дээр бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх тухайд бид харьцангуй сул байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх учиртай. Шалтаг, шалтгаан олон. Хамгийн гол нь үйлдвэрлэл гэж том салбар бий. Үйлдвэрлэл, бизнесийн салбар Монголын ДНБ-ий 80 гаруй хувийг нийлүүлдэг том салбар. Нөгөө талд нь мэдлэг бүтээдэг академик салбар харьцангуй жижиг ч чадамжтай салбар. Энэ хоёр салбарыг холбодог механизм манайд бий болоогүй. Манай үйлдвэрлэгчид гаднаас бэлэн технологи, техниктэй нь оруулж ирэх нь харьцангуй эрсдэл багатай гэж үздэг. Гэтэл үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан үүнд бий. Энэ хоёрыг холбодог механизм бий болгоход анхаарч ажиллана. Манай 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэ чиглэлийн том ажлууд туссан. Энд юуны өмнө Эрдэнэт үйлдвэрээ нэрлэх нь зүйтэй. Эрдэнэт үйлдвэртэй том төсөл эхлүүлэхээр оны өмнөхөн гарын үсэг зурлаа. Эдийн засгийг солонгоруулахад доривтой хувь нэмэр оруулах төсөл эхэлнэ. Эрдэс түүхий эдийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулах, хүний нөөцийг бэлтгэх төсөл юм.

Манай судлаачид гадаадын мэдээллийн асар том сангууд руу улсын төсвийн хөрөнгөөр орох эрхтэй болоод хэдэн жил болж байна. Энэ эрхийг эдлэхийн тулд маш сайн англи хэл шаардлагатай. ШУА-д байнгын ажиллагаатай англи хэлний институтыг 2020 оны намар эхлүүлсэн. Судлаачдынхаа хэлийг сайжруулах замаар гадаадын мэдээллийн том баазын ашиглалтыг сайжруулна. Эрдэмтэд оюуны өмч бий болгоод патент авдаг. Оюуны өмчийн менежер, төлөөлөгч нарыг хүрээлэн болгонд бий болгохоор ажиллаж байна. 2021 онд энэ чиглэлийн хүчтэй баг бий болж, оюуны өмчийн хэрэглээ, үнэлэмж сайжирна.


Бусад мэдээлэл