Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чихэртийн зоо хэмээх дурсгалт газарт энэ онд археологийн малтлага, судалгаа хийж, Хүннүгийн дурсгалын холбогдох он цагийг 200-300 жилээр урагшлуулсан нээлт хийжээ. Уг нээлтийн талаар Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэнгийн доктор, дэд профессор, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Г.Эрэгзэнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Чихэртийн зоо газарт хийсэн малтлагынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу? Уг булш нь Хүннүгийн язгууртны булш байсан гэсэн?
-Чихэртийн зоо хэмээх дурсгалыг 2013 онд археологийн авран хамгаалах судалгааны явцад анх илрүүлсэн. Хүннүгийн булшийг газрын өнгөн хөрсөн дээр ил цухуйж мэдэгдэх гадаад чулуун байгууламжийн хэлбэрээр нь цагариг хэлбэрийн чулуун дараастай болон үүдэвчтэй дөрвөлжин хэлбэртэй хэмээн ерөнхийд нь хоёр төрөлд хувааж үздэг. Үүнээс үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн булшнуудыг язгууртан дээд давхаргын оршуулга, цагариг хэлбэрийн чулуун дарааст булшийг жирийн иргэдийн оршуулгын дурсгал гэж нийтлэгээр авч үздэг юм. Чихэртийн зоод шинээр илэрсэн булшнууд нь гадаад чулуун байгууламжийн хувьд бүгд цагариг хэлбэрийн дараастай боловч зарим нэг булш нь хэмжээний хувьд жирийн иргэдийн хэмээн үзэж ирсэн дурсгалуудаас харьцангуй том байснаар судлаачдын сонирхлыг татаж байгаа. Гадна талаасаа харахад ч тэр энгийн хүний булш биш гэдгийг илтгэж байгаа юм. Яагаад гэхээр малтлага хийх явцад модон бунхан гарч ирсэн. Тэгээд дотроос нь маш гоёмсог хийцтэй дөрвөн дугуйтай сүйх тэрэг гарсан. Үүнээс харахад оршуулсан хүний зэрэг дэв бол энгийн хүн биш гэдэг нь харагдаж байгаа юм л даа. Булш бол нэлээн тоногдсон, доторх эд зүйлс нь харьцангуй бага байсан.
-Уг булш нь он цагийн хувьд Хүннүгийн аль үеийн булш байсан бэ? Хэмжээ, доторх эд зүйлсийн талаар товчхон дурдахгүй юу?
-Малтлага, судалгаа хийсэн дурсгалууд эрт цагт тоногдож сүйтгэгдсэн байснаас олдвор эд өлгийн зүйл харьцангуй бага илэрсэн. Гэхдээ хүннүчүүдийн оршуулгын зан үйлийг судлахад нэмэр болохуйц чухал хэрэглэгдэхүүн олдсон юм. Тухайлбал, өнгөрсөн жилийн малтлага судалгаагаар 3.5х2 м хэмжээтэй том модон бунханд эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг оршуулсан ул мөр мэдэгдсэн бол, энэ жилийн малтлага хийсэн булшнаас 5х3.5 м хэмжээтэй том модон бунхны таган дээрээс 4 дугуйтай 2 морин тэрэгний үлдэгдэл олдсон. Энэ булшнаас олдсон морин тэрэг чий будагтай агаад бунхны зүүн талаас олдсон нь алт шармал хүрэл тоногтой, баруун талаас олдсон нь төмөр тоногтой байгаа юм. Өмнө нь Хүннүгийн язгууртын булшнаас чий будагтай ёслолын морин тэрэгний үлдэгдэл хэд хэд илэрсэн байдаг. Тэдгээр нь бүгд хоёр дугуйт тэрэг байсан бол Чихэртийн зоогийн дурсгалаас илэрсэн тэрэгнүүд дөрвөн дугуйтай байсан нь анхны тохиолдол болж байна. Энэ жилийн малтлага судалгаа хийсэн том булшны дэргэд хоёр жижиг дагуул булш байгаа юм. Дагуул булшны малтлагын үр дүнд нум сумны хүрэл болон ясан зэвүүд илэрсэн байгаа. Эдгээр зэвүүд хэлбэрийн хувьд Нийтийн тооллын өмнө /НТӨ/ VI-II зуунд дэлгэрч байсан зэвүүдтэй төстэй юм.
-Хүннүгийн дурсгалын холбогдох он цагийг 200-300 жилээр урагшлуулсан нээлт боллоо гэх юм. Энэ бодитой юу?
-Булшны бүтэц зохион байгуулалтын зарим онцлог, илэрсэн олдворын хэв шинж, дагуул булшнаас илэрсэн хүрэл болон ясан зэв зэргээс үзэхэд Чихэртийн зоод малтлага хийсэн Хүннү булш нь он цагийн хувьд харьцангуй эрт үед буюу НТӨ III-II зуунд холбогдох боломжтой байна. Өнөөг хүртэл Монголд малтлага судалгаа хийсэн Хүннүгийн булшнууд дунд он цагийн хувьд НТӨ II зуунаас урагш холбогдох нь баттай тогтоогдсон дурсгал байдаггүй. Тиймээс ч судлаачид, ихэвчлэн гаднын судлаачид Монголоос илэрсэн Хүннүгийн дурсгалын он цагийг Умард Хүннү нарт холбогдолтой хэмээн үздэг. Гэтэл Чихэртийн зоогийн дурсгал нь Хүннүгийн дурсгалуудын Монголд байгаа он цагийг нэлээн өөрчилж, урагшлуулах боломжтой болсон. Бараг 100 орчим жилээр, урагшлуулж байгаагаар ач холбогдолтой. Ер нь Чихэртийн зоогийн дурсгал нь Хүннүгийн эрт үеийн дурсгал гэдэг нь харагдаж байна.
news.mn